Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Балдандоржид холбогдох эрүүгийн 201601070054 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                           Л.Отгончимэг

Улсын яллагч                                         Х.Эрдэнэтуяа

Шүүгдэгч                                                 Н.Балдандорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Ж.Цэцэгээ

Хохирогч                                                 Л.Болдбаатар

Иргэний нэхэмжлэгчийг төлөөлж         С.Сэргэлэн нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “БНЗӨБЦТС” ТӨХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр Д.Мөнхцацрал, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 128 тоотод оршин суух,

- 1998 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 189 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, Мухар цагаан овгийн Ням-Осорын Балдандорж /РД:ЧЛ80052073/,

Шүүгдэгч Н.Балдандорж нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Маргад-Өгөөж амралтын газрын ойролцоо, “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 33-89 БРА улсын дугаартай “Mitsubishi delika” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт  заасан “жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, замын хажуу руу онхолдон, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Л.Болдбаатарын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Балдандоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 02 дугаар сарын 15-ны орой Бурхан халдун хайрханд гарчихаад буцах замд цас, хальтиргаа ихтэй шараваад жалга руу орчихсон… Би машинаа жолоодоод миний хажуу талын суудал дээр Оюунболд суугаад машины ард талын суудал дээр Болдбаатар ах түүний хажууд Болд ах гэсэн байрлалаар сууцгаагаад явж байсан. ...Би 40-50 километр цагийн хурдтай явж байсан байх. Тухайн машин унасан газар бол налуу жалгатай, цастай зам байсан. Би машинаа жолоодоод явж байтал машин шарвахаар нь эсрэг тал руу нь жолооныхоо хүрдийг дараад тоормоз гишгэсэн чинь л өнхрөөд явчихсан. ...Миний баруун талын нэг, зүүн талын нэг нийт 2 хавирга хугарсан. Одоо гайгүй болсон. Тухайн үедээ Болд ахын баруун талын хөмсөг хавдчихсан байсан боловч Болд ах, Оюунболд хоёрын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Харин Болдбаатар ахын нүүрний баруун тал нь духнаасаа авахуулаад хацар хүртлээ шалбарчихсан, хамраас нь цус гарч байсан. Тухайн үедээ өөр гэмтэл учирсан байсныг мэдээгүй. Дараа нь шүүх эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон байсан. Би компанид болон Болдбаатар ахад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Компанийн машиныг янзлах бүх сэлбэгийг 5.000.000 төгрөгөөр авч Болдбаатар ахад 1.000.000 төгрөг өгч эмчилгээний зардлыг өгсөн байгаа. Би ийм асуудал гарсанд маш их харамсаж байна. ...Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-83 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,  

         Хохирогч Л.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би “БНЗӨБЦТС” ТӨХК-д трансформаторын засварчин хийдэг юм. Тэгээд манай ажлынхан Бурхан халдун хайрханд гарах гээд 4 машинтай 10 гаруй хүн 2016 оны 02 дугаар сарын 14-ний өглөө гарцгаасан. Би Багануураас гарахдаа УАЗ-469 маркийн машинтай яваад Бурхан халдун хайрханд очсон. Бурхан халдун хайрханд 14-ний орой очоод тэндээ хоноцгоогоод маргааш өдөр нь тэндээ өнжөөд оройн 17 цагийн үед Багануур руу хөдөлцгөөсөн. 2016 оны 02 дугаар сарын 14-ний орой 2 машин нь буцаад Багануур руу явчихсан байсан ба 2016 оны 02 дугаар сарын 15-ны орой үлдсэн хоёр машин нь хөдөлж би Багануур руу ирэхдээ Балдандоржийн жолоодож явсан 33-89 БРА улсын дугаартай “Mitsubishi delika” маркийн тээврийн хэрэгсэлд сууж, нөгөө машин маань түрүүлээд хөдлөөд бид нарын сууж явсан машин араас нь хөдөлсөн. Би Бурхан халдун хайрханаас гарснаасаа хойш архи уучихсан байсан болохоор унтаад явж байсан. Тухайн үедээ машин унасан ч юм уу, мөргөлдсөн ч юм уу сайн мэдээгүй. Удалгүй Багануураас манай ажлын машин ирээд эмнэлэг дээр авчирсан. ...Жолооч нь Балдандорж, жолоочийн хажуу талд Оюунболд, арын суудалд Болд бид хоёр суугаад дөрвүүлэхнээ явж байсан. ...Миний баруун талын нүд тал хараад байна. Зүүн чих сонсгол муудаад байгаа. Өөрөөр өвдөж байгаа зовиур байхгүй. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. ...6 сарын дараа дахин эмчилгээ хийлгэнэ, тэр зардлаа жич нэхэмжлэх эрхээр хангаж өгнө  үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Иргэний нэхэмжлэгчийг төлөөлж С.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Осолд орсон “Mitsubishi delika” маркийн тээврийн хэрэгсэл нь манай компанийн эзэмшлийн албаны хэрэгцээнд явдаг тээврийн хэрэгсэл учраас уг хэрэгт би компаниа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Энэ машиныг Улаанбаатар хот руу болон хөдөө орон нутаг руу шалгалтаар явахад ашигладаг байсан. Машины хувьд ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй. Үйлчилгээнд явж эхэлснээс нь хойш бүх ээлжийг цаг тухайд нь хийдэг байсан. ...Манай жолооч Балдандорж нь осол гаргаснаас болж гарсан хохирлоо бүрэн барагдуулсан. Унагаасан машиныхаа оронд ижил чанарын “Mitsubishi delika” маркийн тээврийн хэрэгслийг манай компанид өгч ямар нэгэн хохиролгүй болгосон. Тиймээс манай компанийн зүгээс автомашины хувьд бол гомдол, санал алга. Харин энэ ослын улмаас бие махбодийн хохирол хүлээсэн Болдбаатарт компанийн зүгээс хамтын гэрээнд заасны дагуу 2.500.000 төгрөгийг эмчилгээнд нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

         Гэрч Ж.Түвшинсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр хоёр машинтай Болдбаатар, Балдандорж, Болд, Оюунболд, Батсайхан нар үлдэцгээсэн. Тэгээд бид нарыг Багануурт орж ирцгээчихсэн байхад буюу оройн 20 цаг өнгөрч байхад аваарьт орчихлоо гэж залгахаар нь би ажлынхаа Мөнгөншагай гэх залуутай хоёулаа яваад очсон чинь 33-89 БРА улсын дугаартай “Mitsubishi delika” маркийн тээврийн хэрэгсэл онхолдчихсон байсан. Бид хоёр очингуутаа Болдбаатарыг аваад Багануур руу ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

         Гэрч А.Болдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 02 дугаар сарын 15-ны өглөө босоод хоол, цай идэж ууцгаагаад Багануур руу хөдөлцгөөсөн ба тэндээс наашаа хөдлөхдөө Балдандоржийн жолоодож явсан 33-89 БРА улсын дугаартай “Mitsubishi delika” маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Балдандоржийн машинд тухайн үед хойд талын суудалд Болдбаатар бид хоёр, урд талын суудалд Оюунболд суугаад Балдандорж машинаа жолоодож явсан. Наашаа хөдөлж байхдаа Болдбаатар бид хоёр нэг шил 0.5 граммын архи уучихаад унтаад явж байсан. Би унтаж байгаад нэг сэрсэн чинь л машин уначихлаа гээд Оюунболд, Балдандорж, Болдбаатар гурав машинаас буугаад гарчихсан, машин дээшээ харчихсан байсан ба Оюунболд, Балдандорж хоёр намайг татах гээд зогсож байсан. Би гарах гэсэн чинь гар маань суудлын ирмэгт хавчуулагдчихаад салж өгөхгүй байсан. Арай гэж гараа салгаад гарахад машин маань Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Маргад-Өгөөж амралтын газрын ойролцоо явж байгаад уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

         Гэрч А.Оюунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний сууж явсан 33-89 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Балдандорж жолоодоод би хажуу талд нь суугаад арын суудалд Болд, Болдбаатар гэх хоёр хүн суугаад явсан. Бурхан халдун хайрханаас наашаа хөдлөөд явж байхад Болд, Болдбаатар хоёр нэг шил архи хувааж уугаад унтацгаагаад явж байсан. Тэгтэл Маргад-Өгөөж амралтын газрын ойролцоо өгсөж явтал замын халтиргаатай хэсэгт явж байгаад ховилтой хэсэгт нь гуядуулаад машин унасан. Машин унаад ямар ч байсан нэг бүтэн өнхрөөд дээшээ харчих шиг болсон. Тэгээд машин унасны дараа би хамгийн түрүүнд гараад арын хаалгыг нээсэн чинь гурвуулаа машины голд байж байхаар нь Балдандоржийг эхэлж татаж гаргаад араас нь Болдбаатар ах болон Болд нарыг гаргаж ирсэн. ...Тухайн зам нь халтиргаа, гулгаатай байсан болохоор нэг их хурдтай яваагүй. Тухайн үед миллийг нь яг сайн хараагүй. Ойролцоогоор 60 орчим км хурдтай явсан болов уу гэж бодож байна. Манай Делика их намхан, дороо тулаад байсан учир их хурдтай явахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

         Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2704 тоот дүгнэлтийг гаргасан. Л.Болдбаатарын биед 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр КГТ-ийн бичлэгээр хоншоор ясны баруун залгиур хөндий дотор хана болон гадна талыг хамарсан, ухархайн гадна талын хугарлаас суурь ясны бага далавч, суурийн хөндий дайрч гавлын дунд хонхрын хэсэг рүү орсон, баруун хацрын нум хугарсан нийлмэл хугаралтай гэсэн оношийг үндэслэн Л.Болдбаатарын биед учирсан гэмтлийг гэмтлийн хүнд зэрэг гэж тогтоосон. Уг гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл байсан учраас хүнд гэмтэл гэж тогтоосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

         Хэрэг учралын газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргээс ертөнцийн зүгээр зүүн тийш 17 км-ийн зайд Маргад-Өгөөж амралтын газраас 2 км зайд шороон замаас ертөнцийн зүгээр урд талд цагаан өнгийн “Mitsubishi delika” маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байдалтай, 4 дугуй нь дээшээ харсан, кабин нь доошоо харсан байдалтай байлаа. Уг тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 33-89 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба үл хөдлөх цэгээр Ногоон толгой гэх уулын хойд талын хормойноос анх машин замаар гарсан цэг болох “Б” цэг хүртэл 15 метр байлаа. “А” цэгээс “Б” цэг болох 33-89 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд дугуйнаас Багануур явах шороон замын ертөнцийн зүгээр урд ирмэг хүртэл 11.50 метр, хойд дугуйнаас шороон замын урд ирмэг хүртэл 10 метр 30 см байх ба уг шороон зам нь 4 метр 40 см-ийн өргөнтэй, цагаан гадаргуутай байв. Шороон замаас шарваж гарсан машины мөрийг хэмжиж үзэхэд 6.20 см байв. “А” цэгээс ертөнцийн зүгээр урд талаар машины эд анги болох салхины шилний хагархайнууд тарж бутарсан байдалтай байлаа. 33-89 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь баруун урд дугуй нь хагарсан байдалтай, 4 дугуй нь дээшээ харсан байдалтай байх ба уг тээврийн хэрэгслийн баруун урд талд улаан үстэй дээл, бор, хүрэн өнгийн суран бүс, эрээн хөнжил, жижиг савтай цэвэр ус, ногоон үүргэвчин цүнх, хар цүнхтэй дугуй хийлэгч байлаа. Уг тээврийн хэрэгслийн урд талд 5 литрийн цагаан шингэн зүйлтэй сав, машины шалавч зэрэг эд зүйлүүд тарж бутарсан байдалтай байв. Унасан тээврийн хэрэгслийг чирч босгон шинжээч дэслэгч З.Өнөрбуянгаар гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч тус тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд саатуулахаар тогтов...” гэсэн гэрэл зураг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 3-10 дугаар хуудас/,

         Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

         Шинжээчийн “... 33-89 БРА улсын дугаартай “Mitsubishi delika” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Балдандорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

         - Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

         - Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, схем зурагнаас үзэхэд “Mitsubishi delika” маркийн 33-89 БРА улсын дугаартай автомашины тоормозны мөр байхгүй учир хурдыг тогтоох боломжгүй” гэсэн 05 тоот дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/,

         “БНЗӨБЦТС” ТӨХК-ийн эзэмшлийн 33-89 БРА улсын дугаартай “Mitsubishi delika” тээврийн хэрэгсэлд “Сэлэнгэ эстимейт” компанийн хохирлын үнэлгээг 6.530.000 төгрөгөөр хийсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-37 дугаар хуудас/,

         Шүүх эмнэлгийн шинжээчийн “...Л.Болдбаатарын биед хоншоор яс, тагнай яс, баруун нүдний ухархайн дотор болон гадна хана, суурь ясны бага далавч, суурийн хөндий, гавлын дунд хонхор, баруун хацрын нумыг хамарсан нийлмэл хугарал, цээжний баруун талын 6 дугаар хавирганы хугарал, дух, шанаа, хацрын арьсны зулгаралт, зовхины цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн 2704 тоот дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/,

         33-89 БРА улсын дугаартай “Mitsubishi delika” маркийн тээврийн хэрэгсэлд техникийн шинжилгээ хийсэн шинжээчийн “..Тухайн автомашины урд салхины шил хагарсан, баруун урд хаалга, баруун талын дунд хаалга, хойд далбаа, зүүн урд хаалга, зүүн талын дунд хаалганы цонхны шилнүүд хагарсан, дээвэр хонхойсон, хаалганууд хонхойж, гажсан зэрэг гэмтлүүд нь ослын үед, ослын улмаас үүссэн гэмтэл байна.

         - Автомашины тоормозны мөр байхгүй, онхолдох хэлбэрээр үүссэн эвдрэл гэмтлээр автомашины тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна.

         - Автомашин асаж явах боломжгүй тул тоормозны АBS-ийн ажиллагааг шалгах боломжгүй байна. Тоормозны механизм ажиллаж байна” гэсэн 1933 тоот дүгнэлт /55-56 дугаар хуудас/,

         Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 98-101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Н.Балдандорж нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Маргад-Өгөөж амралтын газрын ойролцоо, “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 33-89 БРА улсын дугаартай “Mitsubishi delika” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “…жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…” гэсэн заалтыг зөрчиж, замын хажуу руу онхолдон, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Л.Болдбаатарын биед хоншоор яс, тагнай яс, баруун нүдний ухархайн дотор болон гадна хана, суурь ясны бага далавч, суурийн хөндий, гавлын дунд хонхор, баруун хацрын нумыг хамарсан нийлмэл хугарал, цээжний баруун талын 6 дугаар хавирганы хугарал, дух, шанаа, хацрын арьсны зулгаралт, зовхины цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

          Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан байцаалт нь хууль зөрчөөгүй, мэдүүлгийн орон зай, цаг хугацаа, үйл баримтын талаар мэдүүлсэн тэдний мэдүүлэг нь гэрчүүдийн болон хохирогчийн мэдүүлгээр батлагдсан, гэрч, хохирогч нараас мэдүүлэг гаргуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасныг хангасан, мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн 2704 тоот дүгнэлт, техникийн шинжээч нарын 05, 1933 тоот дүгнэлтүүдийн үндэслэл ойлгомжтой, дээрх баримтууд нь хэргийн үйлдлийг хангалттай нотолж байна.

Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Балдандоржийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Л.Болдбаатарын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Л.Болдбаатар нь “…эмчилгээний зардал, хохирол, төлбөрт 2.500.000 төгрөгийг авсан. Одоогоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Харин цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжилнэ…” гэж мэдүүлсэн тул эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь хангаж өгөх нь зүйтэй.

         “БНЗӨБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын “Н.Балдандорж нь компанид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул цаашид түүнд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болохыг илэрхийлж байна” гэсэн 4/290 тоот албан бичиг /хх-ийн 109 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгчийг төлөөлж С.Сэргэлэн “…нэхэмжлэх зүйлгүй хохирол бүрэн төлөгдсөн…” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Л.Балдандорж нь 1998 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 189 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан боловч түүний ялтай байдал арилсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Н.Балдандоржийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөргүй, үйлдсэн хэргээ чин санаанаасаа ойлгон гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэн хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Н.Балдандорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Н.Балдандоржийн 078767 тоот жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт тус тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Н.Балдандоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,

 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Мухар цагаан овгийн Ням-Осорын Балдандоржийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Мухар цагаан овгийн Ням-Осорын Балдандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасч, нэг /1/ жил нэг /1/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Балдандоржийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Иргэний нэхэмжлэгч, хохирогч Л.Болдбаатар нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг, хохирогч Л.Болдбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Балдандоржид оногдуулсан нэг /1/ жил нэг /1/ сарын  хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг нэг /1/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  6. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Н.Балдандоржид оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзахаар тогтоосон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  7. Н.Балдандоржийн 078767 тоот жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт тус тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлсүгэй.
  8. Н.Балдандоржид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай. 
  9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Балдандоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Балдандоржид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ