| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/00282/И |
| Дугаар | 00933 |
| Огноо | 2018-03-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 00933
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би, даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 113 дугаар байрны 10 тоотод оршин суух, Монхойд овогт Батхуягийн Болоргариг, /РД: ЕЙ87052109/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 10 дугаар хороо, Голден парк 303 дугаар байрны 130 тоотод оршин суух, Маргад овогт Чулуунбаатарын Өсөхбаяр, /РД:ЧЗ84111112/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Болоргариг, хариуцагч Ч.Өсөхбаяр, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Болоргариг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Болоргариг миний бие 2009 онд Ч.Өсөхбаяртай танилцаж хамтран амьдарсан. 2012 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүүтэй болсон. Бид зан харилцааны тааламжгүй байдлаас болж 2015 оноос тусдаа амьдрах болсон. Хүү минь одоо миний асрамжид өсч байгаа. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Өсөхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шинжилгээгээр хүү Б.Дорждан миний хүүхэд мөн болох 99.9 хувиар тогтоогдсон байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Болоргариг нь хариуцагч Ч.Өсөхбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2012 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хүү Б.Доржданг /РД:ХА12222211/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Өсөхбаяраас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Өсөхбаяр нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Өсөхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Болоргаригт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО | |