| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0172/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/197 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав, Ж.Шинэжаргал
Шүүгдэгч М.Б, Б.Э, М.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Б.Э, М.А нарт холбогдох эрүүгийн 1825001930133 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн
Шүүгдэгч: Монгол улсын иргэн
Шүүгдэгч: Монгол улсын иргэн
Прокуророос, шүүгдэгч Б.Эыг 2018 оны 03 дугаар сарын 03-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-9-р байрны орчим М.Бтай харилцан зодолдож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, өсвөр насны яллагдагч М.Б, М.А нарыг бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 03-ны орой Б.Эыг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-8-р байрны хажуугийн дэлгүүрийн үүдэнд М.Б, М.А нар найзуудын хамт зогсож байхад дэлгүүр дотроос Б.Э согтуурсан байдалтай архи барьж гарч ирсэн бөгөөд шүлс хаялаа гэж шалтаглан М.Бтай маргалдаж барьцалдаж авч улмаар М.Б нар зугатахад араас нь хөөж очиж 3-9- р байрны гадаа зодолдож Б.Эын биед тархи доргилт, дээд урууланд зөөлөн эдэд цус хуралт, доод уруулын гадна болон дотор талд язарсан шарх, баруун ядам хуруунд зулгаралт бүхий шарх, М.Бы биед дээд урууланд сорви бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: хохирогч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн .... “2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр найз Отгонсүхтэй хамт 3-9-р байрны голд байх дэлгүүр орчихоод гарч ирэхэд дэлгүүрийн үүдэнд зогсож байх уруул нь хавдсан банди нь өөдөөс хэгжүүрхээд байхаар нь та нар явцгаа гэсэн чинь явахгүй байсан. Би гартаа архи ус бариад яваач гэсэн чинь явахгүй байсан. Тэгсэн манай найз нөгөө банди нарыг яв гэж хэлж байгаад зууралдаад эхэлсэн. Тэгж байгаад нөгөө банди нар зугатаагаад манай найз араас нь хөөгөөд явсан. Би араас нь яваад очсон чинь уруул нь хавдсан банди эхэлж цохиж аваад би газар унахдаа хөлийг нь тэврээд унасан чинь энэ банди нөгөөдүүлээ юу хараад зогсоод байгаа юм орооч гэсэн чинь хамт байсан банди нар нь тал талаас өшиглөөд зодсон. Би болиоч гэж зөндөө хэлсэн боловч тал талаас өшиглөөд байсан. Энэ банди нар нийт 5-6 уулаа явж байсан. Би босоод ирсэн чинь манай найз газар унасан байдалтай байсан. Би нөгөө банди нарыг барьж авах гээд хөөгөөд гүйцээгүй. Би Лофт орсон байж магадгүй гэж бодоод такси бариад очоод харсан чинь байхгүй байсан. Би буцаад 3-9-р байрны гадаа ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Би тэгээд эмнэлэг яваад уруулдаа оёдол тавиулаад гараад ирсэн чинь нөгөө банди нарын 2 нь баригдсан байсан” гэх мэдүүлэг, хохирогч М.Бы мөрдөн байцаалтад өгсөн...Эхлээд дэлгүүрийн үүдэнд байхад намайг хохирогч ах нэг удаа цохиж авсан. Ингэж цохиход миний уруул зүгээр байсан. Тэгээд Уурхайчин багийн 3- 9-р байрны ард тонгойгоод байж байхад нүүр рүү өшиглөж авсан. Энэ үед миний уруул бас зүгээр байсан. Тэгээд миний хөлийг хамж аваад намайг газар унагахдаа толгойгоороо миний ам руу мөргөөд унасан бөгөөд энэ үед миний амнаас цус гарч байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд намхан ахыг зөрүүлээд цохиж авсан. Тэгээд сүүлд нь А бид хоёр намхан ахыг газар унагаасан бөгөөд өшиглөж зодсон юм. Намхан ахыг А бид хоёроос өөр хүн зодоогүй” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч М.Аийн яллагдагчаар өгсөн...3-8-р байрны голын дэлгүүрээс ундаа авч уух гээд мөнгө нийлүүлээд зогсож байсан чинь дэлгүүр дотроос 2 согтуу ах гарч ирээд зүгээр үү гэхээр нь зүгээр гэж хэлээд зогсож байсан чинь Б шүлсээ хаясан чинь нөгөө хоёр ах, ах нарынхаа өөдөөс шүлсээ хаялаа гэж уурлаад нэг өндөр ах нь Быг заамдаад авсан. Уучлаарай бид нар ингээд явъя гэсэн чинь салж өгөхгүй зуураад байсан. Быг өндөр ах нь цохиод авсан. Тэгэхээр нь бид нар салгаад байж байсан чинь намхан ах нь гартаа архи барьчихаад та нарыг цохивол үхчихгүй биз дээ гээд дух руу нь цохих гээд дайраад байсан. Дэлгүүрийн худалдагч эгч гарч ирээд салгаад бид нарыг яв гэхээр нь бид нар яваад 3-9-р байрны баруун талын таксины зогсоол дээр байж байсан чинь нөгөө хоёр ах араас хүрч ирээд өндөр ах Быг барьж аваад цохиод авахаар нь Жаргалбат, Б, бид гурав тэр хоёр ахыг газар унагаагаад дээрээс нь өшиглөөд зодсон. Бат-Оргил, Жамсран хоёр зодоонд оролцоогүй. Бид нар зодож байгаад болиод салгах гэж байхад Быг тонгойсон чинь намхан ах уруул руу нь өшиглөөд бид нар дахиад зодсон. Бид гурав хөлөөрөө өшиглөж зодсон. Хохирогчийн уруул руу хэн өшиглөснийг хэлж мэдэхгүй байна. Би гурав гуравуулаа өшиглөж байсан” гэх мэдүүлэг, гэрч О.Жамрсангийн өгсөн ...Тэгээд Б та нар яаж байгаа юм миний уруул руу цохилоо гээд зөрүүлээд намхан ахын уруул хэсэгт гараараа цохисон. Тэгээд намхан ах болон Бы амнаас цус гарчихсан байсан. Намхан ах уруул руу цохиулаад газар унасан бөгөөд А, Б хоёр намхан ахыг хөлөөрөө өшиглөж зодсон. Жаргалбат хажууд нь байсан бөгөөд намхан ахыг зодсон эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд бид нар салаад Б, А хоёр эмнэлэг орж БадарУуганы урууланд оёо тавиулах гээд явсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Отгонсүхийн өгсөн....”.....тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд нэг намхан бандитай барьцалдаад авсан. Тэгээд нөгөө банди зугтаагаад явсан бөгөөд араас нь хөөгөөд 3-9-р байрны ард байрлах таксины зогсоол дээр очоод муудалцаад барьцалдаж аваад байх шиг байсан. Би юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг ухаан орсон чинь Эын уруулаас цус гарчихсан байсан. Тэгээд би гэртээ орлоо гээд салаад гэртээ харьсан. Яг юу болсон талаар тодорхой ярьж чадахгүй байна. Э намайг нэг харсан чинь 3-9-р байрны ард дээшээ хараад газар хэвтэж байсан гэсэн. Би бүүр тасарчихсан байсан юм шиг байна.” гэх мдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Бат-Оргилын өгсөн.....”ингээд бид нар зугтаад явсан бөгөөд араас нөгөө хоёр хөөгөөд байсан. Ингээд бид хэд хэсэг гүйж байгаад болиод 3-9-р байрны хажууд алхаад явж байсан чинь А араас чулуутай ирж байна зугтаарай гэж хэлсэн. Ингээд бид хэд зугтсан бөгөөд энэ үед Б халтираад газар унасан бөгөөд нөгөө 2 ах Быг бариад авсан. Тэгээд намхан ах Быг босоод ирэхэд нь хөлнөөс барьж газар унагааж байгаа харагдсан. Тэгэхээр нь Жамсран бид хоёр очоод салгасан чинь Бы амнаас цус гарчихсан байсан. Тэгээд бид нар дахиад зугтаасан чинь таксины зогсоол дээр зогсож байсан таксины жолооч хөөе гээд бид нарыг хөөгөөд Быг бариад авсан. Энэ үед А, Б хоёр хойно үлдсэн бөгөөд бид түрүүлээд зугтаасан байсан. Тэгээд эргэж хараад очсон бөгөөд энэ үед А, Б хоёр намхан ахыг газар унагаагаад өшиглөж зодсон байсан. Тэгээд бид нар гүйгээд очиход өндөр ах нь хажууд байсан чинь Жаргалбат тэр ахыг газар түлхээд унагаасан. Өндөр ах нилээд согтуу гуйваад байсан. Тэгээд А, БадарУуган хоёрыг салгаж аваад зугтаасан юм” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 234 дугаартай: ” ... Б.ЭнхОдын биед тархи доргилт, дээд уруулд зөөлөн эдэд цус хуралт, доод уруулын гадна болон дотор талд язарсан шарх, баруун гарын ядам хуруунд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих цохигдох хүний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархи доргилт, доод уруулын язарсан шарх нь тус бүрдээ ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Нэг цаг хугацаанд үүссэн нэг нь нөгөөтэйгээ шалтгаант холбоо бүхий гэмтлүүд болно. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 299 дугаартай “М.Бы биед дээд уруулын барун хэсэгт сорви үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь тухайн үедээ ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдахаар гэмтэл байжээ. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, “Найдвар Од аудит” ХХК-ний 2018/03/30 өдрийн 16 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн Сөдөн куртикний үнэлгээ нийт 345 000 төгрөг гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Өсвөр насны шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэж, шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж, шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Нэхэмжлэх зүйлгүй,гомдолгүй” гэж тус тус мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна. Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар тогтоовол зохих нөхцөл байдлыг бүрэн тогтоосон гэж үзнэ. Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-8-р байрны дэргэд хүнсний дэлгүүрийн гадна “ах нарынхаа өөдөөс шүлсээ хаялаа” гэж шалтаглан маргалдаж өсвөр насны шүүгдэгч М.А, М.Б нартай харилцан зодолдсоны улмаас Б.Эын биед тархи доргилт, дээд урууланд зөөлөн эдэд цус хуралт, доод уруулын гадна болон дотор талд язарсан шарх, баруун гарын ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол, М.Бы биед дээд урууланд сорви бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл гэж үзсэн Прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Б, М.А нарын үйлдлийн улмаас Б.Эын биед хөнгөн хохирол учирсан, Б.Эын үйлдлийн улмаас М.Бы биед хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой, Б.Эын үйлдэл Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй, М.Б, М.А нарын үйлдэл Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдэх” хэргийн шинжтэй, санаатай үйлдлүүд байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э, М.Б, М.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч М.Б 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 17 настай, М.А 2000 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 17 настай болох нь хэрэгт авагдсан төрсөний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан тул өсвөр насны шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51-57, 66-72, 78-89-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Эод торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, өсвөр насны шүүгдэгч М.А, М.Б нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч Б.Эод учирсан хохирол болох куртикны үнэ 345 000 төгрөг нөхөн төлөгдсөн, шүүгдэгч М.Б нь нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг зааж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Х овгийн Бийн Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Б, М.А нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сард 112,500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, М.Б нарыг тус тус ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, М.Б нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний биелэлтийг Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэрэгжил, арга зүйн удирдлагаар хангахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан үүргийг биелүүлээгүй бол шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, М.Б, М.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ