Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0001 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 0000

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Г.Чингүн,

Шүүгдэгч: Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114003090011 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, , Боржигон ургийн овогт Баасанбатын Эрдэнэбаатар,  / регистрийн дугаар ВЭ79120372 /;

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 34 дүгээр гудамжинд өөрийн эзэмшлийн 92-52 БНХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас О.Сэр-Одыг дайрч, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн...” гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

     1. Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор сумын 2 дугаар баг 34 дүгээр гудамжаар гэрээсээ гарч 21 цагийн орчим өөрийнхөө 92-52 БНХ улсын дугаартай автомашинтай Хонгор хотхон орохоор гудамжаар явсан. Манай гудамжинд хог ачихаар айлууд хогоо гудамжинд гаргасан байсан. Намайг машинтайгаа явж байхад зам дээр хогийн хажууд бор өнгийн зүйл харагдсан. Би тэрийг хог байна гэж харж дөхөөд очиход хөдлөх шиг болж тэр хүний толгой байсан. Тэгээд машинаа зогсоосон. Тэгтэл тэр хүний дээгүүр гарч машин т энхлэг орчим тухайн хүн орсон байсан. Би их айж шууд эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 84-85 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгч ярихгүй гэв.

3. Хохирогч О.Сэр-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би хэзээ болсон өдрийг одоо санахгүй байна, архи ууж согтсон байсан тэгээд гэрээсээ гарч гудамжинд унтаж байхад машин дайрсан байсан. Яг юу болсон талаар одоо санахгүй байна. Тухайн өдөр гэртээ хоноод маргааш өдөр намайг дайрсан залуу эмнэлэг авч явж үзүүлж эмчилгээ хийлгэж өгсөн надад гомдол санал алга миний буруу тэр залуу сэтгэл гаргаж намайг үзүүлж харуулж эмчилгээ хийлгэж өгсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 45-46 /,

4. Гэрч Ц.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр найз Эрдэнэбаатарын хамт түүний 92-52 БНХ улсын дугаартай портер маркийн автомашинтай Баянхонгор сумын 2 дугаар баг 34 дүгээр гудамжаар найзынхаа гэрээс гарч 21 цагийн орчим Хонгор хотхон орохоор гудамжаар явсан. Тэр гудамжинд хог ачихаар айлууд хогоо гудамжинд гаргасан байсан. Бид хоёрыг явж байхад зам дээр хогийн хажууд бор өнгийн зүйл харагдсан. Тэр хог байна гэж харж дөхөөд очиход хөдлөх шиг болсон тэгтэл манай найз машинтайгаа тэр хүний дээгүүр гарч тэр хүнийг дайрч бид хоёрыг гарч иртэл хүн хэвтэж байсан. Тэгээд айж сандарч шууд эмнэлэг дуудсан удалгүй эмнэлэг цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 51-52/,

5. Техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 020 дугаартай:

 “...Оролцогч нарын мэдүүлгээр Б.Эрдэнэбаатар нь 92-52 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Баянхонгор сумын 2 дугаар багийн 34 дүгээр гудамжинд баруунаас зүүн чигт чиглэн явсан нь тогтоогдож байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчиж О.Сэрд- Одын бие дээгүүр 92-52 БНХ улсын дугаартай портер маркийн машинаар дайрч, түүний эрүүл мэндэд зүүн дунд чөмгөний хэсгийн далд хугарал гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан байна...” гэх дүгнэлт / хх-ийн 70-71 /,

6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 528 дугаартай:

 “...О.Сэр-Одын биед зүүн дунд чөмгөний гандан хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх-ийн 16-17 /,    

7. Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн:

 “...хэрэг учрал болсон гэх газар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн нутаг дэвсгэрт 2-24 дүгээр гудамжны ертөнцийн зүгээр хойд зүгээс харсан 33 дугаар гудамжны 1119 тоот хаалганы арын зам дээр үйлдэгдсэн байх ба портер маркийн 92-52 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруунаас зүүн зүгт харж шороон зам дээр зам голлон зогссон байдалтай байв. Замын 2 талд байх хашаануудын хажууд үнсний поошигтой болон шуудайтай хог байна. Портер маркийн 92-52 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кропны доор хүний хөлийн мөр байв...” гэх тэмдэглэл / хх-ийн 6-7 / зэрэг нотлох баримт шинжлэн судлав.                                                                                                                                                                                                                                             Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 34 дүгээр гудамжинд өөрийн эзэмшлийн 92-52 БНХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас О.Сэр-Одыг дайрч, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үйл баримт болсон нь хохирогч О.Сэр-Од, гэрч Ц.Батбаатар нарын мэдүүлэг,  Шүүх эмнэлгийн шинжээчийн 528 дүгнэлт, техникийн шинжээчийн 020 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

    Иймд шүүгдэгч Б.Эрдэнэбаатарыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.      

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Сэр-Од нь миний буруугаас болсон гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мөн хохирлын талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.Эрдэнэбаатарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удлаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Хэрэгт шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын  жолоочийн эрхийн үнэмлэх авто машины гэрчилгээ хураагдаж ирээгүй бөгөөд шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн 9252 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Эрдэнэбаатарт буцаан олгож  шийдвэрлэв.        

                                                                                                                                                                                                                                  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Баасанбатын Эрдэнэбаатарыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Боржигон овгийн Баасанбатын Эрдэнэбаатарыг дөрвөн зуун тавин /  450  / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  дөрвөн зуун тавин мянган /  450.000  / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Баасанбатын Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин /  450  / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  дөрвөн зуун тавин мянган /  450.000  / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын 92-52 БНХ улсын дугаартай Портер маркийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТЦЭНГЭЛ