Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2018/00099/И |
Дугаар | 00164 |
Огноо | 2018-06-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 00164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгийн /MNE0002, утас: 70367220/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1991 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, * тоотод оршин суух, /*, утас: */ Боржигон овогт Болорсайханы Хд холбогдох
“Мэргэжил эзэмших сургалтанд суралцагчтай байгуулсан гэрээ”-ний үүрэгт 2797710 төгрөг гаргуулах тухай болон Б.Хын сөрөг нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдох “Мэргэжил эзэмших сургалтанд суралцагчтай байгуулсан гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Га, Б.Ба, хариуцагч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Б.Х нь өөрөө хүсэлт гаргасны дагуу тус Нэгдсэн эмнэлэгт 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан дотрын тасгийн сувилагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулагатай мэргэшил эзэмших сургалтанд хамрагдах суралцагчтай гэрээ байгуулан мэс заслын сувилагчийн мэргэшил олгох сургалтанд 3 сарын хугацаатай 100% цалинтайгаар суралцсан. Ингээд мэс заслын сувилагчийн сургалтанд сурч ирсэний дараа нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот тушаалаар амбулаторын тасагт мэс заслын сувилагчаар ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээ болон мэргэшил эзэмших сургалтад суралцагчтай байгуулсан гэрээний заалтуудыг тус тус зөрчин 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэлгүй, ажил тасалж байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулан, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өнөөдрийг хүртэл чирэгдүүлж байна. Иймд мэргэшил эзэмших сургалтад хамрагдах суралцагчтай байгуулах гэрээний гуравдугаар хэсэгт заасны дагуу буюу 466285 төгрөгийг Х З сар = 1398855 төгрөгийг 2 дахин нугалж төлүүлнэ гэсний дүн болох 2797710 төгрөгийг Б.Хаас нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Га шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Б.Хыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэгдсэн эмнэлэгт хүсэлт гаргасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт сувилагчаар ажилд томилсон. Эмнэлэгийн ажилтнуудыг үндсэн мэргэжил олгох сургалтанд хамруулах шаардлага бидний ажлын хэрэгцээнд тулгарч байдаг учраас байгууллагын хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэс заслын мэргэжил олгох сургалтанд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатайгаар Дархан-Уул аймаг дахь “Анагаах ухааны их сургуульд” суралцуулсан байгаа. Ингээд Б.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төгсөж ирсэн ба ээлжийн амралтаа авсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын байрыг өөрчилөн мэс заслын кабинетын сувилагчаар томилон ажиллуулсан. Үүний дараагаар 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш Б.Х нь ажилдаа ирэхгүйгээр ажил тасалж алга болсон. Сургалтын гэрээг Б.Хтай бид 2017 оны 10 сард байгуулсан. Гэрээнд суралцах хугацаанд цалинг 100 хувь олгоно гэсэн тохиролцоонд хүрсэн. Тийм учраас Б.Хыг сургалтанд сууж байх үед түүний цалинг 100 хувь олгож сургуульд сургасан. Гэтэл Б.Х нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс ажил тасалж байгууллагын үйл ажиллагаанд нэлээдгүй олон хүндрэл чирэгдлүүдийг учруулж эхэлсэн. Тийм учраас суралцагчтай 3 сарын хугацаанд байгуулсан гэрээ болон мэс заслын сувилагч гэсэн мэргэжлийг олгосны дараа тогтвор суурьшилтай ажиллах гэсэн гэрээний нөхцлийг Б.Х нь зөрчсөний улмаас бид энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа. Бид Б.Хд Засгийн газрын тогтоолын дагуу 100 хувь цалинг олгосон. Тийм учраас 466285 төгрөгний үндсэн цалинг 3 сар олгосон 1398855 төгрөгийг суралцагчтай байгуулсан гэрээн дээр 2 дахин нугалж төлнө гэсэн ийм тохиролцоо байсан учраас 2797710 төгрөгийг Б.Хаас нэхэмжилж байгаа гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Засгийн газрын 218 тоот тогтоол дээр тухайн төрийн албан хаагч нь суралцсан тохиолдолд 2.5 жилээс доошгүй хугацаанд ажиллана гэж заасан байгаа. Гэтэл Б.Х нь энэ байдлыг зөрчсөн. Мөн Засгийн газрын энэ тогтоолд тодорхой хугацаанд суралцаад 2.5 жилээс доошгүй хугацаанд ажиллана гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд төлбөрийг төлнө гэж заасан байгаа. Үүний дагуу бид Б.Хаас төлбөрөө нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Б.Х би Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сувилагчаар ажилд ороод 8 сар ажиллаж байх үед эмнэлэгийн удирдлага /хүний нөөц Г.Га/ сургалтанд суралцахыг даалгасан. Харин би хоёр бага насны хүүхэдтэй тул сургалтанд энэ жил явах боломжгүй байна гэхэд “энэ сургалтанд заавал яв” хэмээн албадан явуулсан. Гэвч би сургалтанд бүрэн хамрагдаж дүүргээд ажилдаа орохоор ирэхэд хүний нөөцийн менежер Г.Га чиний орон тоо одоо байхгүй, чамайг ажиллуулахгүй гэж хэлсэн. Иймээс эмнэлэгийн удирдлага буюу ерөнхий эмч Ё.Буяндэлгэртэй уулзаж “тухайн нөхцөл байдлыг” хэлэхэд тэрээр Г.Гаийг дуудсан ба тэд “чиний хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан харин өөрийн хүсэлтээр ажлаас гарах тухай хүсэлтээ” бичиж өг гэсэн. Ингээд би ажлаас гарах хүсэлтээ бичсэнээс гадна ээлжийн амралтаа авах тухай хүсэлтээ хэлснээр миний ээлжийн амралтын олговорыг өгсөн. Ийнхүү намайг ажиллуулахгүй гэсэн тул би ажил хайж эхэлсэн ба одоо Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид сувилагчаар ажиллаж байгаа болно. Иймээс би сурч байсан хугацааны цалингаа буцаан олгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Х шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Намайг сургалтанд явуулахыг ажилд орох үеэс эхлэн хэлж байсан. Тэгээд яг сургалтанд явах хугацаа дөхөхөд нь би “...би хоёр нялх хүүхэдтэй, одоогоор яг сургалтанд явахад боломж бололцоо муу байна. Намайг дараагийн сургалтанд явуулж болохгүй юу гэж хэлж” байсан. Тэгэхэд миний үгийг ерөөсөө сонсоогүй. Бараг хүчээр “чи явахгүй бол болохгүй, чи номер нэг явах хүмүүсийн нэрсийн жагсаалтанд байгаа” гэж хэлж байсан. Манай том хүүхэд 1-р анги, бага хүүхэд ой гарантай хоёр нялх хүүхдийг харах хүн байхгүй, нөхөр ажилтай нааш цаашаа ирж очсон байдалтайгаар сургалтын 3 сарыг өнгөрөөсөн. Ингээд 1 сард төгсөж ирээд ажилдаа орох гэтэл “би өөр өнгийн хувцас өмсөж ажилдээр ирсэн” гэх шалтгаанаар хүний нөөцийн менежер Г.Га намайг дуудаад би өрөөнд нь ортол түүний өрөөнд хоёр цаг шахуу загнуулж байгаад өрөөнөөс нь хөөгдөөд гарч ирж байсан. Өөр ярьвал зөндөө л юм байна. Би ажлаасаа гарах болсон шалтгаан нь манай хүний нөөцийн менежер Г.Га ажлын байрны дарамт үзүүлсний улмаас би гэрээгээ зөрчиж ажлаас гарах сонголтонд хүрсэн. Надад бол мэргэжлээрээ ажлаа хийх хүсэл эрмэлзэл байсан. Одоо би энэ нэхэмжилж байгаа төлбөрийг төлөхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг нь хариуцагч Б.Хаас “Мэргэжил эзэмших сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ”-ний үүрэгт 2797710 төгрөг гаргуулахыг, хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт холбогдуулж Мандал сумын нэгдсэн эмнэлэг болон Б.Х нарын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн “Мэргэжил эзэмших сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч Б.Х нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Хөдөлмөрийн гэрээ байгуулан” Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт “сувилагч”-аар ажиллаж байсан ба “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд мэс заслын сувилагч мэргэжлээр 3 сар суралцах”-аар болж нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгтэй тохиролцож 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдөр “Мэргэжил эзэмших сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ” байгуулсан байна. Уг гэрээний үндсэн дээр Б.Х нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд “Мэс заслын сувилагч” мэргэжлээр 3 сарын хугацаанд 208000 төгрөгийг өөрөө төлөн суралцаж “8170307 дугаартай мэргэшлийн үнэмлэх”-тэй төгсжээ, Мандал сумын нэгдсэн эмнэлэг нь Б.Хыг тус сургуульд суралцаж байх 3 сарын хугацаанд түүнд /нийт 1398855 төгрөгний/ цалинг нь бүрэн олгож байсан болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ /ХХ-н 3-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ны №19 дугаартай “ажилд авах тухай” тушаал /ХХ-н 4-р хуудас/, “Мэргэжил эзэмших сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ” /ХХ-н 5-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн даргын “Ажлын байр өөрчлөх тухай” тушаал /ХХ-н 6-р хуудас/, суралцсан хугацааны цалинг нэхэмжилсэн “нэхэмжлэх” цалингийн карт, мэдэгдэх хуудас /ХХ-н 7-9-р хуудас/, Б.Хаас сургалтын төлбөрт 208000 төгрөг төлсөн баримт /ХХ-н 21-р хуудас/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /ХХ-н 38-р хуудас/, мэргэшлийн үнэмлэх /ХХ-н 39-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Харин “Мэргэжил эзэмших сургалтанд суралцагчтай байгуулах” гэрээний 1-д Суралцагчийг суралцах хугацаанд сарын үндсэн цалингийн 100%-иар цалинжуулна. 2.1-д Сургалтанд мэс заслын сувилагч мэргэжлээр 3 сар ажилттай чанартай суралцана. 2.3-д төгссөний дараа суралцсан мэргэжлийнхээ дагуу 5 жил тогтвор суурьшилтай ажиллана. 2.4-т Суралцагч нь хүндэтгэх шалтгаанаар сургалтыг дуусаагүй тохиолдолд сургалтын зардал, авсан цалингаа эргүүлэн 100% төлнө. Гэрээний 3 дугаар зүйлд Хариуцлага: 3.1-д Сургалтын хөтөлбөрийг биелүүлж чадаагүй болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дуусаагүй орхисон, гэрээнд тохиролцсон үүргээ биелүүлээгүй тохиолдолд сургалтын төлбөрийг суралцах хугацаанд олгогдсон цалингийн хамт 2 дахин нугалж бэлэн мөнгөөр нь эргүүлэн төлнө. 3.2-д Сургалтын дараа ажиллахаар тохиролцсон гэрээт хугацаандаа бүрэн ажиллаагүй дур мэдэн орхиж явсан тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн хороонд хандаж эмчлэх, сувилах, эм барих зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж тус тус заасан байна. Энэ нь хуулиар хориглосон, зөвшөөрөгдөөгүй, гэрээний талуудын тэгш байдал, шударга ёсны зарчимд үл нийцсэн, тулгасан гэрээний үүрэг заасан, иргэний эрх зүйн эргэлтэд байж болохгүй агуулгатай байх тул хуулийн шаардлагыг хангаагүй, “хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй” ”шударга, тэгш” байх зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн нэхэмжлэлтэй Б.Хд холбогдох гэрээний үүрэгт 2797710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.1.”хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж тус тус заасныг баримтлан Б.Хын сөрөг нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдох 2017 оны 10 дугаар сарын 01-ны “Мэргэжил эзэмших сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ”-г хүчинтөгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2017 оны 10 дугаар сарын 01-ны “Мэргэжил эзэмших сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “ энэ хуулийн 56.1-д “хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар Б.Хаас 3 сар сургалтанд сууж байх явцад Мандал сумын нэгдсэн эмнэлэгээс олгосон /466285 х 3 сар/ нийт 1398855 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн нэхэмжлэлтэй Б.Хд холбогдох гэрээний үүрэгт 2797710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Хын сөрөг нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт холбогдох 2017 оны 10 дугаар сарын 01-ны “Мэргэжил эзэмших сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ”-г хүчинтөгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2017 оны 10 дугаар сарын 01-ны “Мэргэжил эзэмших сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ”-г хүчинтөгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Б.Хаас 1398855 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт олгосугай.
2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг нь Улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Хаас сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59715 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгээс 59715 төгрөгийг гаргуулан Б.Хд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.