Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0802/З |
Дугаар | 221/МА2024/0273 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2024/0273
“Э Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, О.Б
Нэхэмжлэгч: “Э Ж” ХХК
Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 135 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А, түүний өмгөөлөгч Б.А, Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2023/0802/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э Ж” ХХК-иас Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 135 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, 8.2 дугаар зүйлийн 3.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын гаргасан 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, О.Б нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...
3.1. ...Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Улаанбаатар хотод үүссэн үерийн хор, хохирлыг багасгах, бусдын өмч хөрөнгийг хамгаалах зорилгоор эрх бүхий байгууллагын дүгнэлт гарах хүртэлх хугацаагаар барилгын үйл ажиллагааг зогсоохыг мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч компани уг мэдэгдлийн дагуу барилгын ажлыг зогсоогоогүй, барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа талаараа шүүх хуралдаан дээр мэдэгдсэн. Мөн шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад бус нэхэмжлэгч талын амаар гаргасан тайлбарт субьектив байдлаар дүгнэлт хийж, хариуцагчийг нэхэмжлэгчид “...үр дагавар, дарамт үүсгэсэн...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
3.2. Мөн дээрх нөхцөл байдлын тухайд нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж дурдсан үндэслэл тогтоогдоогүй. Хариуцагч байгууллагын зүгээс дээрх зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “энэ хуулийн 10.1.5, 20.2-т заасан зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” олгоно гэж заасныг шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа харгалзан үзээгүй.
3.3. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байхад Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн цогцолбор 18, 19, 20-д барилгын ажлын тусгай зөвшөөрөлтэй холбогдох хэрэг маргааныг шийдвэрлэсэн мэтээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасанд нийцэхгүй байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “Э Ж” ХХК-иас Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гээд 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж тус тус заасан.
4. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3/2720 дугаартай албан бичгээр “...Уг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний “9.Онцгой заах нөхцөл”-д “Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол”-ыг ханган ажиллах” гэж тусгайлан зааж өгсөн боловч өнөөдрийн байдлаар танай байгууллага нь дээрх заалтыг зөрчиж байгаа талаар гомдол мэдээлэл ирүүлээд байна. ...эрх бүхий байгууллагаас уг асуудлыг шалгаж шийдвэрлэх хүртэл хугацаанд танай компанийн барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэснээс үзэхэд уг албан бичиг нь хуульд заасан хугацаатай, нөхцөл болзолтой, өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас уг асуудлыг шалгаж шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх Захиргааны ерөнхий хуульд зааснаар төрийн захиргааны байгууллагын урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.
5. Учир нь Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “энэ хуулийн 10.1.5, 20.2-т заасан зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна”, 28.7-д “28.7.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 28.5-д зааснаас гадна нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг тогтоох ажиллагаа явуулж болно” гэж тус тус заасан нь Барилга, хот байгуулалтын яам хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд уг шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, тухайн оны 7 дугаар сард болсон үер усны гамшигт иргэд, аж ахуйн нэгж байгууллагын орон сууц, эд хөрөнгө өртсөнтэй холбогдуулан гамшгийн шалтгаан нөхцөлийн талаар усны салбарын инженерүүдтэй хийсэн уулзалтын санал, цаг үеийн зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалан асуудлыг шалгаж шийдвэрлэх хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй.
6. “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3/2720 дугаартай албан бичиг гарсны дараа Нийслэлийн байгаль орчны газрын Улсын ахлах байгцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 01/13-01/023-02 дугаартай “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд барилга байгууламж барьсан тухай” дүгнэлт гарснаар нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/1000 дугаар захирамж гарч, улмаар мөн өдрийн А/1002 дугаар захирамжаар “Э Ж” ХХК-нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ-Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж байгаа нь Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулах, эд хөрөнгөд хохирол учруулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж тус компанид эзэмшүүлсэн 1780610404 нэгж талбарын дугаартай 29094 м.кв газраас 7844 м.кв газрыг хасаж талбайн хэмжээг хавсралт ёсоор өөрчилж шийдвэрлэсэн үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.
7. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанид 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр олгосон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор, уг гэрчилгээнд эзэмшил газрын талбайн хэмжээг 29094 м.кв гэж нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/1002 дугаар захирамж гарахаас өмнөх хэмжээгээр бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах, гэрчилгээг дахин гаргуулах асуудлаар хариуцагч байгууллагад хандаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа талаарх тайлбарыг давж заалдах шүүх хуралдаанд хийсэн болохыг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгчийн “Барилгын ажлын зөвшөөрөлд гэрчилгээнд “түдгэлзүүлсэн” гэх бичвэрийг улаан өнгөөр бичиж хавсралтаар ирүүлсэн, уг мэдэгдлийн үр дагавар өнөөдрийг хүртэл арилаагүй, дарамт үзүүлсэн шинжийг хэвээр хадгалж байна” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
8. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3/2720 дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй төдийгүй нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжийг агуулаагүй байхаас гадна тус албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч компанийн ямар зөрчигдсөн гэх эрх хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байна.
9. Нэхэмжлэгч нь өөрт хамааралтай асуудлаар буюу өөрийн зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхээс эрх зүйн хамгаалалтыг хүсэх боломжтой бөгөөд нэхэмжлэлийн маргааны зүйл нь захиргааны хууль бус үйл ажиллагаа байхыг шаарддаг тул хүчингүй болгохоор маргаж буй “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3/2720 дугаартай албан бичгийг хариуцагч яамны хууль бус ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй бөгөөд одоо маргаан бүхий акт нь эрх зүйн үр дагавар үүсгэх боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэгч “Э Ж” ХХК-иас Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан гаргасан “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН