| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/01990/и |
| Дугаар | 01907 |
| Огноо | 2018-06-07 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 01907
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2018 оны 06 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2018/01907 Улаанбаатар хот
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, Нарны зам- НСКБ барилга, , дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг, “М.д” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух, Б овогт Э.Г-д /РД: /-д холбогдох,
Даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөр 228.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О , хариуцагч Э.Г , нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
Нэхэмжлэгч “М.д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Г нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар 0000000000 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, Э.Г нь 273.720 төгрөгийн даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 45.620 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 228.100 төгрөгийн даатгалын хураамжийг төлөхгүй байна. Иймд Э.Г -с Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасны дагуу 228.100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Г шүүхэд гаргасан тайлбартаа: 2016-2017 оны хооронд өөрийн эзэмшлийн УНҮ 00-00, УНЧ 00-00 дугаартай 2 автомашинаа даатгуулсан. Миний эзэмшлийн УНҮ 00-00 дугаартай автомашин байрны гадаа зогсоолд байх үед гадны нөлөөнөөс салхины урд шил цуурсан тул даатгалд хандаж, цагдаагийн зохих бичиг баримтыг бүрдүүлж гэнэтийн ослын нөхөн төлбөр 180.000 төгрөг гаргуулахаар болсон боловч миний асуудлыг үл харгалзан компанийн дотоод хурлаар шийдвэрлэн таны үлдсэн бүх саруудын төлөх төлбөрийг суутган авлаа гэсэн хариу өгсөн. Миний бие зөвхөн мөнгө төлөх гэж энэ байгууллагад мөнгө төлөөгүй. Уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг удаа дараа шаардсан боловч шийдтэй хариу өгөөгүй тул нөгөө машин болох УНЧ 00-00 дугаартай автомашины даатгалыг цуцалж өгөхийг шаардсан боловч шийдтэй хариу өгөөгүй. Иймд би дахин тэр компанитай холбоо бариагүй юм. Гэнэтийн ослын даатгал нь иргэдэд гэнэт учирсан хохирлыг шийдэж өгөхийн тулд сар бүр мөнгө авч байгаа хэрнээ ийм луйварын үйл ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Иймд “М.д” ХХК-ийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М.д” ХХК даатгалын гэрээний дагуу төлбөр 228.100 төгрөгийг хариуцагч Э.Г оос гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.Г уг гэрээнтэй холбоотой мөнгийг төлөхгүй, даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр өгөөгүй гэж маргаж байна.
Зохигчдын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Тоёота алфард маркийн 00-00 УНЧ улсын дугаартай автомашиныг 1 жилийн хугацаатай даатгуулжээ.
Уг гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2.-т заасан баримт бичиг үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Хариуцагч уг гэрээний үүргийг нэхэмжлэгч тал зөрчсөн, би 2 автомашинд даатгал хийлгэхэд нөгөө машинд учирсан гэнэтийн эрсдлийн даатгалын нөхөн олговорыг олгоогүй тул гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
Э.Г “М.д” ХХК-нд өөрийн эзэмшлийн 2 автомашин даатгуулсан, нөгөө машинд даатгалын нөхцөл бүрдсэн байхад мөнгийг шилжүүлээгүй гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д “даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэх заалтын дагуу хариуцагч Э.Г оос даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр 228.100 төгрөгийг гаргуулан “М.д” ХХК-нд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д зааснаар Э.Г оос 228.100 төгрөг гаргуулан “М.д” ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7493 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г оос 7493 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М.д” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО