Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 01180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжэлгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоот Сар шинэ интерэншнл ББСБ ХХК /РД:2693925/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 7 дугаар гудамж, 3 тоотод оршин суух Сутай овогт Цэрэндоржийн Лхагвасүрэн /РД: /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 7.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов. 

                                                                                         

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Лхагвасүрэн нь 2014.05.21-ний өдөр цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 3.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, эхний 6 сар 3.7 хувийн хүүтэй, дараагийн 5 сард 4.7 хувийн хүүтэй, сүүлийн 1 сард 8.5 хувийн хүүтэй нөхцөлтэйгөөр байгуулсан. Зээлдэгч нь 2018.2.12-ны өдрийг хүртэл үндсэн зээл 154.900 төгрөг, үндсэн хүү 85.100 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй болно. Ц.Лхагвасүрэнгийн үндсэн зээлийн үлдэгдэл 2.845.100 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 9.512.753 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1.604.162 төгрөг, нийт 13.962.015 төгрөг төлөөгүй болно. Үүнээс нэмэгдүүлсэн хүүгийн 5.962.015 төгрөгөөс татгалзаж, 8.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа 1.000.000 төгрөгийг хасч, хариуцагчаас 7.000.000 төгрөг гаргуулахаар багасгаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Сар шинэ интернэшнл ББСБ ХХК Ц.Лхагвасүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбаяр шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр багасгаж, 7.000.000 төгрөгийг Ц.Лхагвасүрэнгээс гаргуулахаар шаарджээ.

 

Зохигчид 2014.05.21-ний өдөр ЗГ1200141284 тоот цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

Хариуцагч Ц.Лхагвасүрэнд нэхэмжлэлийн шаардлагыг 2018.03.12-ны өдөр гаргуулж, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлаж, хэргийн материал танилцуулсан байна. /хх-ийн 11-14 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

 

Уг хуульд заасны дагуу хариуцагч Ц.Лхагвасүрэн шүүхэд хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч Ц.Лхагвасүрэнд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16:00 цагт товлон зарлагдсан шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг түүний оршин суугаа Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 7 дугаар гудамж, 3 тоот хаягаар хүргүүлсэн бөгөөд н.Цэрэндорж уг мэдэгдэх хуудсыг хүлээн авчээ. /хх-ийн 18 дугаар тал/

 

Ц.Лхагвасүрэнд шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хариуцагчид шүүх нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан, шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан, мөн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хуульд заасан журмын дагуу гардуулсан тул Ц.Лхагвасүрэнгээс 7.000.000 төгрөг гаргуулан Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон 

                                                                                                   

ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Ц.Лхагвасүрэнгээс 7.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Лхагвасүрэнгээс 126.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Г.СОЛОНГО