Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/696

 

 

 

   2022        08         30                                   2022/ШЦТ/696

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Б.Батцэцэг,

Шүүгдэгч Ц.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агуут овогт ЦЭд холбогдох эрүүгийн 2211 00997 1366 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Агуут овогт ЦЭ, регистрийн дугаар ....................................................,

Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Домбоско” коллежийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 48 дугаар гудамжны 1030 тоотод оршин суух,

Урьд: 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/1650 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

- 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан ба ял бүрэн биелэгдсэн,  хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч ЦЭ нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Х.Хулангийн эсрэг бие махбодод халдаж зодох үйлдлийн аргаар 2022 оны 01 дүгээр сард, 2022 оны 05 дугаар сард, 2022 оны 06 дугаар сард буюу байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, сүүлчийн үйлдэл нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 77 дугаар гудамжны 1066 тоот хашаанд байх бусдын эзэмшлийн орон байранд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шөнийн 22 цагийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр төгссөн,

-мөн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 77 дугаар гудамжны 1066 тоот хашаанд байх бусдын эзэмшлийн орон байранд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шөнийн 22 цагийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Х.Хулангийн эсрэг зодох үйлдлийн аргаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэнд нь “баруун нүдний алим, хүзүүний баруун доод хоёр эрээн булчин, цээж, хэвлийн хажуу хананд цус хуралтууд, зүүн гуяанд хатгагдсан шарх гэмтэл бүхий" хөнгөн хохирол санаатай учруулсан,

-мөн тухайн цаг хугацаанд үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Б.Хишигжаргалын биед гараараа цохих үйлдлийн аргаар халдаж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимын доргилт, доод зовхи, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Одоо гагнуурчны мэргэжлээр суралцдаг.Гэм буруу хүлээн зөвшөөрч байгаа, ямар нэгэн маргаан байхгүй...” гэв.

Хохирогч Х.Хулан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй-асуултанд хариулна гэсэн болно.” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Х.ХулангийнБи Ц.Э гэх хүнтэй 2021 оны 07 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа. 2020 оны 05 дугаар сарын 19-д бил үү 20-ны өдөр он, сарыг сайн санахгүй байна. Орой 20 цагийн үед хадам аавын гэр болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 48 дугаар гудамжны 1030 тоотод 2 сартай хүү Энгүүн, нөхөр Ц.Эийн хамт бид гурав байж байтал хүүхдээ асарсангүй гээд Ц.Э миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод, миний гуя руу нэг удаа өшиглөсөн. Үүнээс хойш 7-8 хоногийн дараа ээж Б.Хишигжаргалын гэр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоот 77 дугаар гудамжны 1066 тоотод Ц.Эийн хамт ирж амьдарч байсан ба 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед нөхөр Ц.Э, 2 сартай хүү Энгүүн, 7 настай Уламбаяр, 5 настай Отгонбаяр, төрсөн ээж Б.Хишигжаргал нарын хамт байшинд байсан ба хоёр давхарт нөхөр Ц.Э, 2 сартай хүү Энгүүний хамт байж байтал ээж Б.Хишигжаргал нэг давхраас 1 ширхэг лууван, сонгино дэлгүүрээс аваад ирлээ гээд орилоод байсан. Тэгсэн чинь Ц.Э гэр лүүгээ явъя гэхээр нь би явахгүй гэсэн чинь Ц.Э уурлаад гараа зангидаж байгаад нэг удаа миний дух руу нэг удаа цохисон. Энэ үед ээж Б.Хишигжаргал дэгээ барьж орж ирээд яагаад хүүхэд зодоод байгаа юм гээд Ц.Эийг нуруу хэсэгт нь 2 удаа дэгээгээр цохиод байсан чинь Ц.Э уурлаад ээж Б.Хишигжаргалын зүүн нүдэнд гараараа нэг удаа цохичхоод 2 сартай Энгүүнийг аваад гэрээс гараад явсан ... 2022 оны 01 сард хэзээ гэдгийг санахгүй байна, би жирэмсэн 7 сартай хадам аавын гэр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48 дугаар гудамжны 1030 тоотод Ц.Э намайг үгэнд орохгүй байна уруул руу нэг удаа цохиж байсан. Энэ үед бид хоёроос өөр хүн байгаагүй ... цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

Хохирогч Б.Хишигжаргалын: “2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 77-1066 тоотод байх гэртээ охин Хулан, зээ хүү Энгүүн /4 сартай/ хүргэн хүү Энхтөгс, тэгээд манай 5-7 насны 2 хүүгийн хамт байсан юм. Тэр өдөр би 1 давхарт байх өрөөндөө хоол хийгээд байж байтал 2 давхарын өрөөнөөс манай охин Хулан уйлаад байсан ба Хулан орилоод түс тас чимээ гараад Хулан, Энхтөгс хоёр маргалдаад байсан юм. Тэгэхээр нь би санаа зовоод 2 давхарын өрөө рүү ороход Энхтөгс Хулангийн нүүр болон толгой руу гараараа 2 удаа цохиод Хулан уйлаад байж байсан. Тэгэхээр нь би охин Хуланг өмөөрөөд “яагаад хүүхэд зодоод байгаан чи” гээд уурласан чинь Энхтөгс миний нүд рүү гараараа цохихоор нь би уур хүрээд галын шилээвэр төмөр аваад Энхтөгсийн нуруу руу цохисон чинь Энхтөгс намайг түлхэж унагаагаад миний нүүр лүү мөргөчихсөн. Тэгээд би толгой манараад газарт суугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь Энхтөгс хүүгээ аваад гэрээс гараад явчихсан юм ...2022 оны 05 дугаар сард Энхтөгс Хуланг цохиод нүдийг нь хөхрүүлсэн байсан. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй ...Хааяадаа манай охины бие хаа хөхөрчихсөн л явдаг байсан. Хулан өөрөө энэ талаараа надад хэлдэггүй болохоор нарийн асуудлыг бас сайн мэдэхгүй байна ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

Хохирогч Б.Хишигжаргалын гэрчээр өгсөн: “...2021 оны 05 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа, одоо дундаасаа хоёр сартай хүүхэдтэй ...дээд давхраас эхлээд 2 сартай зээ хүү маань уйлаад, араас нь охин Хулан муухай орилохоор нь гүйгээд очтол Энхтөгс Хуланг зодож байсан, би охиноо өмөөртөл би энэ хоёрыгоо авч явна гэснээ миний зүүн шанаа руу гараараа цохиод байсан ... урьд нь надтай нэг удаа муудалцаж зодож байсан, манай охиныг зодож байхыг харж байгаагүй, гэхдээ охинтойгоо уулзахад нүүр нүд нь хөхөрсөн байдалтай байдаг ... тухайн үед намайг 2 давхар луу гарахад манай охин орон дээр нүүрээ хоёр гараараа дарчихсан Энхтөгс гараа зангидчихсан нүүрэн тус газар нь цохиод байсан, 2-3 удаа цохиж байсан, удаагүй манай охины дух хэсэгт хавдчихсан байсан ..., ...миний нүд, зүүн шанаа руу 2 удаа гараараа цохичхоод нэг давхар луу буусан, ...биеийн зүүн нүд, шанаа хавдчихсан байсан, ...Энхтөгсийн гэр болох Чингэлтэйд манай охин Хулан очоод ирэхдээ зодуулчихаад ирдэг, хэзээ, хэдэн удаа гэдгийг сайн санахгүй байна, 4-5 удаа ийм асуудал болсон. Хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сарын 21-ээс 22-ны өдөр гэж бодож байна, 17 цагийн үед Хайлааст хэсэгт байх гэрээс Энхтөгс ирээд охин Х.Хуланг хүүхдээ ирж аваад Чингэлтэйд байх гэр лүүгээ аваачиж охин тэнд 2-3 хоног хоночихоод ирсэн чинь Хулангийн баруун нүд нь хөхрөөд хавдчихсан цус хурчихсан байсан ба Энхтөгс хүүхдээ харсангүй гэх шалтгаанаар зодсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8138 дугаартай дүгнэлтэнд: “Х.Хулангийн биед баруун нүдний алим, хүзүүний баруун дор хоёр эрээн булчин, цээж, хэвлийн хажуу хананд цус хуралтууд, зүүн гуяанд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ба үзүүртэй зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь өөр өөр цаг хугацаанд буюу 1-6 хоногийн өмнө үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8136 дугаартай дүгнэлтэнд: “Б.Хишигжаргалд зүүн нүдний алимын доргилт, доод зовхи, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь 1 хоногийн өмнө үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч А.Сэр- Одын бичсэн: “...Хишигжаргал гэгчтэй уулзахад, 3 хүүхдийн хамт гэртээ байсан, хүргэн намайг болон охин Хуланг цохиод 2 сартай хүүхдээ аваад явчихлаа гэв. Хишигжаргал, Хулан нарын дух, шанаа хавдсан байдалтай байсан. ...Энхтөгс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх илтгэх хуудас /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд “...аюулгүйн зэргийн үнэлгээ бага” гэх баримт /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,

Шүүгдэгч Ц.Эийн “Би 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 77-1066 тоотод байх хадам ээж Хишигжаргалын гэрт эхнэр Хулан болон өөрийн хүү /4 сартай/ дүү нарын хамтаар байсан. Тэгээд би эхнэрийн хамт гэрийнхээ 2 давхарт байж байгаад хүүхэд асрах асуудлаас болоод хоорондоо маргалдсан юм. Тэгээд би уур хүрээд тухайн үедээ Хулангийн хацар луу гараараа цохичихоод өшиглөсөн юм. Тэгсэн чинь хадам ээж Хишигжаргал 1 давхараас гарч ирээд “чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаан гээд миний нуруу руу цохиод байхаар нь би уур хүрээд хадам ээжийг хана руу түлхээд нүүр хэсэг рүү мөргөчихөөд би хүүгээ аваад өөрийн гэр лүүгээ явсан юм. Тэгээд гэртээ хариад байж байхад манайд цагдаагийнхан ирээд намайг аваад явсан  ... 2022 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 48-1030 тоотод байх гэртээ байхдаа Хулантай маргалдаад Хулангийн нүүр лүү нэг удаа алгадаж байсан. 2022 оны 5 дугаар сарын сүүлээр бид хоёр хоорондоо маргалдаад тэгээд би Хулангийн нүүр лүү 1 удаа цохиж байсан юм ...бусдын биед гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 48-62, 64-68 дугаар тал/ 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 723 дугаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /хавтаст хэргийн 69-71 дүгээр тал/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолууд /хавтаст хэргийн 73-74 дүгээр тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Цасчихэрийн Энхтөгс нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Х.Хулангийн эсрэг бие махбодод халдаж зодох үйлдлийн аргаар 2022 оны 01 дүгээр сард, 2022 оны 05 дугаар сард, 2022 оны 06 дугаар сард буюу байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, сүүлчийн үйлдэл нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 77 дугаар гудамжны 1066 тоот хашаанд байх бусдын эзэмшлийн орон байранд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шөнийн 22 цагийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр төгссөн,

-мөн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 77 дугаар гудамжны 1066 тоот хашаанд байх бусдын эзэмшлийн орон байранд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шөнийн 22 цагийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Х.Хулангийн эсрэг зодох үйлдлийн аргаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэнд нь “баруун нүдний алим, хүзүүний баруун доод хоёр эрээн булчин, цээж, хэвлийн хажуу хананд цус хуралтууд, зүүн гуяанд хатгагдсан шарх гэмтэл бүхий" хөнгөн хохирол санаатай учруулсан,

-мөн тухайн цаг хугацаанд үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Б.Хишигжаргалын биед гараараа цохих үйлдлийн аргаар халдаж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимын доргилт, доод зовхи, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Х.Хулангийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/, хохирогч Б.Хишигжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/, хохирогч Б.Хишигжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 24-25 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8138 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8136 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч А.Сэр- Одын бичсэн илтгэх хуудас /хавтаст хэргийн 6 дугаар тал/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд “...аюулгүйн зэргийн үнэлгээ бага” гэх баримт /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хамтран амьдрагчаа байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэсэн хүндрүүлэх шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 Тухайлбал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн хуулийн үйлчлэлд хамаарах ... хүний бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульд заасан.

Шүүгдэгч Ц.Э болон хохирогч нар нь дээрх хуульд зааснаар хамтран амьдрагч бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна.

Мөн бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субьект тул шүүгдэгч Ц.Эийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу хамтран амьдрагч Х.Хуланг байнга буюу 3 ба түүнээс удаа зодсон, зодсоны улмаас хамтран амьдрагч Х.Хулангийн биед “баруун нүдний алим, хүзүүний баруун дор хоёр эрээн булчин, цээж, хэвлийн хажуу хананд цус хуралтууд, зүүн гуяанд хатгагдсан шарх гэмтлийг,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч /хадам ээж/ Б.Хишигжаргалын биед халдаж байсан, мөн биед зүүн нүдний алимын доргилт, доод зовхи, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан шүүгдэгчийн үйлдлүүдийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хамтран амьдрагч Х.Хулан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Хишигжаргал нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ц.Эийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  заасныг тус тус журамлан нийтэд тустай ажил хийлгэх найман цагийн ялыг хорих ялын 1 хоногийн хорих ялаар сольж, 40 хоног тооцон хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

шүүгдэгч Ц.Э нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч Ц.Эөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, улсын яллагчийн санал, дүгнэлт/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Эөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасан болно.

Мөн шүүгдэгч Ц.Э нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зорчих хязгаарлалт тогтоосон нь;

шүүгдэгч Ц.Эийн хувьд дүүрэг хоорондын нутаг дэвсгэрээс гарахгүй  байх нь түүний ажил хөдөлмөр эрхлэх, сурах, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах зэрэг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан үндсэн эрхийг хөндөхгүй байхаар шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн хийх гэж буй бусад ажил, хөдөлмөрөө тодорхой болгон ажил, оршин суух газрынхаа хооронд  явах маршрут тогтоолгож болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Х.Хулан, Б.Хишигжаргал нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүд /хх-ийн 96, 98 дугаар тал/-ээ тус тус бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Агуут овогт ЦЭийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хамтран амьдрагчаа байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Эөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.

5. Шүүгдэгч Ц.Э нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зорчих хязгаарлалт тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ