Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2022/0812/Э |
Дугаар | 2022/ШЦТ/834 |
Огноо | 2022-06-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/834
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Я.Амарзаяа,
нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Пйн Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1501 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Смарт худалдааны төвд байрлах цэнгээний газарт хохирогч Г.Ттэй маргалдаж улмаар төмөр савыг хохирогч Г.Танан-Эрдэнийн нүүр рүү шидэж эрүүл мэндэд нь чамархай, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн 2206 00000 1501 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Г.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ ирсэн. Өөр лангууны эмэгтэй Алтанцэцэг ажлаа тараад 1-2 цаг нэг газар сууж пиво уугаад салъя гэж хэлсэн. Бид хоёр ажлаа 18 цагийн үед тараад ажлын хажуугийн Смарт худалдааны төв доторх паб, караокед орохын өмнө Алтанцэцэг манай нөхөр архи суусан байна, би очоод уулзаад ирье гэж хэлээд Смартын хажуу талын Лаунж руу орсон. Би пабны гадна машины зогсоол дээр 30 минут хүлээж байгаад явлаа гэж хэлэхэд Алтанцэцэг намайг Смартын нэг давхрын паб, караокед ороод ир гэж хэлэхээр нь намайг ороход Алтанцэцэг, нөхөр Саманд болон зүс таних 2 хүний хамт байсан. Тэд архи ууж байсан бөгөөд би архи уудаггүй учир пиво уусан. Би 1-2 шил пиво, тэр хэд архи уугаад байж байх үед зүс таних Баяраа гэх хүн намайг татаж чангаагаад зүгээр байхгүй, чихэнд хоёулаа буудал оръё гэж хэлсэн. Би эхэндээ согтуу юм чинь гэж бодоод тааваар нь байж байсан. Гэтэл миний гар утсыг шүүрч аваад нуусан. Би гар утсаа түүний урдуур, хойгуур нь хайх үед чихэнд дахин буудал оръё гэж хэлэхээр нь би уурлаж, чи юу яриад байгаа юм бэ, утсаа авмаар байна гэж хэлэхэд намайг янхан, банзал, чиний тэр утсаар яадаг юм бэ гэж хэл амаар доромжилсон бөгөөд Баяраа гэх залуу ширээн дээрээс над руу юм авч шидсэн. Мөн намайг цохих гэж байх үед хамт байсан хүмүүс болиулсан. Тэгээд дуугүй болохгүй доромжлоод байхаар нь би чамайг эхнэрт чинь хэлнэ, адилхан эхнэр, хүүхэдтэй байж ийм юм ярихаасаа ичихгүй байна уу гэж хэлэхэд намайг харъя гэж хэлсэн бөгөөд миний ус хийж авч явдаг төмөр савыг шидэхэд нүүрний шанааны баруун дээд хэсэгт оносон тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 07/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5052 дугаартай:
Г.Танан-Эрдэнийн биед баруун чамархай, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 12-13/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 02/,
Шүүгдэгч П.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
... 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн орчим ажлаа тараад Саманд, Аюуш бид гурав кароаке орохоор ярилцаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр захын зүүн талд байрлах Смарт худалдааны төвийн доод талд байрлах караоке ороод нэг шил архи аваад сууж байх үед гаднаас манай Өгөөмөр зах дээр хамт наймаа хийдэг Алтанцэцэг, Т нар орж ирсэн. Тэгээд сууж байх үед Т гар утсаараа үзээд байхаар нь Аюуш гар утсыг аваад надад өгсөн. Тэрнээс болоод хэрүүл маргаан болоод Т ширээн дээр байсан пивоны шилээр миний толгой руу цохиж толгой хагалаад, орилж хашхираад байхаар нь би зайлаач гээд ширээн байсан талаараа устай цэвэр усны савыг Т рүү шидэхэд түүний духыг оносон. Тэрнээс өөрөөр зодож цохисон зүйл байхгүй. Удалгүй намайг цагдаагийн ажилтан нар ирээд аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
-шүүгдэгч П.Бын хувийн байдлын талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 22, 24-25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 27/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 28/, жолоодох эрхийн лавлагаа /хх-н 29/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хохирогч Г.Т өөрийг нь өдөж хоргоосон байдалд дургүйцлээ илэрхийлэхэд шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг хэл амаар доромжлон ширээн дээр байсан төмөр усны сав шидсэн нь гэмт хэргийн үндэс, эх үүсвэр болсон болох нь хохирогч болон шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Дээрх үйлдлийн улмаас Г.Танан-Эрдэнийн биед баруун чамархай, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч тогтоож дүгнэлт гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн ширээн дээр байсан усны сав шидэж хохирогчийн нүүрийг оносон нь гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх бөгөөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар хориглосон “Хүний эрүүл мэндийн эсрэг” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч П.Б нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Г.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Тухайн хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч П.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.
Шүүгдэгч П.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан бага хэмжээгээр шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч П.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Пийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ