| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0187/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/196 |
| Огноо | 2018-05-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Цт холбогдох эрүүгийн 1825002230202 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн
Прокуророос, шүүгдэгч М.Цыг 2018 оны 03 дугаар сарын 11-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 6-20 тоотод оршин суух Ц.Хишигжаргалын гэрт хамт архи ууж байгаад О.Эын Самсунг Галакси G- 7 , Iphone 4s гар утаснуудыг хулгайлж 340 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 03 дугаар сарын 11-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 6-20 тоотод Ц.Хишигжаргалын гэрт М.Ц архи ууж байгаад тэнд унтаж байсан О.Э түүний нөхөр Жаргалсайхан нарын Самсунг Галакси G-7, Iphone 4s гар утаснуудыг нууцаар авч явсан байна. Шинжээч утаснуудыг нийт 340 000 төгрөгөөр үнэлжээ. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/, хохирогч О.Эын мөрдөн байцаалтад өгсөн...2018 оны 03 дугаар сарын 11-ний 18 цаг өнгөрч байхад би нөхрийн хамт “Богд гол” бааранд найз нөхдийн хамт үйлчлүүлж байгаад..Хишигжаргалын руу очихоор явтал манай нөхөр Жаргалсайхан их архи уусан байсан бөгөөд согтоод алхаж чадахгүй болохоор нь Хишигжаргалын гар утас руу залгахад найз хүүхэн маань хоёр үл таних залуугийн хамт ирж бид хоёрыг тосож аваад тэднийд очсон. Гэрт нь ороход бас үл таних эмэгтэй сууж байсан. Тэгээд манай нөхрийг гаднаас шууд сугадан оруулж ирэн орон дээр хэвтүүлсэн байсан юм. Би пиво ууж чаддаггүй болохоор бага зэрэг амраад авъя гэж бодоод нөхрийн хэвтэж байсан оронд хажуугаар нь ороод хэсэг нам унтсан. Тэгээд 23 цагийн үед сэрээд гэрлүүгээ санаа зовоод хүүхдүүд рүүгээ залгах гээд утсаа халаасандаа хайхад Самсунг Галакси G7 гар утас маань байхгүй болохоор нөхрийнхөө утсаар ярих гээд бас халаасанд нь үзэхэд мөн утас нь байхгүй байсан. Цуг архи пиво ууж байсан үл таних хоёр эрэгтэй, нэг эмэгтэй ууж байсан ногоон савтай пивоо ууж дуусгаагүй талыг нь үлдээгээд хаяаад гараад явсан байсан...гэх мэдүүлэг, гэрч Ц.Хишигжаргалын өгсөн... манай найзыг авчираад өгөөч гэхэд нөгөө хоёр залуу цуг явж найзын нөхрийг хоёр талаас нь түшээд манайд оруулж ирэхэд нөхөр нь хоол ч идээгүй тасраад унахад нь орон дээр унтуулаад би ч бас уусан байсан болохоор болсон асуудал сайн санахгүй байгаа орж гараад байсан.. Өглөө сэрээд тэр хоёрыг утсаа алдсаныг мэдсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Өнөболдын өгсөн...”2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай барьцаалан зээлдүүлэх газар Мягмарсүрэн гэдэг залуу гар утас барьцаанд тавьсан юм. Тухайн өдөр Ц гэдэг хүн барьцаанд гар утас тавиагүй. Дараа нь нилээд хэд хоногийн дараа Ц гэдэг залуу хүрч ирээд Мягмарсүрэнгийн барьцаанд тавьсан байсан гар утсыг буцааж авсан юм. Ямар нэгэн юм хэлээгүй гар утас барьцаанд тавих гэсэн юм гэхээр нь шалгаж үзээд авсан ба хулгайн гар утас гэж мэдээгүй.” гэх мэдүүлэг, гэрч Э.Пүрэвсүрэнгийн өгсөн ...”Хишигжаргал эгч согтоод бас унтсан. Тэгээд Мийгаа, Цогоо бид 3 сууж байгаад архи талаасаа доогуур болж байхад бид 3 явахаар болсон. Тэгэхэд Мийгаа согтсон байсан учраас би аваад гэрээс гарсан. Бид хоёрын араас Цогоо гарч ирсэн. Бид гурав зам руу гарч таксинд суугаад город руу явсан. Городод ирээд Уртцагааны хажууд ирээд Цогоо биенээсээ шар өнгийн андройд утас гаргаж ирээд энэ утсыг тавьчихмаар байна чи ороод тавиад өг надад бичиг баримт байхгүй гэхээр нь хэний утас болохыг асуухад миний гар утас байгаа юм гэхээр нь надад бичиг баримт бас байхгүй гэсэн чинь Мийгаа надад иргэний үнэмлэхний лавлагаа байгаа гээд Мийгаа бид хоёр цуг ороод утсыг нь 80 000 төгрөгөнд тавиад тавьсан мөнгөө барьцаанд тавьсан бичиг баримтын хамт Цогоод өгсөн. Тэгээд бид нар Богд гол баарны караокед орж архи ууцгаасан.” гэх мэдүүлэг, гэрч Мягмарсүрэнгийн өгсөн ...Ц нэг гар утас гаргаж ирээд надад бичиг баримт байхгүй гээд Пүүжээг чи энэ утсыг тавиад гараад ир гэхэд Пүүжээ надад бичиг баримт байхгүй юун утас юм бэ гэж асуусан чинь Цогоо миний утас гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад иргэний үнэмлэхний лавлагаа байгаа гээд тэр ломбард руу Пүүжээгийн хамт ороод тухайн утсыг 80 000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Тэгээд гарч ирээд Ц мөнгийг нь өгсөн... гэх мэдүүлэг, “ӨНӨВАН “ ХХК-ний ломбардны 157 дугаартай барьцааны хуудас, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт, “Бан Хас” ХХК-ний эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2018/э-0126 дугаартай: Самсунг жи7 загварын гар утас 260 000 төгрөг, Iphone 4s загварын гар утас 80 000 төгрөг нийт 340 000 төгрөг гэх дүгнэлт, шүүгдэгч М.Цын яллагдагчаар өгсөн....“Тэгээд шууд Город руу явдаг таксинд суугаад Городод ирээд Урт цагаанд байдаг ломбарданд жи-7 загварын гар утсыг Мийгаа болон түүний найз охинд миний гар утас байгаа юм гэж худлаа хэлээд 80 000 төгрөгөөр тавиулсан. Маргааш нь Iphone 4s-ийг нь Теди дээр явж байгаад танихгүй хүнд 15 000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: Архи ууж байгаад хүмүүс нь тасраад уначихаар нь гарахдаа гар утсыг нь авсан. 1 утсыг нь орон дээр уначихсан байхад нь авсан. Нөгөө утсыг нь цүнхнээс нь авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хохирогчид 260 000 төгрөгийн үнэлгээ бүхий Жи-7 загварын гар утсыг нь буцааж өгсөн, үлдсэн 80 000 төгрөгийн үнэлгээ бүхий Iphone 4s загварын гар утсыг ажил хийж байгаад барагдуулна гэж тохирсон гэж мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдал тогтоогдсон, зөрчилгүй, нотлох баримтууд зөрүүгүй байна. Шүүгдэгч М.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 6-20 тоотод оршин суух Ц.Хишигжаргалын гэрт хамт архи ууж байгаад унтсан О.Эын Самсунг Галакси G-7, Iphone 4s гар утаснуудыг нууцаар, хууль бусаар авч 340 000 төгрөгийн хохирол учруулсан энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай, бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл гэж дүгнэсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. М.Ц Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан байна. Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас хохирогч О.Эд 340 000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 340 000 төгрөгийн буюу бага хэмжээний хохиролоос дээш хэмжээгээр хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Цыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-42-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн хор аюулын шинж байдал, хэргийн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Хохирогчийн хохирол төлбөрт Самсунг Галакси жи-7 загварын гар утсыг буцааж өгсөн байх бөгөөд хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй. Iphone 4s утасны хохирол барагдаагүй тул шүүгдэгчээс 80 000 төгрөг гаргуулан хохирогчид олгуулахаар заасан болно. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг зааж эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овгийн Мий Цыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Цаас 80 000 төгрөг гаргуулан хохирогч О.Эд / Орхон аймаг баян-Өндөр сум Их залуу баг баруун задгай 19-14а тоот, / олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ