Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 302

 

 

 

 

2018 оны 04 сарын 18 өдөр

      Дугаар 156/ШШ2018/00302

         Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2018/00233/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, иргэн О-д холбогдох

“гэрээ цуцлаж, байр чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

                                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Хэрлэн хороололд хос 10 давхар 108 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулж худалдан борлуулсан. Уг байрны А-55 дугаар байрны 13 тоотод оршин суугч О нь А ХХК-тай 2014 оны 09 сарын 13-ны өдөр харилцан тохиролцож байр худалдан авах захиалгын гэрээг 1м2 –ийг 1 300 000 төгрөгөөр нийт 76,2 м2 орон сууцыг 99 060 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан.

 

О нь манай компанид байрны урьдчилгаа гэж 30 136 000 төгрөгийг 2015 оны 11 сард төлж дуусгасан боловч одоог хүртэл байрны үлдэгдэл 68 924 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд “А” ХХК нь хариуцагч О байраа чөлөөлүүлж, уг байрыг худалдан борлуулж, урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс тодорхой хувийг суутгаж буцаан олгоно. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч хариуцагч О-аас Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Хэрлэн хорооллын А-55 дугаар байрны 13 тоот 3 өрөө байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О нь манай компанитай орон сууц захиалгаар бариулах гэрээ хийгээд урьдчилгаа 30 хувийг буюу 29 718 000 төгрөгийг өгөх байсан боловч эхлээд ердөө  2 200 000 төгрөгийг өгсөн. Сүүлд  Ч нь 20 000 000 төгрөг өгсөн. Бид О болон Ч-тай нь тохиролцож засвар үйлчилгээг хасаад урьдчилгаа 30 хувиа авсан гэж үзэж байгаа. Гэхдээ эднийх урьдчилгаагаа увуулж цувуулж жил гарны дараа өгсөн.. Одоо үлдэгдэл 68 924 200 төгрөгийг өгөхгүй 3-4 жил боллоо. Тэдийд өгнө, эдийд өгнө гээд таг болдог. Эсвэл мал өгнө, өвс өгнө гэж хэлдэг. Манайх энэ саналыг нь зөвшөөрөөгүй..Өчигдөр манай компанийн захирлын дансанд өөрт нь мэдэгдэлгүйгээр 10 000 000 төгрөг шилжүүлсэн байна. Үүнийг манайх хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээг цуцлаж, байрыг худалдан борлуулах эрхийг манайд өгвөл бид О манай компанийн орон сууцанд амьдарсан хугацааны зардлыг орон сууц түрээсийн зах зээлийн ханшаар тооцож урьдчилгаанаас зохих хувийг суутгаж аваад үлдсэнийг нь буцаан өгөх болно.  

 

Хариуцагч О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай  Ч “А” ХХК-ийг анх барилга барьж эхлэхэд манай байрны 1 давхарт худалдаа үйлчилгээ явуулах зорилгоор 20 сая төгрөгийн урьдчилгаа төлж байр захиалж байсан. Худалдааны төв баригдахгүй гэхээр нь өгсөн урьдчилгаагаа авъя гэхэд “А” ХХК нь манай барьсан орон сууцнаас дуртай байраа худалдаж ав, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр шийдвэрлэж өгнө. Байрны сонголт зөндөө байгаа гэхээр нь уг байрыг сонгосон. “А” ХХК нь Хас банктай ипотекийн зээлээр хамтардаг байсан. Хас банкинд хүсэлт гаргахад бүтэх эсэх нь мэдэхгүй байж байгаад ипотекийн зээл хаагдахад манай хүүг Хас банкинд дансгүй учраас зээл бүтээгүй гэж хэлсэн. Үүнээс хойш ипотекийн зээлийг аль ч банк хүлээж авахгүй байгаа тул байраа барьцаалж зээл авах боломжгүй байна. Би өөрөө өндөр насны тэтгэвэрт байдаг, өвгөн маань саявтархан өөд болсон. Аймаг орон нутаг, улсын хэмжээгээр эдийн засаг хүндэрч, хямарсан тул хүү маань барилгын ажил хийж, Батноров суманд орон сууц барьсан боловч мөнгө нь орж ирэхгүй гацаж хүнд байдалд орсон. Гэхдээ бид 10 000 000 төгрөгийг А ХХК-ийн дансанд өчигдөр буюу 2018.04.17-ний өдөр шилжүүлж хийсэн. Манайх байрны төлбөрөө ямар ч байсан 2018 оны 06 сардаа багтаан төлж барагдуулах тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч О холбогдуулан “орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцалж, байр чөлөөлүүлэх”-ээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

                

           Шүүх дараах үндэслэлээр Арвай хээр хурд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Хариуцагч О нь А ХХК-тай 2014 оны 09 сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотын Хэрлэн хороололд баригдах хос 10 давхар 108 айлын орон сууцнаас 1м2 –ийг 1 300 000 төгрөгөөр тохиролцон нийт 76.2 м2 3 өрөө орон сууцыг 99 060 000 төгрөгөөр худалдах, худалдан авах захиалгын гэрээ байгуулсан болох нь хавтаст хэргийн 4-5 дугаар хуудсанд байх “Захиалгаар орон сууц бариулах гэрээ” болон зохигчдын тайлбаруудаар нотлогдон тогтоогдож байна.

         

          Зохигчид нь орон сууцны төлбөрийн 30 хувь буюу 29 718 000 төгрөгийг урьдчилж өгч авахаар харилцан тохиролцсон байх ба энэхүү урьдчилгааг хариуцагч О нь 2015 оны 11 дүгээр сард төлж дуусгасан гэдгийг нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хүлээн зөвшөөрч мэдүүлж байна.

 

           Нэхэмжлэгч А ХХК-ийн зүгээс хариуцагч О-г орон сууцны  үлдэгдэл төлбөр 68 924 200 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сард гэрээ байгуулснаас хойш одоог хүртэл төлөхгүй, компанийг хохироож байгаа тул түүнтэй байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй хэдий ч хариуцагч О хувьд маргаж буй уг орон сууцны төлбөрийн 30 хувь буюу 29 718 000 төгрөгийг урьдчилж төлсөн. Нөгөөтэйгүүр шүүх хурлын өмнө 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн. Үлдсэн төлбөрийг 2018 оны 06 сард багтаан төлнө гэдгээ илэрхийлж байгаа нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

           Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.2-т зааснаар: хэрэв нэг талын хүлээсэн үүргийн гүйцэтгэл нь хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар урьдчилан хангагдсан бол нөгөө тал үүргээсээ татгалзаж болохгүй гэж заажээ.

 

          Энэ тохиолдолд хариуцагч О нь нэхэмжлэгч “А” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээ байгуулсны нотолгоо болгож уг орон сууцны төлбөрийн 30 хувийг буюу 29 718 000 төгрөгийг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-т заасан дэнчин хэлбэрээр урьдчилж өгсөн болох нь нотлогдож байна.

 

          Иймд хариуцагч О зүгээс нэгэнт албан ёсоор орон сууц худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч тал болж дэнчингээ өгсөн байх тул  А ХХК нь уг гэрээнээс татгалзах, гэрээг дангаар цуцлах эрхгүй гэж шүүх үзлээ.

 

          Харин А ХХК нь хариуцагч О орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх тохиолдолд уг төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:  

             1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.2-т зааснаар А ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О холбогдох “захиалгаар орон сууц бариулах гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

  3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР