Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 Н.Сэлэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2017/00516 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 05-11 тоотод оршин суух, Бэсүд овогт Ням-Очирын Сэлэнгийн нэхэмжлэлтэй, Төрийн банкны Ховд салбарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэ г, нарийн бичгийн даргаар Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 1,903,027 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банкны Ховд салбарын Жаргалант тооцооны төвд теллерээр 5 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орж, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б/48 дугаар тушаалаар намайг харилцагчтай санхүүгийн харилцаанд орсон, кассын дутагдлыг нуун дарагдуулсан гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан.         Би ажиллах хугацаандаа ямар нэгэн ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 1,903,027 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Иймд Төрийн банкны Ховд салбарын захирлын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/48 тоот тушаалыг хүчингүй болгуулж, теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах гаргуулах, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 1,903,027 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Н.Сэлэнгэ нь салбарын захирлын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/108 тоот тушаалаар Баянбүрд тооцооны төвд теллерийн албан тушаалд томилогдож, улмаар салбарын захирлын 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/82 тоот тушаалаар Жаргалант тооцооны төвд шилжин ажиллаж байгаад салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдон ажилласан.

Н.Сэлэнгэ нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр теллер Дорждэрэмийн хүсэлтээр 2500 төгрөгийн зарлагын гүйлгээний хүсэлтээр 2500 төгрөг кассаас олгоод гүйлгээг хийхдээ орлогоор шивж кассын үлдэгдлийг 5000 төгрөгөөр дутагдуулсныг ахлах теллер болон тооцооны төвийн удирдлагад танилцуулахгүйгээр нуун дарагдуулж, өөрөөсөө хийж касс тааруулж Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.12 дахь заалт, Теллерийн системийн багц журмын 4.24 дахь заалтыг зөрчиж кассын дутагдлыг нуун дарагдуулж ноцтой зөрчил гаргасан. Үүнийг маргааш нь буюу 07 дугаар сарын 07-ны өдөр ахлах теллер илрүүлсэн.

Мөн Н.Сэлэнгэ нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр орлого тушаасан харилцагч Н.Дашхүүгээс 1 сая төгрөгийг мобайл банкаар өөрийн данс руу зээлж, Төрийн банкны ёс зүйн дүрмийн 5.2 дахь заалтыг зөрчиж харилцагчтай санхүүгийн харилцаанд орсон зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 5.28.12, Төрийн банкны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, салбарын захирлын зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 17 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Н.Сэлэнгийг салбарын захирлын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/49 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Н.Сэлэнгэ нь ажиллаж байх хугацаандаа кассын илүүдэл, дутагдлыг удаа дараа гаргаж байсан ба журмын дагуу бүртгэсэн нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 111800059175 тоот данстай харилцагчаас мөнгө бүрэн тоололгүй авч касс 832,000 төгрөгөөр дутагдуулж төлсөн, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5000 төгрөг дутагдуулж төлсөн, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг дутагдуулж төлсөн, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 9000 төгрөг илүүдүүлсэн, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 350 төгрөг илүүдүүлсэн, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10,000 төгрөг илүүдүүлсэн, 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг илүүдүүлсэн, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 10,000 төгрөг илүүдүүлсэн, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр касст гэнэтийн тооллого хийхэд 1,000,000 төгрөг дутагдуулж холбогдох бүртгэлийг хийж төлүүлсэн. Тухайн үед дэвсгэрт болон гүйлгээний баримтуудаар шалгахад арван мянгатын дэвсгэртээс дутагдсаныг олж тогтоож, чухам ямар шалтгаанаар дутагдсан нь тогтоогдоогүй болно. 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр АТМ цэнэглэлт хийсний дараа ганцаараа очиж хогийн саванд байсан байна гэж авчирсан. Иймд Н.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2017/00516 дугаар шийдвэрээр 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар Төрийн банкны Ховд салбарын захирлын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/48 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Н.Сэлэнгийг Төрийн банкны Ховд салбарын теллерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төрийн банкны Ховд салбараас Н.Сэлэнгийн ажилгүй байсан 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацааны буюу 2 сар 2 өдөрт ногдох олговорт 1,904,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Сэлэнгэд олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Н.Сэлэнгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Төрийн банкны Ховд салбарт үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Төрийн банкны Ховд салбараас улсын тэмдэгтийн хураамжид 45,429 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий шийдвэр болох Б/48 дугаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Ховд салбарын захирлын тушаалын үндэслэх хэсэгт хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 5.28.12 гэж тодорхой заасан байгааг анхан шатны шүүх дутуу үнэлсэн. Уг тушаалын үндэслэх хэсэгт заагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.12 дахь заалт нь ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.13 дахь хэсэгт мөн тусгагдсан байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй байна. Мөн нэхэмжлэгчийн гаргасан зөрчил харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн энэ нь Төрийн банкны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг зөрчсөн гэж тушаалын үндэслэх хэсэгт тусгасан байна. Энэ талаарх нотлох баримт нь хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан байгааг анхаарч үзээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Н.Сэлэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

            Төрийн банкны Жаргалант тооцооны төвийн теллер Н.Сэлэнгийг “2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр кассаа 5000 төгрөгөөр дутагдуулж, энэ тухайгаа ахлах теллер болон тооцооны төвийн захиралд мэдэгдэлгүй нуун дарагдуулж, өөрөөсөө 5000 төгрөг хийж кассаа тааруулсан, мөн сарын 20-ны өдөр орлого тушаасан харилцагч Н.Дашхүүгээс 1 сая төгрөг зээлдэн авч санхүүгийн харилцаанд орсон” гэх үндэслэлээр 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар түүнийг ажлаас чөлөөлөх нь зөв гэсэн шийдвэр гарч улмаар Төрийн банкны Ховд салбарын захирлын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/48 дугаартай тушаалаар Н.Сэлэнгийг ажлаас нь чөлөөлжээ.

              Анхан шатны шүүх Н.Сэлэнгийн “2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр кассаа 5000 төгрөгөөр дутагдуулж, энэ тухайгаа ахлах теллер болон тооцооны төвийн захиралд мэдэгдэлгүй нуун дарагдуулж, өөрөөсөө 5000 төгрөг хийж кассаа тааруулсан” гэх зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан ...зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад ажлаас халах нэг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийсэн байна.  Мөн “2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр орлого тушаасан харилцагч Н.Дашхүүгээс 1 сая төгрөг зээлдэн авч санхүүгийн харилцаанд орсон” гэх зөрчил нь ноцтой зөрчилд тооцогдох талаар ажилтан, ажил олгогч нарын харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэрлэж заагаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “хариуцагч Төрийн банкны Ховд салбарын захирлын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/48 тоот тушаалыг хүчингүй болгуулж, теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа эдгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Төрийн сангийн дансанд оруулахгүйгээр зөвхөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 1.904.950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 45.429 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа нийт 115.629 төгрөг төлөх байсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамж 45.429 төгрөг хариуцагчаас гаргуулж Төрийн сангийн дансанд оруулахаар шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлээр хэргийн хянахаас татгалзан буцаахгүйгээр шүүх хуралдаанаар оруулсан болно. 

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаар хариуцагчийн давж заалдах гомдол хүлээн авахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70200 төгрөг нөхөн гаргуулж Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхилоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2017/00516 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 115629 төгрөг гаргуулан төрийн сангийн 110000321668 тоот дансанд нөхөн төлүүлж.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дугаар зүйлийн зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70200 төгрөг гаргуулан төрийн сангийн 110000321668 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                  

 

М.НЯМБАЯР