Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 157/2018/00061/И |
Дугаар | 496 |
Огноо | 2018-07-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 496
2018 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 156/ШШ2018/00496 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
157/2018/00061/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Нийгмийн даатгалын хэлтэс, /цаашид Хэнтий аймгийн НДХ гэж товчлох/
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар /15160/-т холбогдох, /цаашид НДЕГ гэж товчлох/
“Үйлчилгээний төлбөр 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж , Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сайнболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийгмийн даатгалын ерөнхий газрын шийдвэрээр 2014 оны 05 сарын 26-28-ны өдрүүдэд уг газрын сургалт сурталчилгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э удирдан “Бичил уурхайчдыг Нийгмийн даатгалд хамруулах нь” сэдэвт сургалт зохион байгуулан ихэнх аймаг сумдын 70 шахам улсын байцаагч, сургагч багш, албаны бусад хүмүүс оролцсон юм билээ. Энэ үеэр 2014 оны 05 сарын 27-28-ны өдрүүдэд манай компанийн Цээл зоогийн газраар сургалтанд оролцсон 70 хүнд 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн хоолоор үйлчлүүлэн төлбөрийг 14 хоногийн дотор төлөхөөр гэрээ хийсэн боловч одоог болтол төлбөр хийгдээгүй байгаа юм.
Төлбөрийг барагдуулах талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга С, тус газрын төлөвлөлт, санхүү, бүртгэлийн газрын дарга Ч, хуулийн зөвлөх М нарт хандаж албан бичиг явуулсан боловч ямар ч хариу өгөлгүй өдийг хүрлээ. Мөн хуулийн зөвлөх М уулзахад судалж байгаад хариу өгнө гэсэн юм. Гэвч уг асуудал шийдэгдээгүй байна. Иймд Нийгмийн даатгалын байгууллагаас авах 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж манай хохирлыг барагдуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/
Хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулсан мөн уг сургалтын төсөв нь тус хэлтсийн үйл ажиллагааны зардалд тусгагдаж, зарцуулагдаагүй бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Эрдэнэбат оролцогч нарын буудлын тооцоо болон томилолт бусад тооцоог бэлнээр хийж байсан.
Цээл рестораны хүндэтгэлийн арга хэмжээ, зоогийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулахад тус сургалтын төсөвт хүндэтгэлийн зоог тусгагдаагүй мөн санхүүгийн тайланд энэ талаар огт дурдаагүй талаар хариу ирүүлсэн байна.
П ХХК-тай хүндэтгэлийн зоог барих, хамтран ажиллах гэрээг тухай үед Бор-Өндөр сумын нийгмийн даатгалын тасгийн даргаар ажиллаж байсан Т хийсэн байсан. Гэрээ хэлцэл хийх талаар Т д Нийгмийн даатгалын ерөнхий газар болон тус хэлтсээс чиглэл албан ёсоор өгөөгүй болно.Тасгийн даргаар ажиллаж байсан Т нь тус хэлтсийг төлөөлөн үйл ажиллагааны зардал зарцуулах эрхгүй болно. П ХХК-тай байгуулсан гэрээ үйлчилгээний хөлсний тооцоо нийлсэн материал нь тус хэлтсийн архивын баримтанд байхгүй байгаа нь тухайн гэрээг нөхөж хийсэн, нөхөж хийхдээ тус хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газрыг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна гэв.
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бор-Өндөр сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар ажиллаж байсан Т-д Нийгмийн даатгалын ерөнхий газрыг төлөөлөх эрх олгоогүй. Уг сургалтыг Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлж явуулсан. 2 800 000 төгрөгийн өртөгтэй оройн хүндэтгэлийн зоогийн асуудал НДЕГ-т хамааралгүй. Т-ийн П ХХК-тай байгуулсан гэрээ нь сүүлд нөхөж хийсэн гэрээ гэж манай тал үзэж байгаа. Энэ гэрээний хувь манай архивт байхгүй байгаа гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын өгч буй тайлбарууд болон гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “ үйлчилгээний төлбөр 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангах нь зүйтэй гэж үзлээ.
Маргааны үйл баримтаас үзэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга У 2014.06.07-ны өдөр Сургалт зохион байгуулах тухай А/65 дугаартай тушаал гаргаж “ Бичил уурхайчдад нийгмийн даатгалын эрхзүйн боловсрол олгох сургагчдыг дэмжих нь” сэдэвт сургалтыг 2014 оны 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж уг сургалтыг зохион байгуулж явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, сургалтын хөтөлбөрийг хавсралтаар баталж, сургалтын бэлтгэл ажлыг зохион байгуулахыг..Хэнтий.. аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт үүрэг болгосон байна. /хх-ийн 47-55х/
Энэхүү товлогдсон сургалт Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг түшиглэн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2014.05.26-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж тус сургалтанд бичил уурхай бүхий аймаг, сумдын нийгмийн даатгалын байцаагч нар, НДЕГ-ын холбогдох албаны хүмүүс, Швейцарийн хөгжлийн агентлагийн мэргэжилтнүүд нийтдээ 70 хүн оролцсон үндэсний хэмжээний арга хэмжээ болсон байна.
Зохигчид нь энэ сургалт Бор-өндөр суманд зохион байгуулагдаж явагдсан болон нэхэмжлэгч П ХХК-ийн Цээл зоогийн газраар сургалтанд оролцогчид үйлчлүүлсэн талаар маргахгүй байна.
НДЕГ-аас санаачлан Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулсан энэхүү сургалтанд оролцогч 70 хүн нь Бор-Өндөрт байх хугацаандаа буюу 2014.05.27-ны өдөр П ХХК-ийн Цээл зоогийн газраар 1 238 500 төгрөгийн хоол цайгаар, 2014.05.28-ны өдөр 1 561 500 төгрөгийн хоол цайгаар тус тус үйлчлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, тооцооны хуудсууд /хх-ийн 12-13х/, тус сургалтанд оролцогчдын бүртгэл /хх-ийн 8-9х/, нэхэмжлэх хуудас /хх-ийн 11х/, сургалтанд оролцогчдын фото зургууд /хх-ийн 56-57х/ зэрэг баримтаар нотлогдож байна.
НДЕГ-аас уг сургалтыг зохион байгуулахдаа Хэнтий аймгийн НДХ-ийн Бор-өндөр сум дахь Нийгмийн даатгалын тасгийн даргаар тухайн үед ажиллаж байсан Н. Түвшинзаяад НДЕГ-ыг төлөөлөн П ХХК-тай сургалтанд оролцогчдод хоол, ундаар Үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах үүрэг чиглэлийг НДЕГ-ын хэлтсийн дарга Э-д өгснөөр 2014.05.25-ны өдөр Бор-Өндөр сум дахь НДТ-ийн дарга Т, нэхэмжлэгч П ХХК-ийн Цээл зоогийн газрын менежер М нар №08 дугаартай Үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-ийн 10х/ байгуулсан болох нь тогтоогдож байна.
Хэрэгт гэрчээр асуугдсан Т нь НДЕГ-аас сургалтанд оролцогчдын хоол цайгаар үйлчлүүлэх газрыг сонгож, үнийн саналыг үзэж судлан, захиалга өгөх, гэрээ байгуулах ажлыг өөрт нь хариуцуулсан гэдгийг хэлж мэдүүлж байна.
Иймд хариуцагч НДЕГ нь өөрөө санаачилж зохион байгуулсан сургалтанд оролцогчдын хоол цайгаар хувийн хэвшлээр үйлчлүүлсэн 2 өдрийн үйлчилгээний хөлс төлбөр 2 800 000 төгрөгийг төлөх нь зүйтэй юм.
Хариуцагч НДЕГ нь сургалтанд оролцогчдын П ХХК-ийн Цээл зоогийн газарт оройн хүндэтгэлийн зоог барьсан 2 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, Үйлчилгээ үзүүлэх гэрээг сүүлд нөхөж хийсэн гэж маргаж байгаа боловч хэргийн үйл баримтаас үзэхэд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2014.05.26-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтанд оролцогчид нь П ХХК-ийн Цээл зоогийн газар зайлшгүй хэрэгцээтэй хоол ундаар 2014.05.27 болон 28-ны өдрүүдэд үйлчлүүлсэн болох нь тогтоогдож байх ба үйлчилгээ үзүүлэх гэрээг П ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Бор-өндөр сум дахь Нийгмийн даатгалын тасгийн даргаар тухайн үед ажиллаж байсан Т гэгч сүүлд нөхөж хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх Бор-Өндөр сумын Нийгмийн даатгалын тасгийн дарга Н. Түвшинзаяа, нэхэмжлэгч П ХХК-ийн Цээл зоогийн газрын менежер А. Майчулуун нарын 2014.05.25-ны өдөр байгуулсан Үйлчилгээ үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх гэрээ мөн байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т: Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хэрэгт Хэнтий аймгийн НДХ-ийг хариуцагчаар татсан боловч П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг жинхэнэ хариуцах этгээд нь НДЕГ мөн байна гэж шүүх дүгнэлээ.
П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир тус компаниас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 59 750 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 59 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг иргэний хэргийн хариуцлагаас чөлөөлж, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж П ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 /тавин есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 59 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР