Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалан шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Гантулгад холбогдох 201601070062 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга:               Л.Отгончимэг

           Улсын яллагч:                             Х.Эрдэнэтуяа

           Хохирогч                                      Т.Төмөрхуяг

           Шүүгдэгчийн өмгөөлөгч              Д.Цэнд-Аюуш

            Шүүгдэгч:                                     Э.Гантулга нар оролцов.                                     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 6, хамтран амьдрагч Бадамсүрэн, 1-10 насны 4 хүүхэд нарын хамт амьдрах, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 6 дугаар гудамжны 13 тоот хашаанд оршин суух,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн 63 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Боржигон овгийн Эрдэнэчимэгийн Гантулга /РД:УЮ88060153/

Э.Гантулга нь 2014 оны 1-р сар, 2014 оны 2-р сар, 2016 оны 3-р сарын 03-ны өдөр тус тус бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч нийт 2 280 000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Э.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

              “ Би хохирогч Төмөрхуягийн гэрийг харж байхдаа 2014 оны 1 дүгээр сард авдар дотор нь байсан том улаан шигтгээтэй монетон бөгж,  морины хоёр толгой бүхий алтан бөгж зэргийг авч 300 000 төгрөгөөр зарж байсан.  Би 2016 оны 3 дугаар сарын эхээр цас ордог өдрийн урд өдөр 12 цагийн үед Төмөрхуяг ахын байшингийн том өрөөний цонхыг төмрөөр хөшин онгойлгож ороод том өрөөний хойд талын эрээн хээтэй модон авдар дотор байсан цагаан хайрцагнаас алтан кальцо, цонхон талын жижиг авдарнаас цагаан өнгийн цүнхэн дотор байсан 360 000 төгрөг зэргийг аваад цонхоор гарч явсан. Би эхнэртээ алтан бөгж олсон гэж хэлээд “Амазон” ломбардад 280 000 төгрөгийн барьцаанд тавиулсан гэжээ./шүүх хуралдааны тэмдэглэл /

            Хохирогч Т.Төмөрхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

         “2014 онд ээжийн бие муудах үед Гантулгаар гэрээ харуулж үлдээсэн. Энэ үед авдар дотроос нэг бөгж алга болсон. Дараа нь дахин явахдаа мөн л Гантулгаар гэрээ харуулаад үлдээсэн. Гэтэл дахин нэг бөгж авдар дотроос алга болсон. Тухайн үед хэн авсныг мэдээгүй ба сүүлд мэдсэн боловч садан төрөл гэдгээ бодоод цагдаад хэлээгүй. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу яваад 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гэртээ ирэхэд том өрөөний салхивч түгжээгүй онгорхой байсан. ...Авдарт байсан 360 000 төгрөг бэлнээр, 5.6 граммтай алтан бөгж 1 ширхэг тус тус алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн.

           Гантулга нь манайхаас удаа дараа хулгай хийсэнд гомдолтой байна. Гантулгаас сүүлийн алтан бөгжийг буцааж авсан ба бэлэн мөнгө 360 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн  2014 онд алдсан монетон бөгжний үнэ 140 000 төгрөг, алтан бөгжний үнэ 1 500 000 төгрөг нийт 2 000 000 төгрөгийг Гантулгаас гаргуулж өгнө үү гэв. 

2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр хэргийн  газарт  үзлэг хийсэн тухай тэмдэглэл

“...уг байшингийн үүдний хаалга эвдрэл гэмтэлгүй байв. Байшин дотор том өрөө рүү ороход баруун хойд буланд байрлах хээтэй улаан өнгийн авдар байх ба авдарны хаалга, цоожинд ямар нэгэн гэмтэл байхгүй байв. Мөнгө, бөгж байсан гэх цүнх болон хайрцгийг гэрэл зургаар бэхжүүлж харуулав” гэсэн тэмдэглэл, фото зургийн хавсралт  /хх-ийн 3-8-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл

Сэжигтэн Э.Гантулга нь Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийний 5 дугаар гудамжны 12 тоотод байрлах 9 үе саарал өнгийн блокон хашаа заав. Хашаан дотор хойд хэсэгт ногоон өнгөтэй, төмөр дээвэртэй, ургаш харсан 3 вакум цонхтой байшин байв. Байшингийн баруун талын цонхыг заан уг цонхыг төмрөөр хөшиж онгойлгож байшин руу орсон гэв. Том өрөөний баруун урд буланд байх эвтэй 4 амьтны зурагтай цоохор авдар дотор цагаан цүнхнээс 360 000 төгрөг авсан. Би цоожийг нь нарийн төмрөөр онгойлгоод буцааж цааш нь дарж түгжсэн. Мөн уг өрөөний баруун хойд талд байрлах бор цоохор авдарны цоожийг хөшиж онгойлгож дотор талд байсан цагаан өнгийн хайрцагнаас алтан бөгж авсан гэжээ. /хх 14-р хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-21 хуудас/

 Таньж олуулах үйл ажиллагааны тэмдэглэл

  “2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр таньж олуулах ажиллагааг хохирогч Т.Төмөрхуягийн эхнэр гэрч Б.Цэцэгээгээр таньж олуулахаар “Амозон” ломбарднаас хураан авсан 5.6 граммтай алтан бөгжийг “2” дугаарт байрлуулан 1-4 хүртэл дугаарласан 4 ширхэг бөгжийг харуулахад “2” дугаартай бөгжийг зааж нэг бүрийн шинжээр нь таньж олов гэжээ /хх22-23 хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Наранцацралт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг

 “2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр О.Бадамсүрэн гэдэг хүн 5.6 граммтай алтан бөгжийг  манай Амазон барьцаалан зээлдүүлэх газрын барьцаанд тавьж 280 000 төгрөг авсан. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн ажилтан уг бөгжийг хураан авсан. О.Бадамсүрэн зээлсэн мөнгийг хүүгийн хамт 306 350 төгрөгийг 2016 оны 4 сарын 11-ний өдөр төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх 47, 126 хуудас/                                                                                                                               

  Эд  хөрөнгийн хохирлын үнэлгээ

 “5.6 граммын алтан бөгж 280 000 төгрөгийн үнэтэй” гэжээ.  /хх-30 хуудас//

“15 граммын алтан бөгж 1ш 1 500 000 төгрөгийн үнэтэй, 2 граммын монетон бөгж 140 000 төгрөгийн үнэтэй” гэжээ /хх-31 хуудас/

Гэрч Б.Цэцэгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг

“2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу яваад 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гэртээ ирсэн. Том өрөөний цонх онгорхой байсан. ...Гэрийнхээ авдар доторхийг үзсэн чинь алт мөнгөн эдлэл хийдэг саван дотор байсан 5.6 граммтай алтан бөгж, 360 000 төгрөг тус тус алга болсон байсан. 2013-2014 оны өвөл гэрээс 2ш бөгж алга болсон. Нэг нь улаан шигтгээтэй монетон бөгж, нөгөө нь нөхөр Төмөрхуягийн зүүдэг хоёр морины толгойтой13-14 орчим граммтай цутгамал алтан бөгж байсан юм. Тухайн үед хайж байгаад цагдаад мэдэгдээгүй орхисон юм гэжээ. /хх-52-53 хуудас/

Мөрдөн байцаалтын үе шатанд Э.Гантулгыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд / хх 64-69,145 хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

       Э.Гантулга нь Багануур дүүргийн 5-р хороо Нарийний 5 дугаар гудамжны 12 тоот хашаанд оршин суух иргэн Т.Төмөрхуягийн эзгүй гэрийг харж хамгаалж байхдаа 2014 оны 1, 2-р саруудад 1 500 000 төгрөгийн үнэтэй,15 граммын алтан бөгж 1 ширхэг, 140 000 төгрөгийн үнэтэй 2 граммын монетон бөгж 1 ширхэгийг тус тус цоожтой авдарнаас нь хулгайлсан, 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Т.Төмөрхуягийн сууцны цонхийг хөшиж онгойлгон гэрт нь орж  280 000 төгрөгийн үнэтэй 5.6 граммын алтан бөгж 1 ш, 360 000 төгрөг бэлнээр хулгайлсан зэрэг нь хохирогчийн “2014 онд гэрээ харж хамгаалуулахаар Гантулгыг 2 удаа гэртээ үлдээсэн үед алтан болон монетан бөгж алдсан, 2016 оны 3 дугаар сард Гантулга нь эзгүй үед нь байшингийн цонхоор орж хоёр авдрыг нь онгойлгож алтан бөгж болон 360 000 төгрөгийг авсан тухай” мэдүүлэг, шүүгдэгч Э.Гантулгын 2014 оны 1-р сард Төмөрхуяг ахын гэрийг харж байхдаа 2 бөгжийг нь авсан нь үнэн, мөн 2016 оны 3-р сард эзгүйд нь байшингийнх нь цонхоор орж 2 авдрыг нь онгойлгон нэгнээс нь монетан бөгж нөгөөгөөс нь 360 000 төгрөг авсан” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, уг мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрч Б.Цэцэгээгийн “барьцаалан зээлдүүлэх газраас алдсан бөгжөө таньж олсон тухай тэмдэглэл, хэрэг гарсан газарт хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 Хохирогчийн мэдүүлгийг болон шүүгдэгчийн мэдүүлгүүдийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн,  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчийн болон хохирогчийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, иргэний нэхэмжлэгчийн тайлбар зэргээр давхар батлагдсан. Үзлэгийн тэмдэглэлүүд болон эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн баримтууд нь хууль ёсны шаардлагыг хангасан байна.

Дээрх баримтууд нь хуульд нийцсэн, тухайн үйлдэлд хамааралтай, гэмт үйлдлийг хангалттай нотолж чадсан байх тул нотлох баримтуудыг хэлэлцэгдэж байгаа хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон,  хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч гэмт үйлдэлдээ шунахай сэдэлтээр шууд санаатай хандсан байна.

Иймд Э.Гантулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч   давтан үйлдсэн буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч Э.Гантулга Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн 63 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-82-88/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасны тэмдэглэл /хх-80/ зэргээр тогтоогдсон ба тэнсэж хянан харгалзсан хугацаа нь  2017 оны 6 дугаар сарын 17-нд дуусах байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосон нь Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагчийн “захиргааны хяналт зогсоох тухай” тогтоолоор /хх-150/ тогтоогджээ. Шүүгдэгчийн 2014 оны 2 удаагийн хулгайн үйлдэл нь өмнөх шийтгэх тогтоол гарахын өмнөх үйлдэл мөн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь  хэсэгт зааснаар “шүүгдэгчид энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасны дагуу Гантулгын ялыг тэнсэж хянан харгалзсан хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  2014 оны давтан хулгайлсан гэмт хэргийг өршөөлд хамааруулаагүй, улмаар өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан, 2014 оны хулгайн үйлдлийг 2016 оны хулгайн үйлдэлтэй хамтруулан зүйлчилсэн нь хуулийн зүйл хэсэг өөрчлөгдөх үндэслэл болоогүй зэрэг нөхцөл байдлуудыг авч үзэхэд прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь бага насны дөрвөн хүүхдээ асран тэжээдэг, тогтмол орлогогүй  зэрэг  хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид хуульд заасан ялуудаас баривчлах ялыг сонгож оногдуулах нь зүйтэй.

Хохирогч Төмөрхуяг 2016 онд алдагдсан 280 000 төгрөгийн үнэтэй алтан бөгжийг буцаан авсан нь баримтаар /хх-35/ тогтоогдсон ба 360 000 төгрөгийг болон 2014 онд алдсан монетон бөгжний үнэ 140 000 төгрөг, алтан бөгжний үнэ 1 500 000 төгрөгийг тус тус төлөөгүй тул нийт 2 000 000 төгрөгийг Э.Гантулгаас гаргуулж хохирогчид олговол зохино.

Э.Гантулга нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг,  294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Боржигон овгийн Эрдэнэчимэгийн Гантулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Эрдэнэчимэгийн Гантулгыг 20 000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа 1600” маркийн гар утсыг хурааж зургаан /6/ сарын хугацаагаар  баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Э.Гантулгыг баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
  4.  
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гантулгат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Төмөрхуяг нь  5,6 граммтай алтан бөгжийг нэг бүрийн шинжээр нь буцаан авч, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад зааснаар Э.Гантулга нь иргэний нэхэмжлэгч Б.Наранцацралтад 306,350 төгрөг  төлснийг тус тус дурдсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Гантулгаас 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Төмөрхуягт олгосугай. 
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн “Э.Гантулгын эзэмшлийн 2016 оны 4 сарын 6-ны өдрийн “ Nokia 1600”  маркийн гар утас битүүмжлэх” тухай тогтоолыг хэвээр үлдээж гүйцэтгэх бичиг баримтад хавсарган гар утасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
  9. Э.Гантулгат холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй  зэргийг дурдсугай.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  11. Тогтоолд давж заалдах гомдол гаргах болон эсэргүүцэл бичигдвэл биелэлтийг түдгэлзүүлж Э.Гантулгат авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ОЮУНБАТ