Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/858

 

 

 

 

   2022         06         08                                   2022/ШЦТ/858

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Өлзийжаргал,

Шүүгдэгч Н.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Өт холбогдох эрүүгийн 2106 04034 1765 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуурамч цахим хаягаар автомашины амортизатор 2 ширхэг, урд купер 1 ширхэг зарна гэсэн зар тавьж иргэн М.Агаас Хаан банкны 5017162106 тоот дансанд 385.000 төгрөгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч хохирол учруулан залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.                                                        

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 04034 1765 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Ө нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... Фейсбүүк Приус 20, 30, 40, 41 сэлбэг худалдаа гэсэн хаягтай группийн зарын дагуу 96300716 дугаартай эрэгтэй хүнтэй холбогдон амортизатор 2 ширхэг, урд гупер авахаар тохирч 5017162106 тоот данс руу 385.000 төгрөг шилжүүлсэн. Дараагаар нь 30-40 минутын дараа нөгөө залуу руу залгаж ярихад Нарантуул худалдааны төвийн замын эсрэг талд авч очоод залгая гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд салгах гэхэд миний гар утасны цэнэг дууссан. 21 цагийн үед гэртээ очоод залгахад нөгөө залуугийн гар утас холбогдох боломжгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Гэрч Д.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... 2021 оны 10 дугаар сарын сүүлээр манай нөхөр Далайхүү худалдааны төв дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход үл таних нэг эрэгтэй хүн интернэт дансаа зарах уу гэхээр нь нөхөр бид хоёр дансаа 500.000 төгрөгөөр худалдаж мөнгийг бэлнээр авсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

- хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-06/,

- хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07-08/,

- хохирогчийн Хаан банкны 5017162106 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 50-69/,

- шүүгдэгчийн Хаан банкны 5776260410 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 69-91/,

- фейсбүүкийн цахим шуудангийн мессеж, гар утасны фото зургууд /хх-ийн 92-99/,

 

Шүүгдэгч Н.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Приус сэлбэг нэртэй хуурамч фейсбүүк хаягаас Приус маркийн машины сэлбэг зарна гэсэн хуурамч зарыг байршуулсан. Зараа байршуулаад удаагүй байх үед үл таних эмэгтэй хүн 96300716 гэсэн Скайтелын дугаар руу залгаад гупер болон баруун гар авъя гэхээр нь үнийн дүн нь 385.000 төгрөг болно гэж хэлээд үл таних хүний Хаан банкны 5017162106 тоот дансаар 385.000 төгрөгийг авсан. Миний хувьд өөрөө ямар нэгэн машины сэлбэг зардаггүй ба тухайн үед мөнгөний хэрэг гарсан учир олон нийтийн сүлжээг ашиглан үл таних хүнийг залилан мэхэлсэн. Миний хувьд тухайн хүнийг танихгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. 385.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

 

- шүүгдэгчийн: миний бие нь хуурамч фейсбүүк нээж үл таних хүнээс 385.000 төгрөгийг хуурч авсан, хувийн хэрэгцээнд ашиглан үрж барагдуулсан, тухайн хүнтэй уулзаж тохиролцож төлбөрийг бүрэн барагдуулсан. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт,

- хохирогчийн: миний бие нь Оюунцэцэг гэх хүнд Приус 20 маркийн машины гар, гупер, амортизатор зэргийг худалдан авах гэж 385.000 төгрөгийг шилжүүлсэн, захиалсан бараа ирээгүй тухай өргөдөл гаргасан, тухайн хүнээс мөнгөө 100 хувь эргүүлж авсан тул гомдолгүй болно гэх хүсэлт /хх-ийн 102, 103/ ,

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Н.Өын хувийн байдлыг тогтоосон баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлын талаарх баримт, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 36-37, 38-43, 44-47/, АСАП сангийн лавлагаа /хх-ийн 48-49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцлоо. Нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Өт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Шүүгдэгч Н.Ө нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Н.Өыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Н.Ө нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор машины сэлбэг зарж борлуулдаггүй мөртлөө фейсбүүкээр машины сэлбэг худалдах хуурамчаар хаяг нээсэн байх бөгөөд хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  захиалсан авто машины сэлбэгийг хүргэж өгнө гэх ойлголтыг төрүүлж эд зүйлийг нь залилан өөртөө шилжүүлэн авсан байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Өт ял оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан гэх тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч хохирогчид бүрэн төлж барагдуулсан байх ба хохирогчид хурлын тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Өын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан багавтар хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

   Шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Нын Өыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Өт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ