| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0157/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/185 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Хохирогч Т.Э
Иргэний хариуцагч Д.Г
Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Дт холбогдох эрүүгийн 1825001010124 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн
Прокуророос, шүүгдэгч Т.Дыг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг дулаан гаражид тавьсан байсан Т.Эын өмчлөлийн 17-73 ОРХ улсын дугаартай Хьюндай Соната-7 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ЭТ палас”-ын дулаан гаражид уг гаражын эзэн Д.Г,Т.Д нар 2018 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед уг гаражид тавьсан байсан иргэн Т.Эын өмчлөлийн 17-73 ОРХ улсын дугаартай Хьюндай Соната-7 загварын тээврийн хэрэгслийг Т.Д нь эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан ба машиныг эвдэж гэмтээж 1,132,000 төгрөгний хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Гаражын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/, хохирогч Т.Эын мөрдөн байцаалтад өгсөн .... “2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “ЭТ палас”-ын гаражид өөрийн эзэмшилийн 17-73 ОРХ улсын дугаартай Соната-7 загварын машинаа 19 цагийн орчим тавьсан юм. Тэгээд 23 цагийн орчимд “Автомастер төвийн деспитчер залгаад машинаа яагаад согтуу унаад байгаа гэж хэлэхээр нь би гэртээ байна ш дээ гэж хэлсэн чинь чиний 17-73 ОРХ дугаартай авто машиныг чинь согтуу хүн унаад яваад байна гэж хэлэхээр нь би машинаа тавьсан гараж руу очоод машинаа үзэхэд миний машин байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн газарт хандсан” гэх мэдүүлэг, “Бан Хас”ХХК-ний шинжээчийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ тогтоосон 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18/02/00409 дугаартай: ” ...автомашины хохирлын үнэлгээ нийт 1.132 000 төгрөг” гэсэн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтийн хамт , гэрч Ж.Тэнгисийн мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд очоод машинаа өөрөө угаагаад 18 цагийн орчимд гарсан. Тэгэхэд Ганбаа ах согтуу тасарсан байдалтай ганцаараа байсан. Би тухайн үед сэрээж тамхи өгчихөөд яваад өгсөн. Тэр үед буцаад унтаад үлдсэн. Тэгээд гаражид машинаа тавьдаг нэг ах утсаар яриад цагдаа нар энд байна ш дээ гэж хэлэхээр нь би очсон чинь Соната7 маркийн авто машин алга болсон байна гэж яригдаж байсан. Машин нь алга болсон гэх залуутай хамт гадуур хайсан боловч олдоогүй. Тэгээд явж байтал машинаа алдсан залуу руу хамт ажилладаг хүн нь залгаад машин чинь “Хүрэн” дэлгүүрийн гадаа дугуй нь хагарчихсан зогсож байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд “Хүрэн” дэлгүүр рүү очтол цагдаа ч бас ирсэн байсан. Алдагдсан машиныг унаж явсан залууг цагдаа аваад явсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Гын мөрдөн байцаалтад өгсөн... “..би энэ өдөр гэртээ буюу авто угаалга, гаражид байж байгаад нэг найз маань ирээд архи уусан юм. Тухайн найзтайгаа нилээн архи уусан. Тэгээд би согтоод унасан байсан чинь манай найз намайг үлдээгээд яваад өгсөн байсан. Хэсэг хугацааны дараа манай дүү Тэнгис ирээд намайг сэрээсэн юм. Сэрээд босоод ирсэн чинь ажилчид байхгүй байна. Гаражид тавьсан машиныг чинь хүн хулгайлсан байна шүү дээ гэж хэлэхээр нь би татаад унасан байсан. Яг юу болсон талаар би сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг, гэрч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн...”Би 2018 оны 01 сарын 23-ны өдөр 24 цагаар замын цагдаагийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ өдөр цагдаагийн газраас 23 цаг өнгөрч байх үед ЭТ паласын гаражаас 17-73 ОРХ дугаарын СОНАТА-7 маркийн улаан өнгийн машин алдагдсан гэсэн дуудлагын дагуу очиход машины эзэн нь бололтой нэг хүн миний машины купер нь хагараад үлдсэн байна машин алга байна гэж байсан. “ЭТ палас”-ын гаражийн манаач нь согтуу байж байсан. Улмаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байтал машины эзэн нь миний машин “Хүрэн” дэлгүүрийн ойролцоо байна гэхээр нь очтол 17-73 ОРХ дугаарын Соната-7 маркийн машин замын хашлага мөргөөд зогсож байсан. Мөн дугуй нь хагарсан байдалтай Түмэнбодисын Д гэх хүн жолооны ард сууж байсан өөр хүн байгаагүй. Улмаар Дыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар багажаар үлээлгэхэд 1,83 хувийн согтолттой байсан учир эрүүлжүүлэх байранд хүргэж илтгэх хуудас бичиж хэрэгт хавсаргасан” гэх мэдүүлэг, гэрч С.Оийн мөрдөн байцаалтад өгсөн... “. Э руу залгаж чи хаана яваад байгаа юм согтуу машинаа бариад яваад байгаа юм уу гэсэн чинь үгүй би гэртээ байна. Машинаа дулаан гаражид тавьсан. Гараждаа очоод машинаа үзье гэсэн, эргээд миний машина алга болчихсон байна гэж хэлсэн. Удалүй “Хүрэн” дэлгүүрийн хажууд зогсож байна гэхээр нь Эад дахин энэ тухай хэлсэн”. гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Дын яллагдагчаар өгсөн....” тэгээд би ширээний урд талд байсан машины түлхүүрийг аваад улаан өнгийн машиныг асааж үзэж байгаад ганцаараа унаад гарсан. Г мэдээгүй. Би архи уусан учир зарим зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан “Баян” худалдааны төв “Төгөл” их дэлгүүрийн хажууд зогсож байсан. Нэг мэдсэн чинь 5-17-р байрны хажуугаар гараад явж байснаа санаж байна. Цагдаа ирсэн байсан үеийг санаж байна. Миний ухаан санаа орж гараад байсан. Би улаан өнгийн машиныг “ЭТ палас”-аас эзэнд нь болон хэн нэгэнд хэлэлгүйгээр унаад гараад явсан. Би нилээд согтуу байсан зарим зүйлийг сайн санахгүй байна. Би машины эзэн залуугаас машины түлхүүрийг нь хүлээж аваагүй. Жолоо барих эрхийн үнэмлэх байхгүй” гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “ Хохирогч машинаа тавих үед бид 2 хойд манаачийн өрөөнд байсан. Машин орж ирж байхыг хараад Г ах гарч очсон. Тэгээд машины түлхүүрийг авч орж ирээд ширээн дээр шидсэн. Тэгээд бид 2 архи ууж байгаад Г тасарч унасан. Би машины түлхүүрийг аваад асаагаад гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэж мэдүүлжээ. Хохирогч Т.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 1 дүгээр сарын 23- ны орой 19 цагийн орчим “Эт палас”-т машинаа тавьсан. Г гэдэг хүн гарч ирж машин хүлээж авсан. Хамгийн ард тавьсан, түлхүүрээ үлдээ гэхээр нь үлдээсэн юм. Машин тавих үед би өөр хүн хараагүй. 8000 төгрөг Гад өгсөн. 23 цагийн үед хүн утасдаж машиныг чинь хүн унаад явна гэж хэлсэн. Машинд нэлээд эвдрэл гэмтэл гарсан. Хүлээж авсан хүнээс нэхэмжилнэ гэжээ. Иргэний хариуцагч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 70 %-ийн группт байдаг. Сэтгэцийн өвчнөөр. Тэр өдөр би согтуу байсан. Манай гаражид гэрээтэй жолооч нар машинаа тавьдаг. Би жолооч нартай гэрээ байгуулдаг. Энэ залууг мэдэхгүй. Согтуу, газар өнхөрч унаад байгаа хүнд түлхүүрээ өгсөн байдаг. Би хариуцахгүй. Хулгай хийсэн хүн нь байна. Би хэрэг хариуцах чадваргүй, ой санамжгүй болдог. Тэр өдөр би энэ Д гэж хүнтэй архи уугаагүй. Ганцаараа уусан. Машин хүлээж авснаа санахгүй байна гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж үзнэ. Шүүгдэгч Т.Дын, 2018 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг дулаан гаражид тавьсан байсан Т.Эын өмчлөлийн 17-73 ОРХ улсын дугаартай Хьюндай Соната-7 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл гэж үзсэн Прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийн шинжтэй байна. Тэрээр “ЭТ палас” гаражын эзэн Д.Гын хамт уг гаражид архи ууж байгаад уг тээврийн хэрэгслийг согтуугаар унаж гарсан ба замын хашлага мөргүүлж машин дотор согтуу байдалтай унтаж байсан байна. Энэ нөхцөл байдал нь “тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан “ гэж дүгнэх үндэслэл болж байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Т.Д нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай үйлджээ. Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” бөгөөд шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвартай эсэх талаар хэрэгт эргэлзээтэй байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 28-49-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн хор аюулын шинж байдал, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн машиныг Т.Д унаж яваад замын хашлага мөргүүлснээс 18 төрлийн эд анги эвдэрч засах, солих шаардлагатай болсон ба ажлын хөлсний хамт нийт 1,132,000 төгрөгний зардал гарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Мөн шинжээчид төлсөн хөлс 58,000 төгрөгний баримт хэргийн 12 дугаар хуудаст авагдсан байх тул нийт хохирлын хэмжээг 1,190,000 төгрөг гэж тооцож иргэний хариуцагч Д.Гаас гаргуулах үндэслэлтэй гэж шийдвэрлэв. Шүүх хуралдаанд Д.Г “Би 70 %ийн группт байдаг.Сэтгэцийн өвчнөөр.Тэр өдөр би согтуу байсан. Манай гаражид гэрээтэй жолооч нар машинаа тавьдаг. Би жолооч нартай гэрээ байгуулдаг. Энэ залууг мэдэхгүй. Согтуу, газар өнхөрч унаад байгаа хүнд түлхүүрээ өгсөн байдаг. Би хариуцахгүй” гэж мэдүүлсэн боловч камерын бичлэгээс Д.Г гарч ирж машиныг хүлээж авахдаа мэдэгдэхүйц биеэ авч явж чадахааргүй байгаа, өнхөрч унаад байгаа нөхцөл байдал тогтоогдоогүйн зэрэгцээ машиныг хүлээж авч түлхүүр болон хадгалалтын хөлс 8000 төгрөг авсан болох нь хохирогч, шүүгдэгч нарыг мэдүүлэг, камерын бичлэгээр тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан бөгөөд Иргэний хуульд заасан хадгалалтын гэрээний шинжтэй харилцаа Д.Г, Т.Э нарын хооронд үүссэн байх тул Д.Г хохирлыг тэргүүн ээлжинд арилгах үүрэг хуулийн дагуу хүлээнэ. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт “Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ” гэж, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт “гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө” гэж заасны дагуу Т.Эад учирсан хохирлыг Д.Г төлөх үүрэгтэй байх тул 1,190,000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулахаар зааж, Д.Гын шүүгдэгчээс хохирлоо гаргуулахаар шаардах эрхийг заасан болно. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг зааж эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахаар зааж, шүүгдэгчийг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор заалаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овгийн Тын Дыг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дыг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Дын цагдан хоригдсон 43 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас 344 цагийг хасч нийтэд тустай ажил хийлгэх ялыг 156 цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дт оногдуулсан 156 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Д.Гаас 1,190,000 төгрөг гаргуулж хохирогч Т.Энмандахад /Зэст баг 1-6-123 тоот РД ФБ86072014, утас 99798970/ олгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэнийхариуцагч Д.Г иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах журмаар хохирол нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,хохирогч,иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ