Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/817

 

 

 

  2022         06           03                                    2022/ШЦТ/817

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Оын Чийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134 00243 1488 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ч нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ПС тоглоомын төвөөр үйлчлүүлж байхдаа иргэн Н.Мын Хаан банкны 5466094415 дугаартай дансны интернэт банкаар нэвтэрч 870.000 төгрөгийг иргэн Э.Батзаяагийн Хаан банкны 5429368267 дугаарын данс руу шилжүүлэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага бус хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.                           

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2134 00243 1488 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Ч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийнхөө утсыг шалгаад үзэхэд таны данснаас 870.000 төгрөгийн зарлага гарсан байна гэсэн мессеж байсан. Утгыг нь харахад ЕВ-sergelen.bat21360rub гэсэн утгатай 5429368267 дугаартай Батзаяа гэсэн данс руу мөнгө шилжүүлсэн байсан. Миний утсыг Сэргэлэн гээд манай ажлын нэг залуу кино үзээд гээд 2 удаа авсан. Миний утасны notepad хэсэгт миний Хаан банкны интернэт банкны нэвтрэх нэр, код байдаг. Өмнө нь Сэргэлэн 17.000 төгрөгийг миний утаснаас орж шилжүүлэхдээ ЕВ гэсэн утгатай шилжүүлсэн байсан. Ч гээд манайд ажиллаж байсан залуу миний интернэт банкийг нээж өгч байсан. Сүүлд бас нууц кодыг нь сольж өгч байсан” гэх мэдүүлэг /хх 14-15/,

 

Гэрч М.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2021 оны 07 дугаар сарын сүүлээр мөнгө өгөөд ашиглаж байсан. Ашиглахдаа animax үзээд мөн фейсбүүкээр орсон. 2 цаг ашиглаад өгсөн. Тэр хүний утсаар интернэт банк руу орж байгаад өөрийнхөө данс руу ороод мөнгө шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх 18/,

 

Гэрч Э.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

5429368267 миний steam commnnity mongolia, 0222 бол gaming community mongolia пэйж хаяг дээр ашигладаг миний данс. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Sergelenbat фейсбүүк хаягаас 870.000 төгрөгийг 5466094415 шилжүүлж авсан. 21360 рублиэр болоод шилжүүлсэн ба би тухайн үед буцаагаад кодыг нь шилжүүлсэн. Маргааш нь цагдаа холбогдоод би чатынхаа зургийг явуулсан гэх мэдүүлэг /хх 30-31/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн: ... Сэргэлэн М гэсэн хаягтай фейсбүүк хаяг байв. Mobile legends гэх тоглоомтой байх бөгөөд ID624572649 /10130/ хаягтай байв. Sceam гэх программ байх бөгөөд strike gaming гэх эзэмшигчтэй байв. Ч 99285739 гэх дугаар хадгалсан байв гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх 37-46/,

 

- хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх 01-02/, 

- гэмт  хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, банкны хуулга /хх 04-12/, 

- шүүгдэгч О.Чийн Хаан банкны 5031964156 дансны хуулга /хх 27/,

- мөнгө шилжүүлсэн талаарх банкны гүйлгээний баримт, фейсбүүк чат /хх 32-36/,

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 76-79/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай: ... Эрүүгийн 2134002431488 дугаартай хэрэгт саарал өнгийн HP CD-R 52x 700 MB Data 80 min Music гэсэн бичигтэй 5994 гэж хар өнгөөр дугаар тавьсан 1 ширхэг CD эд мөрийн баримтаар тогтоов гэх мөрдөгчийн тогтоол /хх 80/,

- хохирол төлсөн талаарх банкны хуулга /хх 84/,

 

Шүүгдэгч О.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2021 оны 08 дугаар сарын арвад гаргаад ажлаасаа гараад Улаанбаатар хотод ирсэн. 13 дугаар хороололд байрлах нэг цахим тоглоомын газар ороод Мөнхбат ахын интернэт банкийг ашиглаж дансанд байсан 870.000 төгрөгийг рубль зардаг хувь хүн рүү шилжүүлээд рубль аваад тэр мөнгөөрөө стийм аккаунтанд хийсэн. Тэгээд стийм аккаунтаа алдсан. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 73/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч О.Чийн хувийн байдлын талаарх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 63/, иргэний оршин суугаа газрын хаягийн хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65/, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 85/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч О.Ч нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ПС тоглоомын төвөөр үйлчлүүлж байхдаа иргэн Н.Мөнхбатын Хаан банкны 5466094415 дугаартай дансны интернэт банкаар нэвтэрч 870.000 төгрөгийг иргэн Э.Батзаяагийн Хаан банкны 5429368267 дугаарын данс руу шилжүүлэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч О.Ч нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч О.Чийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч О.Чт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Хохирогч Н.Мөнхбатад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 84 дүгээр хуудаст авагдсан нотлох баримтаар тогтоогдов.

 

Хохирогчид хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Чийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгч О.Чийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж,, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Оын Чийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч О.Чийг зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгчид хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ