Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Б.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батмөнхөд холбогдох  эрүүгийн 2214000000016 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Занги овогт Бямбаагийн Батмөнх, / Регистрийн дугаар: ВЮ80111612 /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батмөнх нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Заг сумын хэсгийн цагдаа Д.Дашдалайг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж, “зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн...гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр аймгийн төвөөс суманд 20 цагийн үед гэртээ ирсэн. Манайд тухайн үед эхнэр хүүхэд, баз Батмөнх нар байсан. Батмөнх ах надад хэлэхдээ “ах нь жаахан юм уучихлаа” гэхээр нь “гэртээ харьж амраа” гээд гэрээс дагуулж гарч ирээд гэрт нь хүргэж өгөхөд ээж, хүүхдүүд нь байхаар нь Батмөнх архи уучихсан манайд байхаар нь аваад ирлээ гээд оруулчхаад би буцсан. Батмөнх ах цагдаа Дашдалайд гар хүрсэн гэхээр нь мэдсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 37 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батмөнх мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Д.Дашдалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: Би2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед цагдаагийн хэсгийн байранд байх гэртээ байж байтал эрхлэгч Цэнгэлмаа, Заг сум, аймаг хоёрын хооронд явдаг тендерийн жолооч Батмөнх нар цагдаагийн хэсгийн байрны гадаа ирээд намайг дуудсан юм. Гэрээсээ гараад юу болсон талаар асуутал Цэнгэлмаа гэгч нь Батмөнх нь эхнэр болох Пунсалмаагаа хайгаад банк дээр ирээд надаас асуугаад байхаар нь “ажлаа дуусгаад 18 цагийн үед ажлаасаа гараад явсан, хаашаа явсныг мэдэхгүй байна” гэсэн чинь “гар утас руу нь залгахад утсаа авахгүй байна, намайг ажилтай байхад Батмөнх орж ирээд саад болоод байна” гэсэн... ...Батмөнх гэгчээс “та ямар унаатай яваа юм бэ” гэхэд “би өөрийн пургон маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаа” гэхээр нь би “та согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтуу байна, эрүүл хүн дуудаад машинаа жолоодуулж яваа” гэж хэлсэн чинь “би эрүүл байна, өөрөө машинаа унаад явж чадна” гээд байхаар нь би таныг тэгвэл согтуурал шалгах багажаар шалгаад үзье” гэсэн чинь шалгуулахаас татгалзаж миний тавьсан шаардлагад эсэргүүцэл үзүүлж машин дээрээ очсон юм. Тэгэхээр нь би “та тэгвэл тээврийн хэрэгслийнхээ түлхүүрийг өгч бай, би гэрт чинь таныг болон машиныг чинь хүргээд өгье” гэж 2-3 удаагийн давтамжтайгаар хэлсэн чинь миний хэлж байгааг тоолгүй “чи одоо яах гээд байгаа банди вэ” гэж намайг хэл амаар доромжилж намайг заамдаж авсан. “та одоо яах гээд байгаа юм бэ, би таныг гэрт чинь хүргээд өгье түлхүүрээ өгч бай” гэж хэлээд гар утсаа гаргаад бичлэг хийсэн чинь түлхүүрээ гаргаж өгсөн. Тэгсэн чинь миний шаардлагыг дахин эсэргүүцээд намайг заамдаж хаан банк руу орно гээд дайраад байсан. Тэгэхээр нь би “та банк руу орох шаардлагагүй ш дээ” гэсэн чинь миний дотуураа өмссөн байсан ноосон цамцнаас заамдаж барьж байгаад татаж урсан. Тэгэхээр нь гарыг нь тавиулаад салгаад “та чинь яасан юм яриад байхад ойлгохгүй байна” гэсэн чинь миний зүүн талын шанааны хэсэгт 2 удаа гараа атгаж байгаад цохисон Батмөнх гэгчийг согтуурал шалгах багажаар согтуурлын зэргийн шалгасан чинь 2.23 хувь зэрэгтэй гарч байсан. ...хар цоохор өнгийн ноосон цамц байсан, Албаны дүрэмт хувцас биш, энгийн цамц байсан. Батмөнх миний цамцнаас заамдаж барьж аваад татаад урсан. Би цамцаа 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо ямар үнэтэй байгааг мэдэхгүй байна. Батмөнх надад цамц авч өгч миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 30 /,

4. Гэрч Ж.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2021 оны 12 сарын 06-ны орой 18 цагт ажлынхан ажлын цагаа дуусгаад явцгаасан. Би хаалгаа түгжээгүй байхад гаднаас Батмөнх орж ирээд эхнэр ажлын  цаг дууссан байхад гэртээ ирээгүй байна гээд согтуу орж ирчхээд утас руу нь хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Батмөнхийг аргадаж байгаад 18 цаг өнгөрсөн байна, эхнэр чинь гэртээ очсон байгаа байхаа гэхэд гарахгүй 20-30 болоод “чи манай эхнэрийг олж өг” гэхээр би “хийх ажил их байна, чадахгүй” гэсэн. Тэгсэн чинь Батмөнх цагдаа ойрхон байна очъё гэхээр нь “тэгье” гээд Батмөнхийг дагуулаад цагдаагийн хэсэгт ирээд цагдаа Дашдалайд Батмөнхийг дагуулаад ирлээ. Чи ямар нэг арга хэмжээ аваач гэсэн чинь цагдаа Дашдалай та ажилтай бол явж бай гэхээр нь би тэр хоёрыг орхичхоод явсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Батмөнх архи уусан байсан. Тухайн үед Батмөнх ярьж байгаа нь эрүүл хүн шиг байсан. ...Батмөнх өөрийн машинаар ирсэн байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 /,

5. Гэрч А.Отгонбилэгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 21 цаг 30 минутын үед хэсгийн цагдаа Дашдалай нь Эрүүл мэндийн төвд хүрч ирж үзүүлсэн. Д.Дашдалай нь тухай үед намайг хүн цохичихлоо гэхээр нь биед нь үзлэг хийгээд хаана, юу нь өвдөж байгаа талаар асуухад толгой өвдөнө гэсэн зовуурь хэлэхээр нь үзэхэд Д.Дашдалайн зүүн талын хацар нь бага зэрэг хавдсан, бага зэрэг зүсэгдсэн шархтай байсан. Зүсэгдсэн шархны цэвэрлэгээ хийгээд, цус тогтоох, өвчин намдаах тариа тариад очоод амраарай гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 /,

6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаартай:“...Д.Дашдалайгийн биед зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт / хх-ийн 51-52 /,

8. Энх-нахиа ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн:“...Хар цоохор өнгийн ноосон цамц, эд зүйлийн үнэлгээ 40.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт / хх-ийн 58 /, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “ажилд томилж, дадлагажуулагч багш томилон, цалинг тогтоох Б/14 дүгээр тушаал, / хх-ийн 77 дугаар хуудас/, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “зарим алба хаагчдыг шилжүүлэн томилох тухай” Б/14 дүгээр тушаал, / хх-ийн 78 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Батмөнх нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Заг сумын хэсгийн цагдаа Д.Дашдалайг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж, “зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйл баримт болсон болох нь  хохирогч Д.Дашдалай, гэрч Ж.Цэнгэлмаа, А.Отгонбилэг нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг  зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Батмөнхийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч  хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Батмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Батмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь  нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Батмөнх нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Батмөнх нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хохирогчийн гэх хар цоохор өнгийн ноосон цамцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Занги овогтой Бямбын Батмөнхийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Занги овогтой Бямбын Батмөнхийг хоёр мянга долоон зуун  / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнхөд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Батмөнх нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар цоохор өнгийн ноосон цамцыг устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.БАТЦЭНГЭЛ