Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Батцэнгэл |
Хэргийн индекс | 162/2022/0025/Э |
Дугаар | 2022/ШЦТ/024 |
Огноо | 2022-02-11 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Нямдорж,
Нарийн бичгийн дарга: Г.Чингүн,
Шүүгдэгч: Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000029 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Сартуул овогт Батбаярын Ганбаатар / Регистрийн дугаар: ВЮ91040611 /,
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Б.Ганбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 18 дугаар гудамжны 17 тоотод хамтран амьдрагч С.Должинсүрэнгийн зүүн талын чихний дэлбэн хэсгийг шүдээрээ тас хазаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мөн би өмгөөлөгч авахгүй. Би тухайн үед нэлээн согтуу байсан учраас тухайн тасалсан чихний хэсгийг яасныг санахгүй байгаа. Ямар ч байсан эхнэрээ үнсэж байсан. Тэгтэл гэнэт чихнээс нь цус гараад унасан. Тэгээд сүүлд нь тасарсан чихний хэсгийг гэрээс хайгаад олоогүй. Мөн гэрээс гараагүй. Гадаа гаргаж хаясан зүйл бол байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа одоо эхнэртэйгээ эвлэрсэн хамт амьдарч байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 64-65 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганбаатар мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч С.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Батбаярын Ганбаатартай 2020 оны “Хавар” танилцаад тэр оныхоо “Намар” хамтран амьдарч эхэлсэн. 2021 онд бид хоёр дундаасаа 1 хүүтэй болсон. Одоо манай хүүхэд 6 сартай. Бид гурав хадам аав Батбаярын хамт Баянхонгор сумын 7-18-17 тоотод байх түүний гэрт амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой нөхөр Ганбаатар бид хоёр хашаанд байх Ганбаатарын төрсөн эгч Нарантуяагийнд айл хэсэж орсон. Орохдоо 1 шил 0.75 грамм “Хараа” нэртэй архи, 1 ширхэг том пиво, 1 шил винотой орсон. Тэгээд тэнд хоол унд хийж идээд архийг болохоор манай нөхөр Ганбаатар, Нарантуяагийн нөхөр Энхболд нар хувааж уусан. Нарантуяа бид хоёр архинаас уугаагүй. Пиво хувааж уусан. Тэгээд юм ярьж сууж байгаад дахин 2 том пиво аваад Нарантуяа бид хоёр хувааж уусан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад ямар ч маргааны асуудал үүсээгүй байж байхад манай нөхөр Ганбаатар эхлээд миний зүүн гараас гэнэт хазах шиг болсон. Нарантуяагийн гар мөрнөөс нь хазах шиг болсон. Тэгэхээр нь тоглож байгаа юм байна гэж бодоод яаж байгаа юм гээд өнгөрсөн. Тэгтэл эргээд удаа ч үгүй миний зүүн талын чихнээс хазах шиг болсон. Тэгтэл чихнээс нойтон оргиод эхэлсэн. Гараараа дартал чихний дээд талыг тастсан. Чихнээс цус гарч байсан. Тэгээд “чихнээс хазчихлаа ш дээ” гэж байтал аав ороод ирсэн. Тэгээд миний хүүг аваад гэрээс гарсан. Тэгээд би “цагдаа дуудаадхаач” гэхэд тэнд цагдаа дуудах чадвартай хүн байгаагүй. Тэгээд би өөрийнхөө утсыг хайгаад олоогүй. Тэгэхээр нь гэрээс гараад гудамжинд явж байгаад хүний утсаар цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирэхэд тэд нар ойлгосон байх. Тэгээд тэр гэрт тасарсан чихээ хайгаад олоогүй. Мөн өглөө “тасарсан чих байна уу” гэж Нарантуяагаас асуухад “гэрт байхгүй байсан” гэж хэлсэн. Мөн Ганбаатарт “чих хазчихаад тэр даруйд нь наасан бол болдог гэж байна ш дээ” гэж ярихад “би юу ч мэдэхгүй байна. Би санахгүй байна” гээд байсан. Гэрийн ертөнцийн зүгээр баруун талын орон дээр сууж байхад хазсан. Тэр орыг Нарантуяа “бид нарыг унт гээд” зассан байсан. Тэгээд зассан байсан орон дээр нь амрах гээд сууж байхад миний зүүн чихний дээд талыг шүдээрээ хазаж татсан. Нарантуяа түүний нөхөр Энхболд мөн манай нөхөр Ганбаатар бид дөрөв байсан. Чих тастаж байхад ямар ч байсан Нарантуяа байсан.Өмнө нь цохиж зодож байгаагүй харин архи уучихаараа хэрүүл нэхээд байдаг байсан удаа бол байдаг. Мөн өмнө нь миний биеийн аль нэг хэсгээс хазаж байгаагүй энэ удаа анхны тохиолдол байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 /,
Гэрч Ч.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Манай бага хүүг Ганбаатар гэдэг надтай хамт эхнэр Должинсүрэн, 6 сартай хүүгийн хамт амьдардаг юм. Должинсүрэнтэй хамт амьдраад 2 жил болж байгаа юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө би амарч байсан. Цагийг бол анзаараагүй. Манай төрсөн охин Нарантуяа мөн манай хашаанд гэр бариад амьдардаг юм. Тэгээд тэднийд манай хүү Ганбаатар түүний эхнэр Должинсүрэн, охин Нарантуяа нөхөр Энхболд нар нь хоол унд идээ л байж байсан. Тэгсэн сүүлд нь цагдаа нар ирсэн байхаар нь гэрт нь яваад ортол Должинсүрэн уйлаад “аав Ганбаатар чих хазчихлаа” гэсэн. Тэгэхээр нь чихийг нь хартал түүний зүүн талын чихний дээд талыг тас хазсан байсан. Ганбаатар хойд талынх нь орон дээр сууж байсан. Тэгэхээр нь би “та нар чинь юу болж байна. Нохой биш” гэж хэлчхээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 20-21 /,
Гэрч А.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой манай гэрт манай эхнэрийн төрсөн дүү Ганбаатар, эхнэр Должинсүрэнгийн хамт 0.75 граммтай “Хараа” нэртэй архи том хуванцар савтай “Нийслэл” нэртэй пивотой орж ирээд тэгээд бид нар хоол унд хийж идчихээд хадам дүү Ганбаатар бид хоёр архиа уугаад нөгөө хоёр пиво уусан. Тэгээд цаг нэлээн аажуу болсон ойролцоогоор 01 цагийн үед би хойд аавын байшинд гал түлэх гээд гэрээсээ гарсан. Манай эхнэр тэр гурав гэрт юм яриад үлдсэн. Тэгээд гал түлчхээд гэртээ ороод иртэл Ганбаатар гэрийн хойд талын орон дээр манай эхнэр болон Должинсүрэн нойлын цаасаар зүүн талынхаа чихийг дарсан “чих хазчихлаа ш дээ” гээд байсан. Тэгж байгаад өөрөө гэрээс гараад явсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Би гэртээ Должинсүрэнгийн тасарсан чихийг хайж үзсэн. Тэгэхэд байхгүй байсан. Ганбаатараас бол Должинсүрэнгийн чихний талаар ямар нэг зүйл асуугаагүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 24-25 /,
Гэрч Б.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой манай гэрт төрсөн дүү Ганбаатар эхнэр Должинсүрэнгийн хамт 0.75 граммтай “Хараа” нэртэй архи, том хуванцар савтай “Нийслэл” пивотой орж ирээд дүү Ганбаатар манай нөхөр Энхболд хоёр архиа уугаад Должинсүрэн бид хоёр дахин 2 том пиво авч уусан. Тэгээд манай дүү Ганбаатар түүний эхнэр Должинсүрэн бид гурав гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Тэгээд дүүдээ би эгчирхээд хувийн асуудлаар түүнийг загнасан. Тэгтэл эхлээд миний баруун гарны булчин хэсгээс Ганбаатар цамцны гаднаас хазах шиг болсон. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гэхэд Должинсүрэн түүнийг “боль” гэтэл эргэж хараад түүний зүүн чихнээс хазсан. Тэгтэл Должинсүрэн “чихнээс хазчихлаа” гээд орилоод байсан. Ганбаатар хазчихаад хойд орон дээр очоод суусан. Тэгээд байж байтал аав орж ирээд Должинсүрэнгийн хүүхдийг аваад гэрээс гарсан. Тэгээд дараа нь Должинсүрэн гэрээс гарч яваад цагдаа дуудсан байсан. Би гэртээ Должинсүрэнгийн тасарсан чихний хэсгийг хайгаад олоогүй. Ганбаатараас асуухад “мэдэхгүй” гээд байгаа. Яг тэр үйл явдал болоход манай нөхөр аавын байшингийн галыг түлэх гээд орсон байсан. Ямар нэг зодоон цохион болоогүй. Манай дүү надтай маргаад түүнээсээ болоод Должинсүрэнгийн чихийг хазсан. Миний биеийн баруун булчингаас цамцны гаднаас өнгөц хазсан одоогоор өвдөж байгаа зовуурилж байгаа гэмтэл шарх байхгүй. Надад шинжээч эмчид үзүүлэх шаардлага байхгүй ямар нэг гэмтэл байхгүй учир би үзүүлэхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 /,
7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн:
1. С.Должинсүрэнгийн биед зүүн чихний дэлбэнгийн тасрал гэмт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 8.38.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид 5% нөлөөлсөн тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ирмэг бүхий (хазагдсан) зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх дүгнэлт / хх-ийн 45-46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Ганбаатар нь 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 18 дугаар гудамжны 17 тоотод Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах хамтран амьдрагч С.Должинсүрэнгийн зүүн талын чихний дэлбэн хэсгийг шүдээрээ хазаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч С.Должинсүрэн, гэрч Ч.Батбаяр, А.Энхболд, Б.Нарантуяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 50 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Ганбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Ганбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Ганбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ганбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ганбаатар нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Сартуул овогт Батбаярын Ганбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Сартуул овогт Батбаярын Ганбаатарыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ганбаатарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ганбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Ганбаатар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Ганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ