Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 408

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********** ХКомпаний нэхэмжлэлтэй,
хариуцагч: **********бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд холбогдох,
хамтран ажиллах гэрээ цуцлагдснаас учирсан хохирол, алдангид нийт 21.082.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч ********** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******** аймгийн *********** байрлах **********БГБХ нөхөрлөлийн малын эмчээр ажилладаг, одоо ч ажиллаж байгаа хариуцагч ********** нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ********аймгийн ********** сум дахь ********** ХК-ний захирал **********, манай компаний малын эмч ********* бид нартай малын эм, тарилга, туулгалт, багаж, хэрэгсэл нийлүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулж Иверметин 990л х 20.000 =19.800.000 төгрөг, Эвомик 240ш х 5.500 = 1.320.000 төгрөг нийт 21.120.000 төгрөгний эм тариа, бэлдмэлийг зээлээр авсан. Хариуцагч **********-н төлсөн төлбөрийг баримтаар жагсаавал ******* 1.624.000 төгрөг, ********* 1.160.000 төгрөг, эмч ********* 540.000 төгрөг, ******** 500.000 төгрөг, ********* ХХК 270.000 төгрөг, ******** 270.000 төгрөг, ******* 200.000 төгрөг, ********* 540.000 төгрөг, ******** 240.000 төгрөг гээд нийт дүн 5.344.000 төгрөг, ****** 100.000 төгрөг, 170.000 төгрөг, ******* 1.000.000 төгрөг гээд нийт дүн 1.270.000 төгрөг, борлогдоогүй буцаасан үнэ: 451.000 төгрөг, нийт дүн 7.065.000 төгрөг. Үлдэгдэл Ивэрмектин туулга 13.186.000 төгрөг, "Эвомик" 869.000 төгрөгийн нийт 14.055.000 төгрөгийн өр төлбөрөө хамтран ажиллах гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй учир 2015 оны 07 сарын 05-нд ******** аймгийн цагдаагийн газрын даргад хандаж гомдол гаргасны дагуу 2015 оны 07 сарын 07-ны өдөр асууж авсан тайлбарт ********** нь ******** аймгийн ******** сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "**********" ХК дээр очиж тус компаний захирал ********* нартай хамтран ажиллах гэрээ хийсэн, гэрээний дагуу 2014 оны 03 сарын үед "Эвэрметин" 990 л,"Эвомик" 240 ш, нийт 21,1 сая төгрөгийн эм, бэлдмэл, туулга авснаа хүлээн зөвшөөрсөн байна. Үлдэгдэл мөнгийг 2014 оны 08 сард багтаан төлж барагдуулна гэж хуулийн байгуулагад мэдүүлсэн мэдүүлэгээ умартан худал хэлж сураг тасарсан тул шүүхэд хандахаар өмгөөлөгч авч, манай өмгөөлөгч утсаар холбоо бариад 2016 оны 12-р сарын 09-ний өдөр ********** бид хоёрыг уулзуулж, харилцан, ярилцаж тохиролцоод төлбөрийг тодорхой хугацаанд төлөхөөр хэлцэл хийсэн. Энэхүү хэлцэлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ******* аймгийн *********** багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол даатгалын байранд үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч, Эвлэрүүлэн зуучлагч ********-н өрөөнд үйлдэж хийсэн хэлцэлдээ 14.055.000 төгрөг үлдэгдлээ хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 3 хувааж төлөхөөр тохиролцсон боловч мөн л түрүүчийн адил худал хэлж залилан мэхэлж, хэлцэл хийснээс хойш ямарч төлбөр хийгдээгүй байна. Иймд хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 хэлцлийн В-д зааснаар болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 14.055.000 төгрөгний 50 хувь 7.027.500+14.055.000=21.082.500 төгрөгийг хариуцагч **********-с гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрөө малын их эмчийн мэргэжилтэй. Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байсан. 2014 онд аймгуудад малын өвчин гарсан учраас халдвар хамгаалалтын тарилга хотоос авах болоод аймгийн засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн дарга надад ярьж байсан юм. Энэ дагуу би ачиж ирсэн. **********-г танихгүй байсан. Утсаар ярихад **********  ***********-ийнд буулгачих би хотод байна гэсэн. Тэгээд бид хоёр гэрээ хийгээд авсан. 2014 оны 7, 8 сар гэхэд бүгд тараагаад дууссан юм шиг байгаа юм. Надад тийм мэдэгдэл ирсэн. Тэр өвөл нийтдээ 5.3450.000 төгрөг дансанд орж исэн. Үүнээс зарагдаж чадаагүй 82 ширхэг эм буюу 450.000 төгрөгийн эм буцааж өгсөн. Энэ эм нь миний эм биш цаанаа ********* гээд Хятад Монголын хамтарсан эм учраас би эм бэлтгэн нийлүүлэх эрхтэй. Би эм бэлтгэн нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй учраас наашаа борлуулсан. Чанар стандартын хувьд яамаараа батлагдаж ирсэн, бичиг баримт нь байгаа. Сумуудаар тарааж өгөөд нэг хэсэг нь ирсэн, нэг хэсэг нь ирээгүй юм яриад байгаа юм. Тэр жил 5 сая төгрөг өгөөд бусад мөнгийг өгөөгүй, мөнгө өг гэхээр элдэв зүйл хэлдэг. Тэгээд аймгийн цагдаагийн газарт ***********-т гомдол гаргаж өгөөд ********** гэж хүн шалгаад авсан өгсөн нь үнэн юм байна гээд 8 сард ирнэ гээд ирээгүй. Тэгээд эрүүгийн хэрэг биш иргэний хэрэг байна гээд Прокурорын тогтоол гарсан. Энэ хүн утсаа авдаггүй. Энэ хавар ганцхан удаа утсаар ярьсан. Надтай 2 удаа л ярьсан. Залгахаар утсаа авдаггүй. Авахаараа би ажилтай байна гэдэг. Харин өнгөрсөн оны 11 сард утсаа аваад миний өмгөөлөгч ******** гэж бий. Тэгээд хотод явж байна гэхээр нь хаягийг нь тогтоогоод ********* аймаг дээр очоод гэрээ хийсэн. Хийсэн хэлцэл хавтаст хэрэгт байгаа. Өгөх байх гээд 2 жил болоод өгөөгүй. Арга ядаад шүүхэд хандсан. 2017 онд хэрэг үүсээд 2018 оны 01 сарын эхээр шүүх хурал болох гэж байхад энэ нөхөр хотод надтай таарсан. Чи яасан шүүх хуралдаан болох гээд би одоо явлаа гэхэд би шүүх хуралд очиж чадахгүй хуралд очихгүй гэж хэлсэн гэсэн. Чи очихгүй болохоор би ганцаараа очоод яахав гээд хотоос шүүгчийн туслах руу эргээд ярьсан. Энэ хүн очихгүй гэж байна гээд шүүх хурал хойшлогдоод улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгө улсын орлогод ороод буцаасан. Тэгээд дахиад хоёр дахь удаагийн шүүх хурал болж байна. Тэгээд би энэ асуудлыг нэг мөр шийдье гээд ирсэн. Олон дахин нааш цаашаа явахгүй. Би 1000 километрийн цаана байдаг. Энэ хүн 90 километр, ямар нэгэн байдлаар шүүх дуудахаар ирдэггүй. Нэхэмжлэлийн хариу тайлбар гараар бичээд явуулчихдаг. Хавтаст хэрэгт байгаа зарим материалууд худлаа байна. Бид 2 нэг сургуульд байсан учраас төлчих байх гэж бодсон. Би ***********-д өөрийнхөө 3 өрөө байрыг барьцаанд тавьсан, надад алданги тооцоод эхэлсэн. Энэ хугацааны алдангийг өөрөө төлсөн. Одоо төлөөд байж чадахгүй. Тэгэхээр би 3 өрөө байраа алдах гээд байгаа. Өгсөн авсныг мэдэж байгаа учраас манай байрыг арай авчихгүй байх. Нэг мөр шийдэж өгнө үү? Хаяг байхгүй хөдөө аж ахуйн таван давхар байранд байгаа сураг дуулдаад байдаг юм байна билээ. Хаана байгаа нь олдохгүй яваад байгаа. Яагаад ирэхгүй байгаа юм. Шүүхийн байгууллагыг үл хүндэтгэж энэ асуудлыг шийдэхэд хайнга хандаж байна. Авсан өгсөн үлдэгдлээ хоёр талдаа зөвшөөрсөн. Сүүлдээ амьдрал хүнд гэж бичсэн байсан. Энэ худлаа гэв.
Хариуцагчийн төлөөлөгч ********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2014 оны 04 сард намайг Улаанбаатарт ажилтай явах үеэр *********** ХКомпаний эмч ********** ачиж явсан туулга тарилганыхаа заримыг ***********-т буулгаад үлдсэнийг аймгийн мал эмнэлэг, малын эмний борлуулалтын цэгт буулгах гэтэл авах байгууллага, хүмүүс олдохгүй учир ********* эмчтэйгээ утсаар ярьж аймгийн төвд байдаг ************* эмийн борлуулалт хариуцсан ********* эмчид хүлээлгэн өгөөд намайг тэндээс сумдын хувийн мал эмнэлгүүдэд тараан борлуулж тооцоо хийхээр буулгаж хаясныг эмч нарт хаврын цугларалтын үеэр хүсэлт захиалгын дагуу падаан бичиж тараасан. Авсан эмч 7.0 сая гаруй төгрөгийн тооцоо хийснийг ********** ХКомпаний дансанд шилжүүлсэн. Аймгийн бүх сумын хувийн малын эмч, улмаар малчдад тараасан боловч зарим нь эргэж тооцоо хийгээгүй нэхэл дагал болсон хэдий ч сүүлдээ хөөцөлдөхөөс залхсан. 1. 2016 оны сүүлч болоход өөрт үлдсэн туулга, тарилгын хугацаа дуусч, хадгалалтын буруугаас хөлдөх гэсэх зэргээр чанар нь шаардлага хангахгүй болсон учир хугацаа хэтэрснийг газарт булж, асгаж устгасан. 2. 2017 онд хариуцсан багийн малын тоо 2 дахин цөөрч 60.000 байснаас 30.000-ыг ********** хувийн мал эмнэлэг байгуулагдан хариуцах болсон. 3. 2017 онд Ховдын Хөдөө аж ахуйн сургуулийг малын эмч мэргэжлээр төгссөн **********гэдэг эмчид **********мал эмнэлгээ шилжүүлэн өгсөн. 4. Өөрийн хувьд нас 70 хүрч малын эмчийн хүнд хүчир ажлыг хийж чадахгүйд хүрч цусны даралт ихсэх, ууц хөл үе мөч өвдөх шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөөд байна. 5. ************ эмч эхэндээ Хятадаас түншээс малын эм оруулж ирж хамтрах, хурдан морины бэлдмэл оруулна гэж 4 сая гаруй төгрөг авч, дараа нь Монгол банкнаас төслийн зээл бүтээх гэж байна манай банканд ажиллаж байсан найзаас дэм авч, мөнгө төгрөг авч түүнийхээ талыг нь ч одоо ч төлөөгүй. Дам дамаа хүндрэл чирэгдэл учруулж найз нөхдийн холбоог таслуулсан. Болчимгүй, бодлогогүй хүмүүстэй холбогдож нэр нүүрээ сэвтээж, ажил чирэгдэл удсандаа нэн харамсаж нэхэмжилж байгаа үлдэгдэл малын туулга, тарилгыг төлөх ямар ч боломжгүй болохыг тайлбарлаж байна. Нэхэмжлэгчид шүүх миний энэ тайлбарыг хүргүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ. 


ҮНДЭСЛЭХ нь:


Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ********** ХКомпани нь **********бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд холбогдуулан хамтран ажиллах гэрээ цуцлагдснаас учирсан хохирол, алдангид нийт 21.082.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагчийн төлөөлөгч ********** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...2014 оны 04 сард намайг Улаанбаатарт ажилтай явах үеэр ************ ХКомпаний эмч ********** ачиж явсан туулга тарилганыхаа заримыг ********-т буулгаад үлдсэнийг аймгийн мал эмнэлэг, малын эмний борлуулалтын цэгт буулгах гэтэл авах байгууллага, хүмүүс олдохгүй учир *********** эмчтэйгээ утсаар ярьж аймгийн төвд байдаг ********* эмийн борлуулалт хариуцсан ******* эмчид хүлээлгэн өгөөд намайг тэндээс сумдын хувийн мал эмнэлгүүдэд тараан борлуулж тооцоо хийхээр буулгаж хаясныг эмч нарт хаврын цугларалтын үеэр хүсэлт захиалгын дагуу падаан бичиж тараасан. Нэхэмжилж байгаа үлдэгдэл малын туулга, тарилгыг төлөх ямар ч боломжгүй болохыг тайлбарлаж байна..” гэж маргаж байна. 
********** ХКомпани нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр **********-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээнд **********БГБХ нөхөрлөл нь тамга дарж баталгаажуулжээ.
Дээрх гэрээний 2.1-д нийлүүлэгч ********** ХКомпани нь захиалсан эм бэлдмэлийг нийлүүлэх, 3.3-т захиалагч /борлуулагч тал/ **********БГБХ нөхөрлөл нь захиалсан эм бэлдмэлийн үнийг нэхэмжлэлийн хугацаанд нь бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж заажээ.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр 2 буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр заасны дагуу талууд гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулах эрхтэй байна. 
********** ХКомпани нь Иверметин туулга 990л х 20.000 =19.800.000 төгрөг, Эвомик 240ш х 5.500 = 1.320.000 төгрөг нийт 21.120.000 төгрөгний эм тариа, бэлдмэлийг **********-д хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан 2014 оны 04 дүгээр сарны 07-ны өдрийн зарлагын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эмийн нэхэмжлэх зэргээр тогтоогдож байна. Дээрх баримтуудад ********** нь хүлээн авсан гэж гарын үсгээ зуржээ.
Нэхэмжлэгч нь дээрх эм бэлдмэлийг нийлүүлсний дараа ********** ХКомпанид *******  1.624.000 төгрөг, ********* 1.160.000 төгрөг, эмч *******  540.000 төгрөг, ****** 500.000 төгрөг, ******* ХХК 270.000 төгрөг, ******** 270.000 төгрөг, *******  200.000 төгрөг, ******* 540.000 төгрөг, ******** 240.000 төгрөг гээд нийт дүн 5.344.000 төгрөгийг эмийн үнэнд дансаар шилжүүлсэн, ******  гэх хүн 100.000 төгрөг, 170.000 төгрөг, ******** 1.000.000 төгрөг гээд нийт дүн 1.270.000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн, мөн эвомик 82 ширхэг*5.500= 451.000 төгрөгийн эмийг биет байдлаар буцаан өгсөн буюу 7.065.000 төгрөгийн тооцоо хийгдсэн гэж тайлбарлаж  байна.
Хариуцагчийн төлөөлөгч ********** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...эмч нарт хаврын цугларалтын үеэр хүсэлт захиалгын дагуу падаан бичиж тараасан. Авсан эмч 7.0 сая гаруй төгрөгийн тооцоо хийснийг ********** ХКомпаний дансанд шилжүүлсэн...” гэх тайлбарыг ирүүлсэн нь үнийн дүнгийн хувьд зөрүүгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй байна. 
Харин үлдэх Иверметин туулга 13.186.000 төгрөг, Эвомик 869.000 төгрөг, нийт 14.055.000 төгрөгийн тооцоог одоо болтол барагдуулаагүй болохыг нэхэмжлэгч тайлбарлаж байх бөгөөд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт “...Аймгийн бүх сумын хувийн малын эмч, улмаар малчдад тараасан боловч зарим нь эргэж тооцоо хийгээгүй нэхэл дагал болсон хэдий ч сүүлдээ хөөцөлдөхөөс залхсан. 2016 оны сүүлч болоход өөрт үлдсэн туулга, тарилгын хугацаа дуусч, хадгалалтын буруугаас хөлдөх гэсэх зэргээр чанар нь шаардлага хангахгүй болсон учир хугацаа хэтэрснийг газарт булж, асгаж устгасан... тул үлдэгдэл малын туулга, тарилгыг төлөх ямар ч боломжгүй...” гэжээ. 
Хамтран ажиллах гэрээний 3.2-т зааснаар захиалагч /борлуулагч тал/ нийлүүлсэн бараанд чанарын болон тээвэрлэлтэнд үүссэн дутагдал доголдлыг шуурхай мэдэгдэх үүрэгтэй байна. Гэтэл нь **********  нь үлдсэн туулга, тарилгын хугацаа дууссан талаар мэдэгдээгүй, мөн хадгалалтын буруугаас хөлдөх гэсэх зэргээр чанар нь шаардлага хангахгүй болсон тул хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устгаж, газарт булж, асгаж устгасан гэх боловч бараа бүтээгдэхүүнийг устгасан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар устгасан болох нь тогтоогдохгүй байна. 
Иймээс ********** ХКомпани нь нийлүүлсэн эмийн үнийн үлдэгдэл 14.055.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Мөн гэрээний 4.1-т төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног дутамд үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно, 5.1-т энэхүү гэрээ 2014 оны 04 сарын 07-ны өдрөөс 2015 оны 04 сарын 07-ны өдөр хүртэл хүчинтэй гэж тус тус заасан байх бөгөөд дээрх гэрээний заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.4-т анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байх тул  ********** ХКомпани нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 7.027.500 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Нэхэмжлэгч ********** ХКомпанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр **********БГБХ нөхөрлөлд малын эмч **********-с авах авлагын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, компанийг төлөөлөн оролцох эрхийг **********-д олгосон, мөн улсын бүртгэлийн гэрчилгээнд компаний захирлаар **********-г бүртгэсэн байх тул ********** ХКомпанийг ********** нь төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байгааг дурдах нь зүйтэй байна. 
Хариуцагч **********  нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...2017 онд Ховдын Хөдөө аж ахуйн сургуулийг малын эмч мэргэжлээр төгссөн ******* гэдэг эмчид **********мал эмнэлгээ шилжүүлэн өгсөн. Өөрийн хувьд нас 70 хүрч малын эмчийн хүнд хүчир ажлыг хийж чадахгүйд хүрч цусны даралт ихсэх, ууц хөл үе мөч өвдөх шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөөд байна...” гэж байх боловч ********** аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 597 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь ********** гэж заасан байх тул **********БГБХ нөхөрлөлтэй холбогдох аливаа маргаанд ********** нь төлөөлөн оролцох үүрэгтэй байна. 
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Хэрэгт авагдсан Хамтран ажиллах гэрээ нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байх тул уг гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дуусах байжээ. 
Гэвч ********** ХКомпани нь уг гэрээтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгуулах, гэрээний үлдэгдэл мөнгө төлөх хугацаа тохирон хэлцэл хийх зэргээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болох нь Төв аймгийн Прокурорын газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 604 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хэлцэл зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч ********** ХКомпани нь хамтран ажиллах гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 
Иймд хариуцагч **********бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 14.055.000 төгрөг, алданги 7.027.500 төгрөг нийт 21.082.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********** ХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Хариуцагчийн төлөөлөгч **********-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжилж байгаа үлдэгдэл малын туулга, тарилгыг төлөх ямар ч боломжгүй гэж маргаж байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.363 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс 263.363 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********** ХКомпанид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-т заасныг баримтлан **********бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 14.055.000 төгрөг, алданги 7.027.500 төгрөг нийт 21.082.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********** ХКомпанид олгосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.363 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс 263.363 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********** ХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        
                         

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ