| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00339/И |
| Дугаар | 425 |
| Огноо | 2018-06-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 425
| 2018 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 156/ШШ2017/00425 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00339/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б-т холбогдох,
“1.146.842 /нэг сая нэг зуун дөчин зургаан мянга найман зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, хариуцагч Б , хариуцагчийн өмгөөлөгч Г.Б , гэрч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ж ХХК-ийн “Оч” хүнс барааны дэлгүүрт хүнсний кассчин, худалдагчаар ажилд орох хүсэлт гаргаснаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.
2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 02 сарыг хүртэл хугацаанд хүнсний барааны худалдагч кассаар ажиллахдаа нийт 1.146.842 /нэг сая нэг зуун дөчин зургаан мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийн бараа дутагдуулсан.
Б нь өөрийн дутагдуулсан барааны үнийг одоог болтол төлж барагдуулаагүй байна. Иймд Б оос 1.146.842 /нэг сая нэг зуун дөчин зургаан мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/
Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б той 2016.08.10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан кассчин, худалдагчаар ажиллуулсан. Сарын цалинг 300 000 төгрөгөөр тогтоож, үүн дээр борлуулалтын орлогын 0.6 хувиар урамшуулж цалнжуулахаар болсон.
Б нь 2016.08.12-ны өдрөөс 2017.01.15-ны өдрийг хүртэл 4 удаагийн суултанд 89 хоног гарч ажилласан.
Эхний суулт: 2016.08.12-ны өдрөөс 2016.09.10-ны өдрийг хүртэл 30 хоног ажилласан. 431 992 төгрөгийн цалин бодогдсон, урьдчилгаанд 102 922 төгрөг авсан, үлдэгдэл 134 178 төгрөгийг Бямбаноров цалин гэж хүлээж авсан. Энэ үед 194 891 төгрөгний дутагдал гаргасан.
2 дахь суулт: 2016.09.27-ны өдрөөс 2016.10.20-ны өдрийг хүртэл 24 хлоног ажилласан. Цалинд 410 427 төгрөг бодогдсноос Бямбаноров урьдчилгаанд 86 233 төгрөг авсан. Бусад суутгалд 176 918 төгрөгийг суутгасан. Гарт нь 147 274 төгрөгийг өгсөн. Энэ үед 176 918 төгрөгийн дутагдал гаргасан.
3 дахь суулт: 2016.11.11-ний өдрөөс 2016.11.25-ныг хүртэл 15 хоног ажилласан. Цалинд 208 372 төгрөг бодогдсон. Урьдчилгаанд 127 408 төгрөг Бямбаноров авсан. Үлдсэн 80 963 төгрөгийг өр дутагдалд суутгасан. Энэ үед 594 874 төгрөгийн дутагдал гаргасан.
4 дэх суулт: 2016.12.27-ны өдрөөс 2017.01.15-ны өдрийг хүртэл 20 хоног ажилласан. 284 093 төгрөгийн цалин бодогдсон. Урьдчилгаанд 64 700 төгрөг Бямбаноров авсан. Суутгал 219 393 төгрөг суутгасан. Энэ үед 681 824 төгрөгийн дутагдал гаргасан.
Нийтдээ 1 648 508 төгрөгийн дутагдал Бямбаноров гаргасан ба түүний цалингаас суутгасан суутгалуудыг хасаад 1 146 842 төгрөгийн үлдэгдэл тооцоо байгаа юм.
Үүний 976 342 төгрөг нь Бямбаноровын өөрийнх нь гаргасан бараа материалын дутагдал, 170 500 төгрөг нь хянах худалдагч Энхтуяатай гардаг байхдаа Бямбаноровын гаргасан дутагдал бөгөөд үүнийг хариуцаж төлөхөө Бямбаноров хүлээн зөвшөөрсөн байдаг юм.
Дутагдлыг тооцохдоо орлогын дэвтрүүд дээр тулгалт хийгээд бараа материалын үлдэгдэлтэй тооцоо нийлээд явдаг гэв.
Хариуцагч Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ж ХХК-ийн хариуцагчаар татагдсан Хэрлэн сумын Саригийн 12-05 тоотод оршин суух Адуучин овгийн Алтанцэцэгийн Бямбаноров би “Ж” ХХК-д 2016 оны 08 сарын 10-ны өдөр ажилд орсон. Би “Ж” ХХК-д 6 сарын турш ажиллахдаа 250 000 төгрөгийн цалин авч байсан. Надад идэж хэрэглэсэн зүйл байхгүй. Би “Ж” ХХК-д хохирол учруулаагүй учраас 1 146 842 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 22х/
Хариуцагч Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Надад идэж хэрэглэсэн зүйл байхгүй...Эхний 2 суултанд гарсан дутагдлыг цалингаасаа суутгуулсан. Цалин багатай ажилд, өдөртөө ганцхан хоол цай идэж хэрэглэж гарч байсан. Оч дэлгүүрт ажилласан хүн болгон өрөнд ордог. Нийт хүмүүсийн өр 30 гаран сая болсон гэж байгаа. Надаас нэхэмжилж байгаа 1 146 842 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би төлж чадахгүй, боломжгүй, намайг дутагдуулсан бараа материалаа төл гээд цаг үргэлж шахаж дарамтлаад гэр орноор ирээд байхаар нь нялх нойтон хүүхэдтэй тул хэрүүл маргаан хийгээд яахав гээд тэр төлнө гэсэн бичгийг бичиж өгч байсан гэв.
Гэрч Н. Алтаннавч шүүхэд мэдүүлэг өгөхдөө: Би Ж ХХК-д 2015 оны 9 сараас эхлэн нягтлан бодогчоор 2017.11.25-ныг хүртэл ажиллаж байсан. Ж компанийн Оч дэлгүүрт Бямбаноров нь 2016.08.11-ний өдрөөс кассчнаар ажилд орсон. 2 ээлжээр 15:15 хоногоор гардаг 350 000 төгрөгийн цалинтай, борлуулалтын орлогын 0.5 хувиар урамшуулалт цалин нь бодогдож байсан... Бямбаноровт дутагдал гарч байсан.. Хүний мартаж орхиод гарсан виза картыг ашиглаж гүйлгээ хийж байсан..Энэ нь дэлгүүрийн видео камерт бичигдсэн байсан ба өөрөө ч сүүлд үүнийгээ зөвшөөрсөн.
Оч дэлгүүрийн бүх бараа материал нь данслагдпаж бичигдсэн байдаг. Үүнийг би давхар тоолж, худалдагч нарт бараа бүтээгдэхүүнийг баримтаар тулгаж хүлээлгэж өгдөг байсан гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын өгч буй тайлбарууд болон гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Б т холбогдуулан “дутагдуулсан бараа бүтээгдэхүүний төлбөр1.146.842 /нэг сая нэг зуун дөчин зургаан мянга найман зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Дараах үндэслэлээр шүүх нэхэмжлэгч Ж ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ж ХХК-ийг төлөөлж тус компанийн менежер Х , хариуцагч Б нар нь 2016.08.10-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, Б Ж ХХК-ийн Оч дэлгүүрт кассчнаар сарын 300 000 төгрөгийн цалинтай, борлуулалтын орлогын 0.6 хувийн урамшуулалт цалинтай, 3 сарын хугацаатай ажиллахаар болсон байна. /Хөдөлмөрийн гэрээ хх-ийн 5х/
Хариуцагч Б нь Ж ХХК-ийн О дэлгүүрт 2016.08.12-ны өдрөөс 2017.01.25-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн ээлжээр 89 хоног ажиллахдаа 1 648 508 төгрөгийн дутагдал гаргасан болох нь зохигчдын өгч буй тайлбарууд, хавтаст хэргийн 7-20 дугаар хуудсанд байх цалингийн хүснэгтүүд, Оч дэлгүүрийн бэлэн болон бэлэн бусын тооцоо нийлсэн актууд, хариуцагч Б өр дутагдлаа хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тодорхойлолт бичгүүд, хэрэгт нотлох баримтаар ирсэн Оч дэлгүүрийн: 2016 оны 08-р сарын 12-ны өдрөөс 2016 оны 09-р сарын 10-ны өдрийн хоорондох Тооллогын бүртгэл: 1-р хэсэг – 115 хуудас, 2-р хэсэг – 152 хуудас,
2016 оны 08-р сарын 12-ний өдрөөс 2016 оны 09-р сарын 10-ны өдрийн хоорондох Тооцооны бүртгэл: 22 хуудас,
2016 оны 08-р сарын 12-ны өдрөөс 2016 оны 09-р сарын 10-ны өдрийн хүртэлх тайлант хугацааны Буцаалтын бүртгэл – 563 хуудас,
2016 оны 09-р сарын 27-ны өдрөөс 2016 оны 10-р сарын 20-ны өдрийг хүртэлх тайлант хугацааны Буцаалтын бүртгэл – 322 хуудас
2016 оны 09-р сарын 27-ны өдрөөс 2016 оны 10-р сарын 20-ны өдрийг хүртэлх Тооцооны бүртгэл – 19 хуудас
2016 оны 09-р сарын 27-ны өдрөөс 2016 оны 10-р сарын 20-ны өдрийн хоорондох Тооллогын бүртгэл – 214 хуудас
2016 оны 11-р сарын 11-ний өдрөөс 2016 оны 11-р сарын 25-ны өдрийн хоорондох Тооцоо– 31 хуудас
2016 оны 11-р сарын 11-ний өдрөөс 2016 оны 11-р сарын 25-ны өдрийн хоорондох Тооцооны бүртгэл– 114 хуудас
2016 оны 11-р сарын 11-ний өдрөөс 2016 оны 11-р сарын 25-ны өдрийн хоорондох Буцаалтын бүртгэл – 31 хуудас
2016 оны 12-р сарын 27-ны өдрөөс 2016 оны 1-р сарын 15-ны өдрийн хоорондох Буцаалтын бүртгэл – 394 хуудас
2016 оны 12-р сарын 27-ны өдрөөс 2016 оны 1-р сарын 15-ны өдрийн хоорондох Тооцоо – 29 хуудас
2016 оны 12-р сарын 27-ны өдрөөс 2016 оны 1-р сарын 15-ны өдрийн хоорондох Тооцооны бүртгэл –189 хуудас, гэрч Н. Алтаннавчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хариуцагч Б нь дээрх 1 648 508 төгрөгийн дутагдлаас 501 666 төгрөгийг цалин хөлснөөсөө суутгуулж төлсөн байна.
Үлдэгдэл 1 146 842 төгрөгийн хувьд хариуцагч Б өөрөө шууд хариуцах, дутагдуулсан бараа материалын төлбөр нь 976 342 төгрөг байна гэж шүүх дүгнэв. Үлдэх 170 500 төгрөгийн дутагдлын асуудал Бямбаноров дээр тогтоогдохгүй, хэдийгээр Бямбаноров энэ 170 500 төгрөгийг урьд төлнө гэсэн баталгаа гаргаж байсан ч үүнийг хариуцагч Б төлөх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Б Ж ХХК-ийн Оч дэлгүүрт кассчин худалдагчаар ажиллаж байх үедээ учруулсан 976 342 төгрөгийн өр дутагдлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн зохицуулалтаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б оос 976 342 /есөн зуун далан зургаан мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 170 500 /нэг зуун далан мянга таван зуу/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 700 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б оос 27 982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР