Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 32

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                   

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батдэлгэрт  холбогдох 201601070040 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                       Л.Отгончимэг

Улсын яллагч:                                      Б.Буяндэлгэр

Хохирогч:                                                   Б.Энхтайван                

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Б.Сүхбат

Шүүгдэгч:                                                 Д.Батдэлгэр нар оролцов.

           

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл ганцаараа, Багануур дүүргийн 5 дугаар хороо Их гүний 10 дугаар гудамжны 2 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Даваажавын Батдэлгэр /РД:НЧ76040711/

Д.Батдэлгэр нь  2016 оны 2 дугаар сарын 06-ны орой 21 цаг 40 минутын үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт зэвсгийн агуулахын хойд талд байрлах асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 45-32 БРА улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1.а-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”  гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Мандахыг мөргөж амь насыг  хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг гарсан газрын үзлэгийн тэмдэглэлд

Үзлэгийг 2016 оны 2 дугаар сарын 06-ны 22 цаг 10 минутад эхэлж хийв... Багануур дүүргээс урагш нарны замын 209 дугаартай тэмдэглэгээ бүхий шонгоос урагш 300 метрийн зайд асфальтан зам дээр эмэгтэй хүний цогцос дээшээ харсан байдалтай байв...ертөнцийн зүгээр асфальтан замын зүүн талд Багануур явах чиглэлд замын хажуу талд ногоон өнгийн 45-32 БРА улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл зогссон байв. Уг тээврийн хэрэгслийн урд салхины шил нь жолоочийн хүрдний эсрэг талын чигт доод хэсэгт хагарч цуурсан, зүүн урд талын буфер хагарч цуурсан байдалтай ...урд хамар хэсгийн тоос нь дээд талдаа арчигдсан..гэрэл зургийн аппаратаар 33 кадр зураг  бэхжүүлэв.. гэжээ.

2016 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд

...зүүн хойд талын доод хэсэг буюу буферны хэсэгт 53 см урттай хагарч цуурсан, доод талд саарал өнгийн кант байх ба кант нь 14 см хагарч цуурсан. Буферны доод хагарсан хэсэг 30 см хэмжээтэй хагарч цуурсан. Их гэрлээс 30 см капутны дээд ирмэгээс 50 см зайд дотогш хонхойж гэмтсэн байв. Уг гэмтсэн хэсгийн тоос арчигдсан энгийн нүдээр харахад бусад хэсэг тоосжилттой байлаа. Их гэрлээс эгц доош 13 см зайд ташуу 9 см хэмжээтэй хагарсан байв. Салхины шилний зүүн булангаас 30 см зайд хагарч цуурсан уг хагарч цуурсан хэсэгт үс мэт зүйл хагархай хэсэгт наалдаж үлдсэн байсныг эд мөрийн баримтаар хураан авав гэжээ. /хх-ийн 37-41 хуудас/

Шүүх эмнэлгийн 09шэ/005 дугаартай актын дүгнэлтэд

  1. Л.Мандахын биед хүзүүний 1-р үеийн хугарал, баруун 3-7-р хавирга, зүүн 8-11-р хавирганы далд хугарал, гялтан, булчинд цуус хуралт, баруун дунд чөмөг ил хугарал, булчин, шөрмөс тасрал, умдаг яс, баруун талын сүүжний дээд дэлбэн хөндлөн хугарсан. Дух, зүүн хөмсөг, хацар, хамрын нуруу, зүүн мөр, цээжний дээд дунд хэсэг, баруун ташаа зулгаралт, зулай, зүүн ташаа, өвдгөнд цус хуралт, баруун гуянд язарсан урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайлбал авто ослын үед мөргөгдөх, цохигдох, чирэгдэх, дайрагдах үед үүсгэгдэх боломжтой.
  3. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дэс дарааллыг тогтоох боломжгүй байна.
  4. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  5. Талийгаачийн биед архаг хууч өвчин эмгэг задлан шинжилгээгээр тогтоогдсонгүй.
  6. Талийгаачийн цусанд хордлогын шинж тэмдэг тогтоогдсонгүй.
  7.   Талийгаач нь авто ослын улмаас учирсан дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ.
  8. Талийгаач нь нас бараад 2-4 цаг болсон байх боломжтой.
  9. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
  10. Талийгаачийн биеийн арьс, салстад зулгаралт, урагдалт гэмтэл тогтоогдсон гэжээ.  /хх-173 хуудас/

Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1397 дугаартай   дүгнэлтэд

  1. 45-32 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилний хагархай дээрээс бэхжүүлсэн гэх үсний дээж нь хүний үс мөн байна....
  2.  45-32 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилний хагархай дээрээс бэхжүүлсэн гэх үсний дээжний бүлгийн харъялалыг тогтоох боломжгүй байна гэжээ /хх-141 хуудас/

Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1152 дугаартай дүгнэлтэд

  1. Шинжилгээнд ирүүлсэн хар хаймарнууд нэг бүхэл үүсгэнэ. Харин саарал хуванцар бүхэл үүсгэхгүй байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлүүдийн зах ирмэг хэсгүүд өнгөө алдаж бохирлогдоогүй шинэ хагархайнууд байна гэжээ. /хх 85 хуудас/

 Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1157 дугаартай   дүгнэлтэд:

  1. РА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбайн зүүн булан хагарсан, зүүн талын урд гэрлийн чих хугарсан, капот зүүн хэсгээрээ хонхойсон, урд салхины шил зүүн хэсгээрээ хонхойж бутарч хагарсан. Зүүн талын толины гадна  хуванцар хагарсан зэрэг гэмтлүүдтэй байна....дээрх гэмтлүүд нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн гэмтэл байна. /хх 145-153 хуудас/

Шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1932 дугаартай   дүгнэлтэд:

Шинжилж буй саарал өнгийн хуванцар Тоёота Приус маркийн 45-32 БРА улсын дугаартай автомашины зүүн урд гэрлийн зүүн доод чихний хугархай байна гэжээ /хх 160-р хуудас/

Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн 148 дугаартай   дүгнэлтэд:

  1. 45-32 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Батдэлгэр нь зам тээврийн осол гаргасан байх магадлалтай байна.
  2. 45-32 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Батдэлгэр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Харанхуй буюу үзэгдэлт харанхуй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс ирж яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. ...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” ...гэсэн заалтыг, явган зорчигч Л.Мандах нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. ...г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах......гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх магадлалтай байна гэжээ. /хх 167-168 хуудас/

 

Шүүгдэгч Д.Батдэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт:

            “2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 21 цаг өнгөрч байхад хэсэг хүмүүсийг Нарны зам зоогийн газрын гадна буулгаад эргээд  нарны замд ороод Багануур луу явж байтал өөдөөс хурц гэрэлтэй машин ирсэн. Би гэрлээ шилжүүлээд дохио өгтөл миний машин дээр юм унаж байгаа мэт пэд хийх чимээ гарч урд шил хагарсан. Би сигнал өгөөд зогссон. Машины гупер нэмэгдэж хагарсан байсан. Ийш тийш харахад хохирогч зам дээр хэвтэж байсан. Араас ирсэн цагаан машиныг хамт байгаач гэж гуйсан. Хохирогчийг надтай зөрсөн машин мөргөхөд шидэгдэж миний машинд цохигдсон гэж бодож байна. Тухайн үедээ би “машин зугатаалаа, Хэрлэнгийн гүүрийг хаа” гэж цагдаа руу утасдсан. Би хохирогчийн оршуулгын зардалд 3 сая төгрөг өгсөн. Үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв

            Хохирогч Б.Энхтайваны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт:

Эхнэр Мандах 2016 оны 2 сарын 4-ний орой намайг ажлаас буухад гэртээ байгаагүй. Осол болох өдөр талийгчийг Энхжаргал, Эрдэнэбаатар нартай машинтай явж байхад нь би уулзсан. Халамцуу байсан бөгөөд гэртээ харья гэхэд хариагүй. Би тэр өдөр гэртээ 22 цаг өнгөрөөгөөд унтаж байтал  2 цагдаа ирж ослын тухай хэлсэн. Шүүгдэгч Батдэлгэрээс оршуулгын зардалд 3 031 654 төгрөг авсан. Энэ хүнийг  шоронд явууллаа гээд талийгаач маань босоод ирэх биш дээ. Энэ хэрэг санамсар болгоомжгүйгээс үйлдэгдсэн тул ялыг харгалзан үзнэ үү. Нэхэмжлэх зүйлгүй  гэв.  /Шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Б.Амартүвшингийн мөрдөн байцаалтын үе шатанд өгсөн мэдүүлэгт:

Би 2 дугаар сарын 06-ны өдөр 17,18 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан, цагийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Багануурт ирээд Талын толгойд хүн буулгачихаад буцаад засмал руу ороод явтал зам дээр осол гарсан байсан. Би зогсоод зам дээр байсан машины жолоочтой уулзахад утсаар яриад байх шиг байсан ба гарт нь утас байсан, Жолооч надад хажуугаар зөрсөн машин хүн мөргөсөн, мөргүүлсэн хүн нь  миний машин дээр уначихлаа гэж ярьсан. Намайг талын толгойгоос засмал руу нийлэхэд болон засмал замаар явж байхад миний хажуугаар хурц гэрэлтэй болон хурдтай машин зөрж өнгөрөөгүй гэжээ. /хх-90/

Гэрч Я.Мөнгөнтуулын мөрдөн байцаалтын үе шатанд өгсөн мэдүүлэгт

            “бид нар Багануурт 21 цагийн үед ирээд Талын толгойд нэг залууг буулгаад буцаад Багануур луу явж байхад зам дээр ногоон машин зогсож байсан. Нэг хүн зам дээр хэвтэж байсан. Бид ногоон машины урд гарч зогсоод хүн амьтан дайруулсан юм шиг байна гээд ярьж байхад ард сууж явсан залуу цагдаа, эмнэлэг дуудсан. Биднийг талын толгойгоос засмал замд ороход Хажуугаар машин ер зөрж өнгөрөөгүй гэжээ./хх-91-92/

Гэрч Б.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтын үе шатанд өгсөн мэдүүлэгт:

Би хамт ажилладаг Мөнгөнтуул эгчийн хамт Улаанбаатар хотоос гарч Багануур ирээд Талын толгойд машинд сууж явсан хүнийг хүргэж өгөөд буцаад Багануур луу явж байхад зэвсгийн агуулахын ойролцоо асьфалтан зам дээр дайруулсан бололтой хүн хэвтэж байсан. Хажууд нь ногоон өнгийн приус машин байсан. Миний сууж явсан машин ногоон өнгийн приус машины урд нь гарч зогсоход миний хажууд сууж явсан залуу эмнэлэг, цагдаа дуудсан гэжээ./хх-93/

Д.Батдэлгэрийн  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

“Боржигон овгийн Даваажавын Батдэлгэр нь урьд ял шийтгүүлж байгаагүй” гэжээ. /хх 198 хуудас/

Мөрдөн байцаалтын үе шатанд Д.Батдэлгэрийг сэжигтнээр байцааж авсан тэмдэглэл /хх-192/ яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-195/

2016 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 49-66 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

Д.Батдэлгэр нь  2016 оны 2 дугаар сарын 06-ны орой 21 цаг 40 минутын үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Зэвсгийн агуулахын хойд талд байрлах асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 45-32 БРА улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1.а-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” ...гэсэн заалтыг зөрчиж  иргэн Л.Мандахыг дайрч амь насыг хохироосон нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.  Осол гарах үед жолооч Батдэлгэр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь Д.Батдэлгэрийн согтуурлын зэргийг драгер багажаар үлээлгэхэд 0,00% гарч байв гэсэн согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлээр, нас барагч Л.Мандах осолд өртөх үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогджээ.

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж авсан, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид гаргасан, дүгнэлтүүдийн үндэслэл нь тодорхой, хууль ёсны шаардлагыг хангасан байна.

Дээрх баримтууд нь холбогдох үйлдлүүдийг бүрэн дүүрэн, хангалттай нотолж чадсан, үйлдэлд хамаарал бүхий, эх сурвалж нь тогтоогдсон, хууль ёсны бөгөөд үнэн зөв нотлох баримтууд мөн. Шүүгдэгч нь осол гаргах үедээ хэрэг хариуцах чадвартай байсан, В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй зэрэг нь улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаа, Замын цагдаагийн газраас ирүүлсэн жолоочийн лавлагаа, 949043 дугаартай жолоочийн үнэмлэх зэрэг баримтуудад тусгагджээ.

Д.Батдэлгэр нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон үр дагавартаа  хөнгөмсгөөр найдсан байдлаар болгоомжгүй ханджээ.

 Д.Батдэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Батдэлгэрт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулна.

Шүүгдэгч нь хохирогчид оршуулгын зардал 3 031 654 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч дахин нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн 148 дугаартай   дүгнэлтэд “явган зорчигч Л.Мандах нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” .гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн тул энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.5 дахь хэсэгт заасан “хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн” гэсэн үндэслэлээр шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

      Д.Батдэлгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж хорих ял шийтгэх нь зүйтэй. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулсан, хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэж, ялтны засрал хүмүүжлийг тодорхой хугацаагаар хянан харгалзвал зохино.

 Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хорих арга хэмжээ авагдаагүй. Энэ  хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, эд мөрийн баримтгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Даваажавын Батдэлгэрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Даваажавын Батдэлгэрийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хасч,  гурван /3/ жил нэг /1/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Батдэлгэрийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар     Д.Батдэлгэрт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан гурван /3/ жил нэг /1/ хоногийн хорих ялыг тэнсэж  хоёр /2/ жил зургаан /6/ хугацаагаар хянан харгалзсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Батдэлгэрт хяналт тавихыг Багануур дүүргийн цагдаагийн байгууллагад даалгасугай
  6. Д.Батдэлгэрт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг гүйцэтгүүлэхээр 949043 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
  7. Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд  гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд оногдуулах ялд тэнссэн ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүх шийдвэрлэх журамтайг тус тус мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Д.Батдэлгэрт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.Батдэлгэрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Батдэлгэр нь хохирогч Б.Энхтайванд  3 031 654 төгрөг төлснийг дурдсугай
  11.  Энэ хэрэгт шүүхэд ирүүлсэн эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг тус тус мэдэгдсүгэй.
  12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  13. Тогтоолд давж заалдах гомдол гаргах болон эсэргүүцэл бичигдвэл биелэлтийг түдгэлзүүлж Д.Батдэлгэрт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ОЮУНБАТ