Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/833

 

 

 

   2022         06         06                                   2022/ШЦТ/833  

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н овогт Гын Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1588 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Скай ресидент хотхоны 225 дугаар байрны 1 давхарт байрлах Скай супермаркет дотор тус дэлгүүрийн худалдагч ажилтай Б.Ариунаагийн эзэмшлийн Самсунг А-52 маркийн гар утсыг лангуун дээр тавьсан байх үед нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Б.Ариунаад 700.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Г.О нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 30 минутаас 12 цаг 40 минутын хооронд дэлгүүрийнхээ хөргөгчийг цэвэрлэх үедээ өөрийн цэнхэр өнгийн Самсунг А-52 загварын гар утасны гэрлийг ашиглаж байгаад хөргөгч цэвэрлэж дууссаныхаа дараа гоймонгийн лангууны хэсэгт уг гар утсаа тавиад мартаж үлдээсэн байсан. Улмаар 13 цагийн үед хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх болоод утсаа ашиглах гэхэд миний гар утас байхгүй байсан. Иймд дэлгүүрийн доторх хяналтын камерыг шүүж үзэхэд 12 цаг 44 минутын үед миний гар утсыг дэлгүүрээр үйлчлүүлэхээр орж ирсэн масктай, эрээн өнгийн цамцтай 40 орчим насны эмэгтэй авч явсан байж магадгүй бичлэг байсан. Тухайн эмэгтэй дэлгүүрт орж ирснийхээ дараа касс дээр зогсож байснаа миний гар утсаа тавьж үлдээсэн хэсэгт 2-3 удаа очиж юм авах гэж байгаа юм шиг наашаа, цаашаа явж байснаа гартаа барьсан байсан сүү, печениэ буцааж касс дээр тавьж үлдээгээд гарчихаад ороод ирье гэж хэлээд дэлгүүрээс гарсан байсан. Иймд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Үүний дагуу эргүүлийн цагдаа нар ирж камер шүүгээд тухайн эмэгтэйн машины дугаарыг олсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 09/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн БЗД3-22-283 дугаартай:

“Самсунг А-52 маркийн гар утсыг 700.000 төгрөгөөр үнэлэв” гэх шинжээчийн дүгнэлт /хх 20-21/,  

 

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 11 минутад 30-40 орчим насны махлаг, цоохор өнгийн цамцтай,  хар өнгийн өмдтэй, бор өнгийн шагайн хэмжээтэй түрүүтэй гуталтай эмэгтэй хүн ороод 12 цаг 13 минутад буцаж гарч яваа нь тус хяналтын камерын бичлэгт тусгагдсан байна. Цаашид тус хяналтын камерын бичлэгт хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй тул үзлэгийг 12 цаг 45 минутад тэмдэглэлийг дуусгав” гэх тэмдэглэл /хх 31-32/,

 

Шүүгдэгч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...би тухайн хүнээ буулгачихаад цэнхэр өнгийн байрны дэлгүүрээс ус, салфетка авахаар орсон. Салфетка авах тасгийн хүүхдийн тоглоом дээр цэнхэр өнгийн гар утас байхаар нь би цамцныхаа халаасанд хийгээд дэлгүүрээс ямар нэгэн зүйл аваагүй гарч явсан. Тэгээд би тухайн утасны сим картыг аваад машиндаа үлдээсэн. Маргааш өдөр нь цагдаагийн байгууллагаас над руу ярьж би ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

 

- хэрэг бүртгэлийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх 05/,

- хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх 06/,

- эд зүйл хүлээн авсан тухай: ...Г.Оийн өөрийн хүсэлтээр гаргаж өгсөн цэнхэр өнгийн гадаргуутай Самсунг А-52 маркийн гар утсыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цаг 45 минутад хүлээж авч, тэмдэглэл үйлдэв гэх тэмдэглэл /хх 26/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: ...Бүртгэлийн 3327 дугаартай гомдол мэдээлэлд уб89032100 регистрийн дугаартай Болдын Ариунаад цэнхэр өнгийн Самсунг А-52 маркийн гар утас 1 ширхэг /MEI:354704170823610/-ийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 00 минутад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв гэх тэмдэглэл /хх 27,

- эд мөрийн баримтаар тооцох тухай: ...хэрэгт ач холбогдол бүхий камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул Эрүүгийн 2206 00000 1588 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 30/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Г.Оийн хувийн байдлын талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/ зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч Г.О нь Скай супермаркет руу үйлчлүүлэхээр орсон боловч бусдын эд хөрөнгө болох Самсунг А-52 маркийн гар утсыг өөртөө хууль бусаар авч өөрийн болгон захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Г.Оийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эдэлж байгаа эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний тайлан, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Ариунаагийн эзэмшлийн Самсунг А-52 маркийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх учир гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Шүүх шүүгдэгч Г.Од ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Гын Оийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар шүүгдэгч Г.Оийг тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч Г.Од хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч нар, шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ