Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2018/02426

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 01 өдөр                           Дугаар102/ШШ2018/02426                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 101 тоотод оршин суух, 40 настай, эмэгтэй, Дарьганга овогт Б.Эн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны 173 тоотод оршин суух, эрэгтэй, 71 настай, Нуурын овогт Д.А-д холбогдох,

            Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,503,254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ариунзул, хариуцагч Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

            Би 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр автын осолд орж машинд мөргүүлэн хүндэвтэр гэмтэл авсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2018/ШЦТ/11 дугаарын шийтгэх тогтоолоор жолооч Д.Аыг гэм буруутайд тооцож, цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг маань нээлттэй үлдээсэн. Осолд орох үед би “Батбайгаль” ХХК-д тогоочийн ажил хийж байсан, одоо ч хийж байгаа. Ослоос болж гэмтээд 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 52 хоног эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтсэн, мөн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 15 хоног Хужирт сувилалд эмчилгээнд явж, нийт 67 хоног ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй. Миний хоногийн цалин 33,300 төгрөг, ажилгүй байсан 67 хоногийн цалин нийт 2,231,100 төгрөг болж байгаа бөгөөд, үүнээс 348,046 төгрөгийн лист нийгмийн даатгалаас авсан тул үүнийг хасаад, 1,883,054 төгрөг болж байна. Эрүүгийн шүүх хурлаас хойш эмчилгээний зардалд нийт 475,200 төгрөг гарсан. Ажилгүй байсан үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага төлөөгүй тул миний бие 145,000 төгрөгийг өөрөө төлснийг хариуцагчаас шаардаж байна. Одоо би байнга гар хөл өвддөг, цаашид дахин эмчилгээ сувилал хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд, удаан зогсч чадахгүй, хүнд юм өргөж чадахгүй болсон. 2017 оны 12 сараас эхлэн миний сарын цалин 650,000 болж нэмэгдсэн. Нийгмийн даатгалын дэвтэртээ цалинг 500,000 төгрөг байхаар бичүүлж, тасалдуулахгүйн тулд цалин аваагүй ч бичилт хийлгэхээр ажил олгогчтойгоо тохиролцсон юм. Нийгмийн даатгалд төлсөн 145,000 төгрөгийг ажил олгогчийн зүгээс намайг төл гэсэн учраас би өөрөө төлсөн. Тийм болохоор хариуцагч үүнийг хариуцах нь зөв гэж үзэж байна. 2018 оны 1 сараас эхлэн чөлөө авсан 3 дугаар сар хүртэл хугацаанд ажил олгогчоос цалингаа авч эхэлсэн бөгөөд, бодит цалингийн хэмжээ нь нотлох баримтаар өгсөн банкны харилцах дансны хуулгаас харагдана. Иймд Д.Ааас эмчилгээний зардал 475,200 төгрөг, нийгмийн даатгалд төлсөн 145,000 төгрөг, ажилгүй байсан үеийн цалин 1,883,054 төгрөг, нийт 2,503,254 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Д.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 22.00-23.00 цагийн үед Баянзүрх дүүрэг, Хууль сахиулахын их сургуулийн урд талын замын гарцаар гарч байсан явган хүмүүсийг хүлээж байгаад гарч дуусмагц хөдлөхөд нэг хүн гэнэт гүйж гарч ирээд мөргүүлсэн нь Б.Э байсан. Энэ зам тээврийн ослоос болж нэхэмжлэгчийн биед хүндэвтэр гэмтэл учирч, гарны шууны яс нь хугарч гэмтсэн бөгөөд энэ үйл явдалд би гэмшиж байгаа. Энэ асуудлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүх хянаад 11 дугаар шийтгэх тогтоолоор надад торгох ял оногдуулсныг би хугацаанд нь барагдуулсан. Би Б.Эд бүх боломжийнхоо хэрээр туслалцаа үзүүлсэн ба гэрт нь 7 удаа эргэж очсон, эмчилгээ шинжилгээний зардлыг үндсэндээ бүгдийг бүрэн хариуцсан, хохирлыг нь бүрэн барагдуулсан, нийт 9 удаа унаагаар үйлчилж, ажлын газраасаа ЗЦГазарт ирж мэдүүлэг өгөхөд нь таксины хөлс 4000 төгрөг нэг удаа өгч байсан. Тухайн үед гарсан эмчилгээ, шинжилгээний үед гаргасан 478,733 төгрөгийн зардлын 410,000 төгрөгийг би төлсөн. Компьютер томографид харуулсан, рентген зураг авахуулсан, эм, боолт авсан зэрэг мөнгөн баримтуудыг Б.Эын хүсэлтээр бүгдийг нь өгсөн. Мөн 2017 оны 10 дугаар сарын 18-нд түүнийг цалингаа аваагүй, мөнгө хэрэгтэй байна гэхэд нь 400,000 төгрөг, 28-нд банкны зээл төлнө гэхэд нь 150,000 төгрөг, 11 сарын эхээр автобусны мөнгөгүй боллоо, мөнгө хэрэгтэй байна гэхэд нь 100,000 төгрөгийг түүний Голомт банкны дансанд шилжүүлж өгсөн. Энэ мэтээр нийт 1,060,000 төгрөгийг миний зүгээс зарцуулсан байна. Одоо надаас нэхэж байгаа нэхэмжлэлээс сувилалд явж эмчлүүлсэн гэх 475,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин ослоос болж ажилгүй байсан хугацааны цалингийн хувьд арай их мөнгөний тооцоо гарсан байна. Ажлын газраас гаргасан өдрийн 33,300 төгрөг гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтийг л үндэслэн нэхэмжлэгчийн цалин хөлс, орлогыг тооцох ёстой гэж бодож байна. Түүнчлэн, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 145,000 төгрөгийг Нийгмийн даатгалын тухай хуулиараа би биш, харин түүний ажилдаг байгууллага нь төлөх ёстой байх. Миний бие тэтгэвэрт байдаг, тэтгэврээс өөр орлогогүй бөгөөд, хамгийн гол нь энэ хүн ослоос шалтгаалан тахир дутуу болж үлдсэн зүйл байхгүй, хөдөлмөрийн чадвар нь алдагдаагүй, одоо ажил хөдөлмөрөө хэвийн эрхэлж байгааг харгалзан үзнэ үү гэв.

            Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Э нь зам тээврийн ослын улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, ажилгүй байсан хугацааны цалин болон бусад зардал бүхий нийт 2,503,254 төгрөгийг хариуцагч Д.Ааас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.А нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд зарцуулсан 475,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагаас “ажилгүй байсан үеийн цалинг нэхэмжлэгч хэт өндрөөр үнэлсэн бөгөөд, нийгмийн даатгалын газарт төлсөн гэх 145,000 төгрөгийг түүний ажил олгогч хариуцах учир хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг томилон, хурлын товыг мэдэгдсэн боловч, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд, зохигчдын зүгээс шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчгүйгээр үргэлжлүүлэх санал гаргасны дагуу иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2017 оны 9 дүгээр сарын 29-ний орой 22.00 цагийн үед хариуцагч Д.А нь өөрийн эзэмшлийн Ниссан Тино маркийн 21-83 УБЦ улсын дугаартай автомашинаар Баянзүрх дүүрэг, Хууль сахиулахын их сургуулийн урд замд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байгаад, явган хүний гарцаар гарч байсан нэхэмжлэгч Б.Эыг мөргөсний улмаас биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь зохигчдын тайлбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2018/ШЦТ/11 тоот Шийтгэх тогтоол, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдох бөгөөд, зохигчид энэ талаар маргаагүй, хариуцагч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

Ослын улмаас нэхэмжлэгч Б.Э 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 52 хоног, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 15 хоног буюу нийт 67 хоног эмчилгээ, сувилгаа хийлгэн ажил хөдөлмөр эрхлээгүй ба, сувиллын зардалд 475,200 төгрөг зарцуулсан болох нь түүний ажил олгогч “Батбайгаль” ХХК-ийн тодорхойлолт, Амбулториор эмчлүүлэгсдийн карт, “Хужирт рашаан сувилал” ХХК-ийн төлбөрийн баримт, эмчилгээний дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч Б.Э эмчилгээ хийлгэх хугацаандаа тогоочийн ажлаасаа түр чөлөөлөгдөн, түүнд энэ хугацааны цалин олгогдоогүй байх бөгөөд, эхний 42 хоногт хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 348,046 төгрөгийг Нийгмийн даатгалын газраас авсан байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Д.Ааас ажиллаагүй хугацааны цалин болон эмчилгээ, сувилгаа хийлгэсний зардлаа шаардах эрхтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Э нь ажиллаагүй хугацааны цалингаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 348,046 төгрөгийг хассан боловч, цалинг өдрийн 33,300 төгрөгөөр буюу буруу тооцоолж, илүү шаардсан байна.

Авто осол болсон 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Б.Эын сарын үндсэн цалин 500,000 төгрөг байсан бол, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 650,000 төгрөг болж нэмэгдсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан “Батбайгаль” ХХК-ийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдоно.

Б.Эын ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тооцоход: 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх ажиллаагүй 52 хоногт өдрийн дундаж цалин 23,256 төгрөг (500,000 төгрөг ч 21,5 өдөр), нийт 1,209,312 төгрөг болох ба, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажиллаагүй 15 хоногт өдрийн дундаж цалин 30,232 төгрөг (650,000 төгрөг ч 21,5 өдөр), нийт 453,488 төгрөг болж, ажилгүй байсан хугацааны нийт цалин 1,662,800 төгрөгөөс нэхэмжлэгч Б.Эын Нийгмийн даатгалын газраас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 348,046 төгрөг авсныг хасч тооцон 1,314,754 төгрөгийг хариуцагч Д.Ааас шаардах эрхтэй бөгөөд цалинд илүү нэхэмжилсэн 568,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрдэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн, 2017 оны 10 дугаар сард ажил олгогч “Батбайгаль” ХХК нь Б.Эын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас байгууллагадаа төлсөн 145,000 төгрөгийг хариуцагч Д.Ааас шаардсан нь хуульд нийцэхгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч нь сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй учир нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хариуцагч хүлээх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 713,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1,789,954 төгрөгийг хариуцагч Д.Ааас гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан шаардлага буюу 1,789,954 төгрөгт төлвөл зохих 43,589 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хариуцагч Д.Ааас гаргуулан улсын төсвийн орлогод оруулвал зохино.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ааас 1,789,954 /нэг сая долоон зуун наян есөн мянга есөн зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 713,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ааас 43,589 төгрөг гаргуулан улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтэс, данс 2602002965/-т оруулсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА

          ШҮҮГЧИД                              Б.АЗБАЯР

                                                             М.МӨНХТӨР