Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00070

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02532 дугаар шийдвэртэй, Б.Аийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ад холбогдох, гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Аь,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр,

Хариуцагч М.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сарын 17-18-ны үед багын найз Б.Анхзаяа манай сургуулийн багш нарт М.А гэдэг багш Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачууртын Шархоолойн аманд зуслангийн газар авч өгөх гэж байгаа гэж ярьсан. Тийм аятайхан газар бол надад нэг газар олдох болов уу, асуугаад өгөөч гэснээр 0.7 га газрын  2 000 000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр М.Аийн дансаар шилжүүлсэн нь түүний гаргасан дансны хуулгаар нотлогдоно. Мөнгө шилжүүлэх үед М.А хөөцөлдөх бүх ажлыг өөрөө хийхээр тохирч, биднийг хэд хэдэн удаа цуглуулж, иргэний үнэмлэх хураан авч нотариатаар баталгаажуулан, бидний авах газар хэмээн Гачуурт руу дагуулан очиж, хэдхэн хоноод газрын асуудал зохицуулагдана хэмээн ярьж байсан нь худлаа байсан. Иймд зуслангийн газар авах зорилгоор өгсөн 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Багшийн их сургуулийн багш нар газар авахаар тохиролцож, Р.Баярмаа, У.Халиун гэх хүмүүстэй уулзаад тэдний зарна гэж байсан Гачуурт дахь газрыг очиж үзсэн, тэгээд бүгд авахаар болж бичиг баримтуудаа цуглуулж, нэг хүнээр мөнгө төвлөрүүлэх талаар ярилцаад ганц эрэгтэй багш нь би байсан тул над руу шилжүүлэхээр тохиролцсон. Түүнээс би хөөцөлдөж бүтээх талаар огт яриагүй. Р.Баярмаа, У.Халиун нар хөөцөлдөөд долоо хоногийн дотор гэрчилгээ гаргаж өгнө гээд урьдчилгаа мөнгө авсан. Багш нараас миний дансанд шилжүүлсэн мөнгийг би Р.Баярмаа, У.Халиун нарт дансаар болон бэлнээр хүлээлгэн өгсөн. Бэлнээр мөнгө өгч авсан тухай баримтыг тус бүрт нь гэрч байлцуулан хийж байсан.

Гэтэл Р.Баярмаа, У.Халиун нар нь элдэв шалтаг хэлж, худал ярих болсон тул цагдаагийн байгууллагад хандсанаар тэднийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэж, одоог хүртэл шалгаж байгаа ба эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймээс багш нарын нэхэмжлэлтэй холбоотой асуудал нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Болсон үйл явдын тухайд Б.Анхзаяа багш бусад багш нартай газар авахаар тохиролцсон. Сүүлд Б.Аь гэдэг хүнийг манай найз байгаа юмаа, мөнгө шилжүүлсэн гэдэг зүйлийг хэлсэн. Мөнгө шилжүүлсэн хуулгаар 09 дүгээр сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөгийг шилжүүлснийг 3 хоногийн дараа сүүлийн орон нь “7919” тоот дансанд шилжүүлсэн. Энэ данс бол Р.Баярмаагийн данс учир түүний тайлбар няцаагдана. Мөн шилжүүлсэн мөнгийг Б.Аь өөрөө шилжүүлсэн гэдгээ нотлох баримт харагдахгүй байгаа. Өөрөө шилжүүлсэн бол банкны баримт дээр гарын үсэг зураад уг баримт нь нотолгоо болно. Б.Анхзаяа уг мөнгийг М.Ад шилжүүлсэн байх боломжтой.

Нөгөө талаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэг яагаад удаа байгаа вэ гэвэл хохирогч нар мэдүүлэг өгвөл хэрэг шүүхрүү шилжхэд бэлэн болсон байгаа юм. Нийт 7 хавтаст хэрэг байгаа. Ямар учир шалтгаанаар М.А надад иргэний журмаар гомдол гаргаад яваад байгаа нь тодорхойгүй. Эрүүгийн хэргийн тогтоол холбогдох баримтуудаар хэрэг цагдаад байгаа нь тогтоогдоно. Тиймээс уг 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхгүй. Хариуцагчийн хувьд Б.Аьтай ямар нэгэн хэлцэл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Аээс 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Аьт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 36 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч М.Аээс 46 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Аьт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.А нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс багш нарын шилжүүлсэн мөнгийг Р.Баярмаа, У.Халиун нарт өгсөн бөгөөд шүүхэд өөрийн эзэмшдэг Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан. Энэхүү дансны хуулгаар нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэх мөнгийг дансанд орсноос хойш 3 хоногийн дараа Р.Баярмаагийн дансанд 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь харагддаг.  Мөнгийг шилжүүлсэн дансны дугаар Р.Баярмаагийн данс болохыг нотлохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар уг дансны дугаарын эзэмшигчийн талаарх лавлагааг шүүхийн журмаар лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэхдээ Р.Баярмаагийн данс руу мөнгө шилжүүлсэн гэх тайлбараа нотлоогүй гэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Б.Анхзаяагийн мэдүүлэгт “Анударийн талаар М.Ад хэлсэн, дансыг нь аваад Б.Аьд өгсөн” гэжээ. Гэрч Б.Анхзаяа нь нэхэмжлэгчтэй төрсөн эгч дүүгээс өөрцгүй найзууд бөгөөд тэд нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүс гэдэг нь тодорхой байна. Гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар Б.Аь нь М.Атэй нэг ч удаа уулзаж байгаагүй, харин Б.Анхзаяа нь Р.Баярмаа, Ц.Халиун нараас манай багш нар газар худалдаж авах гэж байгаа, чи надтай хамт нэг дор миний нэрээр газар авчих, харин энэ данс руу мөнгөө хийчих гэж хэлээд М.Аийн дансыг түүнд өгч мөнгө хийлгэсэн нь дээрх мэдүүлгээр нотлогдож байна.

Хариуцагчийн ... миний данс руу 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар, тус банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчид газрын төлбөрт 2 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэжээ. Хариуцагчийн данс руу мөнгө орсон гэдэгтэй маргаагүй, харин энэ мөнгийг Б.Анхзаяагийн 2 газар авна шүү гэж хэлж байсан мөнгө гэж хэлснийх нь дагуу Р.Баярмаагийн данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг Б.Аь шилжүүлсэн учраас М.Атэй хэлцэл хийсэн гэж тулган тайлбарлаж болохгүй. 3 хоногийн дараа Р.Баярмаагийн данс руу шилжүүлсэн, энэ талаар банкнаас лавлагаа гаргуулах хүсэлтийг хангаагүйгээс шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэгч газар худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж 2 000 000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч хүсэл зоригийг нь хүлээн зөвшөөрч уг мөнгийг хүлээн авсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Анхзаяагийн мэдүүлэг, хариуцагчийн 2 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлээр тогтоогдож байна гэжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй газар худалдах, худалдан авах талаар яриагүй. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө хэлсэн. Нэхэмжлэгч хариуцагчийн данс руу зөвшөөрөл авалгүйгээр мөнгө шилжүүлснийг хүсэл зоригоо илэрхийлсэн, дансанд мөнгө орж ирснийг хүсэл зоригийг хүлээн авсан, энэ нь шилжүүлэн авсан үйлдлээр тогтоогдож байна гэж шүүх нэг талыг барьж тулган тайлбарлаж болохгүй. Учир нь хариуцагчийн Хаан банк дахь дансны дугаарыг зөвхөн багш нар мөнгө шилжүүлэхдээ авч байсан ба Б.Анхзаяа дур мэдэн өөрийн найз Б.Аьд өгснөөр шилжиж орсон. Энэ мөнгө Б.Анхзаяагийн хоёр газар авна гэснээр дахиж мөнгө шилжүүлсэн гэж хэлснээр Р.Баярмаагийн данс руу 3 хоногийн дараа шилжүүлсэн. Бодит байдалд Б.Анхзаяа хамт ажилладаг багш нартай хямд үнээр газар авах гэж байгаагаа Б.Аьд хэлж улмаар хамтдаа нэг дор газартай больё гэж ярилцаад Б.Анхзаяа нь хөөцөлдөж авч өгөхөөр болж, харин мөнгөө дансанд хийчих гээд хариуцагчийн дансны дугаарыг найздаа өгч мөнгө хийлгэсэн гэж байгаагаас үзвэл тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1-д заасан зохигчид гэрээ байгуулсанд тооцно, зохигчийн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул хүчин төгөлдөр гэж үзнэ, мөн хариуцагч газар шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар ... нэхэмжлэгч шаардах эрхтэй ...нэхэмжлэгч нь Р.Баярмаа, У.Халиун нарт газар худалдан авах болон хариуцагчаар зуучлуулах хүсэл зориг илэрхийлж байгаагүй, тэдний өмнө үүрэг хүлээгээгүй болох нь зохигчийн тайлбар, банкны хуулга зэргээр тогтоогдож байна гэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хуулийн заалтууд нь нэхэмжлэгч, түүний багын найз гэрчээр оролцсон Б.Анхзаяа нарын хооронд үүссэн харилцаанд хамааралтай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зохигчдын тайлбар, хэргийн үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Аь нь хариуцагч М.Ад холбогдуулан газар худалдан авахаар шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт хариуцагч М.Аийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хохирогчийн хувьд мэдүүлсэн мэдүүлэг, мөн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Егорын үйлдсэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Дуудан ирүүлэх хуудас”-аар нэхэмжлэгч Б.Аийг эрүүгийн 2014260004151 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчоор ирэхийг мэдэгдсэн баримтууд авагдсан байна. /хх186, 184/

 

Монгол Улсын Багшийн их сургуулийн багш нар нь иргэн Р.Баярмаа, У.Халиун нараас газар худалдан авахаар ярилцсан, мөнгийг хариуцагч М.Аийн дансанд төвлөрүүлэхээр тохиролцож, түүний Хаан банк дахь нэрийн дансанд тус бүр 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, хариуцагч нь дээрх иргэдэд залилан мэхлүүлсэн гэх үндэслэлээр гомдол гаргаснаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 2014260004151 дугаартай эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

 

Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралтай хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хүсэлт гаргасныг шүүх “нэхэмжлэгч Б.Аийг хохирогчоор тогтоосон тогтоол хэрэгт авагдаагүй” гэх үндэслэлээр хангахгүй орхиж, улмаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтад нийцэхгүй байна. /хх193, 202-203/

 

Дээр дурдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч Б.Аийн хариуцагч М.Ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийнн 65.1.8-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар энэхүү иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох талаар давж заалдах гомдол гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Ад холбогдох, 2 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Аийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Т.ТУЯА