Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 123/2022/0064/З |
Дугаар | 221/МА2024/0276 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2024/0276
Б.Бат-Үнэний нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат
Нэхэмжлэгч: Б.Бат-Үнэн
Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Сайнбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 123/2022/0064/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.Бат-Үнэн нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан "Б.Бат-Үнэний өмчлөлийн нэгж талбарын (4116036245), (4116036247), (4116036248), (4116036246) дугаартай газруудыг шинэчилсэн кадастрын мэдээллийн сангаас цаг хугацааг дуусгавар болгон хаалт хийсэн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, (18600335439703), (18600337406021), (18600337444054) дугаартай газруудыг шинэчилсэн кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах”-аар маргажээ
Хоёр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.2.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бат-Үнэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамирын Б.Бат-Үнэнгийн өмчлөлийн нэгж талбарын (4116036245), (4116036246), (4116036247), (4116036248), дугаартай газруудыг шинэчилсэн кадастрын мэдээллийн сангаас цаг хугацааг дуусгавар болгон хаалт хийсэн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, (18600335439703), (18600337406021), (18600337444054) дугаартай газруудыг шинэчилсэн кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гурав: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.6 дахь хэсэгт дурдсан гэрч Д. Гэрэлхүүгийн мэдүүлэгт Л.Баасанноров надтай 3 удаа ирж уулзсан. Уулзахдаа хурдан захирамж гаргаад өгөөч ээ би чамд 10 сая төгрөг өгье гэсэн. Тэгэхээр нь би таны авах гэсэн газарт чинь төлөвлөгөөнд байхгүй учраас Засаг дарга баталж өгөхгүй байна гэж хэлсэн... 2014 оны А388 дугаар захирамжийн дугаарыг аваад Л.Баасанноровын өгсөн өргөдөлд нэр заагдсан 20 хүний нэрийг оруулаад захирамж төлөвлөөд Засаг даргын гарын үсэгтэй тамгыг захирамж дээрээ байрлуулаад хуурамчаар хэвлэж гаргаад Л.Баасанноровт материалынх нь хамт өгөөд явуулсан" гэх мэдүүлгийг шүүхээс нэхэмжлэгч Б.Бат-Үнэн болон гуравдагч этгээдүүдтэй холбоотой хэмээн үзсэн байна. 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Д.Гэрэлхүүгийн өгсөн тус мэдүүлгийг бүтэн уншвал Л.Баасанноров гэх хүнээс Д.Гэрэлхүү хэдэн төгрөг авсан, тухайн 20 хүний нэрсэнд нэхэмжлэгч болоод гуравдагч этгээд нарын нэрс орсон эсэх огт тодорхойгүй байдаг. Хэрэв анхан шатны шүүхээс Л.Баасанноров гэх хүнтэй Гуравдагч этгээдүүдийг хамааралтай гэж үзэж байгаа тохиолдолд хэрхэн холбоотой болох нь тогтоогдож байгаа талаарх дурдаагүй, ямар баримтыг үндэслэн холбогдсон талаар ч мөн огт дурдаагүй юм. Үндсэндээ Л.Баасанноров болон Гуравдагч этгээдүүд нь хоорондоо огт холбоогүй, тэдгээрийг холбоотой болох талаарх баримт хэрэгт авагдаагүй байтал маргааны агуулгад хамааралгүй, ач холбогдолгүй баримтыг үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" хэмээх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
3.2. Ц.Энхжаргалын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт "Д.Гэрэлхүү гэх хүн газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа миний гаргасан захирамжуудыг хуурамчаар үйлдэж хэсэг бүлэг хүмүүст газар олгосон шийдвэр ирж, түүнтэй холбоотой маргаан гарч байсан. 2017 онд маш цөөхөн газарт 0.5 га газар олгосон, бараг өгөөгүй" хэмээн хэлсэн байдаг. Гэтэл тус гэрчийн мэдүүлэгт шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй маш олон эргэлзээтэй зүйлсийг агуулдаг. Учир нь 2017 онд 0.5 га газар олгож байгаагүй гэх боловч хэрэх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны Захирамжууд гэх боть баримтад Ц.Энхжаргал Засаг даргын 0.5 га газар өмчлүүлэх тухай захирамжууд гарч байсан талаарх баримтууд авагдсан байдаг.
3.3. Түүнчлэн Төв аймгийн Прокурорын газрын 2023 оны 02-р сарын 15-ны өдрийн 1/280 тоот нотлох баримтад Д.Гэрэлхүүгийн 2021 оны 09-р сарын 08-ны өдөр хэрэг бүртгэлтийн 193400368 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт "Төв аймгийн ИТХ дарга Х.Хасбаатар 3 хоногийн дараа манай өрөөнд орж Л.Баасанноровын өгсөн өргөдлийн захирамж гарсан уу гэж асуусан. Тэгэхээр нь би Засаг дарга Ц.Энхжаргал баталж өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Х.Хасбаатар дарга би Засаг даргатай уулзаад хэлцэн байгаа чи одоо бариад ор гэсэн. Тэгсэн чинь хурлын дарга Х.Хасбаатар ядаж тэгвэл өөрсдийнх нь гэр бүлийн 4 хүнд өгчихөө төлөвлөгөөнд тусгагдсан байгаа зүгээс асуудалгүй гэж хэлсэн чинь Засаг дарга тэгвэл 4 хүнээр төлөвлөөд ороод ир гэсэн" хэмээн хэлсэн байдаг. Дээрх гэрчийн мэдүүлгээс үзвэл Ц.Энхжаргал засаг дарга нь өөрийн таньдаг хүмүүст 0.5 га газар олгож байсан бөгөөд эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож байсан үйлдэл мөн нь харагдаж байх тул үнэн зөв, эргэлзээгүй гэрчийн мэдүүлэг гэж үзэх боломжгүй юм.
3.4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.11 дэх хэсэгт дурдсан Гуравдагч этгээдүүдийн тайлбарыг нотлох баримтаар үнэлсэн тухайд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдүүдийн зүгээс бичгээр ирүүлсэн тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаас өөрөөр байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс гуравдагч этгээдүүдээс ирүүлсэн тайлбарыг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулалгүйгээр шууд үнэлэн маргааны шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Тухайлбал Хавтаст хэрэгт авагдсан Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01-р сарын 18-ны өдрийн 46 дугаар албан бичгээр гуравдагч этгээдүүдтэй холбоотой ирүүлсэн баримтыг авч үзвэл.
а) 4116036246 нэгж талбар бүхий газрын анхны өмчлөгч Ц.Явуухулангийн тухайд: 2018 оны 02-р сарын 08-ны өдрийн Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн мэдүүлэг болон эд хөрөнгө бүртгүүлэх өргөдөлд гаргаж, гарын үсэг зурсан. 2018 оны 02-р сарын 09-ны өдрийн Нотариатаар гэрчлүүлсэн "Газар худалдах худалдан авах гэрээ"-ээр дээрх газрыг Б.Бат-Үнэнд худалдсан, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.
b) 4116036247 нэгж талбарын дугаар бүхий газрын анхны өмчлөгч А.Оюун-Эрдэнэ тухайд: Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн мэдүүлэг болон эд хөрөнгө бүртгүүлэх өргөдөлд гаргаж, гарын үсэг зурсан. Нотариатаар гэрчлүүлсэн "Итгэмжлэл”-ээр газар худалдах эрхийг Б.Мөнхчулуунд олгож, гарын үсэг зурж баталгаажуулсан.
с) 4116036245 нэгж талбар бүхий дугаартай газрын анхны өмчлөгч М.Шинэбаяр тухайд: Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн мэдүүлэг болон эд хөрөнгө бүртгүүлэх өргөдөлд гаргаж, гарын үсэг зурсан. Нотариатаар гэрчлүүлсэн "Итгэмжлэл"-ээр газар худалдах эрхийг Б.Мөнхчулуунд олгосон. 4116036248 нэгж талбар бүхий дугаартай газрын анхны өмчлөгч Ө.Энх-Учралын тухайд: Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн мэдүүлэг болон эд хөрөнгө бүртгүүлэх өргөдөлд гаргаж, гарын үсэг зурсан. 2018 оны 02-р сарын 09-ны өдрийн Нотариатаар гэрчлүүлсэн "Газар худалдах худалдан авах гэрээ"-ээр дээрх газрыг Б.Бат-Үнэнд худалдсан, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.
e) 18600337406021 нэгж талбар бүхий дугаартай газрын анхны өмчлөгч М.Уянга тухайд: Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн мэдүүлэг болон эд хөрөнгө бүртгүүлэх өргөдөлд гаргаж, гарын үсэг зурсан. Нотариатаар гэрчлүүлсэн "Итгэмжлэл"-ээр газар худалдах эрхийг Д.Түмэндэлгэрт олгосон. Ээж нь/
f) 18600335439703 нэгж талбар бүхий дугаартай газрын Б.Эрдэнэжаргал тухайд: Анхны өмчлөгч Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн мэдүүлэг болон эд хөрөнгө бүртгүүлэх өргөдөлд гаргаж, гарын үсэг зурсан. Нотариатаар гэрчлүүлсэн "Итгэмжлэл"-ээр газар худалдах эрхийг Д.Түмэндэлгэрт олгосон /Ээж нь 18600337444054 нэгж талбар бүхий дугаартай газрын анхны өмчлөгч М.Жаргалдорж
g) Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн мэдүүлэг болон эд хөрөнгө бүртгүүлэх өргөдөлд гаргасан. Ээж нь гарын үсэг зурсан. Нотариатаар гэрчлүүлсэн "Итгэмжлэл"-ээр газар худалдах эрхийг Д.Түмэндэлгэрт олгосон. Төв аймгийн Баянчандмань сумын 3-р багийн Засаг даргын 2017 оны 08-р сарын 02-ны өдрийн 05/158 тоот тодорхойлолт гаргуулсан.
3.5. Дээрх баримтаас үзвэл анхны өмчлөгч болох Гуравдагч этгээдүүд нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана" хэмээн заасны дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлд эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийлгэх өргөдөл гаргах, мэдүүлэг бөглөх зэргээр улсын бүртгэлийн хэлтэст хандаж, өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өмчилсөн газраа худалдсан байна.
3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна" хэмээн заасан байдаг. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 гуравдагч этгээдээс ирүүлсэн тайлбар болох "Э.Батгэрэл гэх хүн нэг газар очоод гарын үсэг зурчих. Тэгээд 100.00 төгрөг өгнө гэсэн. Дараа нь ямар асуудал үүсэхгүй гэсэн. Үүний дараа тухайн үедээ зөвшөөрсөн болно. Тэгээд биднийг машинтай хүмүүс ирж авч Төв аймагт очсон. Бид юу ч бодолгүй гарын үсэг зурсан. Тиймээс энэ яригдаж байгаа Бат-Үнэн гэх хүнд газар худалдсан гэх асуудал болоод өөрийн нэр дээр газрын гэрчилгээ авсан гэх зүйлс үндэслэлгүй зүйл юм. Надад газар өмчилсөн гэх гэрчилгээ байхгүй" гэх тайлбарууд нь бодит үнэн болоод, нотлох баримтад үндэслэгдээгүй, хэргийн бодит нөхцөлд байдал нийцээгүй тайлбарууд юм.
3.7. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх тайлбаруудыг маргаан шийдвэрлэхэд үндэслэл болгож буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" хэмээн заасан хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
3.8. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт дурдсан Гуравдагч этгээд нарт газар өмчлөх эрх олгогдоогүй, хууль бус үйл ажиллагаа зохион байгуулж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх тухайд:
Анхан шатны шүүхээс 7 гуравдагч этгээд нарыг Баянчандмань сумын Засаг даргад хандан газар өмчилж авах өргөдөл гаргаагүй, иргэн Э.Батгэрэл. Б.Мөнхчулуун нар нь уг хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, иргэн Б.Бат-Үнэнд дээрх нэгж талбар бүхий газруудыг худалдах, худалдан авах гэрээгээр зарсан нь нотлогдож байна" хэмээн үзсэн.
3.9. Э.Батгэрэл болон Б.Мөнхчулуун нар нь хэрхэн гуравдагч этгээд нарын газар олгох харилцаанд оролцож, хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан, ямар үйлдлийг хууль бус ажиллагаанд тооцож байгаа зэрэг нь огт тодорхойгүй байхад тэдгээр хүмүүсийг хууль бус үйл ажиллагаа зохион байгуулан нэхэмжлэгч Б.Бат-Үнэнд нэгж талбар бүхий газруудыг худалдсан хэмээн үзсэн нь анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхийн хяналтын чиг үүрэгт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн нь буруу байна. Тодруулбал,
3.10. Э.Батгэрэл гэх хүн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох 7 нэгж талбар бүхий газартай хэрхэн холбогдож байгаа, Б.Бат-Үнэнд газар худалдах харилцаанд шууд оролцсон талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн Б.Мөнхчулуун нь М.Шинэбаяр, А.Оюун-Эрдэнэ нараас итгэмжлэл олгосны дагуу Б.Бат-Үнэнтэй "Газар худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан бөгөөд бусад гуравдагч нарын зүгээс өөрөө болон Д.Түмэндэлгэр гэх хүнээр төлөөлүүлэн газраа худалдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс 7 гуравдагч этгээд тус бүртэй дээрх нэр бүхий 2 хүнийг хэрхэн шууд холбогдож байгаа, ямар хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан, улмаар хэрхэн Б.Бат-Үнэнд тус газруудыг худалдсан нь зэрэг үйл баримтыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй атал үйл явдлыг баримтаар тогтоогдон улмаар нотлогдож байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
3.11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, даалгах агуулга бүхий шаардлага дэмжиж, хариуцагчийн зүгээс өөрийн үйлдлийг хууль ёсны дагуу хийгдсэн хэмээн мэтгэлцдэг. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдүүдийн Б.Бат-Үнэнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, түүнтэй холбоотой асуудлаар огт маргадаггүй.
3.12. Гэтэл гуравдагч этгээдүүдтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй, уг үндэслэлээр маргаагүй байхад хууль бус үйл ажиллагааны улмаас Б.Бат-Үнэнд газар худалдсан талаар дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасантай нийцээгүй байна.
3.13. Нэхэмжлэлийн шаардлага бүхий газруудыг эрхийн доголтой гэх шүүхийн дүгнэлтийн тухайд.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Бат-Үнэнг "Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан буюу мэдэх ёстой, боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй" гэж зааснаар гуравдагч этгээдүүдийн газрыг өмчлөх эрхийн доголдолтой эсэхийг эрх бүхий байгууллага буюу газар өмчлүүлэх эрх бүхий этгээд болох Баянчандмань сумын Тамгын газраас тодруулах боломжтой байсан" хэмээн үзсэн.
3.14. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “... иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно" хэмээн заасан байдаг.
3.15. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ" гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д "Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна" хэмээн тус тус заасан байдаг.
3.16. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл өмчлөх эрхийг бүртгэх баталгаажуулах эрх нь зөвхөн Улсын бүртгэлийн байгууллагад олгогдсон байх бөгөөд нэгэнт улсын бүртгэлийн байгууллагаар баталгаажсан өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон газрыг Төв аймгийн Баянчандмань сумын тамгын газраас эрхийн доголтой эсэхийг тодруулах, шалгах үүрэг нэхэмжлэгчид хүлээлгээгүй болно.
3.17. Нэхэмжлэгч Б.Бат-Үнэнг тухайн газруудыг худалдан авахад бүх нэгж талбар дээр Газар өмчлөх эрхийг гэрчилгээ олгогдсон байсан тул иргэний зүгээс төрийн байгууллагаар баталгаажсан гэрчилгээг үндэслэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул эрхийн доголдолтой эсэхийг тодруулах боломжтой байсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. Өөрөөр газар өмчлөх эрх олж авч байгаа нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэл болгосон байх тул Төрийн байгууллагаар баталгаажсан газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр эсэхийг эсэхийг шалгаж, тогтоох үүргийг эрх өмчлөх эрх олж авч байгаа буюу нэхэмжлэгчид хуулиар олгогдоогүй тул түүнийг буруутгах үндэслэлгүй юм.
3.18. Түүнчлэн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-д заасны дагуу Гуравдагч этгээд нарын газар өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бус эрх хэмээн үзэж, эрхийн доголдолтой гэж үзэх нь учир дутагдалтай юм. Учир нь гуравдагч этгээд нарт газар өмчлөх эрх олгосон Баянчандмань сумын Засаг даргын захирамж, улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл зэргийн өнөөдрийн байдлаар хууль бус, хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй, маргаан үүсээгүй байтал "Хүчин төгөлдөр бус эрх" хэмээн үзэж буй нь үндэслэлгүй байна.
3.19. Итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй гэх дүгнэлтийн тухайд: Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.2 дугаар зүйлийн 48.2.4 дэх хэсэгт заасны дагуу Төв аймгийн Баянчандмань сумын Газрын даамал нь гуравдагч этгээдүүдэд хуурамч захирамж гаргаж өгсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан итгэл хамгаалах зарчим Б.Бат-Үнэнд үйлчлэхгүй хэмээн үзсэн. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.2.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр захирамж гаргасан гэж үзэхийн тулд тухайн захирамжуудыг хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэж гаргуулсан болох нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон байх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд болон тухайн үеийн газрын даамал болох Д.Гэрэлхүү нарын хооронд харилцаа холбоо үүссэн, газар өмчлөх эрх олж авахын тулд Д.Гэрэлхүүд хууль бус арга хэрэглэсэн болох баримтаар болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон байх шаардлагатай байтал тэдгээр хүмүүс хэрхэн холбогдож байгаа, ямар хууль бус арга хэрэглэж гуравдагч этгээдүүд өмчлөх эрх олж авсан талаарх баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй байна.
3.20. Анхан шатны шүүхээс захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн эсэх, зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй атал гуравдагч этгээдүүд болон Д.Гэрэлхүү нарын хооронд хууль бус үйл ажиллагаа үүссэн хэмээн нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг үндэслэл болгон дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж заасныг зөрчсөн.
3.21. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг гуравдагч этгээдүүдээс газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан тул иргэний эрх зүйн харилцаанд захиргааны эрх зүйн итгэл хамгаалах зарчим шууд хэрэгжихгүй хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан хуулийн тайлбарт "Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно" хэмээн заасан байна.
3.22. Төрийн захиргааны байгууллагын ажилтны/газрын даамал/-ын хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн үр дагаврыг өмчлөх эрхийг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд шилжүүлэн авсан нэхэмжлэгчид хариуцуулж буй нь итгэл хамгаалах зарчим хэрэгжих үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын гаргасан шийдвэр нь баталгаажиж гэрчилгээ олгогдсон байсан тул тухайн шийдвэрт итгэсний үндсэн дээр худалдан авалт хийсэн тул иргэний “итгэл хамгаалагдах” ёстой.
Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02-р сарын 27-ны өдрийн 123/ШШ2024/0010 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1.1. Нэхэмжлэгч Б.Бат-Үнэн нь Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан "Б.Бат-Үнэний өмчлөлийн нэгж талбарын (4116036245), (4116036247), (4116036248), (4116036246) дугаартай газруудыг шинэчилсэн кадастрын мэдээллийн сангаас цаг хугацааг дуусгавар болгон хаалт хийсэн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, (18600335439703), (18600337406021), (18600337444054) дугаартай газруудыг шинэчилсэн кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
1.2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “нэгж талбарын (4116036245), (4116036247), (4116036248), (4116036246) дугаартай газруудыг шинэчилсэн кадастрын мэдээллийн сангаас цаг хугацааг дуусгавар болгон хаалт хийсэн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болохоо бичгээр илэрхийлсэн, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж тус тус заасанд нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.3. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид үүнтэй холбогдуулан уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг танилцуулсан болохыг дурдах нь зүйтэй.
2. Нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох (18600335439703), (18600337406021), (18600337444054) дугаартай газруудыг шинэчилсэн кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах” шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгч Б.Бат-Үнэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...дээрх нэгж талбарын дугаар бүхий газруудыг Б.Эрдэнэжаргал, М.Уянга, М.Жаргалдорж нартай “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулж тус бүрийг нь 500.000 төгрөгөөр худалдан авсан, анх газар худалдаж авахад гуравдагч этгээд нар буюу анхны газар өмчлөг нарт газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байсан. ....Газрын тухай хуульд заасны дагуу өмчлөх эрх нь баталгаажсан. Тухайн өмчлөх эрх нь баталгаажсан иргэд газрыг чөлөөтэй захиран зарцуулах буюу худалдах эрхтэй байсан. Үүнийг үндэслээд Б.Бат-Үнэний зүгээс тус газруудыг худалдаж авч өмчлөгчөөр бүртгүүлсэн. Монгол Улсын Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тохиолдолд түүнийг шударга өмчлөгч гэнэ гэж заасан. Тиймээс Б.Бат-Үнэний зүгээс тухайн газруудын шударга өмчлөгч. ...Төрийн захиргааны байгууллагын ажилтны хууль бус үйлдлийн улмаас үүссэн үр дагавар өмчлөх эрхийг шударгаар олж авсан буюу хуулиар зөвшөөрсөн хүрээнд олж авсан нэхэмжлэгчид хариуцуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчимд нийцэхгүй байна” гэж тайлбарлан маргажээ.
2.2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй”, 19.1.1-д “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум дүүргийн Засаг даргад гаргах”, 19.2-т “Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараахь үүрэгтэй”, 19.2.4-т “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана” гээд өргөдөлд тусгах мэдээллийг жагсаасан, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заасан.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Бат-Үнэн нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Газар өмчлүүлэх тухай А/388 дугаар захирамжаар өмчлөх эрх олгогдоогүй буюу уг захирамжийн хуурамч хавсралтыг үндэслэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан М.Уянга, М.Жаргалдорж, Б.Эрдэнэжаргал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэндэлгэрээс маргаан бүхий газруудыг худалдан авсан болох нь тогтоогджээ.
2.4. Тодруулбал, М.Уянга, М.Жаргалдорж, Б.Эрдэнэжаргал нар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасны дагуу Баянчандмань сумын Засаг даргад хандан газар өмчилж авах өргөдөл гаргаж байгаагүй, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/388 тоот захирамжаар дээрх нэр бүхий иргэдэд газар өмчлүүлсэн шийдвэр гараагүй, уг захирамжийг Баянчандмань сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүү нь хуурамчаар үйлдсэн зэрэг нь,
-гуравдагч этгээд нарын тайлбар, мэдүүлэг, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын архив болон газрын даамлын бичиг баримт, газрын нэгж талбарын дугаарын хувийн хэрэгт хийсэн үзлэг, Баянчандмань сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүүгээс хэрэг бүртгэлтийн 193400368 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол” зэрэг баримтаар тогтоогдсон байна.
2.5. Иргэний газар өмчлөх эрх нь зөвхөн хувийн эрх зүйн хүрээнд үүсдэг эрх биш бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар өмчлүүлж болохоор заасан газраас мөн хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр, иргэний гаргасан өргөдөл хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан нягтлан шалгасны үндсэн дээр шийдвэр гаргаж өмчлүүлдэг, улмаар ийнхүү өмчлүүлсэн газрыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж зааснаар үүсдэг эрх юм.
2.6. Гэтэл газар өмчлөх эрх хуульд заасны дагуу үүсээгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Бат-Үнэний талууд хооронд байгуулагдсан гэх “Худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн газар өмчлөх эрх үүссэн хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд иргэнд газар өмчлүүлсэн хууль ёсны захирамж байхгүй байхад зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгчийг маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй.
2.7. Түүнчлэн нэхэмжлэгчид газраа худалдсан гэх иргэдэд газар өмчлөх эрх хууль ёсоор үүсээгүй, хариуцагч Засаг даргын дээрх хуулийн дагуу гаргасан шийдвэр байхгүй, түүний захирамжийн хавсралтыг хуурамчаар үйлдсэн эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой үйл баримт тогтоогдсон байхад хариуцагч Засаг даргыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.8-д “хууль ёсны итгэл хамгаалах” гэж заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.2.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бат-Үнэний гаргасан “Б.Бат-Үнэний өмчлөлийн нэгж талбарын 18600335439703), (18600337406021), (18600337444054) дугаартай газруудыг шинэчилсэн кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бат-Үнэнээс, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “нэгж талбарын (4116036245), (4116036247), (4116036248), (4116036246) дугаартай газруудыг шинэчилсэн кадастрын мэдээллийн сангаас цаг хугацааг дуусгавар болгон хаалт хийсэн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж, шийдвэрийн “2”, “3” гэсэн дугаарыг “3”, “4” болгон өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН