Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Б.Г, Ч.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Ч.Э нарт холбогдох эрүүгийн 1825002140192 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн

Шүүгдэгч: Монгол улсын иргэн

Прокуророос, шүүгдэгч Ч.Э, Б.Г нарыг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1-78 тоотод С.Пгийн мартаж үлдээсэн Хаан банкны виза картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч 746 340 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б.Г, Ч.Э нар 5-1-78 тоотод Н.Ө,С.П нарын хамт архидан согтуурч 3 дугаар сарын 05-ны өдөр С.П гарахдаа виза картаа үлдээгээд явсаныг Б.Г, Ч.Э нар авч явж 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл буудлуудаар хонож архидан согтуурахдаа уг картнаас 746 340 төгрөг авч завшсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: хохирогч С.Пгийн 5094457245 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 58-61-р хуудас/, -хохирогч С.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1-78 тоотод Өнөрбаяр гэх айлд үдээс хойш очоод архи уусан юм. Тэр үед Өнөрбаярын гэрт нь Г, Э гэх хүмүүс байсан. Бид нар тэндээ архи ууж байгаад тасраад уначихсан байсан. Тэгээд би сэрсэн. Яг хэзээ сэрсэнээ мэдэхгүй байна. Сэрээд явах гээд юм аа бүртгээд үзэхэд манай гэрийн түлхүүр байхгүй байхаар нь бусад юмаа бүртгээд үзэхэд миний түрүүвч зэрэг бүх зүйлүүд байсан. Тэгээд түлхүүрээ хайж байгаад олсон. Би гараад явах гэсэн чинь тэнд байсан хүмүүс дахиад нэг шил архи аваад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би гараад 5-1-р байрны дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи аваад тооцоог нь виза картаараа хийчихээд буцаад Өнөрбаярын гэрт нь орсон. Ороод гадуур хувцасаа тайлаад өлгүүрт нь өлгөчихөөд нөгөө архинаасаа 100 грамм татчихаад буцаж гараад такси бариад гэр рүүгээ харьсан. Тэгээд гэртээ хариад усанд орж амраад маргааш өглөө нь миний бие муудаад түргэн дуудаж эмнэлэгт очиж хэвтсэн. Эмнэлэгт хэвтэж байхдаа утсаа асаагаагүй байж байгаад 03 дугаар сарын 07-ны өдөр гар утсаа асаасан чинь гар утсанд миний картнаас мөнгө гарч байна гэсэн мэдээллүүд ирсэн. Хамгийн багадаа 30-40 мянган төгрөгний гүйлгээ хийгдсэн байсан. Би хамгийн анх миний картнаас нийт 1 200 000 төгрөг алдсан байх гэж бодоод цагдаад өргөдөл өгсөн. Харин дансны хуулгаа харахад миний данснаас Э, Г нар нийт 746 340 төгрөгийг аваад архи уучихсан байсан. Надад учирсан хохирол болох 746 340 төгрөгөөс Г эхлээд 300 000 төгрөг дараа нь 100 000 төгрөгийг өгсөн, одоо үлдэгдэл 346 340 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, -Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлсэн С.Пгийн өвчний түүх, -гэрч Н.Өнөрбаярын өгсөн...Манай найз С.П манай гэрт ирээд бид 2 ганц шил архи ууж байгаад унтсан. Тэгээд маргааш нь босож ирээд шартаад чичрээд байсан. Тэгсэн гаднаас Э, Г нар орж ирсэн. Тэгээд П Эд виза картныхаа кодыг хэлээд өгсөн. Бид тэр өдөр манайд архи уусан. Пгийн виза карт Эд явж байсан. Маргааш өглөө нь буюу 3 дугаар сарын 04-ний өглөө П өөрөө шартаад байна гээд гараад нэг шил архи авчираад тэрийгээ ууж байгаад гараад явсан. Тэгсэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өглөө П над руу яриад чи яагаад виза уншуулаад байгаа юм бэ гэсэн. Би уншуулаагүй гэж хэлсэн. Би хэдэн төгрөгтэй байсныг нь мэдэхгүй байна. Мөн манай гэрт хэдэн төгрөгөөр архи уусныг мэдэхгүй байна. Манайд архи ууж байхдаа манай гэрийн тогны мөнгө 30 000 төгрөг, Скайдмедианы төлбөр 29 500 төгрөгийг төлсөн. Манай охинд 20 000 төгрөг өгсөн. Тэр өдөр Пг гараад явсаны дараа Э, Г нар гараад явсан”гэх мэдүүлэг, - Б.Гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн...Би Пгийн виза картыг аваагүй архи уугаад согтуу байсан. Олон хоног архи уусан болохоор байнга согтуу яваад байсан. Ямар ч байсан Эгийн хамт буудалд хоносон. Нийт 4 хоног буудалд байсан. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Цацал” буудлаас гарахдаа 150 000 төгрөгийн тооцоог виза картаар уншуулж төлж байсан. “Цацал” буудлаас гараад “Тамир” буудалд ороод 2 хоносон. Тухайн үед Батсайхан бид хоёр Эгийн өгсөн виза картыг уншуулж архи болон идэж уух зүйл авсан. Картнаас бэлэн мөнгө аваад Батсайхан эмийн сангаас эм авч байсан. Яг хэдэн төгрөг виза картнаас авсанаа мэдэхгүй байна. П гэдэг хүний виза картны мөнгөөр архи уугаад байснаа 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Эгаас мэдсэн.” гэх мэдүүлэг, -Ч.Эгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн ...Тэгэхээр нь би П ахыг дуудсан чинь эргэж харалгүй яваад өгсөн. Утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд тэндээ унтаж амарч байгаад сэрсэн. Тэгсэн Г би эхнэртэйгээ маргалдсан гэртээ харьмааргүй байна гэсэн. Чи наад картнаасаа мөнгө авчих, үсрээд 300 000 төгрөг болно биз би өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Мэнд-Амар” худалдааны төвийн АТМ-ээс 100 000 төгрөг авсан. Тэгээд бид хоёр “Баялаг” кафе ороод Батсайхан гэдэг найзыгаа дуудсан. Тэндээ хоол идэж пиво уугаад гарч Алтанцоож гэдэг найзыгаа тосож авсан. Тэгээд бид 4 “Цацал” буудалд орсон. Ороод үлдсэн 40 000 төгрөгөөр тооцоогоо хийгээд доод баарнаас архи захиалж уусан яг хэдэн шил архи ууснаа мэдэхгүй байна. Тэгээд тэр буудалд 2 хоносон. Эхний өдөр буудлын хүн тооцоо хий гэхээр нь буудлын ажилтан охинд Пгийн картыг өгөөд 150 000 төгрөг аваад ир гээд явуулсан. Тэгсэн тэр буудлын ажилтан охин 150 000 төгрөг баримттай нь авирч өгсөн. Тэндээ дахиад хоносон. Маргааш өглөө нь босоод 1 цагийн орчим “Цацал” буудлаас гарсан. “Тамир” буудалд очоод 2 хоносон. Тэр үед карт Гэд байсан. Тамир буудалд бас архи авч уугаад тооцоогоо картаар хийгээд 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10 цаг өнгөрч байхад салцгаасан... Ойролцоогоор 600 000 төгрөгнөөс 700 000 төгрөгийг үрсэн байх гэж бодож байна. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Г үрсэн мөнгөнөөсөө 300 000 төгрөгийг бэлнээр мөн виза картыг нь өгсөн” гэх мэдүүлэг, -гэрч М.Батсайханы өгсөн ...”2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найз Э намайг “Цацал” буудалд хүрээд ир гэж дуудсан. Тэгэхээр нь би найз Алтанцоожийн хамт “Цацал” буудалд очсон. Мөнгөтэй байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Гэд нэг карт байсан. Тэр картаар буудлын тооцоо хийгээд явж байсан.” гэх мэдүүлэг, -гэрч Б.Алтанцоожийн өгсөн ...” Цацал буудалд 2 хоносон. Архины мөнгийг Э карт уншуулаад байсан. Архинд Г, Батсайхан нар яваад Эгийн картаар архи авч байсан. Мөн буудлын тооцоог хийсэн. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Цацал” буудлаас гараад “Тамир” буудалд орж 2 хоног архи уусан. Тэр болгоны тооцоог Э картаа уншуулж хийж байсан. Яг хэдэн төгрөг уншуулж зарцуулсаныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, үлдэгдэл 346 340 төгрөгийг хохирогчид төлсөн тухай баримт /хх-ийн 89-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, хохирогчид хохирол болох 746 340 төгрөгийг өгсөн” гэж, Ч.Э “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролыг Г төлсөн” гэж мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг тогтоосон, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна. Шүүгдэгч Б.Г, Ч.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 09- ний өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1-78 тоотод хамт архи ууж байгаад орхиод явсан С.Пгийн эзэмшлийн Хаан банкны виза картыг авч ашиглан нийт 746 340 төгрөг авч завшсан энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай, эд зүйлийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирол учруулсан үйлдэл гэж үзсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын энэ үйлдлийн улмаас С.Пд 746 340 төгрөгийн хохирол учирсан нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон, үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “... гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч нар бусдын өмчлөх эрхэд халдаж С.Пгийн орхиод явсан виза картнаас нь 746 340 төгрөгийг нь завшиж Монгол Улсын Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг шунахай зорилгоор, санаатай үйлджээ. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г, Ч.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадварын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүйн зэрэгцээ Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 52-68-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн хор аюулын шинж байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, хэргийг бүлэглэн үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тэдний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Шүүгдэгч нар хэргийг бүлэглэж үйлдэхдээ үүрэг, оролцооны хувьд ялгамжтай байдал тогтоогдоогүй тул оногдуулах ялын хэмжээний хувьд адил хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Хохирол төлбөрийн тухайд: Хохирол бүрэн төлөгдсөн бөгөөд хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг зааж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт Чгийн Э, А овогт Бын Г нарыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Г, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ч.Э нарт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тус тус тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Ч.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ