| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0175/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/186 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нт холбогдох эрүүгийн 1825002730201 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Прокуророос, шүүгдэгч С.Нийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Өндөр Дэнжийн 49-39 тоотод гэртээ нөхөр О.Лийн толгой хэсэг рүү стакан шидэж хагалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Өндөр Дэнжийн 49-39 тоот гэртээ С.Н, нөхөр О.Л болон найзуудын хамт архидан согтуурч 11-ний өглөө хоорондоо маргалдаж улмаар С.Н нь О.Л рүү шилэн стакан шидэж биед нь хуйх, баруун бугуй, сарвуу, зүүн бугуйнд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тухай гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12-р хуудас/, хохирогч О.Лийн мөрдөн байцаалтад өгсөн .... “2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай гэрт Сэлэнгэ, Ууганаа, Бямбаа, Баярхүлэг нар ирээд бид нар 2,5 литрийн савалгаатай пивоноос 6 савыг уусан юм. Тэгээд бид нар тоглож байгаад Баярхүлэг Бямбаа хоёр унтаад өгсөн, нөгөө 2 нь нойлын өрөөнд байж байсан. Тэгээд би эхнэр Нтэй урьд өдөр архи уусан гэдэг шалтгаанаас болоод хоорондоо маргалдсан. Би буруу хараад сууж байтал Н 330 граммын хэмжээтэй стакан аваад шидсэн чинь миний толгойны арын дагз дээр оносон. Би урагшаа тонгойгоод биеэ даахгүй урагшаа унасан. Тухайн үед миний толгой хагарч цус гоожсон, би унахдаа гараа гэмтээсэн. Тэгээд бид нар оёдол тавиулах гээд эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 329 дугаартай: ” ... О.Лийн биед хуйх, баруун бугуй, сарвуу, зүүн бугуйнд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүдийн шархнууд нь мэс заслын оёдолтой тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийн тогтоох боломжгүй, баруун нүдний доод зовхины цус хуралт нь хатуу зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Хуйх, баруун бугуй сарвуу, зүүн бугуйнд шарх нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун нүдний доод зовхи нь ГЗЗ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт, Шинжээч эмч Ч.Буянзаяаг байцаасан тэмдэглэлд ...”О.Лт гаргасан дүгнэлт нь хуйх, баруун бугуй, сарвуу, зүүн бугуйнд үүссэн шархнууд нь тус бүрдээ хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдана. О.Лийн хуйханд үүссэн шарх нь дагзны баруун хэсэгт хөндлөн байрлалтай 4.5 см, баруун бугуй сарвуунд 0.5-1.2 см урт 5 ширхэг, зүүн бугуйнд 0.8см урт мэс заслын оёдол бүхий шархтай, шархнууд нарийн 2 төгсгөл нь зураасан байдалтай байсан. баруун нүдний доод зовхинд 2.0-1.8 см хэмжээтэй бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Баруун нүдний цус хуралт бол гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй ” гэх тэмдэглэл, шүүгдэгч С.Нийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...тэгээд бид нар удаан уулзаагүй болохоор хөзөр тоглож суунгаа пиво ууж суусан юм. Тэгээд Бямбаа нь нөхрийнхөө хамт унтсан байсан, Сэлэнгээ нөхрийнхөө хамт 00-ын өрөөнд орсон байсан. Тэгээд нөхөр бид хоёр үл ойлголцоод маргалдсан юм. Би маргалдаж байхдаа ширээн дээрээс стакан аваад нөхрийнхөө толгой руу шидсэн чинь ар дагзыг нь хагалсан. Тэгээд нөхөр бид хоёр эмнэлэг ороод оёулах гэсэн боловч тухайн үед жижүүрээр гарч байсан Амартүвшин гэх эмч нь манай нөхөртэй маргалдаад манай нөхрийн нүд рүү цохиж хөхрүүлсэн юм” гэх мэдүүлэг, гэрч Г.Сэлэнгээгийн мөрдөн байцаалтад өгсөн... “...Бид 00-ын өрөөнд байж байтал найз Н Билгүүн нар хоорондоо нэг хүүхнээс болоод маргалдсан. Тэгсэн Билгүүн Нийг алгадаад автал Н уурлаад ширээн дээр байсан 0.33 литрийн стакан аваад толгой гар руу нь 3 удаа цохитол стакан нь хагарсан. Тэгээд манай нөхөр бид хоёр салгаад эмнэлэг дуудсан..” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэж мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч С.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Өндөр Дэнжийн 49-39 тоот гэртээ рахидан согтуурсны улмаас нөхөр О.Лтэй үл ойлголцон маргалдаж түүн рүү 0.33 литрийн стакан авч шидэн толгойн тус газар нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай үйлдэл гэж үзсэн Прокурорын яллах дүгнэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн санаатай үйлдлийн улмаас О.Лийн биед гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний биед хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжтэй байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 29-38-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн хор аюулын шинж байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг зааж эд мөрийн баримтаар хураагдсан хагархай стаканыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заасан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овгийн Сийн Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Нт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сард 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагархай шилэн стаканыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нт урьд авсанхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ