Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2018/01927

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 25 өдөр

       Дугаар 184/ШШ2018/01927                                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж,

 

Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: холбогдох

 

Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Дэнж хотхоны 54-р байрны 30 тоот, 39,6 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрбаяр, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн, гэрч Н.Галхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түвшинжаргал нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие О.Бтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Дэнж хотхоны 54 дүгээр байрны 30 тоот 39.6 м.кв 1 өрөө орон сууцныг 1 м.кв 1.000.000 төгрөгөөр тооцож, 20.000.000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн 20.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж дуусгасан. Анх миний төрсөн хүү С.Дэлгэрбаярт ашиглалтад ороогүй барилгаас авах 50 м.кв талбайг зарж өгөхийг гуйсан байсан. Миний хүү танилын хүрээгээр дамжуулан Мөнхцэцэг захиралтай STA ХХК-д худалдан борлуулахаар болж тэдгээрийг хооронд нь уулзуулж, гэрээ хэлцлийг хийхэд нь зуучилсан.О.Б нь уг ашиглалтад ороогүй талбайгаа 4 дүгээр байр, 1 автомашин оролцуулж худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэхдээ тухайн 50 м.кв талбайн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсаны дараагаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн нэрийг шилжүүлэхээр гэрээ байгуулсан О.Б нь миний хүүд зуучилж өгсөн нь баярлаж, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Дэнж хотхоны 54 дүгээр байрны 30 тоот 39.6 м.кв 1 өрөө орон сууцыг бэлэглэх санал тавьсан байсан. Үүнийг илэрхийлж STA ХХК-тай байгуулсан гэрээнд дээрх орон сууцыг иргэн Д.Сд шилжүүлж өгнө гэж бичсэн байсан. Байртай болох талаар хүүг хэлэхэд нь би хэдийгээр талбайг зарж өгч урамшуулалд авч байгаа ч гэсэн хүний юмыг зүгээр авч болохгүй гэж хэлсэн. Энэ талаар хүү О.Бт хэлэхэд 1 м.кв талбайг 1.000.000 төгрөгт бодоход 40.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 20.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 20.000.000 төгрөгийг хувааж өгч дуусгасан. 2017 онд Сөүл плаза албан ёсоор ашиглалтад ороод О.Бын 50 м.кв талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2017 оны сүүлээр гарч дээр хийгдсэн гэрээний дагуу худалдан авагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлж үл хөдлөх хөрөнгө болон машиныг шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл О.Б  үл хөдлөх эд хөрөнгийн өөрийн нэр дээр бус төрсөн дүү О.Намжилмаагийн нэр дээр шилжүүлж авсан байсныг сая мэдсэн. Миний хүү С.Дэлгэрбаяр нь энэ талаар мэдээд яагаад тохирсон ёсоор миний аавын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлээгүй талаар О.Бтай гэр нь очиж уулзахад тухайн үед найз нь хямд өгсөн байна. Хэрэв аавынхаа нэр дээр шилжүүлж авна гэвэл мөнгө нэмж өг гэсэн шаардлага тавьсан байсан. 74 нас хүрч байгаа миний хувьд О.Б гэх залууд итгэж, тохиролцсоны дагуу 40.000.000 төгрөг сөг. Уг байранд өдийг хүртэл хүүтэйгээр хамт 3 жил амьдарч байна. Иймд Д.С намайг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Дэнжийн хотхоны 54 дүгээр байрны 30 тоотод 39.6 м.кв, 1 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Бын хүсэлтийн дагуу түүний өмч болох 50 м.кв талбайг зарж өгөөч, урамшуулалаа чи аваарай гэж хэлсэн. Үүний даргуу би найздаа туслъя гэж бодоод мөн шагнал урамшуулал яригдсан учраас би өөрийн танил хүн болох Эс Ти компанийн менежерээр дамжуулан уг талбайг зарах хүсэлт тавьж борлуулсан. О.Б надад хамгийн бага талбайтай байраас чамд нэг байр өгье гэж хэлсэн. Үүнийг би аавдаа хэлэхэд тодорхой хэмжээний үнэ хямдруулж авахаас үнэгүй авч болхгүй гэж хэлсэн. Бид харилцан тохиролцож 1 м.кв талбайн үнийг 1.000.000 төгрөгөөр тооцож, Д.Сүрэнхүгийн нэр дээр шилжүүлж авахаар үл хөдлөх гэрээнд тусгасан. Бидний хооронд зуучлалын гэрээ хийгдээгүй нь би О.Баятбаярт итгэсэн. Аав маань О.Бт 40.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг бэлнээр О.Б өгсөн нь түүнийг гарын үсэг байгаа. 3 жилийн дараа худалдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахад О.Б худалдаж авсан байраа өөрийн дүү О.Намжилмаагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. О.Бын 3 байр О.Намжилмаагийн нэр дээр шилжсэн байдаг. О.Б байрны ордер гарахад би байрын чамд хямд үнээр өгсөн байна гэж хэлсэн. Бид байрны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч талаас 30.000.000 төгрөгт маргаагүй. Хэлцэл хийсэн гэх нь тодорхойгүй. Хариуцагч О.Б, Д.Сгийн өмнө үүрэг хүлээгээгүй. Хямд тохиролцоо байлаа ч гэсэн энэхүү мөнгийг эргүүлж төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. 40.000.000 төгрөгийг худалдах, худалдан авахаар гэрээгээр шилжсэн боловч хэлцэлийн үр дагавар бий болоогүй. Иймд хуульд заасан үндэслэлээр өгч авалцсан зүйлээ харилцан буцааж өгч авах үр дагавар үүснэ. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дүнд шилжүүлж өгч, авалцсан эд зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Хэрэв О.Баас өмчлөх эрх шаардаж байвал өмчийн эзэн биш байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Намжилмаагаас шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь Д.С гэх хүнийг огч танихгүй бөгөөд өөрийн төрсөн ах О.Баас маргаж буй Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Дэнжийн хотхоны 54 дүгээр байрны 30 тоотод 39.6 м.кв, 1 өрөө орон сууцыг хууль ёсоор шилжүүлэн авч өмчлөх эрхтэй болсон бөгөөд Д.С нарт хамааргүй, ах О.Бтай өөр хэлцэл тохиролцоотой, миний өмчлөх эрх хуулиар баталгаажсан, хууль зөрчиж уг орон сууцыг өмчилж авсан зүйлгүй. Дээрх нэхэмжлэл нь надад хамааралгүй байх тул намайг гуравдагч этгээдээр оролцуулсаныг зөвшөөрөхгүй татгалзаж байна. Би өөрийн өмчлөх эрхийн дагуу уг байрыг ББСБ-ын барьцаанд тавьж зээл авч хэрэглэж байгаа бөгөөд ББСБ болон бидний хооронд хийгдсэн хэлцэл нь Д.Сд хамааралгүй болно. Иймд иргэн Д.Сгийн нэхэмжлэлтэй хэрэгт миний бие ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, хууль ёсны өмчлөг байхад миний өмчлөх эрхэд халдаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль бус гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар миний өмчлөх эрхийн асуудлыг уг нэхэмжлэлээр шийдвэрлэхгүй гэж үзэж байна гэв.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч О.Бт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Дэнж хотхоны 54-р байрны 30 тоот, 39,6 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд талуудын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр О.Намжилмааг татан оролцуулсан байна.

 

Нэхэмжлэгч талаас ...2015 оны 7 сарын 27-ны өдөр урамшуулал буюу хөнгөлөлттэй үнээр 40,0 сая төгрөгөөр маргаж буй орон сууцыг худалдаж авахаар харилцан тохиролцож мөнгийг бүрэн шилжүүлсэн боловч байрны эзэмших эрхийг дүүгийнхээ нэр лүү шилжүүлсэн. Бид байрандаа ороод 2 жил болж байна, хариуцагч бидний нэр лүү шилжүүлэх үүргээ биелүүлэгүй тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж, хариуцагч талаас ...би энэ байрны өмчлөгч биш, тиймээс хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй, нөгөө талаар байрыг худалдах худалдан авах хэлцлээр шилжүүлэх байсан боловч үр дагавар үүсээгүй, хэлцлээ биелүүлээгүй учир мөнгийг буцаан өгөхөд татгалзахгүй гэж, гуравдагч этгээдээс ...миний өмчлөх эрхэд халдаж байгаа нь үндэслэлгүй юм. Би хууль ёсны дагуу ахаасаа энэ байрыг шилжүүлж авсан гэж тус тус тайлбар гарган маргадаг.

 

Талуудын хооронд Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Дэнж хотхоны 54-р байрны 30 тоот, 39,6 м.кв 1 өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэх үйл баримтын талаар маргадаггүй бөгөөд ажлын хөлс, урамшуулал, бэлэглэл гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас гаргадаг ч хариуцагч талаас дээрх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг, нэхэмжлэгч талаас уг орон сууцны үнийг төлөх үүрэг тус тус хүлээсэн болох нь талуудын тайлбар, мөнгө төлж байсан банкны баримт, гар бичмэл, “Сөүл плаза” барилгын худалдах худалдан авах гэрээ зэргээр нотлогдож байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн ...миний хүү С.Дэлгэрбаяр өөрийн найз О.Бт барилга зарж өгөхөд нь тусалсан ба тэрээр талархал, урамшуулал болгож орон сууц бэлэглэе гэж тохиролцсон байсныг хүнээс зүгээр юу гэж авах бэ гээд 40,0 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон гэх тайлбар, уг тайлбарыг үгүйсгээгүй хариуцагч талын тайлбар, үйл баримтаас үзэхэд амаар тохиролцсон худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн эрхийн зөрчилгүй орон сууц шилжүүлэх үүргээ хариуцагч О.Б биелүүлээгүй асуудал, маргаан үүссэн хэдий ч тухайн орон сууцны өмчлөх эрх одоо О.Намжилмаагийн нэр дээр бүртгэлтэй болох нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон талуудын тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан бөгөөд дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч Д.С нь тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй хэдий ч Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигчээс шаардах эрхгүй.

 

Гуравдагч этгээд О.Намжилмааг хууль бусаар орон сууцыг шилжүүлж авсан, шударга бус эзэмшигч гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд тухайн үйл баримт буюу О.Баас О.Намжилмаад хууль бусаар шилжүүлсэн гэх тайлбартай холбоотой шаардлагыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаагүй болно.

 

Иймд маргаж буй байрны өмчлөгч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох О.Намжилмаа, тэрээр шударга бус эзэмшигч болох нь тогтоогдоогүй, мөн худалдах худалдан авах гэрээний тал болох гэрээний зүйлийн өмчлөгч, худалдагч, худалдан авагч хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээгээр талууд гэрээний төлбөрт тооцсон бартерын орон сууцыг Д.Сд шилжүүлэх үүрэгтэй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байгаа үндэслэлээр нэхэмжлэгч Д.С нь хариуцагч О.Бт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Дэнж хотхоны 54-р байрны 30 тоот, 39,6 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хуулийн үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч Д.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 367,960төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүхийн энэ шийдвэр нь холбогдох этгээдээс орон сууцны өмчлөл, орон сууц эзэмших эрхтэй гэх хэлцлээс үүссэн хохирлын талаар болон гэрээний үүргийн талаар шаардлага гаргахад саад болохгүйг тэмдэглэж байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Бт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Дэнж хотхоны 54-р байрны 30 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.Сгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 367,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.АМИН-ЭРДЭНЭ