Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар №1672,

хохирогч Л.*******,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******ын *******ад холбогдох 201701080046 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1*******,*******,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар *******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* Нуурын 5 дугаар гудамж 04 тоотод түр оршин суух, ял шийтгэл үгүй, регистрийн дугаартай, *******ын ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 17 цаг 00 минутын үед хохирогч Л.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжин тус газар нь хутгаар нэг удаа хатгаж, зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Батмөнх нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 17 цагийн үед дүүргийн 2 дугаар хороо Нуурын 5 дугаар гудамж, 04 тоот өөрийн гэртээ согтууруулах ундаа хэрэглзсэн үедээ хохирогч Л.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний цээжин тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл бие махбодид нь санаатай учруулсан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч С.Батмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 01 сарын 31- ний өдөр Чимэддорж ахын гэрт ороход Дамдиндорж, Түвшинням ах нар байсан. Намайг “гудамжинд хамт архи ууя” гэхээр нь би “яаж гадаа гудамжинд архи уух юм бэ, манай гэрт оръё” гэж хэлсэн. Түвшинням ах архинд яваад ирэхдээ ******* ахыг манай гэрт дагуулж ирсэн. Бид 4 хамт архи ууж байхад ******* ах манай гэрийг “амбаар” гэж доромжилсон. Тэгээд ******* ах бид хоёр маргалдсан. Тухайн үед миний уур хүрч ******* ахыг архины шилээр хэдэн удаа цохьсон. Тэгээд гал тогооны өрөөнөөс хутга авч ******* ахын цээжин тус газарт хатгасан байсан. Тухайн үед би согтуу байсан учир хутгаар хатгасан үйлдлээ санахгүй байгаа. Би ******* ахад гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Түвшиннямтай дэлгүүрийн өмнө таарч, хамт *******ын гэрт ирж архи хувааж уусан. Би дүүг согтуу байхад нь байшинг “амбаар” гэж хэлж дургүйг хүргэсэн. Би *******ыг “амбаараа зарчих” гэж хэлээд түлхсэн нь үнэн. Үүнээс болж хэрүүл үүсч энэ хэрэг гарсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №08шэ/83 дугаар:

  1. “*******ийн биед чээжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй" гэх дүгнэлт,

/хх-ийн 31 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 47 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 48 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 49 дүгээр тал/

дүүргийн цагдаагийн тасагт гаргасан хүсэлт /хх-ийн 73 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эдгээр заалтуудыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.******* нь шүүгдэгч /яллагдагч/ С.*******аас нэхэмжлэх зүйл байхгүй сайн дураараа эвлэрч байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээ Нийслэлийн Налайх, дүүргийн прокурорын газарт гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.Батмөнх нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч Л.******* нь сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,75 литрийн архины шил 1 ширхэг, хутга 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах ба хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294- 297, 298 дугаар зүйлүүдэд заасныгтус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. *******ын *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Сүрэнжавын *******ад холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0,75 литрийн хараа архины шил 1 ширхэг, хутга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******ад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                    Д.ЧИНЗОРИГ