Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0278

 

 

 

“Болормэлмий” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр

Нэхэмжлэгч: “Болор мэлмий” ХХК

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 190 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяабазар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, Д.Мөнх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0005/З

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Болор мэлмий” ХХК, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Нэхэмжлэлийг хянахаас татгалзсан үйл ажиллагааны шийдвэр буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 08/2516 тоот захиргааны актыг хүчингүй болгож, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу 2023 оны 5 дугаар сарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн 47 тохиолдолд, 2023 оны 6 дугаар сарын 13 даатгуулагчийн мэдээлэлд тус тус нарийвчилсан хяналт хийхийг даалгах”-аар маргасан.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 190 дүгээр шийдвэрээр Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 14 дүгээр зүйлийн 14.8, 14.8.7, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Болор мэлмий ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нэхэмжлэлийг хянахаас татгалзсан үйл ажиллагааны шийдвэр буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 08/2516 тоот захиргааны актыг хүчингүй болгож, 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн УБ-02/085 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний дагуу 2023 оны 5 дугаар сарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн 47 тохиолдолд, 2023 оны 6 дугаар сарын 13 даатгуулагчийн мэдээлэлд тус тус нарийвчилсан хяналт хийхийг Эрүүл мэндийн  даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

            Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

3.1. “...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын А/139 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нэхэмжлэлийг хянах журам нь манай байгууллага дотоод үйл ажиллагаандаа баримталдаг бөгөөд 7.9.4-т "Хэрэв нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтад хамрагдах түүвэрлэгдсэн тохиолдлын анхан шатны маягт болон нэхэмжлэлийн хяналтын маягтыг энэхүү журмын 7.9.1, 7.9.2-т заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд тухайн нэхэмжлэлийг "амжилтгүй нэхэмжлэл" гэж тооцон төлбөрийг хийхгүй бөгөөд HICS дэх нарийвчилсан хяналтын хасалтад "анхан шатны маягт ирүүлээгүй" гэж бүртгэнэ" гэж, журмын 7.9.1-д заасан зохицуулалт 7.3.9-т эш татсан байх бөгөөд 7.9.3-т... түүврийн мэдээллийг Эрүүл мэндийн байгууллагын HICS нэвтрэх эрхээр илгээснээс хойш ажлын 8 цагт багтаан нэхэмжлэлийн хяналтын маягтыг нийслэлд нэхэмжлэл хариуцсан холбогдох нэгжийн мэргэжилтэнд хүлээлгэн өгнө" гэж заасан.

3.2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний 2.4.3-т "түүврийн жагсаалтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авагчаас хүлээн авснаас хойш ажлын 1 хоногт багтаан холбогдох маягтын дагуу гаргаж хүргүүлэх" гэж зохицуулсан байна.

3.3. Гэрээний 2.4.3-т... түүврийн жагсаалтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авагчаас хүлээн авснаас хойш ... гэсэн зохицуулалт нь Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас ажлын цаг эхлэх 8 цаг 30 минутад уг түүврийн жагсаалтыг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад цахимаар хүргүүлсэн байдаг бөгөөд Болор мэлмий эмнэлэгт мөн адил хүргүүлсэн. Энэ нь нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн түүврийн жагсаалтыг Эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн, хүлээн авсан гэж ойлгогдож байна. Мөн ажлын 1 хоногт багтаан холбогдох маягтын дагуу гаргаж хүргүүлэх гэж зохицуулсан нь Эрүүл мэндийн байгууллагууд нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн өвчтөний түүхийг ажлын 8 цагт багтаан ирүүлэх тухай Зарыг мөн нийтэд хүргүүлдэг бөгөөд нарийвчлан хяналт хийх түүврийн жагсаалтын дагуу ажлын 8 цагийн дотор буюу зар мэдээлэл, түүврийн жагсаалт илгээгдсэнээс хойш 8 цагийг тоолох бөгөөд 08 цаг 30 Минутаас 17 цаг 30 минутад уг хугацаа дуусах тухай ойлголт юм.

3.4. Энэ хугацаа нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйл 33.13-т "Цагаар тогтоосон хугацаа уг хугацаа дуусах цагийн мөн хоромд дуусна" гэж заасны дагуу хугацааг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авагч байгууллагаас тогтоож өгсөн цагт дуусна гэж ойлгож байна.

3.5. Болор мэлмий ХХК нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээлэл хүлээн авах цахим хаяг болох [email protected], [email protected]д 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 20 цаг 21 минут 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг 59 минут 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 22 цаг 22 минутад мэдээлэл илгээхдээ байнга хугацаа хоцроож илгээж байсан нь Шүүгчийн үзлэгээр нотлогдсон.

3.6. Хэрэгт цугларсан нотлох баримтад “Болормэлмий” ХХК болон манай байгууллагын хооронд байгуулагдсан гэрээгээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйл 10.2 дахь хэсэгт талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан бөгөөд тус хуулийн 13 дугаар зүйл 13.1.6 эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх; үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3. дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2024/0190 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Болормэлмий” ХХК-иас, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Нэхэмжлэлийг хянахаас татгалзсан үйл ажиллагааны шийдвэр буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08/2516 тоот захиргааны актыг хүчингүй болгож, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу 2023 оны 5 дугаар сарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн 47 тохиолдолд, 2023 оны 06 дугаар сарын 13 даатгуулагчийн мэдээлэлд тус тус нарийвчилсан хяналт хийхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Болор мэлмий” ХХК нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах” УБ-02/085 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 2.4.3-д “нарийвчилсан хяналт хийлгэхээр сонгосон түүврийн жагсаалтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчаас хүлээн авснаас хойш ажлын 1 хоногт багтаан холбогдох маягтуудын дагуу гаргаж хүргүүлэх” үүрэг хүлээнэ” гэж заажээ.

2.3. Ийнхүү нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ” байгуулагдсанаас хойш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дүгээр тушаалаар “Нэхэмжлэлийг хянах журам”-ыг шинэчлэн баталсан байх ба тус журмын 7.9.4-д “Хэрэв нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтад хамрагдах түүвэрлэгдсэн тохиолдлын анхан шатны маягт болон нэхэмжлэлийн хяналтын маягтыг энэхүү журмын 7.9.1, 7.9.2-т заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд тухайн нэхэмжлэлийг амжилтгүй нэхэмжлэл гэж тооцон төлбөрийг хийхгүй бөгөөд HICS дэх нарийвчилсан хяналтын хасалтад анхан шатны маягт ирүүлээгүй гэж бүртгэнэ", 7.9.1-д “Эрүүл мэндийн байгууллагын хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний нийт тохиолдлын тоо 100 ба түүнээс доош байвал тухайн эрүүл мэндийн байгууллагын HICS системийн нэвтрэх эрхэнд нэхэмжлэлийн тухайн сард хянуулах бүх анхан шатны маягтыг авчрах тухай мэдэгдэл мэдээллийн технологийн нэгжээс хүргэгдэнэ”, 7.9.3-д “хэрэв энэ журмын 7.9.1-д заасан нөхцөлд хамаарахгүй тохиолдолд түүврийн мэдээллийг эрүүл мэндийн байгууллагын HICS нэвтрэх эрхээр илгээснээс хойш ажлын 8 цагт багтаан ... нэхэмжлэлийн хяналтын маягтыг нийслэлд нэхэмжлэл хариуцсан холбогдох нэгжийн мэргэжилтэнд хүлээлгэн өгнө” гэж тус тус заасан байна.

2.4. Өөрөөр хэлбэл, тус шинэчлэн баталсан журмаар түүврийн жагсаалтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчаас хүлээн авснаас хойш холбогдох маягтуудын дагуу гаргаж хүргүүлэх хугацааг талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаас өөрөөр зохицуулсан байхад хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй”, мөн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний 1.2-т “Талууд үйл ажиллагаандаа Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль холбогдох бусад хууль, тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас баталсан журам заавар болон энэхүү гэрээг дагаж мөрдөнө”, 1.3-д “Холбогдох харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд, эсхүл талуудын хүсэлтээр харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулж болно” гэж тус тус заасан байхад гэрээний холбогдох заалтыг шинэчлэн батлагдсан журамд нийцүүлэн өөрчлөлт оруулах үүргээ хэрэгжүүлж ажиллагаагүй болох нь тогтоогдож байна.

2.5. Гэтэл хариуцагчаас хууль болон гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэгч “Болормэлмий” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сард үзүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас авах өвчтөний эмчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн үнийн дүнг 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 20 цаг 21 минутад [email protected] гэх сайт руу, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг 59 минутад 47 өвчтөний түүхийг [email protected] хаяг руу, 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийг дуустал үзүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас авах өвчтөний эмчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн үнийн дүнг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 22 цаг 22 минутад буюу гэрээнд заасан хугацаанд тус тус илгээснийг хугацаа хоцроосон гэж үзэж хянаагүй нь үндэслэлгүй.

2.6. Нэхэмжлэгч компанийн хувьд хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээнд заасан хугацааны дотор ийнхүү нэхэмжлэлийг илгээж ажилласан нь хангалттай тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 190 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                        Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН