Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ч.Шинэбаярт холбогдох 201601070025 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

            Нарийн бичгийн дарга:                                            Л.Отгончимэг

            Улсын яллагч:                                                          Б.Буяндэлгэр

            Хохирогч:                                                                  Т.Эрдэнэцогт     

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Д.Цэнд-Аюуш

            Шүүгдэгч                                                                   Ч.Шинэбаяр нар оролцов.

Монгол улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 43 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЧТ77042970 дугаарын регистертэй, Байдраг овгийн Чулуунбатын Шинэбаяр

Холбогдсон хэргийн талаар: /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.Шинэбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг “Нарны зам” зоогийн газрын орчим 2 чигийн урсгалтай хатуу хучилттай засмал зам дээр өөрийн эзэмшлийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэг дээр орхиж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас иргэн Т.Эрдэнэцогт нь 15-86 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хүндэвтэр гэмтэл учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Шинэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би найз Чинбатын хамт 2016 оны 1 сарын 09-ний шөнө 00 цагийн үед Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу өвс ачиж авчрах зорилгоор өөрийн эзэмшлийн “Sinotruk” маркийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Багануур дүүргийн “Нарны зам” зоогийн газарт шөнө 03 цагийн үед ирж хоол идсэн. Би машинаа гадаа асаалттай үлдээсэн. Ингээд бид хоёр “Нарны зам” зоогийн газраас өглөө 07 цагийн үед гарч, машинаа асаагаад 500 орчим метр явж байгаад миний машины тормоз нь зуураад хөдлөхгүй болсон тул зам дээр машиндаа хоносон. Тэр өдөртөө би хотруу найздаа сэлбэг захиад маргааш орой нь буюу 1 сарын 11-нд сэлбэг хотоос ирсэн. Маргааш нь буюу 1 сарын 12-нд машинаа түлхүүрдэж асаах гэтэл асахгүй байсан тул би өөрөө хот сэлбэгэнд явсан. 1 сарын 13-ны өглөө хотоос ирээд авчирсан сэлбэгээ тавьтал машин асаагүй, учир нь буруу сэлбэг авчирсан байсан. Завсар зайгаар нь 2 удаа уурхайн амруу очиж хүнээс туслалцаа хүссэн боловч надад туслах хүн олдоогүй. Зандангийн ээжийнд 2 хоносон. 1 сарын 10-ны өдөр машиныхаа ард болон урд талд нь ослын тэмдэг тавиагүй, учир нь машинаа засаад болчих байх гэж бодсон. Мөн шөнө биш гэгээтэй өдөр байсан болохоор гайгүй байх гэж бодсон юм. Харин 1 сарын 12-ны өдөр машиныхаа урд болон ард талд цагаан даавуугаар ороогоод дугуй тавьсан. Мөн машины ард ослын нэг тэмдэг тавьсан. Надад хохирогчид өгөх мөнгө төгрөг ч алга. Даатгалаас мөнгө гаргаж өгвөл өгнө. Өөр өгөх мөнгө байхгүй. Би давж заалдана. Хэд хоногийн өмнө манай ээж хохирогчтой утсаар ярьсан” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Т.Эрдэнэцогтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн ах дүүгийн хамт 2016 оны 1 сарын 14-ний орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн “Istana” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад 22 цагийн үед Багануурт ирсэн. Тухайн үед гадаа цас бударч манан татсан, халтиргаа гулгаатай байсан тул хурд багатай явж байсан. Ингээд “Нарны зам” зоогийн газрын орчим явж байтал миний хажуу талд суугаад явж байсан Энхтөр “Цогоо ахаа урд чинь машин байна” гэж хэлсэн, би шууд тормозоо дарсаар байгаад өөрийнхөө талаар мөргөсөн. Тухайн үед бас эсрэг урсгалаар машин зөрж, гялбаанд орсон. Тухайн том машины ард ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Хавтаст хэрэгт харагдаж байгаа ослын зогсолтын тэмдэг бол миний тавьсан тэмдэг байгаа юм. Шинэбаярын машин зогсоод 4 хоног өнгөрчөөд байхад яагаад замаас машинаа холдуулж болоогүй юм бол гэж бодож байна. Шинэбаярын машин яг зорчих хэсэг дээр зогссон байсан. Энэ ослын улмаас миний машин эвдэрч одоо болтол засуулаагүй байгаа. Машины үнэлгээ 5.330.000 төгрөг, эмчилгээний зардлууд болон Сүхбаатар аймгаас ирсэн унааны түлшний зардлыг нэхэмжлэнэ. Шинэбаяр нь осол болсноос хойш миний биеийг асууж яриагүй, хохирол ч төлөгдөөгүй байна. Шүүх хурал зарлагдсанаас хойш хэд хоногийн өмнө ээж нь гэж хүн ярьж байсан. Миний хохирлыг барагдуулж өгвөл надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг.

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Б.Чинбатын мэдүүлсэн: “...Би 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос найз Шинэбаярын хамтаар Дорнод аймаг руу өвс ачихаар явсан. Шөнө 03 цагийн үед Багануурт ирээд 3 дугаар хороо “Нарны зам” цайны газар хоолонд орчихоод явж байтал машины тормоз нь таг зуураад тормозны бүх систем хөлдсөн. Ингээд бид хоёр машинаа зорчих хэсэг дээр тавиад машиндаа хоносон. Бид хоёр сэлбэгээ хот руу захиад сэлбэг 1 дүгээр сарын 10-ны шөнө ирээд сэлбэгээ тавиад асаах гэтэл стачер нь эвдэрсэн. Тэр шөнө бид хоёр Багануурт Зандан гэдэг хүний гэрт очиж хоносон. 1 сарын 12, 13-ны өдөр Шинэбаяр хот руу сэлбэгэнд яваад 1 хоноод ирсэн. Шинэбаяр хот руу явдаг өдрөө 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард болон урд талд 40-50 метрийн зайд ослын тэмдэг тавиад дотор талд нь жижиг машины дугуй тавьсан байсан. 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шөнө нэг машин Шинэбаярын машины араас гулсаж машины ард тавьсан дугуйг мөргөж урд бамбайгаа хагалсан гэсэн. Түүнээс хойш машины ард ослын зогсолтын тэмдэгийг цагдаа нар давхарлаж тавьсан байсан ба 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Шинэбаярын тээврийн хэрэгслийн араас “Стана” маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Б.Занданпүрэвийн мэдүүлсэн: “...2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Шинэбаяр, Чинбат нарын хамт  14 цагийн үед такси бариад Шинэбаярын эвдэрсэн машин дээр очиход ногоон өнгийн ачааны машин, замын өөрийн чиг урсгал дээр бага зэрэг баруун талдаа шахаж зогссон, машины ард нь ослын тэмдэг байгаагүй, харин машины урд хойд талд нь машины дугуй цагаан даавуугаар ороогоод тавьсан байсан. Маргааш нь 15 цагийн үед дахин очиход ослын зогсолтын тэмдгийг машины ард 50 болон 100 метр орчим өрж тавьсан байсан. Тэр тэмдэгийг замын цагдаа нар тавьсан юм билээ. Машины улсын дугаарыг цагдаа нар аваад явсан байсан. Тэгээд би замын цагдаа Эрдэнэжаргал руу залгаж асуухад Эрдэнэжаргал “наад машины чинь араас нэг машин мөргөсөн, жолоочийг нь надтай уулзуул, дахиж осол гарах магадлалтай юм байна” гэж хэлсэн. 1 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө 9 цагийн үед Шинэбаяр цагдаа руу явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Ё.Рэнцэндоржийн мэдүүлсэн: “...Шинэбаяр, Чинбат нар манайд ирэхдээ Занданпүрэвийнд 2 хоноод ирлээ гэж байсан. Шинэбаяр, Чинбат нар манайд амьдарч байхдаа машинаа засна гэж гараад орой архи уучихсан ирдэг байсан. Анх ирэхдээ Нарны замын ойролцоо машины тормоз нь эвдэрч зогссон, машины араас эхлээд суудлын автомашин дараа нь микро автобус мөргөсөн гэж байсан. Осол болсноос хойш  Шинэбаяр надад “замаас машинаа зайлуулах хэрэг байна, та машин олоод өгөөч” гэхээр нь би уурхай орж нүүрс ачдаг том машин гуйж машиныг нь Талын толгойд худ Нямдэлэгийн хашаанд оруулж тавьж өгсөн. Шинэбаяр осол болохоос өмнө надаас машинаа зайлуулах талаар асуусан бол танилын хүрээгээрээ Шинэбаярт машин чирэх хүн олоод л өгөх байсан. Тэр хоёр Хуцаад Занданпүрэвийн ээжийнд байхдаа архи уугаад хөөгдөөд манай гэрт ирсэн юм билээ” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Х.Эрдэнэжаргалын мэдүүлсэн: “...Тэр өдөр 15 цагийн үед 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Шинэбаяр нь архи үнэртүүлж ирээд “надад машин чирэх тросс байхгүй, татах машин байхгүй, би энийг чинь яаж замаас гаргах юм” гээд хөдөлж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би ахмад Лхагвадоржийг аваад Шинэбаярын хамт гэр хүрээ зоогийн газрын гадна байсан нүүрс ачсан Хово машиныг гуйж осол болсон газар очиж 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормозны бебрамыг сууриар нь 8 боолтыг 30 орчим минутын хугацаанд тайлж салгаад уг машиныг засмал замаас чирч гаргасан. Харин Шинэбаяр нь “машиныг чирэх боломж байхгүй юм чинь хажуу тийш нь татаж унагаагаад замаас зайлуулчих” гэж хэлээд машин зайлуулах ажиллагаанд идэвхи гаргахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 36/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Ц.Гантөмөрийн мэдүүлсэн: “...Би 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 64-74 УБЧ улсын дугаартай өөрийн эзэмшлийн суудлын автомашиныг жолоодоод Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу явах замд 21 цагийн үед Багануур дүүргийн “Нарны зам” зоогийн газрын араар засмал замаар 60 орчим километр цагийн хурдтай явж байтал миний машины урдаас зөрж явсан машины гэрэл гялбасан. Ингээд би хурд сааруулаад явж байтал зам дээр цагаан өнгийн даавуугаар ороосон дугуй гэнэт харагдсан. Зам дээр ямар ч ослын зогсолтын тэмдэг байгаагүй. Ингээд би машиныхаа тормозыг гишгээд уг дугуйг мөргөсөн. Дугуйны цаана чанх замын зорчих хэсэг дээр том оврын цэнхэр өнгийн ачааны машин зогсож байсан. Ингээд тормозоо гишгэсээр уг ачааны машины зүүн гар талаар буюу замын эсрэг урсгал сөрж зогссон. Машинд хүн байхгүй, зам дээр машинаа аюултай байдалд орхиод явсан байсан. Би Багануурын цагдаад дуудлага өгч, цагдаа нар ирж уг ачааны машины ард 2 ослын тэмдэг тавьсан. Би 2016 оны 1 сарын 15-ны өдөр Хэнтий аймгаас гараад Багануурын цагдаа руу ирж явах замд нөгөө ачааны машины араас Стана маркийн микро автобус мөргөчихсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 37/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Б.Батсайханы мэдүүлсэн: “...Ослын газарт 15-86 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн тавьсан гэх ослын зогсолтын тэмдэгнээс өөр тэмдэглэгээ байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 38/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч М.Лхагвадоржийн мэдүүлсэн: “...2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 22 цаг 55 минутын үед жижүүрээс дуудлага ирж, хэргийн газарт очиход 73-39 УБЗ улсын дугаартай ачааны автомашин 2 чигийн урсгалтай зам дээр 1 чигийн урсгал дээр нь буюу замын зорчих хэсэг дээр байсан ба түүний араас 15-86 УНЛ улсын дугаартай Истана маркийн автобус мөргөсөн байсан. 73-39 УБЗ улсын дугаартай машины жолооч машиндаа байхгүй байсан. Зам тээврийн осол болохоос өмнө буюу 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед уг газарт очиж ачааны авто машиныг шалгахад уг тээврийн хэрэгслийн ард 2 ширхэг ослын зогсолтын тэмдэг байсан. Ослын тэмдэгний дотор талд буюу ачааны машины талдаа цагаан өнгийн уяагаар дугуй ороогоод модоор түшүүлж тавьсан байсан. Уг тээврийн хэрэгсэл нь зам дээр 2-3 хоносон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Н.Ганхуягийн мэдүүлсэн:”...Би Ариунболд, Баяртогтох нарын хамтаар 2016 оны 1 сарын 13-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс ирсэн дуудлагын дагуу бид 21 цагийн үед Нарны зам цайны газрын цаад талд очиход 73-39 УБЗ улсын дугаартай ачаатай машины ард тавьсан байсан цагаан өнгийн даавуугаар ороож тавьсан дугуйг цагаан өнгийн суудлын машин мөргөсөн байсан. Уг ачааны машин нь замын нэг урсгалыг хааж зорчих хэсэг дээр байрласан, жолоочгүй байсан бөгөөд уг машины ард ямар нэг ослын зогсолтын тэмдэг байгаагүй, харин цагаан даавуугаар ороосон дугуйг модоор түшүүлж тавьсан байсан. Бид нар уг ачааны машины ард тавь тавин метрийн зайтай 2 ширхэг ослын тэмдэг тавьж байрлуулсан. Машины жолоочтой холбогдох гээд улсын дугаараар нь цагдаагийн нэгдсэн сангаас шүүж нэг утасны дугаар олоод залгахад болбогдох боломжгүй байсан. Жолоочийг ойр орчмоор нь хайгаад олоогүй, утасны дугаараа үлдээсэн болов уу гэж хайгаад олоогүй. Маргааш нь буюу 2016 оны 1 сарын 14-ний өдөр уг машины араас өөр микро автобус мөргөж осол гарсан гэж цагдаа нараас сонссон” гэсэн мэдүүлэг /хх-н 41/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Н.Ариунболдын мэдүүлсэн:”...2016 оны 1 сарын 13-ны өдөр Баяртогтох, Ганхуяг нарын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 22 цагийн үед дуудлагаар очиход Нарны зам цайны газрын зүүн талын 2 чигийн урсгалтай хатуу хучилттай зам дээр замын зорчих хэсэг дээр 73-39 УБЗ улсын дугаартай том оврын ачааны машин байсан бөгөөд түүний ард байсан дугуйг 64-74 УБЧ улсын дугаартай суудлын машин мөргөж урд бамбайгаа эвдсэн байсан. Хэргийн газарт очиход ачааны машины ард болон урд талд ямар нэгэн ослын зогсолтын тэмдэг байгаагүй тул уг ачааны машины ард тавь тавин метрийн зайтай 2 ширхэг ослын зогсолтын тэмдэг тавиад уг машины улсын дугаарыг тайлж аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 49/

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч С.Энхтөрийн мэдүүлсэн: “...Би Эрдэнэцогт ахын хажууд суугаад явж байсан. Мөргүүлсэн машины жолооч нь байхгүй байсан. Ямар нэгэн ослын зогсолтын тэмдэг байхгүй байсан. Тэр автомашины ачаан дээрх гэрэл ойлгогчийг харж байж л машин байна гэж мэдсэн. Шөнө байсан болохоор зөрж байгаа машинуудын гэрлийн гялбаанд тухайн автомашин зогсож байгаа нь сайн мэдэгдээгүй. Ачааны автомашин тухайн үед замын зорчих хэсэг дээр байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 45/

 

Хэрэг бүртгэлийн шатанд гэрч Ж.Энхбаярын мэдүүлсэн: “...Би жолоочийн арын суудалд унтаад явж байсан. Гараад харсан чинь миний сууж явсан машин том урт ачааны машины буруу хойд талын өнцгөөс нь мөргөчихсөн байсан. Тухайн машин зам дээр баруун гар талруугаа шахаагүй бидний явж байсан эгнээнд зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 46/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 1 сарын 18-ны өдрийн шинжээчийн 09шэ/077 дугаартай актын:” Т.Эрдэнэцогтын биед зүүн талын 4 болон 5 дугаар хавирганы хөндлөн хугарал, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн ташаа, зүүн хөлний шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ, хатуу мохоо зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэсэн дүгнэлт /хх-ийн 51/

 

2016 оны 1 сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. ”Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгын ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад М.Лхагвадорж нь 2016 оны 1 сарын 14-ний өдөр зам тээврийн осол дээр акт тогтоохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэх нь үндэслэлтэй байна. Харин Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэх нь үндэслэлгүй байна.
  2.   “Sinotruk” маркийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Шинэбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх заалт болон 11.7 дахь заалтуудыг  тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  3.   “Istana” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай микро автобусыг жолоодож явсан Т.Эрдэнэцогт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  4.  “Sinotruk” маркийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Шинэбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1 болон 11.7 дахь заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол хэрэг гарсан гэж үзэж байна.
  5.  “Sinotruk” маркийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зорчих хэсгээс чөлөөлөх хангалттай хугацаа байна гэж үзэж байна.
  6.  “Istana” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай микро автобус нь 48.8 км/ цаг хурдтай явсан нь тогтоогдож байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг зөрчөөгүй байна” шинжээч, цагдаагийн хошууч М.Мягмарсүрэн гэжээ. /хх-ийн 55/

 

Хэрэг бүртгэлийн шатанд шинжээч М.Мягмарсүрэнгийн мэдүүлсэн: “Istana” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай автамашиныг жолоодож явсан Т.Эрдэнэцогт нь саадыг хараад өөрийнхөө авто машиныг зогсоох хэмжээний хурдыг тохируулж явах ёстой гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 145/

 

2016 оны 2 сарын 10-ны өдрийн 3 хүний бүрэлдэхүүнтэй 105 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:”Шинжээч М.Мягмарсүрэнгийн 2016 оны 1 сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. “Истана” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай микро автобусны жолооч Т.Эрдэнэцогт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” техникийн шинжээч, цагдаагийн ахмад Н.Ганбаатар, Б.Батзориг, Ш.Ариун-Эрдэнэ гэжээ. /хх-н 135/

 

Хэрэг бүртгэлийн шатанд шинжээч Б.Батзоригийн мэдүүлсэн:” 2016 оны 2 сарын 10-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Бид гурав уг дүгнэлтийг гаргахдаа санал зөрүүтэй байсан бөгөөд №105 дугаартай дүгнэлт бичилтийн алдаатай гарсан байна. Жолооч Т.Эрдэнэцогтын үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байсан юм. Зогсоох арга хэмжээ гэж жолооч аюул саадыг хараад тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах буюу тормоз гишгэх үйлдлийг ойлгоно” гэсэн мэдүүлэг /хх-н 146/

 

2016 оны 4 сарын 23-ны өдрийн 5 хүний бүрэлдэхүүнтэй 216 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.“Истана” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай микро автобусны жолооч Т.Эрдэнэцогт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2.”Синотрак” маркийн 73-39 УБЗ дугаартай автомашины жолооч Ч.Шинэбаяр нь нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 дахь “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15, суурийн газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 11.1 “жолооч тээврийн хэрэгслийн замын баруун талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй бол замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний захруу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэснийг мөн дүрмийн 11.7 дахь заалт “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Энэ осол нь ”Синотрак” маркийн 73-39 УБЗ дугаартай автомашины жолооч Ч.Шинэбаярын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөнөөс болж гарсан байх үндэслэлтэй байна.

4. Ч.Шинэбаяр нь автомашинаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлэг дэх зайлшгүй зогсолтыг “жолооч зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдэл, зам дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл”-д хамаарагдах шалтгаанаар зогсоосон боловч цаг хугацааны хувьд тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс гаргах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

5. Жолооч Т.Эрдэнэцогтын жолоодож явсан .“Истана” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай автомашин нь 13.4 метр тормозны мөр үүсгээд улмаар зогсож байсан хүнд даацын чиргүүлтэй ачааны автомашиныг мөргөн тулж зогссон байх тул уг мөрөөр автамашины хурдыг боломжгүй өөрөөр хэлбэл 13.4 метр урттай энэ тормозны мөр нь чөлөөт тормозны мөр биш юм.

6. ”Синотрак” маркийн 73-39 УБЗ дугаартай автомашины эвдрэлд цаг агаарын нөхцөл нөлөөлсөн байх үндэслэлтэй” техникийн шинжээч Т.Түвшинбаатар, Ж.Баярсайхан, Б.Түмэнбаяр, Л.Гансүх, Г.Даваасүрэн гэжээ. /хх-н 160/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 4-10/

 

Тээврийн хэрэгслийн лавлагаагаар “Sinotruk” маркийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Чулуунбат овогтой Шинэбаяр, “Istana” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Төмөр овогтой Эрдэнэцогт” гэжээ. /хх-н 87-88/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай “Чулуунбат овогтой Шинэбаярын эзэмшлийн  “Sinotruk” маркийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэхээр тогтоосугай” гэх тогтоол, тэмдэглэл /хх-н 22-23/

 

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн Авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр ““Istana” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын шууд зардал 4.230.000 төгрөг, шууд бус зардал 5.330.000 төгрөг” гэжээ. /хх-н 58-59/

 

Ч.Шинэбаяр нь “Цагдаагийн ерөнхий газрын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 75/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  09шэ/077 дугаартай шинжээчийн дүгнэлт болон техникийн шинжээчдийн 01, 105, 216 дугаартай дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

 

Шүүгдэгч Ч.Шинэбаяр нь 2016 оны 1 сарын 10-ны өглөө 07 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны зам” зоогийн газрын орчим 2 чигийн урсгалтай хатуу хучилттай асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн “Sinotruk” маркийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 дахь хэсэгт заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15, суурийн газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 11.1 хэсэгт заасан “Жолооч тээврийн хэрэгслийн замын баруун талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй бол замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний захруу аль болох шахаж зогсооно”, мөн дүрмийн 11.7 дахь заалт “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэснийг тус тус зөрчиж, замын зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслээ орхиж явжээ. Улмаар 2016 оны 1 сарын 14-ний орой 22 цагийн үед Ч.Шинэбаярын замын зорчих хэсэг дээр орхиж явсан тээврийн хэрэгслийн араас Т.Эрдэнэцогтын жолоодож явсан “Istana” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, Т.Эрдэнэцогтын биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Шинэбаярын мэдүүлсэн “...“Нарны зам” зоогийн газраас өглөө 2016 оны 1 сарын 10-ны өглөө 07 цагийн үед гарч, машинаа асаагаад 500 орчим метр явж байгаад миний машины тормоз нь зуураад хөдлөхгүй болсон тул зам дээр машиндаа хоносон. Тухайн үед машиныхаа ард болон урд талд нь ослын тэмдэг тавиагүй, учир нь машинаа засаад болчих байх гэж бодсон. Харин 1 сарын 12-ны өдөр машиныхаа урд болон ард талд цагаан даавуугаар ороогоод дугуй тавьсан” гэсэн мэдүүлэг болон Ч.Шинэбаяр нь “Sinotruk” маркийн 73-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээ замын зорчих хэсэгт орхиж, тээврийн хэрэгслийнхээ ард болон урд талд ослын зогсолтын тэмдэг тавиагүй байсан талаар мэдүүлсэн хохирогч Т.Эрдэнэцогтын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлийн шатанд гэрч Б.Чинбат, Б.Занданпүрэв, Ц.Гантөмөр, Н.Ганхуяг, М.Лхагвадорж, Н.Ариунболд,  Б.Батсайхан, С.Энхтөр, Ж.Энхбаяр нарын мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-н 27-31, 37-41, 45-46, 49/, мөн Ч.Шинэбаяр нь “Sinotruk” маркийн тээврийн хэрэгслээ замаас зайлуулах талаар идэвхи санаачлага гаргаагүй талаар мэдүүлсэн гэрч Ё.Рэнцэндорж, Х.Эрдэнэжаргал нарын мэдүүлгүүд /хх-н 32-33, 36/ болон хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн “Т.Эрдэнэцогтын биед зүүн талын 4 болон 5 дугаар хавирганы хөндлөн хугарал, зүүн гарын сарвуунд зулгаралт, зүүн ташаа, зүүн хөлний шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдлоо” гэсэн 09шэ/077 тоот дүгнэлт /хх-н 51/, Ч.Шинэбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсныг тогтоосон 2016 оны 4 сарын 23-ны өдрийн 5 хүний бүрэлдэхүүнтэй 216 дугаартай техникийн шинжээчдийн “Истана” маркийн 15-86 УНЛ улсын дугаартай микро автобусны жолооч Т.Эрдэнэцогт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ”Синотрак” маркийн 73-39 УБЗ дугаартай автомашины жолооч Ч.Шинэбаяр нь нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3, 11.1, 11.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-н 160/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 4-10/ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж Ч.Шинэбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Шинэбаярын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцоолон үйлдсэн байх тул хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар  /хх-н 75/ тогтоогдсон болно.    

Гэмт хэргийн улмаас Т.Эрдэнэцогтын эрүүл мэндэд учирсан гэм хорын  хохиролд эмийн зардал 167.272+190.000=357.272 төгрөг /хх-н 113-114/, компьютер томографикийн үзлэгийн төлбөр 70.000 төгрөг /хх-н 113/, унааны зардал 46.100 төгрөг /хх-н 93-94, 114, 182/, эмнэлгийн төлбөр 100.000 төгрөг, шинжилгээний төлбөр 62.800+25.989=88.789 төгрөгийн хохирлуудыг /х-н 114/ хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох,

Мөн хохирогч Т.Эрдэнэцогтын тээврийн хэрэгсэлд учирсан 5.330.000 төгрөгийн /хх-н 58/ шууд бус хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогчийн Улаанбаатар хотоос машин дуудаж ачаа ачуулсан зардал 100.000 төгрөг, машинаа татуулсан зардал 40.000 төгрөг, машин ачуулсан зардал 40.000 төгрөг, Улаанбаатар хот руу машин хөлсөлж явсны зардал 30.000 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 20.000 төгрөг буюу нийт 230.000 төгрөгийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд шинээр нэхэмжилсэн 200 литр бензин шатахууны зардлын / ирж буцсан унааны зардал/ талаарх нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлээгүй байх тул баримтыг бүрдүүлж иргэний хэргийг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болно.

  Шүүхээс Ч.Шинэбаярт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон болно.

Иймд шүүгдэгчийн амьжиргааны эх үүсвэр болсон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 1 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулах нь зохимжтой гэж үзэв.

Энэ хэрэгт  битүүмжлэгдэн ирсэн 73-39 УБЗ улсын дугаартай “Sinotruk” маркийн тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар Ч.Шинэбаярын эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул уг автомашиныг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Ч.Шинэбаярт олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйл, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Байдраг овгийн Чулуунбатын Шинэбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Байдраг овгийн Чулуунбатын Шинэбаярыг 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Ч.Шинэбаярт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Шинэбаяраас нийт 5.988.891 төгрөгийг /таван сая есөн зуун наян найман мянга найман зуун ерэн нэгэн төгрөг/ гаргуулж, хохирогч Т.Эрдэнэцогтод олгосугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн нэхэмжлэл болон 200 литр түлшний зардлыг иргэний шүүхэд жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогч Т.Эрдэнэцогтод мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, 73-39 УБЗ улсын дугаартай “Sinotruk” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ч.Шинэбаярт буцаан олгосугай.
  7. Шүүгдэгч Ч.Шинэбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Шинэбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Шинэбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАЙГАЛМАА