Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 404

 

 

 

 

 

 

 

                                   М.Сд холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Ширэндэв,

шүүгдэгч М.Сийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Д.Доржсүрэн,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ширэндэвийн бичсэн эсэргүүцлээр М.Сд холбогдох эрүүгийн 480200000091 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1965 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн командын инженер мэргэжилтэй, “Залуу Монгол” ХХК-ийн зөвлөх ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, “Оргил хотхон” 8 дугаар байрны 2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:/;

 

М.С нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци”-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх” CMEC2013C4050 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд “Гэрээний хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын татвар ногдуулах дараах татвар, хураамжуудыг гүйцэтгэгч хариуцна” гэсэн заалтын дагуу гүйцэтгэгч тал болох БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци” /China machinery engineering corporation буюу CMEC/ нь Монгол Улсад төлөгдөх татвар, хураамжийг хариуцахаар үүрэг хүлээсэн байхад албан тушаалын эрх мэдлийг урвуулан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хуралдаанд “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээнд Монгол Улсад ногдуулах татвар хураамжийг гүйцэтгэгч тал хариуцна гэж заасныг танилцуулалгүйгээр “...Амгалан дулааны станцын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх явцад ...газар чөлөөлөх, төмөр зам барьж байгуулах ...зэрэг тооцохгүй үлдээчихсэн ажлууд нэмэгдсэн учраас Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй байна...” гэсэн бодит үндэслэл, тооцоолол, судалгаанд тулгуурлаагүй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн, уг хуралдаанд оролцсон гишүүдээр тухайн асуудлыг дэмжүүлж Засгын газрын 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-1/38 дугаартай албан бичгээр Гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурлаас 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр батлан гаргуулж тухайн хуулиудын дагуу Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 219 дугаартай тогтоолоор “Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг батлуулж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж, БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци” /СМЕС/-д давуу байдал бий болгон тус дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн 8.731.362.025 төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас үндэслэлгүйгээр чөлөөлүүлж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд 8.484.264.045 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

мөн М.С нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаартай тушаалаар байгуулагдсан “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих /Дархан-Уул/” (ХХYI.1.63) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах Үнэлгээний хорооны даргаар Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжавыг томилуулж, улмаар түүнд “Тендерт оролцож буй компаниудаас “Хотгор зам” ХХК-ийг шалгаруул” гэсэн хууль бус үүргийг амаар өгч, тус компанийн Ерөнхий захирал А.Хайратын тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар Үнэлгээний хорооны дарга Я.Пүрэвжав нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 301 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т заасан “Үнэлгээний хорооны хуралдаан гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэснийг зөрчиж үнэлгээний хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн 7 гишүүнээс П.Энхцэлмэг, Б.Баттөмөр, Г.Туяахүү, Б.Өрнөхбаяр, Р.Дорж нар нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд оролцоогүй, дээрх журамд заасны дагуу ирц бүрдээгүй байхад тухайн гишүүдийг оролцсон мэтээр хууль бусаар хурлын ирцийг бүрдүүлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-иудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/05 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээндээ тендер зуучлалын хөлс /2014.05.16-ны өдрийн ЭХА-31/14/ гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 800.000.000 төгрөгийг авна гэж тусган, гэрээгээр халхавчлан “Хотгор зам” ХХК-ийн ерөнхий захирал А.Хайратаас:

- өөрийн хүү Сономпилийн Даян-Очирын эзэмшлийн Хаан банкин дахь 5085031818 дугаарын дансаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 60.000.000 төгрөг,

- мөн С.Даян-Очирын эзэмшлийн Голомт банкин дахь 2105103199 дугаарын дансаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөг, мөн өдрөө 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг,

- мөн өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5043023012 дугаарын дансаар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 200.000.000 төгрөгийг, нийт 266.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: М.Сийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-д гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох талаар хуульчилжээ.

Гэмт хэрэг гарсан цаг хугацаа тодорхойгүй, өөрөөр хэлбэл анх Эрчим хүчний яам, Эдийн засгийн яам болон БНХАУ-ын “Чайна машинери инженеринг” компанийн хооронд “Амгалан дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил”-ыг хийж гүйцэтгэх СМЕС2013С4050 дугаартай гэрээг 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлт №2-ыг оруулсан бөгөөд хэзээ хийсэн нь тодорхойгүй, уг гэрээнд “...2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Амгалан дулааны цахилгаан станцын төслийн гэрээ (Гэрээний дугаар СМЕС2013С4050) болон гэрээний нэмэлт өөрчлөлт №01 (Цаашид “Гэрээ” гэх)-ийг үндэслэн...” гэж, “...Гүйцэтгэгч тал болон Ажил олгогч талууд нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний нэмэлт өөрчлөлт №1-ийг байгуулсан...” гэж бичигдсэн, гэрээний нэмэлт өөрчлөлт №1 нь хэрэгт авагдаагүй зэргээс үзэхэд гэрээг хэзээ байгуулсан нь тодорхойгүй, яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэж бичсэн нь ямар хугацаагаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг бичсэн нь ойлгомжгүй, гэмт хэрэг хэзээ гарсныг тогтоож чадаагүй гэж шүүх үзэв.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан...” гэж үндсэн бүрэлдэхүүнийг,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...уг хэргийн улмаас их хэмжээний хохирол ...учирсан бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд болон шууд бус санаатайгаар илрэх бөгөөд шүүгдэгч М.С нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрийнхөө албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хэний, эсхүл ямар аж ахуйн нэгж, байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулсныг шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл Эрчим хүчний яам, Эдийн засгийн яам болон БНХАУ-ын “Чайна машинери инженеринг” компанийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр “Амгалан дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил”-ыг хийж гүйцэтгэхээр СМЕС2013С4050 дугаартай гэрээ байгуулагдаж, уг гэрээнд нэмэлт өөрчлөлтүүд орсон тухай баримтууд хэрэгт авагдсан бөгөөд Монгол Улсын Эрчим хүчний болон Эдийн засгийн хоёр яам энэ ажилд оролцохоор гэрээнд гарын үсэг зурж, уг ажиллагаа хэрэгжсэн байхад тухайн үед Эрчим хүчний яамны сайдаар ажиллаж байсан М.С ямар оролцоотойгоор, гэм буруугийн ямар хэлбэрээр, ямар зорилгоор БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци” /СМЕС/-д ямар давуу байдал бий болгон Монгол Улсын эрх, ашиг сонирхолд 8.484.264.045 төгрөгийн, эсхүл 8.731.362.025 төгрөгийн хохирол учруулсан нь ойлгомжгүй байна.

- Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт М.Сийг “...БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци” /СМЕС/-д давуу байдал бий болгон тус дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн 8.731.362.025 төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас үндэслэлгүйгээр чөлөөлүүлж, Монгол Улсын эрх, ашиг сонирхолд 8.484.264.045 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан ...” гэж хохирлын хэмжээг өөр өөрөөр бичжээ.

Шинжээч Х.Алтанхүү, Ш.Хашхүү нарын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн дүгнэлтэд “...Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход Нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татварт 8.731.362.025 төгрөг төлөх ёстой байсан боловч хуулийн дагуу чөлөөлөгдсөн...” гэх,

Шинжээч М.Оюунбат, Ц.Нацагдорж, Б.Ванчинсүрэн, П.Бямбажав, П.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн №01 дугаартай дүгнэлтэд “...Гааль болон НӨАТ татвар 8.731.362.025 төгрөгийг Монголын тал хариуцах болсон байна...” гэх дүгнэлтүүд авагджээ.

Гэтэл улсын яллагч яллах дүгнэлтийн тогтоох хэсэгтээ, Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн 8.731.362.025 төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас үндэслэлгүйгээр чөлөөлүүлж гэж дүгнэсэн атлаа ямар үндэслэлээр хохирлын хэмжээ нь 8.484.264.045 төгрөг болсныг бичээгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй. Хэдийгээр хохирлын хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй хэдий боловч хохирлын хэмжээг зөв тогтоох нь хэрэгт ач холбогдолтой. Яллах дүгнэлтэд бичигдсэн хоёр үнийн дүнгийн зөрүү болох 247.097.980 төгрөгийг (8.731.362.025-8.484.264.045= 247.097.980) хэрхэн, юунд яаж зарцуулсан нь тодорхойгүй, Монгол Улсын эрх ашигт энэ хэмжээний хохирол учруулсан, эсхүл учруулаагүй болохыг тайлбарлаж бичээгүй, энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна” гэж заасан.

Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай, энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.” гэж,

14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж тус тус заажээ.

Эрчим хүчний яам, Эдийн засгийн яам болон БНХАУ-ын “Чайна машинери инженеринг” компанийн хооронд “Амгалан дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил”-ыг хийж гүйцэтгэх СМЕС2013С4050 дугаартай гэрээ 5-р хавтаст хэргийн 227-250 дугаар тал, 6 дугаар хавтаст хэргийн 1-63 дугаар талд авагдсан бөгөөд түүний орчуулга нь 6 дугаар хавтаст хэргийн 65-159 дүгээр талд авагджээ.

Мөрдөгчийн тогтоолоор Англи хэлнээс Монгол хэл рүү “Эрхэс мөнгөн жигүүр” ХХК-ийн орчуулагч П.Сансармааг томилсон бөгөөд уг орчуулгыг үнэн зөв орчуулагдсан гэдэг нь эргэлзээтэй байна. Учир нь, гэрээг Эрчим хүчний яам, Эдийн засгийн яам болон БНХАУ-ын “Чайна машинери инженеринг” компанийн хооронд байгуулсан байхад орчуулган дээр Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын “Машин инженерийн компани” (СМЕС) гэж орчуулж бичсэнээс эргэлзээ төрөхөөр байна. Иймд уг орчуулга үнэн зөв эсэх, хэрэв буруу бол дахин орчуулж хэрэгт хийлгэх нь ач холбогдолтой гэж дүгнэв.

- Мөн 6 дугаар хавтаст хэргийн 161-250, 7 дугаар хавтаст хэргийн 1-17 дугаар талд Англи, Хятад хэл дээр бичигдсэн баримтууд байх ба уг баримтын орчуулга байхгүй, ямар баримт болох нь тодорхойгүй нь хэрэгт ач холбогдолтой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх дээрх ажиллагаануудыг бүрэн хийж, зөрчлийг арилгаж, хэргийг зүйлчилсний эцэст шүүхэд шилжүүлэх шаардлагатай гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Сд холбогдох эрүүгийн хэргийн хэлэлцээд “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж гаргасан нь үндэслэлгүй байна.

1. Яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэж бичсэн нь ямар хугацаагаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг бичсэн нь ойлгомжгүй, гэмт хэрэг хэзээ гарсныг тогтоож чадаагүй гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна.

Яллах дүгнэлтэд Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци”-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх” гэрээгээр Монгол Улсад төлөх Гааль болон НӨАТ-ын гүйцэтгэгч компани хариуцахаар тусгасан байхад Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.С нь “...Амгалан дулааны станцын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх явцад тооцохгүй үлдээчихсэн ажлууд нэмэгдсэн учраас гааль болон НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй байна...” гэсэн бодит үндэслэл,  тооцоолол, судалгаанд тулгуурлаагүй асуудлыг Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хуралдаанд оруулж танилцуулсан. Улмаар тухайн асуудлыг Засгийн газраас дэмжиж хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хууль батлан гаргаж Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компанийг Гааль болон НӨАТ-аас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж гэмт хэрэг гарсан цаг хугацааг тодорхой бичсэн.

2. М.Сийн үйлдлийн улмаас Монгол Улсад төлөгдөх ёстой байсан
Гааль болон НӨАТ-ын татвар төлөгдөөгүй учраас Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд тодорхой бичсэн байхад шүүхээс Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.С нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хэний, эсхүл ямар аж ахуйн нэгж, байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулсныг шалгаж тогтоогоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн М.Сийг БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци”-ийг үндэслэлгүйгээр татвараас чөлөөлөх асуудлыг санаачилж хэрэгжүүлсэн үйлдэлд буруутгасан болохоос Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци”-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх” гэрээ байгуулсан үйлдэл, уг гэрээний дагуу дулааны станцыг барьж байгуулсан бүтээн байгуулалтын ажил, үйл явцыг гэмт хэрэг гэж үзэж хэн нэгнийг буруутгаагүй болно.

3. Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг 8.731.362.025 төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Ингэж чөлөөлөх болсон гол үндэслэл нь гэрээнд тусгагдаагүй ажлууд ажил гүйцэтгэх явцад нэмэгдсэн гэж М.С Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Монголын эрчим хүчний мэргэшсэн инженерүүдийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер, Монгол Улсын тэргүүлэх төсөвчин зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахад “247.097.980 төгрөгийн ажлыг нэмэлт ажилд тооцох боломжтой байсан байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Иймд шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан нэмэлт ажилд тооцох боломжтой 247.097.980 төгрөгийг нийт татвараас чөлөөлсөн хэмжээ болох 8.731.362.025 төгрөгөөс хасч тооцон бодит учирсан хохирлыг 8.484.264.045 төгрөг гэж яллах дүгнэлтэд тусгасан болно.

4. Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Я.Пүрэвжав нь “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа холбогдох журмыг зөрчиж, уг тендерт “Хотгор зам” ХХК-ийг шалгаруулсан. Энэ үйлдэл нь М.Сийн албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхэд дэмжлэг үзүүлж оролцсон үйлдэл болохоос бусдаас хээл, хахууль авч байгаа үйлдэлд Я.Пүрэвжав нь хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.

5. Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци”-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх” гэрээг Англи хэлнээс Монгол хэл рүү албан ёсны орчуулгын төвөөр орчуулуулж хэрэгт хавсаргасан бөгөөд тухайн орчуулга нь бүхэлдээ эсвэл аль хэсэгт буруу орчуулагдсан байж болзошгүй гэж үзэж эргэлзээ төрөх ямар нөхцөл байдал бий болсон гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн гэрээний орчуулгад эргэлзээ төрсөн гэх асуудал нь хэргийг шийдвэрлэхэд, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох, түүнээс үүсч буй шууд үр дагавар зэргийг шүүх тодорхойлоогүй.

Хэрэгт авагдсан Англи, Хятад хэл дээрх баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт эсэх талаар талууд ямар нэгэн санал гаргаагүй, нотлох баримт шинжлэн судлахад иш татаагүй байхад шүүх тухайн баримтууд нь орчуулгагүй учраас үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй гэж хэргийг буцаах үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.

Мөн урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, гэм буруутайг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн атлаа шүүх дан ганц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн холбогдох хэсгийг баримталж, аль заалтыг зөрчсөн гэдгээ дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа. Тухайн үед тендерийн шууд сонгон шалгаруулалттай байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан нөхцлийг яллах дүгнэлтэд хангалттай дурдаагүй, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл буюу хэзээ, хаана, хэн үйлдсэн зэрэг нотолбол зохих асуудлыг хангалттай оруулаагүй. Гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн нь тодорхой бус байгаа нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлзээний үндсэн дээр шийдвэрлэнэ гэсэн үндсэн зарчим алдагдаж, хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлзэх боломжгүй болсон. Хөөн хэлэлцэх хугацааны талаар ярихад улсын яллагч өөрт боломжтой байдлыг ярьдаг. Орчуулгын хувьд зөвхөн нэр томъёоны хувьд ч биш зарим зүйл, заалтыг нэгтгэсэн, эсхүл тухайн хуулийн этгээдийн нэрний зарим үгийг орхигдуулсан байсан. Прокурор нэр хамаагүй гэж тайлбарлаж байгаа ч гэрээг хэнтэй байгуулснаас шалтгаалж, санхүүгийн асуудал яригдана. Өмгөөлөгчийн зүгээс Пүрэвжавтай холбоотой асуудлын талаар тавьсан. Хэрэгт нотолбол зохих асуудал нотлогдоогүй гэж үзэж байна. Гэмт хэрэгт хэн оролцсон, хэн үйлдсэн бэ гэдгийг тогтоох ёстой. Хохирлын хэмжээний хувьд зөвхөн 200 гаруй сая төгрөгийн хувьд биш, цаана нь 2 тэрбум төгрөгийн асуудал байдаг ч баримтгүй учраас тооцох боломжгүй гэдэг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхааран үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэрчүүдийн мэдүүлгүүдийг харьцуулан үзэж, хохиролтой холбоотой асуудлын хүрээнд шаардлагатай бол шинжээч нарыг оролцуулан М.Сийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, шүүгчийн захирамжид заасан  ажиллагаануудыг  хийх шаардлагагүй. Учир нь:

1. 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсын Эрчим хүчний яам, Эдийн засгийн яам болон БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци” /China machinery engineering corporation буюу CMEC/ нь “Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх” CMEC2013C4050 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн №1 нэмэлт өөрчлөлт 6 дугаар хавтасны 144 -155 хуудсанд байна. Мөн 2013 оны 12 дугаар сарын 31-нд байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлт №2 нь 6 дугаар хавтасны 135-143 дугаар хуудсанд байна. Мөн яллах дүгнэлтэд үйл баримт болсон цаг хугацааг дараалалаар нь тодорхой тусгасан байх бөгөөд хэзээ гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шүүхийн хэлэлцүүлгээр тодруулж, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт гаргах боломжтой.

2. Шүүх яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт М.Сийг “... БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци” /СМЕС/-д давуу байдал бий болгон тус дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн 8.731.362.025 төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас үндэслэлгүйгээр чөлөөлүүлж, Монгол Улсын эрх, ашиг сонирхолд 8.484.264.045 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан ...” гэж хохирлын хэмжээ өөр бичигдсэн гэж үзжээ.

Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад Монголын эрчим хүчний мэргэшсэн инженерүүдийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер, Монгол Улсын тэргүүлэх төсөвчин зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахад “247.097.980 төгрөгийн ажлыг нэмэлт ажилд тооцох боломжтой байсан байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Иймд шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан нэмэлт ажилд тооцох боломжтой 247.097.980 төгрөгийг нийт татвараас чөлөөлсөн хэмжээ болох 8.731.362.025 төгрөгөөс хасч тооцон бодит учирсан хохирлыг 8.484.264.045 төгрөг гэж яллах дүгнэлтэд тусгасан гэж тайлбар гаргасан болно. Иймээс шинжээчийн дүгнэлтүүдийг шинжлэн судалж хохирлыг тооцох боломжтой.

3. М.Сийн бусдаас хээл хахууль авсан үйлдэлд Я.Пүрэвжавыг холбогдуулан шалгах үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн энэ хэрэгт уг асуудал зайлшгүй хийгдэх ажиллагаа биш болно.

 

Шүүгчийн захирамжид “6 дугаар хавтас хэргийн 161-250, 7 дугаар хавтас хэргийн 1-17 дугаар талд англи, хятад хэл дээр бичигдсэн баримтууд байх ба уг баримтын орчуулга байхгүй, ямар баримт болох нь тодорхойгүй нь хэрэгт ач холбогдолтой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна” гэсэн байх бөгөөд дээрх баримтуудыг М.Сийн холбогдсон гэмт хэргийн баримтууд болох CMEC2013C4050 дугаартай гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлт №1, №2 болон гэрээний орчуулгууд бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн баримтыг шүүх  дүгнэх боломжтой байна.

 

Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд проукророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”  гэж тус тус зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байх тул прокурор Д.Ширэндэвийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Сд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                         Л.ДАРЬСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ