Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/912

 

 

                                                                                                                      

  2022         06          17                                   2022/ШЦТ/912

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,   

нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

хохирогч С.Б,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мад холбогдох эрүүгийн 2106 01301 1277 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн эцэст байрлах авто засварын гражийн гадна иргэн С.Бтай маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.                                                                 

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 01301 1277 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч С.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Улаанхуаранд байрлах авто машины гражид машин засуулж байсан юм. Машинаа засуулж байхдаа Пүүжээ гэх залуугийн ууж байсан архинаас нэг хундага уусан. Оройн 18 цагийн үед засуулж байгаа машиныхаа хажууд зогсож байх үед надтай хамт машин засдаг Даваасүрэн гэх залуу машин шүргэчихсэн гээд шүргэсэн машиныхаа хүнийг дагуулаад ирсэн. Тэр машиных нь эзэн бололтой нэг эмэгтэй Даваасүрэнгээс 300.000 төгрөг нэхээд байхаар нь би та нар боль оо гэхэд тэр машины хойд талын суудал дээр сууж байсан согтуу эрэгтэй хүн бууж ирээд миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр залууд цохиулаад миний дээд зүүн талын үүдэн хоёр шүд унасан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

...2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр болсон асуудлын талаар санаж байна. Тус өдөр 18 цаг өнгөрч байх үед Даваасүрэн машинтай явж байгаад Приус шүргэчихлээ гээд ирсэн юм. Би Улаанхуаранд засварын газарт Батсайхан Пүрэвдагва бид нар нэг шил архи хувааж уугаад дуусаж байсан. Даваасүрэнтэй хамт ирсэн Приусын хүмүүс Даваасүрэнтэй хэрэлдээд байсан. Тухайн машины хүмүүс 200.000-300.000 төгрөгийг нэхэмжлээд байсан юм. Хариуд нь Даваасүрэн 50.000 төгрөг өгье гэж хэлээд байсан санагдаж байна. Приус машинтай ирсэн хүмүүсийн дунд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 30 орчим насны залуу байсан. Би тэр залууд хандаж 200.000-300.000 төгрөг болохгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хашааны үүд рүү маргалдаад ярилцах гэж явсан. Хашааны үүд рүү явж байх үед согтууруулах ундаа хэрэглэсэн залуу эргэж хараад намайг цохисон гэх мэдүүлэг /хх-н 20, 61/,

 

Гэрч Г.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн

... Да хүрээ захын уулзвар дээр хар өнгийн машин урсгал сөрж орж ирээд зүүн талаас мөргөсөн. Тэгээд өндөр эрэгтэй хүн бууж ирээд засаад өгье дагаад явчих гэж хэлсэн бөгөөд Улаан хуарангийн эцэст байрлах засварын газарт очсон. Тэгээд машин мөргөсөн эрэгтэй тостой даавуугаар арчаад болчихлоо гэж хэлэхээр нь машинаа харахад сэв зураас нь арилаагүй байсан. Би граж руу орж нөгөө ахыг дуудах гэхэд 5-6 хүн байсан. Одоо янзлах боломжгүй байна, маргааш ирээд машинаа авчих гэхээр нь би үгүй гэсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс гарч хэл амаар доромжлоод байхаар нь би бичлэг хийж эхэлсэн. Би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй Түшээбаяр ах одоо наад хэрүүлээ боль оо гэж хэлээд надад 50.000 төгрөг өгсөн. Тэгтэл М ах би засвар хийдэг хүн наадах чинь дор хаяж 200.000 төгрөг болно гэж хэлээд маргалдаж байхаар нь би Мыг машины арын суудалд суулгасан. Тэгтэл гражид байсан залуучууд гарч ирээд тэр ард нь сууж байгаа залуу буугаад ирээ, үнсээд тавья гэж хэлээд дуудаад байсан. Тэгээд цагдаа ирээд бичиг баримт аваад явсан гэх мэдүүлэг /хх-н 23/,

 

Гэрч О.Түшээбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... Да хүрээ захын уулзвар дээр хар өнгийн Бенз машин ирээд миний машины зүүн талаас мөргөсөн. Тэгээд өндөр ах бууж ирээд ахыгаа дагаад явчих, ах нь засварын газартай машиныг чинь засуулаад өгье гэхээр нь дагаад Улаанхуарангийн эцэст байрлах нэг гражид очсон. Тэгээд миний машиныг мөргөсөн эрэгтэй машин дээр үүссэн зураасыг тостой алчуураар арчаад арилгахад цаана нь зураас үлдээд байсан учир Даваасүрэн гэх хүн 50.000 төгрөг өгөөд салъя гэж хэлсэн. Тэгтэл М ах машины хойд сандлаас бууж ирээд наадах чинь 200.000 төгрөг болно, юун 50.000 төгрөг болно гэж хэлээд маргалдсан. Тэгээд манай дүү Ганчимэг М ахыг машинд суулгасан. Тэгээд шийдэлд хүрэхгүй байсан учир замын цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-н 26/,

 

Гэрч Д.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... оройн 18 цагийн үед Даваасүрэн машин шүргэчихлээ гээд Тоёота Приус 20 маркийн автомашин дагуулаад орж ирсэн. Тэр машины хүмүүс 200.000 төгрөг өг гэхэд Даваасүрэн маргаж байх үед нь Бямба бид хоёр та нар боль оо, мөнгөн дээрээ тохирохгүй бол маргааш ирээд янзлуулчих гэж хэлэхэд заавал яг одоо янзлуулна эсвэл 200.000 төгрөг өг гэсэн. Бямба ах тэр Приус машины хойд суудалд сууж ирсэн залуутай маргалдаад хашааны хаалгаар ороод гарч ирсэн. Бямба ах гражид орж ирээд суусан. Нөгөө залуу машиныхаа арын суудал дээр суусан. Тэгээд замын цагдаа ирээд мөргөлдсөн хүмүүсийн бичиг баримтыг аваад явсан гэх мэдүүлэг /хх-н 36/,

 

 Гэрч А.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... Тэгээд граж дээр очоод будгийг нь арчихад жаахан сэв үлдэхээр нь 50.000 төгрөг өгье гэхэд тэр машины арын сандал дээр сууж явсан эрэгтэй наадах чинь 200.000 төгрөг болно, би өөрөө машин засдаг хүн гэж хэлээд маргаж эхэлсэн. Тэгээд гражнаас Б, Батсайхан, Пүрэвдагва нар гарч ирээд юу болов гэхэд нь энэ залуу 200.000 төгрөг нэхээд байна гэж хэлээд байж байх үед тэр хэд граж руугаа орсон байсан. Тэгээд Б тэр машины хойно сууж байсан эрэгтэй хүнтэй маргаад хойшоо явж байсан. Тэгээд тэр хоёрыг буцаж ирээд Бямбаа граж руугаа нөгөө хүн машиныхаа хойд сандал руу суусан гэх мэдүүлэг /хх-н 39/,

 

Гэрч Ч.Пүрэвдагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... тэгээд Даваасүрэн шүргэсэн машиныхаа хүмүүстэй маргалдаад байх шиг байхаар нь гарч харахад Даваасүрэн 50.000 төгрөг өгнө гэхэд тэр хүмүүс нь 200.000 төгрөг авна гээд маргасан. Б, Батсайхан бид гурав оролцоод яах вэ гээд буцаж граждаа ороод архиа уусан. Тэгээд нэг хэсэг суугаад байж байх үед цагдаа ирээд Даваасүрэн, мөргүүлсэн машинтай хүмүүс бүгд яваад өгсөн. Тэгээд удалгүй Бы хүү ирээд аавыгаа аваад явсан. Батсайхан бид хоёр үлдсэн архиа ууж дуусгаад унтах гэж байх үед 22 цагийн орчим Бы хүү буцаж ирээд аавын 2 шүд унасан байна, юу болсон юм бэ гэж асуухаар нь бид хоёр яаж мэдэх юм бэ гэтэл гражийн шалан дээр хоёр шүд байсныг Бы хүү цаасанд боогоод авч явсан гэх мэдүүлэг /хх-н 42/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3003 дугаартай:

С.Бы биед үүдэн дээд зүүн 1, 2-р шүдний булгарал, доод уруулд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хоёр шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид 10 хувь нөлөөлнө. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 45-46/,

 

- хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 01-13/,

- зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 14/,

- хохирогчоос гаргаж өгсөн Индранил дентал групп ХХК-ийн үнийн санал, шүдний рентген зураг /хх-н 80-82/,

 

Шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... Улаанхуаранд очсон ба тухайн үед би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Түшээбаяртай машинаараа шүргэлцсэн залуу нь мөнгөн дээрээ маргаад байсан санагдаж байна. Засварын газраас буюу цаанаас гарч ирсэн үл таних эрэгтэйн нүүрэн тус газарт цохисон юм гэх мэдүүлэг /хх-н 72/,

 

-шүүгдэгч Д.Мын хувийн байдлын талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50-56/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.М нь С.Бы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Мын иргэн С.Бы бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч С.Бы үүдэн дээд зүүн 1, 2 дугаар шүд булгарсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтаар нэхэмжилсэн 50.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.М нь хохирлыг төлөхөө илэрхийлсэн болно.

 

Тэрээр цаашид шүдээ эмчлүүлнэ, имплант хийлгэх 4.000.000 төгрөгийг нэхэмжлэхээ илэрхийлсэн.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлэхтэй холбогдох хууль ёсны баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болно. 

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Дийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Маас 50.000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, С.Б /чн66092414/-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ