| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2022/0676/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/704 |
| Огноо | 2022-09-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/704
2022 09 05 2022/ШЦТ/704
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч Д.Ундармаа,
шүүгдэгч Б.Н /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овогт БНд холбогдох эрүүгийн 2211 00000 1391 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодох мэргэжилтэй, Монкон ХХК-нд дотоод хяналтын ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 16-43 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Адуучин овогт БН /РД:........................................................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 07 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 16 дугаар байрны гадна байрлуулсан 66-15 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н нь:
2022 оны 07 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 16 дугаар байрны гадна байрлуулсан 66-15 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа. Тухайн үед манай найз охин бид 2 муудалцсан байсан. Тэгээд миний буруутай үйлдлээс болоод ийм зүйл болсон. Би хэрэг болсны маргааш өдөр нь цагдаагийн газар очоод үнэлгээ хийлгээд, машиныг нь өөрөө авч яваад бүгдийг нь янзлуулж хохиролгүй болгосон” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Д.Энхжаргалын “...Болсон асуудлын хувьд гэвэл өчигдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 02 цагийн үед манай ээж над руу залгаад Нямцолмон хаалга тогшоод чамайг асуугаад байна, ээж нь унтаж байна гээд хэлчихлээ, байж байгаад гэртээ ирээрэй гэсэн. Энэ үед Нямцолмон над руу залгаад байсан ба тухайн үед би гадуур найзуудтайгаа шоудаж байсан тул утсыг нь авалгүй байж байгаад 30 минутын дараа ээждээ санаа зовоод гэр лүүгээ найз Гүнчинхорлоотой хамт алхаад очсон чинь манай байрны гадаа Нямцолмон согтуу аавтайгаа “Энхжаргал надтай буцаж нийлэхгүй байна” гээд утсаар яриад сууж байсан. Тэгэхээр нь би болиулаад чи таксидаад гэртээ харьчих, хоёулаа буцаж нийлэхгүй, би гэр лүүгээ орлоо гэсэн чинь манай найз Гүнчинхорлоо руу агсам тавиад “чамайг дагаад манай найз охин архичин болчихлоо” гээд байсан. Тэгсэн чинь манай найз надад “согтуу хүнтэй маргалдаад яах вэ, хоёулаа манайд очоод хоноё” гээд бид хоёр түүний гэр лүү явахаар болж алхаад явж байтал араас янхан, архичин гээд орилоод байхаар нь би буцаж очоод чи уулздаг хүүхнээ дуудаад хамт яв гэсэн чинь гэнэт босож ирээд миний цамцнаас багалзуурдаад авсан, тэгэхээр нь би өөдөөс нь түлхээд бид хоёр барьцалдсан. Барьцалдаж байгаад салаад явах гэсэн чинь Нямцолмон намайг явуулахгүй гээд миний цүнхнээс татсан ба цүнхний төмөр оосор тасраад хамрыг нь оночихсон юм. Тэгээд Нямцолмонгийн хамар нь зулгараад цус гарчихсан чинь над руу улам уурлаад “чи надаас цус гаргадаг хэн бэ” гээд цааш гүйгээд байрны гадаа тавьчихсан байсан миний 66-15 УАМ улсын дугаартай Camry-50 маркийн тээврийн хэрэгслийн хамар дээр гарч зогсоод урд талын нүүрний /салхины/ шилийг хөлөөрөө 3-4 удаа өшиглөж хагалаад дээгүүр нь 7-8 удаа алхаад ард талын багажны хаалган дээр гишгэж байгаад буусан. Тэгээд машин дээрээс буугаад цааш зугтаах гэж байхаар нь араас нь очоод би барьж аваад цагдаа дуудаад өгчихсөн юм. Цагдаа ирэх хүртэл бол надтай ярилцаад байж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
Виннер Вэй ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9619 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-3 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Нгийн “...2022 оны 07 дугаар сарын 30-ны 23 цагийн орчимд би ганцаараа хүүхдийн 100-д алхаад явж байтал Энхжаргал найз Гүнчинхоролтой хамт Zuu нэртэй шөнийн клуб руу орж байсан. Тэгэхээр нь би мэдэгдэхгүй дагаж араас нь ороод тэр хоёрыг ажиглаж суусан чинь залуучуудтай сээтэгнээд байгаа юм шиг харагдсан. Тэгээд би гомдоод гадагш гараад ойролцоох талбай дээр байсан архи пиво зардаг асар луу ороод 0.5 литр хэмжээтэй Cass нэртэй пиво 5 лаазыг уугаад согтоод шөнийн 01 цагийн үед Энхжаргалын гэр лүү алхаж очоод хаалганы дотуур утсаар нь залгаж ээжээс нь Энхжаргал ирсэн эсэхийг асуухад ирээгүй гэхээр нь ойролцоох сааданд суугаад харих гээд такси дуудаад хүлээгээд байж байтал Энхжаргал Гүнчинхорол нар гарч ирж явсан. Тэгээд би Энхжаргалтай уулзаад харилцааныхаа талаар ярилцаж байгаад хэрэлдэж маргалдсан, согтуу байсан болохоор үйл явдлыг бүрэн гүйцэт санахгүй байна. Гэтэл Энхжаргал нь намайг цүнхнийхээ төмөр оосороор хамар луу цохих шиг болсон. Энэ үед миний хамар бага зэрэг шалбарсан тэгээд цус гарахаар нь би уурлаад түүний Toyota Camry- 50 маркийн машины хамар дээр нь гарч зогсоод нүүрний шил рүү нь хөлөөрөе өшиглөж, дэвсэлж шилийг нь цөмөлж хагалаад дээгүүр нь гишгээд ард талын багажаар нь буучихсан юм. Тэгээд би машинаас буугаад явах гэж байсан чинь Энхжаргал намайг барьж аваад цагдаа дуудсан ...би Энхжаргалын эзэмшлийн тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээсэн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Энхжаргалын хохирол болох 1.210.000 төгрөгийг түүний 5447210470 тоот данс руу 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулсан байгаа, мөн миний бие гэм буруугаа хүлээж байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 13/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 14/, шүүгдэгч, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 30-31/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2022 оны 07 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 16 дугаар байрны гадна байрлуулсан 66-15 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас 1.210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлт гаргасан тул шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хохирогч Д.Энхжаргалаас “... хохирлоо барагдуулж авсан, гомдол санал байхгүй ...” гэх хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Адуучин овогт Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 1.210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх эсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ