Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 419

 

 

 

 

 

 

 

 

                                       Б.Бд холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ч.Атарболд,

хохирогч С.Рэндоо, түүний өмгөөлөгч Т.Энхболд,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 1808016761460 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

,  1977 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 7в-58 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Б.Б нь согтуугаар 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 7в байрны орцонд иргэн С.Рэндоотой “Нямцэрэнг зодсон” гэх шалтгаанаар маргалдан зодолдож, улмаар түүний хэвлий тус газар нь зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж “хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн, хатгагдсан шарх” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бд оногдуулсан 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бы цагдан хоригдсон 33 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Баас 138.200 төгрөгийг гаргуулан хохирогч С.Рэндоод олгож, хохирогч С.Рэндоо өөрт учирсан хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор саарал цамц 1 ширхэг, хар пиджак 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Рэндоод буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Т.Атарболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх Б.Баярсайхныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн ба шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ... -гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг нотолно” гэж заасан.

Тухайн хэрэг учрал болсон өдөр буюу хамт архи ууж байсан хүмүүс буюу Рэндоо, Нямцэрэн, Гүенбат, Сүхбаатар /талийгаач/ нар хамт байсан бөгөөд прокурорын зүгээс хэрэгт дутуу хяналт тавьсан, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, хэргийн газрын үзлэг дутуу хийсэн, хүйтэн зэвсэг гэх зүйлийг олоогүй, Баярсайханы биед бүрэн  үзлэг хийгээгүй, гар нь цус болсон эсэхийг тогтоогоогүй, холбогдох этгээдийг бүрэн асуугаагүй зэрэг нь хавтас хэргээс хангалттай харагддаг. Мөн тухайн хэрэг учрал болсон үед хутгалсан гээд байгаа зүйл нь үнэхээр хутга мөн гэвэл хурц үзүүртэй өөр зүйл байсан эсэх, тэрхүү хүйтэн зэвсэг нь хэнийх байсан эсэх, Нямцэрэнгийн гэрээс хутга алга болсон эсэх, эсвэл Баярсайханы гэрээс хутга алга болсон зэргийг огт тодруулалгүй зөвхөн хүнд гэмтэл үүссэн байна, хутгалсан гэж үзэн прокурорын зүгээс ялласаар ирсэн. Мөн хэрэг учралын газраас тэрхүү хүйтэн зэвсэг гэх зүйлийг олоогүй болно.

Гэвч анхан шатны шүүх С.Рэндоогийн өгсөн мэдүүлгийг үндэслэн энэ хэрэгт Б.Быг буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусдыг үндэслэлгүйгээр ялласан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2 дахь хэсэгт “ баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, ... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг ... бусад баримтаар тогтоогдоно” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Рэндоогийн өгсөн “Б.Б намайг хутгалсан” гэх мэдүүлэг нь дангаараа Б.Быг буруутгах үндэслэл болохгүйн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ч нотлох баримт болохгүй юм.

Учир  нь, яллах  дүгнэлт болон шийтгэх тогтоолын үндэслэлд дурдаад байгаа гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна гэдэг нь үндэслэлгүй бөгөөд тухайн хэрэг учрал болох үед тухайн үйл явцыг харсан баримт байхгүй, зөвхөн С.Рэндоо, Б.Б нараас мэдсэн сонссон гэж гэрчүүд бүгд хэлдэг.

Өөрөөр хэлбэл, Б.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээгүй байдлаар нотлогдсон байгаа нөхцөлд түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэл бүрдэх ёстой юм. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс “туршилт хийлгэе, миний үйлчлүүлэгч баруун гарны дөрвөн хурууны шөрмөсөө тасдуулсан, бүрэн атгалт хийж чаддаггүй” гэдгийг хэлсээр байтал шүүхийн зүгээс хүсэлтийг хангахгүй орхиж “микрофон барьж чадаж байна. Бичгийн хэв зүгээр байна, мөрдөн байцаалтын шатанд огт мэдүүлж байгаагүй” гэж буруутгасан.

Мөрдөн байцаалтын явц болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч С.Рэндоо нь мэдүүлгээ өөр өөрөөр өгдөг бөгөөд мэдүүлгийн зөрүүтэй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлээгүй нь харагддаг. Хохирогч нь өөрөө хүйтэн зэвсгийг хутга уу, эсвэл өөр хурц үзүүртэй зүйл үү гэдгийг мэдэхгүй гэж мэдүүлдэг. Гэвч энэ нөхцөл байдал нь Б.Бы үйлдэлд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан байхад шүүх хуулийн эдгээр заалтыг зөрчих замаар мөрдөгч, прокурорын хууль зөрчих байдлаар Б.Бы гэм бурууг эргэлзээгүй байдлаар тогтоолгүйгээр ялласан үйл ажиллагааг буруутгахгүйгээр Б.Быг гэм буруутайд тооцсон.

Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтыг харгалзан үзэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч С.Рэндоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд Баярсайхан баруун гараараа хутга барьж чаддаггүй, хоол ч хийж чаддаггүй гэж мэдүүлсэн. Энэ талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлээгүй. Намайг Нямцэрэнгийн гэрээс дагуулж гарахад Нямцэрэн бүгдийг нь харсан. Бид хоёрыг гэрт нь зодолдохыг ч бас харсан. Би найзыгаа өмөөрч Б.Бтай зодолдсон. Өөрөө намайг эхэлж цохиход нь би зөрүүлээд 1 удаа алгадсан. Би дараа нь уучлалт гуйсан. Тэгэхэд би эрүүл байсан. Би явах гэтэл миний хувцас алга болсон байсан. Явах гэж байхад Б.Б намайг “гаръя” гэж хэлэхэд нь дагаад гарсан. Лифтний хажууд Баярсайхан намайг хутгалсан. Баярсайхан бид хоёр маргалдаад намайг дагуулаад “гаръя” гэснийг Нямцэрэн мэднэ” гэв.

 

Хохирогч С.Рэндоогийн өмгөөлөгч Т.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн хэрэг гарсан өдөр хохирогч С.Рэндоо шүүгдэгч Б.Бтай маргалдаж цохисон гэдгийг тухайн үед хамт байсан гэрчүүд нотолдог. Мөн Б.Б С.Рэндоог гэрээс дагуулаад гарч байсныг гэрийн эзэн болох Нямцэрэн нотолдог ч гэрээс гарсны дараа С.Рэндоог Б.Б хутгалсныг харсан гэрчүүд байхгүй. Тухайн байрны 5 дугаар давхарт амьдардаг хөндлөнгийн гэрч гэртээ орж явахад 5 дугаар давхарт С.Рэндоо хутгалуулсан байдалтай, цус алдаад хэвтэж байсныг харсан. Мөн удалгүй С.Рэндоо 8 давхарт өөрөө гарч Б.Бы амьдардаг гэрийн хаалгыг онгойлгоход хажуу өрөөг нь түрээсэлдэг эмэгтэй гарч ирж харсан байдаг. Тухайн эмэгтэйн мэдүүлгээр “С.Рэндоо цээжиндээ хутгалуулсан шинжтэй, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Мөн С.Рэндоо хэлэхдээ “Танай хажуу өрөөнд амьдардаг Б.Б намайг хутгалчихлаа” гэж мэдүүлсэн. Ингээд хорооны цагдаад очиж тэмдэглүүлж, цагдаа гэрт нь очиход Б.Б нь согтуу унтаж байсан. Хорооны байцаагчид С.Рэндоо мэдүүлэхдээ “Б.Б намайг хутгалчихлаа” гэж мэдүүлсэн. Эдгээрээс үзэхэд тухайн өдөр хоорондоо маргалдаж зодолдсон, хамт гэрээс гарсан нь нотлогдож байна. Мөн 8 давхарт С.Рэндоо өөрөө гарч заасан нь нотлогддог. Түүний хэлснийг Баярсайхантай хамт амьдардаг гэрч гэрчилдэг. Бүгд цаг хугацааны хувьд давхцаж байгаа. Тухайн гэмт хэргийн нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдсон бөгөөд анхан шатны шүүх хэргийг бодит байдалд нийцүүлэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн Б.Б нь “гарын шөрмөс тасарсаны улмаас хутга барьж чадахгүй” гэж ярьдаг. Анхан шатны шүүх хуралдааны үеэр Б.Б “ганцаараа амьдардаг, хоолоо би өөрөө хийж иддэг, хутгыг хэрэглэж хоолоо хийж иддэг” гэж мэдүүлсний зэрэгцээ микрофоныг баруун гараараа буюу шөрмөс тасарсан гэх гараараа чанга бариад мэдүүлгээ өгч байсан” гэв.

 

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаант холбоо, гэмт хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байгаа. Хавтас хэрэгт хохирогчоос 4 удаагийн мэдүүлэг авагдсан ба хохирогч нь Баярсайханд хутгалуулсан талаараа тогтвортой мэдүүлдэг бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг заадаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд хохирогч Рэндоо нь Баярсайхантай гэрч Нямцэрэнгийн гэрт маргалдаж гэрээс нь гараад улмаар хутгалуулсан байдаг. Хохирогч Рэндоо нь хутгалуулаад ухаан алдсан талаараа мэдүүлдэг. Хохирогчийг ухаан алдсан байдалтай байхыг гэрч Ганбат нотолдог. Мөн хохирогч сэргэж босоод Баярсайханд хутгалуулсан тухайгаа хэлэхээр Баярсайханы гэрт нь очсон байдгийг гэрч Болормаа гэрчилдэг бөгөөд хохирогчийг “Баярсайхан хутгалуулчихлаа” гэж хэлснийг нь мэдүүлдэг. Мөн хэсгийн байцаагчийн “Рэндоо гуай орж ирээд Баярсайханд хутгалуулчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг авагдсан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ямар хутгаар хутгалсан, хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн, цус мэт зүйл болсон байх ёстой талаар ярьсан. Хэргийн газрын үзлэгийг гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэж үзээд Нямцэрэнгийн гэрт үзлэг хийж, түүний гэрийн орны урд хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон байх зүйлээс дээж авч шинжлэхэд, Баярсайханы цус мөн болохыг тогтоосон. Энэ цус ямар учиртай болохыг гэрч Нямцэрэн нь “Баярсайхан, Рэндоо хоёр хоорондоо маргалдаад Баярсайханы хамар луу Рэндоо цохиход Баярсайханы хамраас цус гарсан” гэж мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын шатанд Баярсайхан нь “ямар нэгэн зүйл санахгүй байна” гэж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт “би хутгалаагүй” гэж, мөн гар гэмтэлтэй гэх асуудлыг хэлдэг. Гэвч үүнийг мөрдөн байцаалтын шатанд нэг ч мэдүүлж байгаагүй, энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Б нь согтуугаар 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7в байрны орцонд иргэн С.Рэндоотой “Нямцэрэнг зодсон” гэх шалтгаанаар маргалдан зодолдож, улмаар түүний хэвлий тус газар нь зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж “хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн, хатгагдсан шарх” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Рэндоогийн: “2018 оны 4 дүгээр сарын 2-нд ... Би Нямцэрэнг өмөөрөөд Баярсайхантай маргалдсан. Намайг харих гээд куртикээ нэхэж байхад Баярсайхан намайг Нямцэрэнгийн гэрээс дагуулаад гарсан. Тэгээд 5 давхрын лифтний цаад талд миний зүүн талын хэвлийн дээд хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгэхээр нь би Баярсайханы нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохиод биеийг нь налаад унасан гэдгээ бүүр түрхэн санаад байна. Унаад хэсэг ухаан алдсан байсан. Нэг сэргэхэд 5 давхрын лифтний хажууд баруун талаараа хажуулдан хэвтэж байсан ба хутгалуулсан газраа харахад цамц цус нэвтрээд хатах маягтай, шалан дээр цус болсон байсан. Би Нямцэрэнгийн хаалгыг нүдсэн чинь хаалгаа нээгээгүй. Лифт ирэхгүй болохоор нь шатаар Баярсайханы амьдардаг 9 давхарт гарч хаалгыг нь нүдэхэд Баярсайхан өөрөө хаалгаа тайлсан. Баярсайханд “чи яагаад ингээд хутгалчихаж байгаа юм бэ” гэж хэлэхэд надад юм хэлээгүй. “Чамайг цагдаад хэлнэ” гэж хэлчихээд 19 дүгээр хорооны хэсгийн байцаагчийн өрөөнд орж түргэн дуудуулаад, нэг цагдааг нь Баярсайханыг бариулахаар явуулсан…” /хх 30-33/,

гэрч  Ц.Амарбаясгалангийн: “... 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хороон дээр хохирогч Рэндоо гэх хүн хувцас нь цус болсон орж ирэхээр нь “юу болсон” гэж асуухад “Баярсайхан намайг хутгачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь 103 дуудаж хохирогчийг хүлээлгэж өгчихөөд Баярсайханы гэр рүү ороход Баярсайхан согтуу байсан тул эрүүлжүүлсэн” /хх 36-37/,

гэрч  Л.Байгалмаагийн: “... 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өглөө 07 цаг өнгөрч байхад манай нөхөр Рэндоо... “хөгшин чинь өчигдөр Нямцэрэнгийн гэрт куртикээ орхисон байна, аваад ирье” гээд гарсан. ... 17 цаг 05 минутын орчим Яармагт хүн хүргэж өгөөд явж байхад гар утас дуугараад автал “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны цагдаагийн хэсгээс ярьж байна, Рэндоогийн эхнэр Байгалмаа гэх хүн мөн үү, танай нөхөр цээжиндээ хутгалуулаад Цагдаагийн хэлтэс дээр ороод ирлээ, та яаралтай ирээрэй” гэсэн. ... Эмнэлэгт очиход эмч нар оёдол тавиад дусал залгачихсан байсан. Боолтын 3 дахь өдөр эмч нар эход хараад “дотуур цус алдалт байна” гээд шууд хагалгаанд орсон. “Элэгнээс цус алдаж байна” гэсэн. Нөхөр Рэндоог санаатайгаар хутгалж, амь насанд нь хохирол учруулсанд гомдолтой байна” /хх 38-39/,

гэрч  М.Нямцэрэнгийн: “... 2018 оны 4 дүгээр сарын 1-ний үүрийн 05 цагийн орчим намайг гэртээ унтаж байхад манай байрны 8 давхарт амьдардаг Баярсайханы найз болох Гөөеө гэх хочтой залуу манай хаалгыг нүдсэн. 0.75 литрийн архи барьчихсан “Баярсайханы хажуу өрөөнд амьдардаг банди нь оруулахгүй зодох гээд байна” гээд ороод ирсэн. Би найз Рэндоо руу залгаад “хүрээд ир” гэж дуудсан чинь 30 минутын дараа ирсэн. ...Баярсайхан энэ өдөр манайд орж ирсэн байх, мэдэхгүй байна. Би ухаангүй согтчихсон. 2018 оны 4 дүгээр сарын 2-нд архи сайн гараагүй байсан. ... Нэг мэдэхэд тэр хоёр хоорондоо хэрэлдээд гараад явсан” /хх 40-41/,

гэрч  П.Гүенгийн: “... Нямцэрэн ганцаараа байсан. Баярсайхан орж ирсэн. ... 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өглөө дахиж 1 шил архи хувааж уугаад өдөр нь гэртээ харьсан. ... Би архи ууж байхдаа муудалцаагүй. Унтаж байгаад сэрэхэд л муудалцаж байгаа бололтой чанга чанга дугараад, хэн нь салгаад, хэн нь зодолдоод байгаа нь мэдэгдэхгүй байсан.  Баярсайханыг дагуулаад гарсан. Баярсайхан миний очсон өдрийг яриад байгаа юм уу, маргааш нөгөөдрийг ч яриад байгаа юм уу мэдэхгүй. Хольж яриад байх шиг байсан” /хх 44-45/,

гэрч Х.Ганбатын: “ ... Манай давхарт биерхүү, саарал хувцастай эрэгтэй хүн шатны дээд хэсэгт гэдсээ дарчихсан зогсож байсан. Хувцас нь цус болчихсон байсан. Гэртээ орчихоод 20-30 минутын дараа гарахад ...хажуу талаараа харчихсан хэвтэж байсан” /хх 47-48/,

гэрч  О.Болормаагийн: “... Цагдаа ирээд Баярсайханыг авч явахаас 2-3 цагийн өмнө Баярсайхан согтуу ганцаараа орж ирээд өрөөндөө унтсан. Цагдаа ирэхээс өмнө үл таних эрэгтэй хүн манай хаалгыг нүдээд “Баярсайхантай уулзмаар байна, намайг унтаж байхад хутгалсан байна” гээд гэдэс орчимдоо заахаар нь харсан чинь хуруу орчим газар зүсэгдсэн шарх байсан. “Өдий насны хүмүүс байнга архи уугаад байхдаа яадаг байна” гэж хэлээд би Баярсайхантай уулзуулаагүй. 30 орчим минут болоод цагдаа ирсэн. Би тэр хүнийг халамцуу байна гэж харсан. Харин Баярсайханы хамар орчим цус болсон байсан” /хх-48-49/,

шүүгдэгч Б.Бы яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өглөө найз Гүенгийн хамт Нямцэрэнгийн гэрт орсон чинь Нямцэрэн, Рэндоо гээд найзтайгаа хамт архи уугаад байж байсан. ... Бид дөрөв нийлээд архи ууссан. Би согтсон байсан болохоор болсон юмыг сайн санахгүй байгаа. Рэндоо гэдэг хүн намайг юунаас болж цохисныг мэдэхгүй, хамраас цус гартал нэг цохисныг санаад байгаа. Тэгээд би юу ч санахгүй байгаа ба гэртээ унтаж байсан чинь цагдаа нар намайг гэрээс авч яваад эрүүлжүүлээд маргааш нь намайг 48 цаг баривчилсан” /хх-101-102/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 4612 дугаартай: “1. С.Рэндоогийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрч, элэг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт /50-80мл/ бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй” /хх 52-53/ гэх дүгнэлт, хохирогчийн өвчний түүх /хх 84-97/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Быг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Бы “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх, Б.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ч.Атарболд нь “Баярсайханы үйлдэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт буй нотлох баримтаар хэргийн үйл баримтыг дүгнэхэд, хохирогч С.Рэндоо, шүүгдэгч Б.Б нар хоорондоо маргалдсан, улмаар хохирогч С.Рэндоо нь шүүгдэгч Б.Бы нүүрэн тус газар цохисон болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн, Б.Б, С.Рэндоо нар дээрх байдлаар маргалдаж, хүч хэрэглэсэн үйлдэл хийсний дараа М.Нямцэрэнгийн гэрээс гарсан талаар гэрч М.Нямцэрэн “...Рэндоо уурлаад куртик хаана байна. Чи манай найзын гарыг нь яасан” гээд Баярсайханыг зодоод байсан. Нэг мэдэхэд тэр хоёр хоорондоо хэрэлдээд гараад явсан” /хх 40-41/ гэж мэдүүлсэн болно.  

 

Шүүгдэгч Б.Б “...тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хутгалсан талаар мэдэхгүй” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлдэг хэдий ч хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэрэг үйлдэгдсэн газрын байршлын хамааралт байдал, орон зай, хавтас хэргийн 84 дүгээр талд авагдсан хохирогчийн өвчний түүхийн  “...1.7-2 см хэмжээтэй өргөн гүн шарх...” /хх-84/ гэсэн үзлэгийн баримт болон бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд, шүүгдэгч Б.Б нь зэвсэг хэрэглэн С.Рэндоог хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон, хэрэгт нэмэлт ажиллагаа хийх байдлаар дахин шалгах шаардлагагүй, шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх эргэлзээтэй үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболдын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ