Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 417

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

                                       Г.Аад холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Үүрийнтуяа,

шүүгдэгч Г.А,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906003980277 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1991 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байр, 38 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 12 дугаар гудамжны 1282 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Г.А нь согтуугаар 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 10 дугаар гудамжны 106 тоотод өөрийн хамтран амьдрагч Ц.Нармандахыг хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх  заалтад зааснаар хохирогч Ц.Нармандахтай харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээг оногдуулсан ялыг эдэлж дуусах хүртэл тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Аад оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман  цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.А миний бие нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх авсан. Би хөдөө орон нутагт хувь хүнтэй хамтарч ажил хийх болсон тул миний ажил байдлыг харгалзан торгуулийн ялаар сольж өгнө үү. Би сая ногоогоо тарьчихаад ирсэн. Иргэний шүүхээр хүүхдийн тэтгэмжийн асуудлыг шийдсэн. Ажил хийж, хүүхдийн тэтгэмжийн төлбөрийг төлмөөр байна” гэв.

 

Прокурор М.Үүрийнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Г.Аыг гэм буруутайд тооцож, түүнд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Тухайн үед Г.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Одоо ч мөн эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Г.А нь согтуугаар 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 10 дугаар гудамжны 106 тоотод өөрийн хамтран амьдрагч Ц.Нармандахыг хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Нармандахын: “...2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр манай нөхөр Амарбат архи уучихсан, гэртээ 19-20 цагийн үед ирсэн. Амарбат орж ирээд намайг хардаад “утсаа шалгуул, намайг ажилтай хойгуур хүн ирдэг үү, хэнтэй уулздаг вэ” гэсэн. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн боловч ойлгохгүй намайг өшиглөөд алгадаад, юм авч шидсэн. Намайг Амарбат зодоод салгаж байх хооронд би утсаа аваад цагдаа дуудсан. ...2017 оны 11 дүгээр сард намайг зодоод цагдаад өргөдөл гаргаад Амарбат шүүхээр орж баривчилгаанд явсан. Энэ асуудлаас болоод бид хоёр салсан. Би 2 хүүхдээ аваад тусдаа амьдарч байхад Амарбат олж ирээд уучлалт гуйгаад хамт амьдарсан. 2018 оны 5 сараар хойш хамт амьдарсан. ... Архи уухаараа агсам согтуу заавал тавьж, хэл амаар доромжилж зодож цохидог, ... айхтар цохихгүй ч гар хөл мушгиад, хоолой ам боодог” /хх 4-5/,

шүүгдэгч Г.Аын яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр миний төрсөн өдөр болоод найзуудтайгаа уулзаад архи уусан. Орой гэртээ ирээд нүүрс түлээгээ авчихаад байж байсан чинь эхнэрийн утас нь дуугараад эхнэр утсаа авч, олигтой юм ярихгүй тасалчихсан. Дахиад залгахаар нь би утсыг нь авахад миний хоолойг сонсоод тасалчихсан. Тэгээд би хардаад Нармандахтай муудалцаад эхнэрийн бөгс, нуруу хавьцаа нь нэг удаа өшиглөсөн…” /хх 16-17/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн 1210 дугаартай: “1. Ц.Нармандахын биед бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-8/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Г.Аын гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.А нь “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Г.А нь өмнө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1726 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 10 цагийн албадан сургалтанд хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр, /хх-35-36/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 20 цагийн албадан сургалтанд хамруулж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр тус тус шийтгүүлж /хх-37-38/ байжээ.

 

Үүнээс дүгнэхэд, тэрээр гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа гаргаж байсан нь тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх, Г.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих хууль зүйн үндэслэлгүй байх тул “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан шүүгдэгч Г.Аын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.                                                                                                                                                            

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ