| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/01687/И |
| Дугаар | 102/ШШ2018/02424 |
| Огноо | 2018-08-01 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2018/02424
| 2018 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2018/02424 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 59-57 тоотод байрлах, Х ХХК /РД:5052661/-ийн
Хуулийн этгээдийг дампуурсанд тооцуулж, татан буулгах тухай хүсэлттэй дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус компани нь 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан ба үйл ажиллагааны гол чиглэл нь гадаад худалдаа болно. 2016 онд хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон бөгөөд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хийгдэхгүй, хувьцаа эзэмшигч нарын зүгээс тодорхойгүй шалтгаанаар компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, хуулийн этгээдэд нэмж хөрөнгө оруулах боломжгүй болж, хуулийн этгээдийн хувьд үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадваргүй болоход эдийн засгийн хямрал ч нөлөөлсөн. Аж ахуйн нэгжийн зүгээс цаашид үйл ажиллагаа явуулах эдийн засгийн болоод ажиллах хүн хүчний хувьд ямар ч боломжгүй, улмаар төлбөрийн чадваргүй болсон. Иймд эдгээр үндэслэлээр гаргасан хүсэлтийг судлан дампуурлын хэрэг үүсгэж, Х ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү. Сүүлийн 3 жилийн санхүүгийн ба татварын тайлан балансыг хавсаргасан ба, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээд байхгүй болно. Өр, авлагын хувьд ОХУ-ын Москва хотын арбитрын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А40-27371/2014 тоот шийдвэрээр тус компаниас “Промснаб” ХХК-д 318,633,388 төгрөг гаргуулах шийдвэр гарч, одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Уг арбитрын шийдвэр гарсан талаар тус байгууллагад мэдэгдээгүй бөгөөд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх үед мэдсэн байдаг. Арбитрын шийдвэр бол манайд огт мэдэгдээгүй байдлаар гарсан. Төлбөрийн чадваргүй гэдэг нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тодорхойлогдсон гэж үзэж байна. Хэрэг гүйцэтгэгчийн шаардсан баримтуудыг бүгдийг гаргаж өгсөн байгаа. Тийм учраас хүсэлтийг хүлээн авч, Х ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэв.
Хэрэг гүйцэтгэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус компани нь улсын бүртгэлийн 9011027088 дугаартай, 5052661 тоот регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 59-57 тоот байранд ажиллахаар 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3 гишүүнтэйгээр Гадаад худалдаа, Худалдааны зуучлал, Зочид буудал, Зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,100,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр компанийн дүрэм болон хувьцааг шилжүүлсэн өөрчлөлтөөр Б.Чинбилэгийн оронд гол хувьцаа эзэмшигч О.Нямжав болон болсон. 2 гишүүнтэй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь компанийн хувьцаа эзэмшигч Баасанхүүгийн Нямжав. Компанийн дүрмийн сангийн эзэмшил 70 хувь буюу 770,000 төгрөгийн хувьцааг Б.Нямжав, 30 хувь буюу 330,000 төгрөгийн хувьцаагч А.Амарбек нар эзэмшдэг байна.
Хүсэлт гаргагч нь ОХУ-ын Москва хотын Арбитрын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А40-27371/2014 тоот шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хийгдэж буй ажиллагаагаар төлөх өр төлбөр 319,774,584 төгрөгийн өр төлбөрийг тайлан тусгаагүй байсныг нийт өр төлбөрт оруулан тооцсон. Х ХХК нь ОХУ-ын Арбитрын дээрх шийдвэрээр тогтоогдсон 319,774,584 төгрөгөөс өөр, тодруулбал хэрэгт лавлагаагаар ирүүлсэн баримтаар Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын, Татварын болон Гаалийн өр төлбөргүй байна. Дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 2 жилийн дотор хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл хавтаст хэрэгт байхгүй, мөн шүүхэд ирүүлсэн лавлагаагаар тогтоогдоогүй. Х ХХК нь санхүүгийн тайлангийн 2015-2017 оны жилийн эцсийн байдлаар компанийн өр төлбөр 319,774,584 төгрөг болж, өөрийн хөрөнгийн 24,987%-тай тэнцэх хэмжээний өр төлбөртэй болж, төлбөрийн чадваргүй болсон байна.
Х ХХК-ийг төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгаан: Тус компани нь гадаад худалдаа, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч зөвхөн бусдад бараа нийлүүлэх гэсэн ганц чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ. Үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилго зорилт, эдийн засгийн тооцоолол, төлөвлөлт байгаагүй байна. Хөрөнгийн эх үүсвэр бий болгож чадаагүй, хуримтлал үүсгээгүй нь тэдний үйл ажиллагаа зогсох хэмжээнд бусдаас хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон байна. Мөн компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой, хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ.
Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хугацаанд Х ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгчийн зүгээс шүүхэд гаргаагүй. Мөн шүүхээс тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны дотор шүүхэд хүлээн авах, нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн боловч Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хугацаанд шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл байхгүй болно.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн Х ХХК нь 2016 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба, Дампуурлын тухай хуулийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж, хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.
Хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37.1-д заасны дагуу хариуцагчийн ОХУ-ын Москва хотын Арбитрын шүүхийн 2015 оны А40-27371/2014 тоот шийдвэрийн дагуу ОХУ-ын “Промснаб” ХХК-ийн өмнө хүлээсэн 319,774,584 төгрөгийн өр төлбөрийг тус тус барагдуулах үүрэг дуусгавар болох юм гэв.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Х ХХК нь үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурсанд тооцуулж, татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улсын бүртгэлийн 9011027088 тоот гэрчилгээтэй, хуулийн этгээдийн 5052661 тоот регистрийн дугаартай Х ХХК нь анх 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3 гишүүнтэйгээр, Гадаад худалдаа, Худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,100,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан байна.
Улмаар 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үүсгэн байгуулагчдын тоо 2 болж өөрчлөгдөн, Зочид буудал, зоогийн газар эрхлэх туслах үйл ажиллагааг шинээр бүртгүүлсэн бол, 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 хувь нийлүүлэгч хасагдан, үүсгэн байгуулагчийн тоо 1 болж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үүсгэн байгуулагчдын тоо 2 болж өөрчлөгдөн, компанийн дүрэм болон хувьцааг шилжүүлсэн өөрчлөлтөөр Б.Чинбилэгийн оронд гол хувьцаа эзэмшигч Б.Нямжав болон, 2 гишүүнтэй компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр компанийн хувьцаа эзэмшигч Баасанхүүгийн Нямжав томилогдож, Компанийн дүрмийн сангийн эзэмшил 70 хувь буюу 770,000 төгрөгийн хувьцааг Б.Нямжав, 30 хувь буюу 330,000 төгрөгийн хувьцаагч А.Амарбек нар эзэмших болсон нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хуулийн этгээдийн тухай лавлагааны баримт болон Эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх 3, 11-13, 98-102/
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Х ХХК-ийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2018/06079 тоот шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн. /хх 40/
2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2018/06927 дугаар шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгч А.Энхболдыг томилж, хэрэг гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд Х ХХК-ийг 2015-2017 оны жилийн эцсийн байдлаар нийт өр төлбөр 319,774,584 төгрөг болж, өөрийн хөрөнгийн 24,987%-тай тэнцэх хэмжээний өр төлбөртэй гэжээ. /хх 175-179/
Түр хэрэг гүйцэтгэгчийн дээрх дүгнэлтийг үндэслэн, шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2018/09119 дүгээр захирамжаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Х ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон. /хх 180/
Шүүх 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Өдрийн сонин” хэвлэлээр нийтэд энэ тухай мэдээлсний дагуу Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд Х ХХК-иас өр авлагатай иргэн, аж ахуй нэгж байгууллага нэхэмжлэл гаргаагүй бөгөөд, шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилсны дагуу хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гарган шүүхэд ирүүлсэн. /хх 184/
Х ХХК-ийн өмчлөлд 2018 оны 5 дугаар сарын байдлаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, татварын өр төлбөргүй, Гаалийн байгууллагад татварын өргүй, тус компанийн нэр дээр хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй байх бөгөөд, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д 8.18 ам.долларын үлдэгдэлтэйгээс бусад арилжааны банкуудад хадгаламж болон харилцах данс эзэмшдэггүй болох нь дээрх байгууллагуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа бүхий баримтуудаар тогтоогдож байна. /хх 72-96, 150, 151/
Харин ОХУ-ын Москва хотын Арбитрын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А40-27371/2014 тоот шийдвэрээр Х ХХК нь ОХУ-ын “Промснаб” ХХК-д 319,774,584 төгрөгийн өр төлбөртэй болох нь арбитрын шийдвэр, тус шийдвэрийг баталгаажуулах тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/32286 тоот захирамж, 3550 дугаар гүйцэтгэх хуудас зэргээр тогтоогдсон.
Гэвч хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр Х ХХК-ийн бусдад төлөх өр буюу “Промснаб” ХХК-д төлвөл зохих 319,774,584 төгрөгийн өр төлбөр нь компанийн өөрийн хөрөнгийн 24,987%-тай тэнцэнэ гэж дүгнэсэн, тус компанийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл байхгүй, арилжааны банкуудад хадгаламжийн болон харилцах данс эзэмшдэггүй, 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй зэргийг үндэслэн Х ХХК-ийг энэхүү төлбөрийн үүргийг гүйцэтгэх чадваргүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна. /хх 153-158/
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заажээ.
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх боловч хүсэлт гаргагч өөрөө болон, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь дээрх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул Х ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ” гэж зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаа зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хуулийн этгээдийн 5052661 регистртэй Х ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад даалгасугай.
3.Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан Х ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.
4.Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан Х ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор ОХУ-ын Москва хотын Арбитрын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А40-27371/2014 тоот шийдвэрийн дагуу ОХУ-ын “Промснаб” ХХК-ийн өмнө хүлээсэн 319,774,584 төгрөгийн өр төлбөрийг барагдуулах үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА