| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0020/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/019 |
| Огноо | 2022-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга:Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: М.Хос-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Хулд овогт Мөнхтулгын Хос-Эрдэнэ / Регистрийн дугаар: ВЮ98040219 /,
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч М.Хос-Эрдэнэ 2021 оны 11 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах Оргил баарны гадаа иргэн В.Оргилболдыг үл ялих зүйлээр шалтаглан буюу маргалдааныг салгаж “боль” хэлснээс болж хэд хэдэн удаа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч М.Хос-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би Жамбалбавуу, Энхболд гэх хоёр найзтайгаа нэг газар юм ярьж хөөрөөд пиво ууж сууж байгаад нэлээн халаад 3-уулаа бар оръё гээд Оргил гэх нэртэй бааранд орсон. “...Оргил баарны гадна үүдэн дээр манай хоёр найз 5-6 хүнтэй маргалдаж байсан юм. Тэгэхээр нь би хоёр найз дээрээ очоод юу болсон талаар асууж байтал Оргил баарны хамгаалагч гээд хоёр хүн ирэнгүүтээ намайг болон миний найз Жамбалбавууг бас цахилгаан бороохойгоор бороохойдсон. Тухайн үед би нэлээн халамцуу байсан болохоор баарны хамгаалагчийг нэгийг нь нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод авсан юм. Тэгээд байж байтал хүмүүс салгаад “одоо боль” яв” гээд Энхболд бид хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Хос-Эрдэнэ мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв
Хохирогч В.Оргилболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2021 оны 11 сарын 23-ны өдөр би болон хамгаалагч Элбэрэлийн хамтаар Оргил бааранд үүрэг гүйцэтгэсэн. 23 цагийн үед Оргил баарны гадаа хэдэн залуучууд хоорондоо маргалдаад байсан. Би салгах гээд дундуур нь ороход сахалтай залуу намайг нүүр лүү цохисон. Тэр залууг Хосбаяр гэж байсан. Намайг 2 цохихоор нь би “яаж байгаа юм, би ажил үүргээ гүйцэтгэж байна” гэхэд “чиний ажил гэж юу байдаг юм” гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би Хосбаяр гэх залууг цахилгаан бороохойгоор нэг удаа хэвлий хэсэг рүү нь тогоор цохиулаад түлхэхэд араас 2 залуу миний хоёр гарнаас бариад салгасан. ...гэхдээ намайг цохиж миний биед халдсан зүйл байхгүй, Тухайн үед би мэдүүлэг өгөхдөө буруу ойлгуулж мэдүүлэг өгсөн байх. Хосбаяр гэх залуу бид хоёрыг болиулах гэж л тухайн 2 залуу намайг барьсан. Миний зүүн нүд хөхөрч хавдсан, мөн уруул дотроо язарсан байсан, өөр ямар нэг гэмтэл байгаагүй. Гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 /,
...Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй болно. М.Хос-Эрдэнэтэй харилцан тохиролцож 300.000 төгрөг авахаар болоод харилцан ярилцсан байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 17 /
Иргэний нэхэмжлэгч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн орчимд манай найз Мөнхзул намайг Оргил бааранд хүрээд ирээч гээд дуудахаар нь би яваад очсон юм. Би Оргил баар луу орохдоо өөрийн эзэмшлийн Хуавай-7 маркийн гар утсыг Оргил баарны хамгаалагч Элбэрэлд өгөөд орсон юм. Хаяж үрэгдүүлэхээс болгоомжлоод түр хадгалуулсан юм. Явах гээд Элбэрлийг хайгаад олоогүй. Баарны зөөгчөөс Элбэрлийг асуухад “цагдаа дээр байгаа гэхээр нь бид хоёр ирээд утсаа авах гэтэл миний гар утас дундуураа хугарсан байсан. “Баарны гадаа зодоон хийгээд хугарчихсан байна, хүмүүс нь энд байгаа учраас төлүүлээд өгье” гэсэн.
...Би Жамбалбавуу гэгчтэй 2 хоногийн дотор надад үнэлгээнд заагдсан 245.000 төгрөгийг өгөхөөр болоод бид хоёр хоорондоо тохиролцсон учир надад цаашид гаргах санал, хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 /,
5. Иргэний хариуцагч Б.Жамбалбавуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр найз Хос-Эрдэнэ, Энхболд нарын хамт гурвуулаа “Зуут” ресторанд сууж байгаад тэндээс гараад Оргил бааранд орсон. Тухайн үед гадаа байсан 2-3 залуучуудтай маргалдаад, зодоон бол хийгээгүй, Тэр үед баарны 2 хамгаалагч бид нарыг зодоон хийж хийж байна гэж бодсон юм шиг байгаа юм бид нар дээр хүрээд ирсэн юм. Ирээд “больцгоо гээд цахилгаан бороохой гаргаж ирээд байсан. Гэтэл манай найз М.Хос-Эрдэнэ нэг хамгаалагчийн нүүр хэсэгт нь гараараа нэг л удаа цохиод авсан юм. Тэгээд Энхболд бид хоёр “больцгоо” гээд салгасан юм. Тухайн үед нөгөө хамгаалагчийг нь би гуяа хэсэг рүү нь цохиод авсан юм. Тэр хүний халаасанд байсан гар утсыг оносон юм шиг байна лээ. Тэр хүний халаасанд гар утас байсныг би тухайн үед мэдээгүй. Санамсаргүйгээр тийм үйлдэл болсон. Уг гар утас нь тэр хамгаалагчийн гар утас биш Ууганбаяр гэж эмэгтэй хүний гар утас байсан юм байна лээ. Тэгээд тэр үнэлгээний гаргасан мөнгөн дүнг төлж өгөөд хохирлыг нь би бүрэн барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61/,
Гэрч Б.Жамбалбавуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би найзууд болох Хос-Эрдэнэ, Энхболд нарын хамт Оргил баар орсон. Тэгээд 23 цагийн үед Оргил баарны гадаа бид 3 тамхи татах гээд гарахдаа үүдэнд зогсож байсан 2 залуутай маргалдсан, зодоон хийгээгүй, тухайн 2 залууг танихгүй. Тэгээд маргаад зогсож байхад хамгаалагч нь гээд Оргилболд гэх залуу ирээд бид нарыг “боль” гэсэн. Тэгэхэд Хос- Эрдэнэ уурлаад “чамд ямар хамаатай юм” гээд тэр хамгаалагч залууг нэг удаа цохисон. Тэгээд Оргилболд гэх залуу цахилгаан бороохой гаргаад Хос-Эрдэнийг цохиулахаар нь Энхболд бид хоёр очоод болиулсан. Тэгэхэд миний араас нэг хамгаалагч нь ирээд намайг зүгээр байхад цахилгаан бороохойгоор цохиулахаар нь би тэр залууг 1 удаа цохисон. Элбэрэл гэх залуу бид нарыг Оргилболд гэх залуу руу дайрч байна гэж ойлгосон юм шиг байна лээ. Тухайн үед Энхболд, Хос-Эрдэнэ бид 3 нэлээн архи уусан болохоор муудсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 40- 41 /,
5. Гэрч Б.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би найзууд болох Жамбалбавуу, Хос-Эрдэнэ нарын хамт Оргил баар орсон. Тэгээд 23 цагийн үед Оргил баарны гадаа бид 3 тамхи татах гээд гарахдаа үүдэнд зогсож байсан 2 залуутай маргалдсан, зодоон хийгээгүй, тухайн 2 залууг танихгүй. Тэгээд маргаад зогсож байхад хамгаалагч нь гээд Оргилболд гэх залуу ирээд бид нарыг “боль” гэсэн. Тэгэхэд Хос-Эрдэнэ уурлаад “чамд ямар хамаатай юм” гээд тэр хамгаалагч залууг нэг удаа цохисон. Тэгээд Оргилболд гэх залуу цахилгаан бороохой гаргаад Хос- Эрдэнийг цохиулахаар нь Энхболд бид хоёр очоод болиулсан. Тэгээд өөр зүйл болоогүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 /,
6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын -ний өдрийн 538 дугаартай шинжээчийн:
1. В.Оргилболдын биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үйлдлээр үүсэх байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 63-64/
7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 539 дугаар шинжээчийн:
1. Х.Элбэрэлийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 68/
8. Энхнахиа ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 360 дугаартай:
Иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн эд зүйлийн нийт үнэ 245.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт / хх-ийн 72 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч М.Хос-Эрдэнэ 2021 оны 11 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 01 дүгээр багт байрлах “Оргил” баарны гадаа иргэн В.Оргилболдыг үл ялих зүйлээр шалтаглаж маргалдааныг салгаж “боль” хэлснээс болж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч В.Оргилболд, гэрч Б.Энхболд Б.Жамбалбавуу, иргэний нэхэмжлэгч Б.Ууганбаяр, иргэний хариуцагч Б.Жамбалбавуу нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 538, 539 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.Хос-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч М.Хос-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч М.Хос-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг Прокурорт бичгээр гаргаж эрүүгийн зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснийг харгалзан шийдвэрлэв.
Харин шүүгдэгч М.Хос-эрдэнэд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж уг ялыг хугацаатай адил хугацаагаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч М.Хос-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Хос-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Хулд овогт Мөнхтулгын Хос-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Хулд овогт Мөнхтулгын Хос-Эрдэнийг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Хос-Эрдэнийг Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч М.Хос-Эрдэнэ нь зорчих эрхийн хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.Хос-Эрдэнэ нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Хос-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Хос-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ