Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/850

 

 

   2022        06         07                                        2022/ШЦТ/850

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч К.Чимгээ,    

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Сын Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 01574 1549 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 10-ны орой 19 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрлэн дохион дээр Мяралзаа ХХК-ийн эзэмшлийн 92-81 УНЯ улсын дугаартай нийтийн тээврийн автобусны урд салхины шил болон хаалганы шилийг өшиглөн хагалж, Мяралзаа ХХК-нд 450.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.           

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 01574 1549 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад С.Б нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэрлэн дохион дээр 92-81 УНЯ улсын дугаартай автобустай зогсож байх үед согтуу хүн хажуугаар явж байхдаа согтуу хүн ямар ч шалтгаангүйгээр жижиг хаалганы цонхыг өшиглөж хагалсан. Тэгээд зугтаад явахаар нь араас нь бариад авахад замын цагдаатай таарахад тухайн цагдаа “та автобусандаа оруулаад байж бай” гэж хэлэхээр нь автобусанд оруулахад урд талын салхины шилийг өшиглөж хагалсан.

... надад цаашид ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08, 38/,  

 

"Дамно" хөрөнгө үнэлгээний компанийн 2022 оны 03 сарын 30-ны өдрийн БЗД2-22-621 дугаартай:

 “Daewoo маркийн том оврын автобусны салхин шилийг 300.000 төгрөг, Daewoo маркийн том оврын автобусны хаалганы шилийг 150.000 төгрөг, нийт 450.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хх-ийн 21-22/,  

 

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/,

- шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 04/,

- Мяралзаа ХХК-ийн 2022.03.14-ний өдрийн 3/47 дугаартай:

...2022 оны 03 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед КТМС-ийн уулзвар дээр үл таних согтуу хүн урд салхины шил, хаалганы шил хагалж хохирол учруулсан. Иймд жолооч С.Аийг манай байгууллагын төлөөлөгчөөс оролцуулж, хаалганы шил 150.000 төгрөг, урд салхины шил 350.000 төгрөг, нийт 500.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэх албан бичиг /хх-ийн 15/,

- эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээлгөн өгсөн тухай: ...400.000 төгрөгийг хүлээлгэн өгснийг хэрэгт хавсаргав, хүлээн авсан С.А гэх тэмдэглэл /хх-ийн 35/,

- хохирогчийн 99125168 дугаартай утснаас ирсэн мессеж /48/,

 

Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2022 оны 03 дугар сарын 10-ны өдөр 801 ард байрлах ажил дээрээ 0.5 литрийн Хараа гэх архи 2 шилийг уусан. Гэртээ харихаар алхаж явахад ТЭЦ 3 чиглэлийн автобус гэрлэн дохион дээр зогсохоор нь суух гэж гараараа дохиход зогсохгүй явсан. Тэгэхээр нь уур хүрээд өмсөж явсан бакалан гутлаар хаалганы шил рүү нэг удаа өшиглөсөн. Тэгсэн жолооч нь гарч ирээд намайг автобус руугаа чирч оруулсан. Би автобусанд ороод шарандаа урд шилийг хөлөөрөө жийж хагалсан.

... би өөрийн хийсэн хэрэг, гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, би шилний хохирол болох 450.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Шүүгдэгч С.Бын гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 24/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Б нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.Бын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.Б нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас Дамно үнэлгээний компани автобусны салхин шил, хаалганы шилийг нийт 450.000 төгрөгөөр үнэлсэнийг шүүгдэгч С.Б нь төлж барагдуулсан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хурлын тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.  

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Сын Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоногүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ