Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/145/и

 

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/00145

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-3 дугаар гудамжны 93А тоот хаягт оршин суух, эмэгтэй, 30 настай, Их заан овогт Н.Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 10-1А тоот хаягт байрлах Т ХХК-д холбогдох

Ажилгүйдлийн тэтгэмжийн төлбөрт авах байсан 1,002,184 төгрөг, олгогдоогүй цалин 519,781 төгрөг, нийт 1,521,965 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Дарьсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.О нь 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Т ХХК-ийн Сайн ломбардад зээлийн мэргэжилтнээр ажилд орсон ба эхний 1 сард өдрийн 6000 төгрөгийн цалинтайгаар дагалдан ажилтнаар ажиллаж байгаад, 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үндсэн ажилтнаар ажилласан. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Н.О өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажил олгогчид бичгээр гаргаж, харилцан тохиролцсоны дагуу 5 дугаар сарын 31-ний өдрийн дуустал ажилласан байдаг. Улмаар Н.О ажлаас гарсан даруйд хуульд зааснаар нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар ажил олгогчийн төлөөлөгчтэй уулзаж, ажлаас халсан шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, дээд боловсролын диплом зэргийг авахыг хүсэхэд ажил олгогчоос ажлын хувцсыг дараагийн хүн өмсөх боломжгүй болсон учир өргөдөл өгсөн өдрөөс хойш ажлаас халагдсан өдөр хүртэлх хугацаанд ажиллахад бодогдсон цалин хөлс болох 550,000 төгрөгөөс уг мөнгийг суутган авч, дээрх баримт бичгийн хамт өгөхийг хүсэхэд энэ хугацааны цалин хөлс 550,000 төгрөгийг бүгдийг нь ажилд дадлагажуулан сургахад зориулагдсан Сургалтын гэрээ-ний дагуу суутган авсан тул хувцасны мөнгөө өгч байж ажлаас халсан шийдвэр, нийгмийн даатгалын дэвтрээ ав гээд өгөөгүй учир нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй.

Тиймээс нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын цалин хөлс, ажилд томилогдсон 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас халагдсан 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны илүү цагийн хөлс, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын дэвтэр, дээд боловсролын бакалаврын дипломыг эх хувиар нь гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж буюу түүнтэй адилтгах орлогыг хариуцагч Т ХХК-иас гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч талын зүгээс Н.Оын нийгмийн даатгалын дэвтэр болон боловсролын диплом зэргийг буцааж өгсөн бөгөөд, нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, хариуцагчаас 2017 оны 5 дугаар сард олгогдоогүй үлдсэн 519,781 төгрөгийн цалин болон ажилгүйдлийн тэтгэмжийн төлбөрт авах байсан 1,002,184 төгрөг, нийт 1,521,965 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ багасгасан байгаа.

Н.О нь ажил олгогч Т ХХК-иас бичиг баримтаа авч чадаагүй учраас ажлаас гарснаас хойш 14 хоногийн дотор материалаа бүрдүүлээд Нийгмийн даатгалын газраас авдаг ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй. Тийм учраас ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан ч авч чадаагүй хохирол гэж шаардаж байгаа. Үүнтэй холбоотой шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй байна. Учир нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл тушаалд зааснаар ажил хүлээлцэж дуусаагүй байгаа учир өнөөдрийг хүртэл ажлаас чөлөөлөх хугацаа үргэлжилж байна гэж үзээд хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэл гаргасан гэж бодож байна. Хариуцагч нь хөдөлмөрийн маргаан таслах комисстой гэж нэг ч удаа дурдаагүй, нотлох баримтаар нотлоогүй. Хуурамчаар үйлдсэн тойрох хуудсан дээрээ хүний нөөцийн дарга нь өөрөө гарын үсэг зурсан ба Н.Ооор гарын үсэг зуруулаагүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдахаас өмнө Сургалтын гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн маргаан үүсгэсэн. Түүнчлэн ийм сургалтанд хамрагдсан 550,000 төгрөгийн төлбөр төлөх ёстой гэдгийг нотлосон баримт байхгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багахүү шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

Н.О нь манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2015 оноос хойш зээлийн мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгч, уг өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байгаад, түүнээс хойш ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байсан тул түүний хүсэлтийг нь үндэслэн Ажлаас чөлөөлөх тухай тушаал 6 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Н.О нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөх хүртлээ цалин болон илүү цагийн хөлсөө цаг тухай бүр авч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлүүлсээр ирсэн. Манай байгууллага анх шинээр ажилд орж буй ажилтантай сургалтын гэрээ байгуулж, 260 цагийн багц сургалт орж мэдлэг олгодог. Энэ сургалтанд хамрагдсанаар ажилтан нь санхүүгийн болон зээлийн үйл ажиллагаа явуулдаг аль ч салбарт бие даан ажиллах бүрэн чадвартай боловсон хүчин болон бэлтгэгддэг. Дээрх сургалтын гэрээгээр ажилтан нь 550,000 төгрөгийг хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд сургагт талд төлөхөөр зохицуулсан тул нэхэмжлэгч нь манай байгууллагад уг төлбөрийг төлөх ёстой. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Н.О Сургалтын гэрээний дагуу манай байгууллагад тогтвортой 5 жил ажиллаагүй учир түүнийг сургасан зардал болох 550,000 төгрөгийн төлбөрийг Т ХХК-д олгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, өмгөөлөгч Т.Дарьсүрэн нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын олгогдоогүй цалин 519,781 төгрөг гаргуулахаар шаардсан. Үүнээс 148,000 төгрөгийг түүнд өгсөн байгаа бөгөөд, үлдэгдэл 371,781 төгрөг байгаа. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтрийг өгөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй гэж байна. Гэвч 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан өргөдөлдөө Англи улс руу явна гэсэн учир түүнийг гадаад руу явсан гэж бид ойлгосон. Ажилтан нийгмийн даатгалын дэвтрээ авах эрх нь нээлттэй ба өөрөө шаардаад авах боломжтой байсан. Энд манай байгууллагын буруу байхгүй. Н.О шүүхэд нэхэмжлэлээ 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Гэтэл тушаал 6 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Хуульд заасан 3 сарын хугацаанд шүүхэд хандах боломжтой байсан боловч хуулийн хугацааг хэтрүүлсэн байна. Түүнчлэн, цалин хөлс гаргуулахаар шаардаж байгаа бол хөдөлмөрийн маргаан таслах комисст эхлээд хандах хэрэгтэй байсан. Манай байгууллагад байнгын комисс байхгүй, энэ талаар зохицуулсан журам байхгүй ч хэрвээ хандсан бол комисс байгуулаад шийдвэрлэж болох байсан. Мөн ажилгүйдлийн тэтгэмж, түүнтэй адилтгах орлого авна гэсэн ч энэ асуудлыг хуулиар зохицуулна. Ажилгүйдлийн тэтгэмж авах нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдалтай холбоотой байгаа. Хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь 24 сараас доошгүй бөгөөд сүүлийн 9 сарын хугацаанд тасралтгүй төлсөн байхыг шаарддаг. Гэтэл Н.Оын нийт төлсөн хэмжээ нь 23 сар байна. Энэ тэтгэмжийг авахаар баримт бүрдүүлэх үүрэг ажилтан өөрөө хүлээдэг. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй байж, ажил олгогчийг буруутгаж байна. Иймд Н.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд ажил олгогч сургалтад хамруулж болно. Харин үнэ төлбөргүй хамруулна гэсэн үүрэг хүлээгээгүй. Н.Отой хөдөлмөрийн харилцаа үүсэхээс өмнө тусдаа Сургалтын гэрээ байгуулж, сургалтанд хамрагдсаны дараа зээлийн мэргэжилтний ажилд авсан байгаа. Н.О нь өөрөө сургалтын гэрээнд заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал нь өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу хариуцагч Т ХХК-д холбогдуулан, Н.Оын 2017 оны 5 дугаар сарын цалин хөлс, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны илүү цагийн цалин хөлс, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын дэвтэр, дээд боловсролын бакалаврын дипломыг эх хувиар нь гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж буюу түүнтэй адилтгах орлогыг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаар, хариуцагч Т ХХК-иас цалингийн зөрүү 519,781 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан 1,002,184 төгрөгийн хохирол, нийт 1,521,965 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч марган, нэхэмжлэгчээс Сургалтын гэрээ-ний дагуу төлөх ёстой 550,000 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргасныг шүүх дараахь байдлаар шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Н.О нь Т ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 15/08 тоот Туршилтын хугацаанд байгуулах хөдөлмөрийн гэрээ байгуулан, мөн өдрөөс эхлэн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тус компанийн Сайн ломбардын зээлийн мэргэжилтнээр ажиллажээ. /хх-35/

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ажилтан Н.О Англи улс руу явах шаардлагатай болсны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ажил олгогч Т ХХК хүлээн авч, захирлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 17/12 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажилтны хүсэлт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Н.Оыг зээлийн мэргэжилтний ажил албан тушаалаас чөлөөлсөн байна. /хх-41/

Нэхэмжлэгч Н.О тус шүүхэд хандан 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж, Т ХХК-иас дээд боловсролын мэргэжлийн диплом, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг эх хувиар нь гаргуулах, цалингийн зөрүү, ээлжийн амралтын олговор, илүү цагийн хөлс зэргийг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэлийн зарим шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, ажил олгогчоос цалингийн зөрүү болон ажилгүйдлийн тэтгэмжид Нийгмийн даатгалын газраас олгогдох байсан хохирол зэрэгт нийт 1,521,965 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогч бус, харин Нийгмийн даатгалын байгууллагаас олгох бөгөөд, ажилтан өөрөө тушаал шийдвэр, бичиг баримтаа хүлээж авахаар ирээгүй буруутай гэж, мөн цалин гаргуулах шаардлагыг байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлээгүй нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөнөөс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэнээс хойш 3 сарын хугацаанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэх зэргээр тайлбарлаж маргасан.

Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар ажлаас халагдсан даатгуулагч буюу ажилтан нь ажил олгогчтой тооцоо нийлж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч Н.О нь хуульд заасан хугацаанд Нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэхээр хандсан эсэх нь тодорхойгүй, ажил олгогчийн буруугаас уг хугацааг хэтрүүлснээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдаж хохирсон гэх нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Ажил олгогч нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ажилтны 5 дугаар сарын 17-ны өдрийн өргөдлийг үндэслэн гаргасан байх ба, Н.О нь уг тушаал гарахыг мэдсэн боловч ажил олгогчоос хүлээж аваагүй, өөрийн ажлыг Тойрох хуудас-ын дагуу хүлээлгэж өгөөгүй болох нь зохигчдын тайлбар болон, хэрэгт баримтаар авагдсан Ажил хүлээлцэх хүснэгт, Ажлын хувцасны тооцоо зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх 99,100/

Хэдийгээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласнаар ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ цуцласан тухай шийдвэр зэргийг халагдсан өдөрт нь өгөх үүрэг хүлээсэн боловч, ажил олгогч уг үүргээ биелүүлээгүй гэх байдал тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл: хариуцагчийн зүгээс ...Н.О өөрөө бичиг баримтууд болон тушаалаа ирж аваагүй бөгөөд, Англи улс руу явах болсны улмаас ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн учир түүнийг гадаад улс руу явсан гэж ойлгосон хэмээн тайлбарласныг нэхэмжлэгч тал няцаах боловч тийнхүү бичиг баримт авахаар ажил олгогчоос шаардсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул ажил олгогчийн буруугаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь зөрчигдсөний хохирол хэмээн шаардсан 1,002,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлож чадаагүй гэж шүүх дүгнэн, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Харин дараагийн шаардлага болох, ажилласан хугацааны буюу 2017 оны 5 дугаар сарын цалингийн зөрүү 519,781 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулах тухай шаардлагын зарим хэсэг буюу 148,000 төгрөгийг Н.От бэлнээр олгосон ба, энэ шаардлагыг гаргахдаа нэхэмжлэгч хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчиж, хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэлгүйгээр шууд нэхэмжлэл гаргасан, мөн хуульд зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж тус тус тайлбарлан маргасан.

Хариуцагчийн зүгээс Н.От олгогдоогүй 519,781 төгрөгийн цалингийн 148,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр олгосон гэж тайлбарлах боловч уг тайлбар нь баримтаар тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл: цалингийн цэст энэ талаар бичигдсэн байгаа боловч, нэхэмжлэгч Н.О түүнд нь гарын үсэг зураагүй, түүний дансанд шилжигдээгүй болох нь дасны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид зарим тохиолдолд цалинг бэлнээр олгодог байсан гэж тайлбарлах боловч Н.Оын дансны хуулгаар ажил олгогч ажилтанд цалинг дансаар сард хоёр удаа тогтмол шилжүүлдэг бөгөөд 5 дугаар сарын үлдэгдэл цалин ажилтанд олгогдоогүй болох нь тогтоогдсон. /хх 4-12/

Түүнчлэн, хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаг гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд, байнгын комисс байдаггүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчөөгүй гэж үзнэ.

Хэдийгээр хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Н.Оын 5 дугаар сарын үлдэгдэл цалинг олгоогүй болох нь баримтаар тогтоогдож байх боловч, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж хуульчилсан байх боловч, нэхэмжлэгч Н.Оын хувьд тийнхүү гомдол гаргах хугацааг хэтрүүлэх болсон хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн тушаалыг гардуулаагүй, нийгмийн даатгалын дэвтэр, диплом өгөөгүй, тушаал гарсан эсэх нь тодорхойгүй гэх зэрэг тайлбарыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Оын шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Н.Ооос тэдний хооронд 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 15/15 тоот Сургалтын гэрээ-ний дагуу 550,000 төгрөгийн сургалтын төлбөр гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Маргаан бүхий Сургалтын гэрээ нь талуудын хооронд Хөдөлмөрийн харилцаа үүсэхээс өмнө байгуулагдсан бөгөөд, уг гэрээний дагуу Н.О нь зохих сургалтанд хамрагдаж дууссаны дараа Т ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанид зээлийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн байна.

Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн маргаантай холбоотой байх тул уг хөдөлмөрийн гэрээний харилцаатай хамааралгүй асуудлаар хамтатган шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул Т ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхээс татгалзах нь зөв бөгөөд хариуцагч нь энэ шаардлагаа жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхээс татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 17,150 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй учир хариуцагч Т ХХК-иас 1,521,965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Оын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар Н.Ооос 550,000 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт хэлэлцэхээс татгалзсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхээс татгалзсан учир Баянгол дүүргийн татварын хэлтсээс 17,150 төгрөгийг гаргуулан хариуцагч Т ХХК-д буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА