| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2018/00107/И |
| Дугаар | 320 |
| Огноо | 2018-08-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 320
2018 оны 08 сарын 07 өдөр Дугаар 143/ШШ2018/00320 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг, .......................................тоотод оршин суух, Б жигон овогт М.Ц /регистрийн дугаар: КЖ60070104/
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 5 дугаар баг, ..............................тоотод оршин суух, Тогоотой овогт Д.М /регистрийн дугаар: /
1.090.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагч Д.М , нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ц миний бие 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ханхонгор сумын Жаргалант бригадын нутагт байрлах Хартолгой цагаан дэрс гэх нэртэй өвөлжөөг Б болон Б гэх хүнээр зуучлуулан Д.М аас 1.000.000 төгрөг, 1 эр ямаагаар худалдан авахаар тохиролцон гэр бүлийн хүн болох Ц.Ш хамт 1.000.000 төгрөгөө бэлнээр, нас гүйцсэн эр ямааны хамт Д.М д хүлээлгэн өгсөн юм. Ингээд би Д.М аас удаа дараа өвөлжөөгөө зарж байгаа юм чинь дагалдах газрыг нь бас миний нэр дээр шилжүүлж өг гэсэн шаардлагыг тавихад Д.М нь өвөлжөөний газар нь миний хүү Л.О ын нэр дээр байдаг юм, би хүүдээ хэлээд шилжүүлж өгнө гэсэн боловч шилжүүлж өгөхгүй байсан тул би хүү Л.О тай нь өөрөө уулзаж учир байдлыг хэлэхэд “за, шилжүүлж өгнө” гэсэн боловч шилжүүлж өгөхгүй болохоор нь Л.О ыг дагуулаад хэд хэдэн удаа Ханхонгор сумын төв ороход газрын албаны мэргэжилтэн Ба нь шилжүүлж өгнө гадэг байсан боловч 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Х гэх хүний нэр дээр Л.О нь гэрчилгээгээ шилжүүлсэн болохыг мэдсэн. Иймд миний бие Д.М болон Л.О нараас өөрийн өгсөн 1.000.000 төгрөг болон эр ямааны үнэ болох 90.000 төгрөг, нийт 1.090.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнд өгсөн нь үнэн? Энэ хүн авсан нь үнэн. Сүүлдээ намайг О аас ав гэдэг болсон. Тэгээд би энэ хүнтэй тохиролцохгүй гэдгээ мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. 2013 оны 09 сарын 25-ны өдөр би энэ хүнээс гуйж аваагүй. Би хүнээс сонсоод зуучлаад авсан. Тэр хүндээ нэг ямаа өгсөн. Би нөхрийг нь О гэдэг юм байх гэж бодсон. Тэгээд өөрт нь хэлсэн. Танай нөхрийг О гэдэггүй, Л гэдэг юм байна шүү дээ гэсэн чинь тиймээ би одоохон хүүхэдтэйгээ яриатахъя гэсэн. Чухам хүүхэдтэйгээ ярьсан талаар сайн мэдэхгүй байна. Тэг тэг наймаа хий гэж байна гэсэн. Би энэ хүнд 1.000.000 төгрөг өгсөн нь үнэн. Улсад 30 жил ажилласан. 1.000.000 төгрөг ямаатай авчихаад гүжирдэж болохгүй. 2013 оны 07 сарын 23-ны өдөр Х гэдэг хүнд зарчихсан мөртлөө 9 сард надад зарсан. Би оргүй үлдэж байхаар гэж бодоод хүнд зарах гэж асууж байсан нь үнэн. Авсан айл нь хороо бууцыг чинь буулгаж авсан. Та битгий ингэж худлаа ярь. Манай бэр хүүхдээ 7 хоногтой байхад хөхөөрөө дараад алсан гэдэг нь үнэн. Хүнд үхэл хагацал ирж болно шүү дээ. Та 1.000.000 төгрөг авсан шүү дээ. Маргааш зүрхний хагалгаанд орно гэж хэлээд надаас 1.000.000 төгрөг авсан. Манай хүүхэд уурхайд ажилладаг. Ирж байгаад сольж өгнө гэж байна гэсэн. Эдний хүүхэд манай хүүхэдтэй хамт цэрэгт байсан юм билээ. Сүүлд сонсоход О энэ юм байна гэж олсон. Очихоор нохойгоо үүдэндээ уячихаа оруулдаггүй. Би энэ талаар худлаа хэлээгүй. Би ч гэсэн 8 хүүхэд төрүүлсэн. Залилан хийсэн гээд өргөдөл гаргавал гаргах л байсан. Би өгснөө мэдэж байна. Х т 2013 оны 07 сарын 23-ны өдөр гарсан гэрчилгээ байсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: 2013 оны 09 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ц , хариуцагч Мандалаас Ханхонгор сумын нутаг дэвсгэрт байрлах өвөлжөөний газрыг 1.090.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байдаг. Иргэний хуульд зааснаар хэлцлийг талууд амаар болон бичгээр хийж болохоор заасан байдаг. Ц , О нарын хооронд аман хэлцэл байгуулагдсан. Тухайн үед Мандал нь мөнгө болон ямаагаа авсан байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гээд тухайн худалдаж авсан эд зүйлийг нь шилжүүлэх үүрэг Мандалд үүссэн боловч Мандал энэхүү үүргээ биелүүлэхгүй байгаа учраас Ц анх өгсөн 1.000.000 төгрөг болон ямааны үнэ 90.000 төгрөгийг буцааж авах бүрэн үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү. А/67 тоот дугаартай Ханхонгор сумын засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамж байдаг. 13 айлын хүсэлтийн дагуу тухайн холбогдох газруудыг шилжүүлсэн байдаг. Хүсэлт гаргасан иргэд дунд Л овогтой О өөрөө байдаг. Энэ газрыг Л биш О хүсэлт гаргаж шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Энэ хариуцагч Мандалын гаргаж байгаа тайлбарыг няцааж байна. Тухайн үед бууцыг 1.000.000 төгрөг болон ямаагаар зарсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Худалдах худалдан авах харилцаа бол гэрээний үнийн дүн дээр маргаж байна. Хариуцагчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй. Тэр газрыг яасан нь эргэлзээтэй гэж байгаа боловч өөрсдийн хүсэлтээр бусдад шилжүүлсэн байгаа учраас хариуцагчийн тайлбарыг үнэлэх боломжгүй байгаа учраас нэхэмжлэгчийн тайлбар болон бусад нотлох баримтыг үнэлж хариуцагчаас нэхэмжилж буй 1.090.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Ц гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Манай ээж М.Ц нар наймаа хийсэн учир надад ямар ч хамаа байхгүй. Иймд энэ наймааны асуудалд намайг оролцуулахгүй байна уу гэжээ.
Хариуцагч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Ц гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2013 онд намайг Даланзадгад суманд байхад Б , Ц гэх хүнийг хэд хэдэн удаа дагуулж ирж өвөлжөө газраа зарчих гэж гуйсан. Миний хувьд өвөлжөө газраа зарах бодолгүй байсан удаа дараа ирээд гуйгаад байхаар нь машин хөлсөлж яваад Ц д Ханхонгор сумын Жаргалант багийн нутагт байх Хартолгойн цагаан дэрс гэх өвөлжөөний газраа үзүүлсэн. Ц сайхан бууц байна авна гээд байхаар нь ярилцасны эцэст бэлэн 500.000 төгрөг дээр нь нэмээд 100.000 төгрөгөнд нэг эр ямаа бодож авсан нийт 600.000 төгрөгөөр өвөлжөө газраа зарсан. Ц гийн одоо нэхэмжлээд хэлээд байгаа 1.090.000 төгрөгөөр тухайн үед өвөлжөө газраа зараагүй. Тухайн үед өвөлжөө газраа зарахдаа газрын гэрчилгээг нь Ц д өгсөн тэгээд хурдан гэрчилгээгээ шилжүүлж аваарай гэж хэлж байсан. Түүнээс хойш тухайн газар дээр Ц 2 жил гаруй хугацаанд амьдарч байсан гэж нутгийн хүмүүс ярьдаг. Ц нь газрын гэрчилгээгээ шилжүүлж авъя гэж надад нэг ч удаа хэлж хандаж, шаардаж ирээгүй харин би гэрчилгээгээ даруй шилжүүлж аваарай гэдгийг хэд хэдэн удаа хэлж байсан. Иймээс тухайн худалдаж авсан газраа ашиглаагүй, гэрчилгээгээ шилжүүлж аваагүй зэргээс болж газраа хураалгаж өөр хүн эзэмших болсон нь миний буруутай үйлдлээс шалтгаалаагүй учраас Ц гийн нэхэмжилж буй 1.090.000 төгрөгийг төлөхгүй. Тухайн үед худалдах худалдан авах гэрээ хийхэд өвөлжөө газраа хэдэн төгрөгөөр хэрхэн худалдсан талаар Ц тэй хамт ирсэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р баг Дунд сайхан 8-41 тоот хаягт оршин суугч А.Эрдэнэчулуун /дууддаг нэр нь Б гэх, утас 86633603/-ыг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Мөн 2013 оны 09 дүгээр сард газраа худалдсанаас хойш тухайн худалдсан газар болох Ханхонгор сумын Жаргалант багийн нутагт байх Хартолгойн цагаан дэрс гэх газарт Ц нь 2 жил өвөлжиж байгаад нүүсэн түүнээс хойш газраа эргэж тойроогүй, ашиглаагүй байсаар байгаад улаан зураасанд орж газар хураагдсан байсан тухай, бас тухайн газрыг хаанаас хэрхэн авсан тухай Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн иргэн А.Х гэх хүнийг гэрчээр асууж өгнө үү. Миний бие нь төврүү орох асуудал бол манай нөхөр нүдний хараа муудаж эмчилгээнд олон удаа явж эмчлүүлсэн билээ. Бууцаа зарах сонирхол байгаагүй билээ. Харин нэг өдөр Б , Ц гэдэг хүнийг дагуулан ирээд хороо бууцаа зараач гэж гуйсан .Зарах хүсэлгүй байна гэхэд дахин дахин ирж гуйгаад байсан.Бууцаа үзүүлэхэд сайхан бууц байна авна гэсэн. Ярилцсаны эцэст 500 000 төгрөг, 1 ямаа /100 000/ бодож авсан.Ханхонгор суманд шилжиж ирсэн юм уу гэхэд хүүхдээ шилжүүлэнэ гэсэн Бууцны гэрчилгээг өгөөд даруй шилжүүлж аваарай гэж дахин дахин хэлсэн билээ. Зарж байхад Б той бууж байсан нэг эмэгтэй манай охин нөхөр нь бас байсан. Түүнээс хойш 2 жил бууцаа эзэмшиж байсан юм билээ. Манай бууцыг нутгийн хүмүүс мэднэ. Бууц маань худагтай, зоорьтой сайхан хөлтэй бууц байсан нь үнэн билээ. Одоо хонд болсон сураг байсан. Ямар Бууц байсныг тэр чигээр нь болгож өгахгүй бол 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Үгүй бол би бууцаа авна. Сайхан тохитой бууц байсан би харамсаж байна. Ямар бууц хороо байсан яг тийм хэвээр нь болгож авмаар санагдаж байна. Бид хоёр гүтгүүлж байгаадаа гомдолтой байна. Юу нь 1 090 000 вэ? 500 000 төгрөг, 1 ямаа авсан нь үнэн болно гэжээ.
Хариуцагч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өгч болж байна. Эхлээд манайхаас бууцаа зараач гэж гуйсан. Манайх бууцаа худалдах сонирхол байгаагүй. Өгөхгүй гээд байхад авна гээд авсан. 500.000 төгрөг аваад дараа нь нэг эр ямаа авчирч ирэхээр нь би авсан. Эртхэн өөрийн болгож аваарай гэж хэлсэн. Манай хүүхдийг аваад хурдан шилжүүлгээ хийлгээрэй гэж хэлсэн. Бусдаар доромжилсон зүйл байхгүй. 2 жил манай бууцан дээр өвөлжсөн байна лээ. Одоо тэр бууцнаас юу ч үлдээгүй байсан. Зүгээр л нэг хонд үлдсэн байсан. Хашаа дээвэр туургатай банзан хашаа байсан. Би 500.000 төгрөг болон нэг эр ямаа авсан. Би нийт 600.000 төгрөгийг шууд өгч болно. Гэхдээ би бууцаа нэхэмжилж байна. Тэр чигээр нь би авна. 1.090.000 төгрөг аваагүй. 500.000 төгрөг авсан. 1.000.000 төгрөг гэсэн чинь их байна. Манай мал хэцүү царайтай урдаас ирж байгаа гэж гуйсан. 700.000 төгрөг гэсэн чинь бас их байна гэсэн. Тэгээд 500.000 төгрөг дээр нэг ямаа авсан. Бууцаа нэхэж байна. Түүний дараа ямааг чинь 500.000 төгрөгийг чинь өгч болно. Би 9 хүүхэдтэй хүн. Ийм хэлтэс шүүхийн ширээний ард сууж үзээгүй. Үрээ алдахдаа л нэг суусан. Гэхдээ би тэр хүнийг шоронд хийгээгүй. Бууцан дээр 2 жил өвөлжөөд тэнд байх хугацаандаа өөрийн хүүхдээ хөхөөрөө дарчихсан гэж ярьж байсан. Тэгж байгаад нүүсэн гэж байсан. Энэ хоёр хөгшний бууц сайхан бууц байсан гэж хүн болгон хэлнэ. Тэр бууцыг зарсан байх. Би энэ газрын талаар мэдэхгүй. Би ерөөсөө зараагүй. Тэр Х гэдэг хүн багийн даргатайгаа ярьж байгаад өөрсдөө шилжүүлээд авсан гэж эхнэр нь ярьж байсан. Би үүнийг бол мэдэхгүй. Хэвтрийн хүнийг орхиод би Ханхонгор явахгүй шүү дээ. Х ын эхнэр ярьж байсан. Өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан гэж ярьж байсан. Би хэзээ ч Х т худалдаагүй. Би бууцаа чамд зарсан. 1.000.000 аваагүй. Би бууцныхаа үнийг нэхэмжилж байна. Бид нар одоо янзалж авахаас яах вэ. Чи зүүдлээд байгаа юм биш үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл /хх-1/, М.Ц гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 63 дугаартай тодорхойлолт /хх-7/, хариуцагч Д.М ын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хариу тайлбар /хх11/, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-15/, Д.М ын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хариу тайлбар /хх-22/, хариуцагч Д.О ын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хариу тайлбар /хх-23/, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн а/67 дугаартай захирамжийн хуулбар, хавсралтын хуулбар /хх-43-44/, “И-Э ” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04/17 дугаартай тодорхойлолт /хх-42/ зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Ц нь Д.М , Л.О нараас 1.090.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.О аас татгалзаж, хариуцагч Д.М аас 1.090.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Ц нь “...өвөлжөөг худалдан авахаар тохиролцон гэр бүлийн хүн болох Ц.Ш хамт 1.000.000 төгрөгөө бэлнээр, нас гүйцсэн эр ямааны хамт Д.М д хүлээлгэн өгсөн юм...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж,
Хариуцагч Д.М нь “...бэлэн 500.000 төгрөг дээр нь нэмээд 100.000 төгрөгөнд нэг эр ямаа бодож авсан нийт 600.000 төгрөгөөр өвөлжөө газраа зарсан...” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд М.Ц нь Д.М аас 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант бригадын нутагт байрлах Хартолгой Цагаан дэрс нэртэй өвөлжөө, газрыг худалдан авахаар тохиролцсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах- худалдан авах гэрээ байгуулагджээ.
Талууд худалдах худалдан авах гэрээний тохиролцсон үнийн дүн дээр маргаж байх ба шүүх нэхэмжлэгчийн гэрээгээр тохиролцсон 1.090.000 төгрөг гэсэн үнийн дүнг хариуцагч нь 600.000 төгрөг гэсэн үнийн дүнгээ өөрийн тайлбараас өөр давхар нотлох баримтаар үгүйсгэхгүй, хариуцагч хуульд зааснаар татгалзлаа нотлохгүй байх тул хариуцагчаас 1.000.000 төгрөг, талуудын өгсөн, авсан гэж маргаагүй эр ямааны үнийг нэхэмжлэгч нь 90.000 төгрөг, хариуцагч нь 100.000 төгрөгөөр тохиролцсон гэж маргаж байх тул нэхэмжлэгчийн үнийг тодорхойлсноор 90.000 төгрөгөөр тооцож нийт 1.090.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 63 дугаартай тодорхойлолт /хх-7/, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-15/, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн а/67 дугаартай захирамжийн хуулбар, хавсралтын хуулбар /хх-43-44/ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан боловч зохигчдын маргаанд хамааралгүй, “И-Э ” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04/17 дугаартай тодорхойлолт /хх-42/ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М аас 1.090.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ц д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР