| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2018/00100/И |
| Дугаар | 355 |
| Огноо | 2018-08-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 355
2018 оны 08 сарын 17 өдөр Дугаар 143/ШШ2018/00355 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг, ....................... оршин суух, Б овогт А.Ц /регистрийн дугаар: КЮ......../
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг, .....................оршин суух, ******* овогт Д.Д /регистрийн дугаар: НИ......../
Гэрлэлт цуцлах, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц , хариуцагч Д.Д , нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.Д тэй 2006 онд танилцаж дотносон 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүү Д.О , 2011 оны 03 дугаар сарын 10-ний өдөр охин Д.Т нар төрсөн. Хүү Д.О 10 настай, охин Д.Т 6 настай. Д.Д нь сүүлийн жилүүдэд архи их ууж, ааш зан эвдэрч, согтуугаар агсам тавьж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах боломжгүй болсоноос тусдаа амьдраад нэг жил болж байгаа тул гэрлэлтээ цуцлуулан Д.Д гээс хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Д.Д бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй тул 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 232 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцлаж, хүү Д.О , охин Д.Т нарт Д.Д гээс тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эвлэрэх боломж байхгүй. Бид салаад 2 жил болж байна гэв.
Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүү Д.О , 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр охин Д.Т нар төрсөн. А.Ц ын нэхэмжлэлийн дагуу хоёр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Хариуцагч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авах хугацаанд эвлэрэх арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дундын эд хөрөнгөө хуваалгах хүсэлтэй байна. Би цалингийн зээлтэй. Сард 360.000 төгрөг төлдөг. Нийт 10.000.000 төгрөгийн цалингийн зээлтэй. Одоо хүүхдийн тэтгэлэг төлнө тэгэхээр намайг бас бодох хэрэгтэй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох А.Ц ын нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 1-р багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 395 дугаартай тодорхойлолт, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 0074409 дугаартай хүү Д.О ийн төрсний гэрчилгээний хуулбар, 0000596672 дугаартай охин Д.Т-ийн төрсний гэрчилгээний хуулбар, “Өнө-Орших” өрхийн элүүл мэндийн төвийн Д.О , Д.Т нарыг эрүүл бойжиж буй тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ийы өдрийн 10 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Д.Д гийн хариу тайлбар, хүү Д.О , охин Д.Т нарын тайлбар, тус шүүхийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 267 дугаартай тэмдэглэл, 143/ШЗ2018/00674 дугаартай захирамж, Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 54 дугаартай тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ц нь Д.Д д холбогдуулан гэрлэлт цуцлах, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
А.Ц , Д.Д нар нь 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний дундаас 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүү Д.О , 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр охин Д.Т нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2017 оноос хойш тусдаа амьдарсан бөгөөд шүүх гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй болох нь зохигчдын тайлбар болон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаж ямар нэг тайлбар гаргаагүй тул гэрлэгчдийн дундаас 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.О , 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Д.Т нарыг хүүхдийн нас, хүйс, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин зэргийг харгалзан төрүүлсэн эх А.Ц ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Д.Д нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Д.Д гээс тэтгэлэг гаргуулан охин Д.Т, хүү Д.О нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.Ц нь улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт А.Ц , ******* овогт Д.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.О , 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Д.Т нарыг төрүүлсэн эх А.Ц ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг, Төгөлийн 4 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух, ******* овогт Д.Д /регистрийн дугаар: НИ......../-ээс 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.О , 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Д.Т нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Д.Д гээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Д.Д , А.Ц нарын гэрлэлтийг цуцлаж, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Мухлайд даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар охин Д.О , Д.Т нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Д.Д д, эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад хийхгүй байхыг эх А.Ц д тус тус даалгасугай.
7. Зохигчид хүүхдийн асрамж болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Ц ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д эгэс 140.400 төгрөгийг нэхэмжлэгч А.Ц д олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР