Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/01734

 

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/01734

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгалийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 48 дугаар байрны 9 тоот хаягт байрлах Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо-42, өөрийн байранд байрлах У ХНН-т холбогдох

10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын захирал Д.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон, нэхэмжлэгч байгууллагын захирал Д.Мөнхжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Х ХХК нь У ХНН-ийн Зорчигч үйлчилгээний буудалтай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Вокзалын авто зогсоолыг түрээслэх гэрээ байгуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах вокзалын авто зогсоолыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай түрээслэн ажиллуулахаар болсон. Гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг тухай бүрд нь төлж байсан. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр түрээслүүлэгч тал болох У ХНН-ийн ажилтнууд гэрээний 2.4 болон Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-ийг зөрчин, урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт түрээсийн талбайг хүч түрэмгийлэн булааж авсан. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4.1.3, 7.1-д түрээсийн гэрээг хугацаанаас өмнө түрээслүүлэгчийн зүгээс цуцлах нөхцлүүдийг тохирсон бөгөөд, манай талаас уг заалтуудад дурдсан ямар нэгэн зөрчил гараагүй байхад хууль бусаар түрээсийн талбайг булааж авч байгаа нь үндэслэлгүй байна. Иймд 2016 оны 7 дугаар сараас эхлэн 2017 оны 7 дүгээр сарыг дуустал төлсөн түрээсийн төлбөр болох 10,000,000 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгээс гаргуулахаар шаардаж байна.

Авто зогсоолын талбайд үйлчлүүлж буй машинуудад тараагдаж байсан тасалбарт У ХНН-ийн үйлчилгээг үзүүлж байсан учраас Зорчигч үйлчилгээний төв буудал гэж бичих нь зөв байсан бөгөөд, тасалбарууд бүгд Х ХХК-ийн тамгатайгаар хүмүүст үйлчилж байхад хүчин төгөлдөр бус тасалбараар үйлчилгээ үзүүлж байна гэж тасалбар солихыг шаардсан. Бид тасалбараа солихоор болж, шинэ тасалбарын захиалга өгөөд, авч амжаагүй байхад 2017 оны 4 дүгээр сарын 25-ны шөнийн 00 цаг 00 минутад У ХНН-ийн харуул хамгаалалтын албаны 100-аад хүн, төмөр замын цагдаагийн газрын 20-30 цагдаа нар над руу дайралт хийсэн. Би гэрээнд заасны дагуу орлогынхоо 10 хувийг буюу, хэдийгээр хүрдэггүй байсан ч 10,000,000 төгрөгийн орлоготой гэж тооцоод сар бүр 1,000,000 төгрөгийг тогтмол төлдөг байсан. Би УБТЗ-н авто зогсоолд өөрийн хөрөнгө оруулалтаар засвар үйлчилгээ хийсэн баримт нь хавтаст хэрэгт байгаа. Түрээсийн гэрээ 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусах ёстой байсан. Тасалбар дээрх Зорчигч үйлчилгээний төв буудал гэдэг нэрийг бичсэн нь гэрээний 7.1-д заасан гэрээ цуцлах үндэслэлд хамаарахгүй. Тийм учраас хууль зөрчин гэрээг хүчингүй болгосон У ХНН-ээс 10,000,000 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгож өгнө үү. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл манай үйл ажиллагаа болон Түрээсийн гэрээ хэвийн явагдаж байсан. Сүүлийн 5, 6 сарын орлого нь манай компанийн цэвэр ашиг болох байсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Авто зогсоолын тасалбар У ХНН-ийн нэрээр байгаа нь зөрчил гэж хариуцагч тал гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн гэж байна. Гэтэл гэрээг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид 2017 оны 1 дүгээр сард 2 ч удаа өгсөн байсан. Энэ нь гэрээг цуцлах шалтаг байсан. Салбар нэгжийн нэрээр үйл ажиллагаа явуулж байсан гэж байгаа боловч энэ нь тогтоогдсон байх шаардлагатай. Хариуцагч тал тасалбарыг хэрэгт хавсаргаж өгөөгүй, хуулийн этгээдийн нэрийг хууль бусаар ашиглаж байсныг нотлосон баримт нь байхгүй. Тийм учраас хариуцагч талын нэхэмжлэлийг үгүйсгэж байгаа тайлбар нь үндэслэлгүй юм. Гэрээний үүрэгт авто машины задгай зогсоолын талбайг түрээслүүлэх, нөгөө тал нь түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэйгээр заасан. Өөр ямар нэгэн үүргийн талаар тохиролцоогүй учраас гэрээний үүргийн зөрчил гэж үзэж болохгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал нь үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч авто зогсоолд асар их хөрөнгө оруулсан байгаа. Үүнийг нотлоход 2 талын тохиролцсон албан ёсны санхүүгийн баримт байхгүй байна. Түрээсийн гэрээг гэнэт цуцласан нь хуульд нийцэхгүй байна. Цаашид түрээсийн гэрээгээр зогсоолд оруулсан хөрөнгөө олж авах зорилготой байсан гэв.

Хариуцагч У ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь түрээсийн төлбөрт төлсөн төлбөрийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл байхгүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан эрх зүйн зохицуулалт үйлчлэх юм. Нэхэмжлэгч нь түрээсийн эд зүйлийг ашигласны хугацааны төлбөрөө төлсөн байна. Нэхэмжлэгч нь Түрээсийн гэрээ-ний 2.4 болон Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийг зөрчсөн гэсэн үндэслэл дэвшүүлсэн байна. Түрээсийн гэрээний 2.4-т аль нэг тал нь энэ гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө уг гэрээг цуцлах санал гаргаагүй бол гэрээг сунгасанд тооцно гээсэн заалт бөгөөд, гэрээг сунгах тухай зохицуулалт болохоос гэрээний үүргээ ноцтой зөрчсөн үед гэрээг цуцлах өмчлөгчийн эрхийг хязгаарласан зохицуулалт биш билээ. Мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэн заалт бөгөөд, нэхэмжлэгч Х ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн үйл ажиллагааг шалгасан байна. Шалгах явцад Х ХХК нь зогсоолын төлбөрийг тасалбар нь Зорчигч үйлчилгээний төв буудал гэх У ХНН салбар нэгжийн нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон байна. Энэ зөрчлөө зогсоохыг сануулсан боловч 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дахин шалгахад дээрх зөрчил хэвээрээ байсан тул мөн өдөр нь Түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл гардуулан өгсөн байна. Түрээсийн гэрээ нь байгуулагдсан 3.2-т түрээслэгч нь түрээслэж буй авто зогсоолыг бүрэн бүтэн ашиглах бөгөөд, нэг сарын орлогын 10 хувийг сар бүрийн 05-ны дотор түрээслүүлэгч талын ... дансанд буюу кассанд төлсөн байна гэсэн зохицуулалттай бөгөөд, тасалбар нь хатуу дугааргүй тул Иргэний хуулийн түрээсийн төлбөрийг тохироогүй гэрээ бөгөөд, хүчин төгөлдөр бус гэрээ байсан болно. Энэ зөрчил үргэлжлэн давтагдан үргэлжилсэн бөгөөд түрээсийн зүйлийг буцааж өгөхийн оронд захирал гэх Д.Мөнхжаргал нь удаа дараа У ХНН-ийн ажилтнуудыг заналхийлэх, зүй бус харьцаж эхэлсэн бөгөөд түрээсийн гэрээнээс татгалзаж түрээсийн зүйлийг буцаан авсан байна. Нэхэмжлэл илт хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч У ХНН-т холбогдуулан, тэдний хооронд байгуулагдсан Вокзалын авто зогсоолыг түрээслэх гэрээ-г зөрчин, хууль бусаар түрээсийн талбайг булаан авч, үндэслэлгүйгээр гэрээг цуцласны улмаас түрээсийн төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч У ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу шүүхэд хариу тайлбарыг бичгээр гарган, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэгэнт төлөгдсөн түрээсийн төлбөрийг буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд, нэхэмжлэгч түрээсийн эд зүйлийг ашигласан хугацааны төлбөрөө төлсөн учир гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан байна.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдсэн бөгөөд, тэрээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд н.Ариунболдод холбогдох хэрэгт оролцоно гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн байх боловч уг хүсэлт баримтаар нотлогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгаланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй гэж үзээд, нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16/06/03 дугаартай Талбайн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслэгч Х ХХК нь түрээслүүлэгч У ХНН-ийн эзэмшил дэх Вокзалын авто зогсоолыг Автомашины задгай зогсоолын зориулалтаар, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар ашиглан, нэг сарын орлогын 10 хувийг, сар бүрийн 05-ны дотор төлөх, түрээсийн төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгээс 0,3 хувь алданги тооцохоор тусгаж, харилцан тохиролцсоны дагуу эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 5-6/

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжийг агуулсан байх бөгөөд, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаагүй, мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээг хугацаанаас өмнө үндэслэлгүйгээр цуцласнаас учирсан хохирол шаардсан.

Хэдийгээр түрээсийн гэрээний төлбөрийг талууд тухайлан заалгүйгээр ...нэг сарын орлогын 10 хувийг сар бүрийн 05-ны дотор ...төлсөн байна гэж заасан нь төлбөрийг тогтооход ойлгомжгүй байдал үүсэхээр харагдаж байгаа боловч, түрээслэгч Х ХХК нь сарын орлогоо 10,000,000 төгрөгөөр тооцон сар бүр 1,000,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлж байсан бөгөөд, түрээслүүлэгч У ХНН-ийн зүгээс уг төлбөрийг хүлээн зөвшөөрч, түрээсийн төлбөрийг авч байсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрийг тохирсон гэж үзэх үндэслэлтэй.

Түрээсийн гэрээний хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар түрээслэгч Х ХХК нь сар бүр 1,000,000 төгрөгөөр, нийт 10 сарын түрээсийн төлбөр 10,000,000 төгрөгийг төлсөн болох нь төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. /хх 13-22/

Гэтэл түрээслүүлэгч У ХНН-ээс 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 198 тоот Гэрээ цуцлах тухай мэдэгдлээр түрээслэгчийг гэрээний үүргээ зөрчиж, санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй тасалбар гэх зүйлийг ашиглан У ХНН дотоод ажлын нэгж Зорчигч үйлчилгээний төв буудал гэсэн нэрийг ашиглан хууль бусаар иргэдээс мөнгө хурааж байгааг тогтоож, засахыг шаардсан ч уг үйлдэл дахин давтагдсаар байгаа нь гэрээний ноцтой зөрчилж гэж үзээд Түрээсийн гэрээний 7.1, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 226.1.3 тус тус заасан үндэслэлээр гэрээг цаашид үргэлжлүүлэхээс татгалзан, гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг буцаан авчээ. /хх19/

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч У ХНН-ийг түрээслэгч Түрээсийн гэрээний 4.1.3, 7.1 дэх хэсэгт заасан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай үндэслэлд хамаарах зөрчил гаргаагүй байхад Зорчигч үйлчилгээний төв буудал гэсэн нэрийг иргэдэд олгох тасалбарт ашигласан нь ноцтой зөрчил гэж үзсэн нь буруу бөгөөд, тасалбарууд дээр түрээслэгч Х ХХК-ийн тамга дарагдсан байхад түрээслүүлэгч өөрөө хууль бусаар Түрээсийн гэрээг булааж авч байгаа нь хуульд нийцээгүй учир Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанд түрээсийн төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүснэ гэж тайлбарлаж байна.

Талуудын байгуулсан Талбайн түрээсийн гэрээний 7.1-д гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлүүд: ...түрээслэгч түрээсийн төлбөрөө хоёр сар хүртэл хугацаагаар хожимдуулан төлсөн, Түрээслэгч үйлчилгээний шаардлагыг хангахгүй байх, зөвшөөрөлгүйгээр дамжуулан түрээслүүлэх, түрээсийн талбайд зөвшөөрөлгүйгээр тохижилт, хөрөнгө оруулалт хийсэн, Түрээсийн талбайг санаатайгаар эвдэж гэмтээсэн, барьцаалсан... зэрэг байхаар заажээ.

Гэтэл хариуцагч У ХНН нь талуудын гэрээгээр тохиролцсон дээрх үндэслэлд хамаарахгүй шалтгаанаар гэрээг хугацаанаас цуцласан болох нь харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан хүчин төгөлдөр Түрээсийн гэрээ болон Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 226.1.3 дахь хэсгүүдэд нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Харин түрээслэгч Х ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 дахь хэсэгт түрээслэгч гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж заасны дагуу түрээсийн талбайг ашигласны үр дүнд бий болсон үр шимээ сар бүрийн 10,000,000 төгрөг байхаар тодорхойлж, гэрээний 3.2-т заасны дагуу сар бүр 1,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж байсан болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж хуульчилсан бөгөөд, хүчин төгөлдөр гэрээний дагуу төлөгдсөн 10,000,000 төгрөгийн төлбөрийг түрээслүүлэгч талын гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн, энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч Х ХХК-ийг маргаан бүхий 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 16/06/03 тоот Талбайн түрээсийн гэрээ-нээс учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасна үндэслэл тогтоогдоогүй учир У ХНН-ээс 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай Халзан ЗамХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч Х ХХК-ийг маргаан бүхий 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 16/06/03 тоот Талбайн түрээсийн гэрээ-нээс учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардахад саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА