Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0283

 

 

 

 

 

 

 

 

 

 

“З т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

Нэхэмжлэгч: “З т” ХХК

Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 125/2023/0044/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “З т” ХХК-иас Ховд аймгийн Засаг даргад холбогдууланХовд аймгийн Засаг дарга Э.Б-ийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/410 тоот захирамжийн хавсралтын 2 болон 3 дахь заалт буюу “З т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “З т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 2, 3 дахь хэсэгт заасан “З т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

3.1. ...Нэхэмжлэгчийн тайлбараас харахад газар эзэмших гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ба түүнээс хойш уг газарт банзан хашаа татсанаас өөр юу ч хийгээгүй 4 жил болжээ. Мөн нэхэмжлэгч “В и” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ”-г байгуулж, гэрээний төлбөрийг шилжүүлсэн, түүний дараагаар ажлын зургийг гаргаж өгөхгүй байсаар 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зураг ирүүлсэн гэжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жилийн дараа барилгын ажлын зургийн компанитай гэрээ хийж, гэрээ хийснээс хойш 1 жил 5 сарын дараа зургаа авсан, барилгын зургаа авахаас өмнө Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 05 дугаар сард нэхэмжлэгчийг дуудан уулзаж газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар мэдэгдэж сонсох ажиллагааг зохион байгуулсан байдаг.

3.2. Нэхэмжлэгчээс ковид-19 цар тахлын үед хил хаагдсан барилгын материал гаднаас авах боломжгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарладаг ч барилгын зургаа хийлгээгүй үед барилга барих боломжгүй юм. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ”, 4.1.15-д “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг”, 4.1.20-д “барилгын үйл ажиллагаа” гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг” гэж тус тус заасан байдаг.

Дээрх заалтаас үзэхэд Барилга барих зориулалтаар гзаар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлэхийн тулд Барилгын тухай хуульд заасан шаардлагыг хангуулж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, зохих зөвшөөрөл авсны дараа шүйл ажиллагаагаа явуулах боломжтой байна.

3.3. Мөн Улсын Дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тодорхой тайлбарласныг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Дээд шүүхийн тайлбараар газар дээрээ зөвхөн банзан хашаа татсан асуудлыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхээргүй байна.

3.4. Шүүхээс сонсох ажиллагааны хүрээнд акт гаргах үндэслэл, нэхэмжлэгчийн тайлбар, шалтгааныг тодруулах, холбогдох баримтыг гаргуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Газар эзэмшигч нь гэрээ байгуулснаас хойш 4 орчим жилийн хугацаанд төлөвлөсөн ажлаа эхлээгүй, газрын төлбөрөө дутуу төлсөн, сүүлд шүүхээс татварын удирдлагын системд үзлэг хийсэн, газрын төлбөрийн үлдэгдэл байхгүй гэх боловч татвар ногдуулалтын төлөлтийг хэзээ, хэдэн удаа, төлсөн зэрэг нь Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд тусгагдсан газар эзэмшигчийн үүрэг, тухайн маргаан бүхий актын үндэслэлд шууд бус утгаараа холбоотой атал шүүх үүнд дүгнэлт хийлгүй татгалзсан нь хэт нэг талыг барьж асуудалд хандсан гэж үзэж байна.

Иймд Захиргааных хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтын дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

2.1. Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дүгээр захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Бугат баг, шинэ суурьшлын бүсэд амины орон сууц хороолол барих зориулалтаар нийт 1.2 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2020/130 тоот иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж,  000006748, 000006749 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон.

2.2. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “З т” ХХК-ийн  газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

3. Нэхэмжлэгчээс “...4 талтай банзан хашаа татаж, барилгын ажлыг эхлүүлэхээр фундаметийн суурь ухсан, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “В и” ХХК-тай ББЗТ-01/2022 дугаартай “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ” байгуулж, гэрээний төлбөр 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн ч ажлын зургыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн, ...барилгын ажлын зургаа батлуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа хандаж байсан” гэж,  хариуцагчаас “...2022 оны газрын төлбөр 210.000 төгрөг төлөх ёстой байснаас 180.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 30.000 төгрөгийг төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон. ...эзэмшлийн газраа зориулалтын дагуу буюу амины орон сууцны зориулалтаар ашиглаагүй, гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй атал 2020-2022 онуудад тухайн эзэмшил газрын гэрээгээ дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ тайлагнаагүй, зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, гэрээгээ дүгнүүлээгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан 2 жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд уг зохицуулалт хэрэглэгдэх учиртай. Энэхүү маргааны үйл баримтын тухайд дээрх үндэслэл бүрдсэн гэж үзэхээргүй байна.

4.1. Учир нь Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Мөн уг зохицуулалтыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 273, 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 115, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар тогтоолуудаар тайлбарласан байх бөгөөд “байгаль орчинд нөлөөлөх ерөнхий, нарийвчилсан үнэлгээ хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлуулах зэргээр тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэж байсан” зэргийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах агуулгаар хэрэглэжээ.  

4.2.  Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь “...4 талтай банзан хашаа татаж, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Вивида идеа” ХХК-тай ББЗТ-01/2022 дугаартай “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ” байгуулж, гэрээний төлбөр 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 612 тоот албан бичгээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт “цэвэр, бохир усны шугам татах цэгийн зөвшөөрөл”, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 177 тоот албан бичгээр аймгийн ерөнхий архитектор Б.Т-д “...24 айлын хаус хорооллын орон сууцны барилгын архитектурын даалгавар гаргаж өгөх” хүсэлтүүдийг тус тус хүргүүлсэн зэргээр тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэж байсан болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд  анхан шатны шүүхийн “...газар эзэмшүүлэх гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ба 2020 оны 11 дүгээр сараас эхлэн тогтоосон Ковид-19 цар тахлын үеийн хөл хорио тогтоосон хугацаа, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ББЗТ-01/2022 дугаартай “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ” байгуулж, гэрээний төлбөр 50.000.000 төгрөг шилжүүлсэн, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр банзан хашаа татаж, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсан зэрэг үйл баримт болон зураг төслийг боловсруулж ирүүлснээс хойш батлуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад хандсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч өөрөөс хамаарах шалтгаанаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэл бүхий байх тул хариуцагчийн “... газар дээрээ зөвхөн банзан хашаа татсан асуудлыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхээргүй байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

5. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.6-д газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана, 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ гэж тус тус заасан.

5.1. Хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд “...Татварын удирдлагын нэгдсэн систем болох www.tais.mta.mn сайтад үзлэг хийхэд ...тус онуудад газрын татвараа бүрэн төлсөн, татварын үлдэгдэлгүй харагдаж байв” гэж, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд “...Газрын кадастрын мэдээллийн санд үзлэг хийж З т” ХХК-ийн 4076028 дугаарын регистерээр хайлт хийж газрын төлбөрийн нэхэмжлэл үүссэн эсэхийг шалгаж үзэхэд 2019-2023 онуудад газрын төлбөрийг төлсөн төлөвтэй, 2024 онд шинэ төлөвтэй харагдаж байв” гэж тус тус тэмдэглэснээс үзэхэд 2022 оны төлбөрөө дутуу төлсөн, газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлүүдээр тогтоогдож байх тул энэ талаарх хариуцагчийн “...газрын төлбөрөө дутуу төлсөн, сүүлд шүүхээс татварын удирдлагын системд үзлэг хийсэн, газрын төлбөрийн үлдэгдэл байхгүй гэх боловч татвар ногдуулалтын төлөлтийг хэзээ, хэдэн удаа, төлсөн зэрэг нь Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд тусгагдсан газар эзэмшигчийн үүрэг” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Хэдийгээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “З т” ХХК-ийг “Зөөлөн тэмүүлэл” ХХК гэж буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

           ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                      ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН