Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 158/ШШ2021/0005

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: А.М ын нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э д холбогдох

            “Татварын улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 0175561 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2021/0004/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн, хариуцагч татварын улсын байцаагч Л.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч А.М  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Миний бие нь Монгол улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 4 дүгээр тойрог буюу Булган аймагт Зон олны намаас нэр дэвшиж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн. Зон олны нам нь дэлхий нийтэд тархсан коронавирус цар тахлын улмаас сонгуулийн сурталчилгааг явуулахдаа иргэд, сонгогчтой биечлэн уулзаж бөөгнөрөл үүсгэхгүй байх, цаашлаад халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сонгуулийн үр ашиггүй зардлаас татгалзах зэрэг шалтгааны улмаас сонгуулийн сурталчилгааг өөрийн цахим хуудас болон Үндэсний олон нийтийн телевизээс нам, нэр дэвшигчдэд олгосон цагийн хуваарийн дагуу тус телевизээр явуулсан. Үүнтэй холбоотойгоор А.М  миний бие сонгуулийн зардлын данс нээгээгүй болно. Зардлын данс нээгээгүй учир түүнийг холбогдох байгууллагад бүртгүүлэх ажиллагаа явуулаагүй. Гэтэл улсын байцаагч Л.Э  нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсгийг үндэслэн 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгууль оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э гийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 0175561 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг зөрчсөн гэсэн нь данс нээсэн бол бүртгүүлэх зохицуулалт. Зон олны намаас данс нээсэн байгаа. Намаас нэр дэвшигчийн зардлыг гаргах боломжтой. Зон олны намын хувьд нэр дэвшигч нь зардал гаргахгүй гэж шийдвэрлээд үүний дагуу тухайн намаас нэр дэвшсэн нэр дэвшигч нар данс нээгээгүй байдаг. Өөрөөр хэлбэл нам дотоод зохион байгуулалтаа чөлөөтэй сонгож, сонгуулийн зардлыг нам нь хариуцахаар шийдсэн. Нэгэнт нэр дэвшигч данс нээгээгүй учраас бүртгүүлэх шаардлагагүй. Монгол улсын төрийн байгууламж нэгдмэл байхыг Монгол улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд заасан байдаг. Мөн Татварын ерөнхий хуульд ч заасан байгаа. Татварын алба нь босоо тогтолцоотой, нэгдмэл удирдлагатай байх ёстой. Үндэсний аудитын газраас бүх аймаг, нэгж рүү албан бичиг явуулсан. Ганц Булган аймгийн татварын улсын байцаагч л арга хэмжээ авсан байдаг. Үндэсний аудитын газраас зөрчил гарсан байж болзошгүй гэх мэдээллийг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн. Тэрнээс биш заавал арга хэмжээ ав, хариуцлага ногдуул гэсэн агуулга байхгүй. Хариуцагчаас зөрчлийг шалгах явцад процесс алдаа маш их гаргасан. Хугацаа алдсан. 2020 оны 12 дугаар сарын 25-нд зөрчлийн хэрэг бүртгэлтийг нээж, 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хугацаа сунгаж байгаа нь 5 хоногоор хугацаа хэтрүүлж, хугацаа сунгасан. Хуульд заасан нийт 58 хоногийн хугацаанд зөрчлийн хэргийн хэрэг бүртгэлтийг дуусгах ёстой. Гэтэл 5 хоног алдаж байгаа нь үндсэндээ 63 хоног болно. Зүй нь 2021 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хугацаагаа сунгуулах ёстой. Мөн холбогдогчид хэргийн материал танилцуулаагүй, эрх үүрэг тайлбарлаагүй зэрэг зайлшгүй хийгдэх ёстой ажиллагааг хийгээгүй нь процессын том зөрчил юм. Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

     Хариуцагч Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь төрийн албан хаагч. Хуулийг сурталчлах, хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 тоот албан бичгээр Татварын ерөнхий газарт хүргүүлсэн “Зөрчил шилжүүлэх тухай” мөн Татварын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3212 тоот албан бичиг “Зөрчил шийдвэрлэх тухай” албан бичгийн дагуу Булган аймгийн хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн хяналтад ажиллагаа хийгдсэн болно. Тус хэлтэс нь Үндэсний аудитын газар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/432 тоот албан бичгээр лавлагаа гаргаж өгөх хүсэлтийг хүргүүлсэн. Үүний хариуд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/3418 тоот албан бичгээр Монгол улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 4 дүгээр тойрогт Зон олны намаас нэр дэвшигч А.М  нь Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т нам эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу Үндэсний аудитын газарт холбогдох мэдээллээ ирүүлээгүй болохыг нотолсон байна. Үүний дагуу 9 хуудас ажиллагаа хийгдсэн баримтыг А.М т цахим хаягаар хүргүүлсэн. Үүний хариуд танай байгууллагад өгсөн хариуг ирүүлсэн. Үүнийг аймгийн хяналтын прокурор Ц.Сувдаад танилцуулахад зөрчил гаргагч нэр дэвшигч А.М  нь сонгуулийн дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй болохыг нотолсон. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заалтын дагуу нэр дэвшигч А.М т 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 0175561 тоот шийтгэлийн хуудас бичсэн. Хуулиас давсан намын тогтоол гэж байхгүй байх. Зөрчил шалгах явцад нэхэмжлэгчтэй холбогдоод зөрчлийн материал, холбогдох баримтыг хүргүүлсэн. Эхний 14 хоногийн хугацаанд А.М ыг хайсаар байгаад хугацаа дууссан. Хуульд заасан хугацаанд нь хүсэлтээ тавиад хэргийн хугацааг сунгуулсан. Процессын зөрчил гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Иргэн А.М аас Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э д холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 0175561 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

             Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нэр дэвшигч зардлын данс нээгээгүй учраас бүртгүүлэх шаардлагагүй, зөрчлийг шалгах явцад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа зөрчилтэй хийгдсэн, зайлшгүй хийгдэх ёстой ажиллагаа хийгдээгүй, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолыг зөрчсөн” гэж,

            хариуцагчаас “нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Үндэсний аудитын газраас тогтоогдоод ирсэн, хуульд заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан ба зөрчил шалгах ажиллагааны явцад процессын зөрчил гаргаагүй, хяналтын прокурорын хяналтан дор хуулийн дагуу явагдсан, хэргийн материалыг шийтгэлийн хуудас бичихээс өмнө танилцуулж, холбогдогчийн эрхийг хангасан” гэж маргаж байна.

            Энэхүү захиргааны хэрэгт болон 2115000011 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзвэл: Монгол улсын Ерөнхий аудитороос “сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй ...нэр дэвшигч байна. Энэ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг зөрчсөн байна” гэх агуулга бүхий 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879[1] дугаартай албан бичгийг Татварын Ерөнхий газарт, Татварын Ерөнхий газраас 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 06/3212 дугаартай албан бичиг[2]-ээр аймаг, дүүргийн Татварын хэлтсүүдэд “дээрх албан бичигт дурдсан нэр бүхий нэр дэвшигч нарт харьяа татварын албадаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу ажиллагаа хийж, үр дүнг бичгээр хариу мэдэгдэж ажиллах” тухай үүрэг, чиглэлийг хүргүүлжээ.

Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э  нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн дээрх 06/3212 дугаар албан бичигт заасан үүрэг чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 4 дүгээр тойрогт нэр дэвшигч А.М т холбогдох зөрчилд хэрэг үүсгэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид торгох шийтгэл ногдуулсан 0175561 дугаартай шийтгэлийн хуудсыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан болох нь хэрэгт авагдсан баримт[3] болон Зөрчлийн хэргийн эх материалд авагдсан Зөрчлийн хэрэг нээсэн тогтоол[4]-оор тогтоогджээ.

            Улс төрийн намын тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1 ”Намын үйл ажиллагааны нийтлэг зарчим”-ын 4-т “дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэх”, 13 дугаар зүйлийн 13.3-т “Намын Их Хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг намын Их Хурлаар сонгож байгуулна. Сонгуулийг нууц санал хураалтаар явуулна”, 14 дүгээр зүйлийн 14.1-ийн 4-т нам нь “хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагааныхаа зохион байгуулалтын бүтэц, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох” эрхтэй гэж тус тус заасан.

Зон олны намаас Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд гишүүдээсээ нэр дэвшүүлэх ажиллагааг явуулж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр намын бага хурлаа хийж сонгуульд хэрхэн оролцох, сонгуулийн сурталчилгаа болон бусад ажиллагааг хэрхэн явуулах талаар хэлэлцэн шийдвэрлэж, 20/02 дугаартай “Бага хурлын тогтоол”[5]-ыг батлан гаргасан байна. Уг тогтоолын 3 дугаарт “Тус тогтоолын 1, 2 дугаар зүйлтэй холбогдуулан Зон олны намаас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид аль нэг банкинд хандивын данс нээлгэхгүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар шийдвэрлэсүгэй” гэж заажээ. Түүнчлэн уг тогтоолоор сонгуулийн сурталчилгааны зардал гаргахгүй байх, нэр дэвшигчдийн танилцуулгыг төв штабаас нэгдсэн байдлаар бэлтгэн, намын албан ёсны хаяг болон Олон нийтийн радио, телевизийн үнэ төлбөргүй сонгуулийн сурталчилгааны цагаар дамжуулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрийн дагуу нэхэмжлэгч А.М  нь 2020 оны ээлжит сонгуулийн 4 дүгээр тойрогт нэр дэвшиж оролцохдоо өөрийн нэрээр зардлын данс нээлгээгүй гэдгээ зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Харин Зон олны намаас зардлын дансыг намын нэрээр нээлгэж, уг дансны талаарх баримт материалаа аудитын газарт хүргүүлж, зардлын тайланд аудит[6] хийлгэсэн нь Зөрчлийн хэргийн 11, 12 дугаар талуудад авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч татварын улсын байцаагч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 4 дүгээр тойрогт Зон олны намаас нэр дэвшигч А.М ыг зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад мэдэгдээгүй, бүртгүүлээгүй гэж буруутган шийтгэлийн арга хэмжээ авсан байдаг.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж зааснаас харахад нэр дэвшигч нь банкинд нээлгэсэн сонгуулийн зардлын дансны талаарх мэдээллээ холбогдох байгууллагад бүртгүүлэхийг үүрэг болгосон зохицуулалт байна.

Нэхэмжлэгч А.М  нь Улсын Их Хурлын 4 дүгээр тойрогт Зон олны намаас нэр дэвшсэн байх ба тус нам нь 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааг намаас нэгдсэн байдлаар зохион байгуулах, нэр дэвшигч тус бүрээр зардлын данс нээлгэхгүй байхаар шийдвэрлэсний дагуу нэр дэвшигч нар сонгуулийн зардлын данс нээлгээгүй нь Зон олны намын даргын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 20/25 тоот албан бичиг[7]-ээр тогтоогдож байна. Нэгэнт нэр дэвшигч нь намын шийдвэрийн дагуу сонгуулийн зардлын данс нээлгээгүй учир зардлын дансыг бүртгүүлэх, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээхгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх маргааны тухайд: Нэг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ”, 6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасны дагуу татварын улсын байцаагч Л.Э  нь иргэн А.М т холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг үүсгэж, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 14 хоногоор сунгуулах хүсэлт[8]-ийг эрх бүхий удирдах албан тушаалтанд гаргаснаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 14 хоногоор сунгасан байна[9].

Нэхэмжлэгч талаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 5 хоногоор хугацаа хэтрүүлж сунгасан нь хууль зөрчсөн гэж маргаж байгаа боловч 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хуульд заасан 14 хоногийн хугацааг тооцоход 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусч байх тул хариуцагчийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

Хоёр. Хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр [email protected] хаягаас зөрчлийн хэрэг нээсэн шийдвэр /5 хуудас материал/-ийг [email protected] хаягаар нэхэмжлэгчид хүргүүлсэн[10] байх бөгөөд нэхэмжлэгчээс Зон олны намын бага хурлын тогтоол, намын зардлын тайлан зэргийг хавсарган өөрийн тайлбараа хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хариуцагч хуульд заасны дагуу хийж гүйцэтгэсэн гэж үзнэ.

Харин хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно”,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэснийг тус тус зөрчиж, оролцогчийн баримт бичигтэй танилцах эрхийг хангаагүй, зөрчлийн хэргийн материалтай танилцах хугацаа олгоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь: Хариуцагч нэхэмжлэгчийн дээрх хаягаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цаг 05 минутад  “холбогдогчид эрх үүрэг танилцуулсан тогтоол”[11], “2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн тэмдэглэл[12]” зэрэг 2 хуудас материалыг хүргүүлсэн талаар цахим шуудангийн баримт[13]-д тусгагдсан байх бөгөөд дээрх хоёр баримтаас өөр баримт бичиг /зөрчлийн хэргийн материал/ хүргүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.

Монгол улсад цар тахал Ковид-19 халдвар дэгдсэнээс шалтгаалан Улаанбаатар хот болон орон нутагт зорчих хөдөлгөөн хааж, хөл хорио тогтоосон үед хэргийн холбогдогч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдалтай холбогдуулан зөрчлийн хэрэг материалыг цахим шуудангаар холбогдогчид танилцуулах, эсхүл шуудан холбооны тусламжтайгаар баримт материалыг хүргүүлж, танилцах боломжит хугацааг олгохгүйгээр мөн өдөр /2021 оны 01 дүгээр сарын 22/-ийн 12 цаг 24 минутад буюу өмнөх баримтуудыг явуулснаас хойш 19 минутын дараа шийтгэл оногдуулсан “ШИЙТГЭЛИЙН ХУУДАС”-ыг хүргүүлсэн[14] нь холбогдогч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчид хуулиар олгогдсон эрхээ эдлэх, баримт бичигтэй танилцах эрхийг нь хангахгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзнэ.  

Хариуцагчаас шийтгэлийн хуудас гарахаас өмнө хэргийн материалтай Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу холбогдогчид цахим хаягаар нь хүргүүлж, танилцуулсан гэх тайлбар нь зөрчлийн хэргийн материалд авагдсан баримт болон нэхэмжлэгчийн цахим хаягаар явуулсан шуудангийн баримт зэргээр үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн “2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр” гэх огноо бүхий “Хэргийн материалыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай” тэмдэглэл[15]-гэх баримтаас харахад зөрчлийн хэргийн материалыг холбогдогч А.М т бус, хохирогчид танилцуулсан гэж ойлгохоор байна.

Гэвч зөрчлийн хэргийн хохирогч хэн болох нь тодорхойгүй бөгөөд уг баримтын “ТАНИЛЦСАН” гэх хэсэгт “...А.М ” гэж бичсэн байгаа нь ойлгомжгүй байна.

Зөрчлийн хэргийн эх материалд авагдсан тэмдэглэл, цахим шуудангийн баримт зэргээс харахад тус хэргийн материалыг холбогдогчид танилцуулалгүйгээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолыг хөндсөн гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э гийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0175561 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, Монгол улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг тус тус баримтлан А.М ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0175561 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар 5 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.МӨНХЖАРГАЛ