Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар Л.Алтангэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601070096 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             Л.Отгончимэг                         

Улсын яллагч                                          Х.Эрдэнэтуяа

Шүүгдэгч                                                 Л.Алтангэрэл нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэр Цэрэндуламын хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 24 дүгээр гудамжны 5 тоот хашаанд оршин суух, 10 удаагийн ял шийтгэлтэй,

            - 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн б-д зааснаар 11 сар 17 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - 1985 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн б-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 36 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхийн 42 дугаартай шүүгчийн захирамжаар 7 сар 10 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - 1993 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1998 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - 1999 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 218 дугаартай шүүгчийн захирамжаар 4 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2009 оны 04 дүгээр 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овгийн Лхам-Осорын Алтангэрэл /РД:УГ66080615/,

             Шүүгдэгч Л.Алтангэрэл нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний оройн 22 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 107 тоотод архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байдалтай байхад нь уг үйлдлийг нь таслан зогсоохоор хэв журам сахиулах үүргээ биелүүлж байсан цагдаагийн ахмад Б.Алтанцэцэгийн баруун шанаан тус газарт гараараа цохиж, хоолойг нь багалзуурдаж, хананд шахах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 11-ний оройн 21 цагийн үед Ирвэсийн зогсоол дээр танил маань тааралдаж, 1 шил архи авч өгсөн. Насанбаяр, Сумьяа бид гурав яаж гудамжинд уух юм бэ, Арцсэд ахын гэрт очъё гээд тэднийд очоод архиа ууж байтал цагдаа нар орж ирсэн. Цагдаагийн алба хаагч нар “та нар бусдын амгалан тайван байдал алдагдууллаа, энэ асуудлын дагуу явж байна” гэхэд “бид нар ямар ч зөрчил гаргаагүй” гээд тэд нартай муудалцаж маргалдсан. Эмэгтэй цагдааг цохиж багалзуурдсан гэдгээ сайн санахгүй байна, би нэлээд согтуу байсан. ...Би төрийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэндээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Хохирогч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн оройн 18 цагаас эхэлж, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явганаар эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр олон нийтийн цагдаа Н.Даваасүрэнгийн хамт эргүүл шалгалт хийгээд 8 дугаар байрны ойролцоо явж байхад оройн 21 цаг 45 минутын үед 22 дугаар байрны 107 тоотод яваад оч гэсний дагуу очиход хаалга нь дотроосоо түгжээтэй байдалтай байсан. Тэгээд хаалгыг нь тогштол 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүс зөрөөд гараад явсан. Тэгэхээр нь тэдгээр хүмүүсийг буцааж оруулаад гэрт ороход 6-7 хүн байсан. Тэр айлд ороод “иргэдээс гомдол гаргасан, энд юу болоод байна” гэж асуухад “бид нар архи уугаагүй, зүгээр байж байна” гэхээр нь “одоо та нар тарцгаа” гэсэн шаардлага тавихад хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь жижүүрийн машин дуудах гэсэн чинь Алтангэрэл гэгч миний хажууд зогсож байгаад хоолойг маань гараараа багалзуурдаад хойшоо шкаф руу шахаж, баруун шанаа руу гараараа 1 удаа цохьсон. Тэгтэл Даваасүрэн салгатал Насанбаяр гэгч нь Даваасүрэн рүү дайрч хэл амаар доромжлоод байсан. Удалгүй жижүүрийн цагдаа Бадарч ирж бүгдийг нь саатуулсан. Алтангэрэлийг тэр айлаас гаргаж ирэх гэтэл нуугдаад гарч ирэхгүй байснаа зугтаасан. Цагдаагийн хэлтсээс Алтангэрэлтэй холбоотой гомдол материалыг мөрдөн байцаалтад шалгахаар үлдээсэн ба бусдыг нь бүгдийг шүүхээр баривчлуулсан. Миний баруун шанаа хавдаж, өвдөж байсан боловч гэмтэл гараагүй. Гэхдээ толгой байнга өвдөж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

           Гэрч Н.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн оройн 18 цагаас эхэлж Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүргийг хэсгийн байцаагч, ахмад Б.Алтанцэцэгийн хамт гүйцэтгэж байсан. Жижүүрээс бид хоёрыг 22 дугаар байрны 107 тоотод яваад оч, хүмүүс чимээ шуугиан гаргаад байна гэсний дагуу тэнд яваад очтол 7-8 хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. Бид хоёр очоод “байрны оршин суугчдаас гомдол гаргаад байна, ууж идсэн бол тааруулж хэрэглэ, одоо гэр гэр рүүгээ явцгаа” гэхэд Алтангэрэл, Насанбаяр хоёр босч ирээд “бид нар архи ууж болохгүй юу, та нар юу юм бэ” гээд Алтангэрэл нь ахмад Б.Алтанцэцэгийн шанаа руу нь цохиж, багалзуурдаад хойшоо хана руу шахсан. Тухайн үед Насанбаяр нь над руу дайрч хэл амаар доромжлоод байсан. Тэгээд нэмэгдэл хүч дуудаад бүх хүмүүсийг саатуулах байр руу аваачсан ба 6 хүнийг нь шүүхээр 7-30 хоног баривчлуулсан. Б.Алтанцэцэгийн баруун талын шанаа нь хавдсан, хүзүү, хоолой нь улайсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

           Гэрч Д.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр оройн 18 цагт найз Цэцгээгийн хамт 22 дугаар байрны 107 тоотод Арцсэдийнд очиход 7-8 хүн байсан. Тэд 0.75 граммын Ерөөл архи уугаад сууж байгаад би гарч 23 дугаар байрны араар орж, бие засчихаад буцаад Цэцэгмааг авах гээд ортол цагдаа нар ирчихсэн, бөөн зодоон болж байсан. Насанбаяр эрэгтэй цагдаатай нь Алтангэрэл эмэгтэй цагдаатай нь зууралдаад байсан. Алтангэрэл эмэгтэй цагдааг яг цохиж байхыг хараагүй, хоолойноос нь хоёр гараараа бариад татаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

         Хохирогч Б.Алтанцэцэгийг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2163 тоот Цагдаагийн ерөнхий газрын даргын Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагчаар томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, Цагдаагийн хэлтсийн хоногийн нөхцөл, байдлын мэдээ, эрүүгийн томилгоо /хх-ийн 90-97 дугаар хуудас/,

         Яллагдагч Л.Алтангэрэлийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 78-88 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 49-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

           Шүүгдэгч Л.Алтангэрэл нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний оройн 22 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 107 тоот орон сууцанд архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байдалтай байхад нь уг үйлдлийг нь таслан зогсоохоор хэв журам сахиулах үүргээ биелүүлж байсан цагдаагийн ахмад Б.Алтанцэцэгийн баруун шанаан тус газарт гараараа цохиж, хоолойг нь багалзуурдаж, хананд шахах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн нь хохирогч, гэрчийн мэдүүлгээр батлагдсан, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй, хэрэгт цугларсан баримтууд нь тухайн хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадаж байх тул нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэж байна.

            Шүүгдэгч Л.Алтангэрэлийн хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь хохирогчийн шанаан тус газар гараараа цохьсон, хоолойг багалзуурдсан зэрэг үйлдлээр илэрч байна.

            Иймд Л.Алтангэрэлийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Алтангэрэл нь 10 удаагийн ял шийтгэлтэй байх ба хамгийн сүүлд 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэлтэй эсэх тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд түүний ялтай байдал 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусч байна. Л.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байгаа боловч түүний ялтай байдал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрэгдэж байх тул түүний ялтай байдал арилсан гэж үзэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байгаа болно.

Хохирогч Б.Алтанцэцэг нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгч Л.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирол төлбөргүй зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэснийг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна.

Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон дээр дурдсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан ялаас баривчлах ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Алтангэрэл  нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй болно.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн      290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Өөлд овгийн Лхам-Осорын Алтангэрэлийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар Өөлд овгийн Лхам-Осорын Алтангэрэлийг гурван /3/ сар арав /10/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Л.Алтангэрэлд оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
  4. Л.Алтангэрэл нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  5. Хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Алтэнгэрэлд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Л.Алтэнгэрэлд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Алтангэрэлд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           А.БЯМБАЖАВ