Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/919

 

                                                                                                                      

 

  2022        06           17                                   2022/ШЦТ/919

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Өлзийжаргал,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

хохирогч Н.Э,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1895 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Санни таун хотхоны гадна зогсоол дээр хохирогч Н.Эын зүүн шанаа орчимд гараараа цохих үйлдлээр түүний биед хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд шүүгдэгч Б.А нь хохирогч Н.Эын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай найз охин хичээлээсээ ирэхгүй болохоор нь би 20 цагийн орчимд дугаар руу нь залгахад ангийнх нь А гэх согтуу эрэгтэй хүүхэд утсыг аваад чи хэн бэ, чи хүрээд ир, чамайг ална гэх мэтээр хэлж байсан. Би ярьснаас хойш 1 цагийн дараа 21 цагийн орчимд байгаа газарт нь очиход тэд автомашин дотор байж байсан. Би найз охин дээрээ очоод явъя гэхэд явахгүй, би найзуудтай хүн гээд байсан. Би А гэх залууг хаана байгаа талаар асуухад би байна гэж машин дотроос нэг залуу гарч ирээд намайг үг хэлэх зуургүй хүрч ирээд миний зүүн шанаа орчимд нэг удаа гараараа цохисон. Түүнтэй хамт машинаас гарч ирсэн 3-4 хүүхэд миний бие, хөл орчимд өшиглөж цохисон. Надтай хамт Одбаяр, Дэлгэрмөрөн нар нь хамт явж байсан учир намайг тэднээс салгасан. А нь удалгүй чамтай ганцаараа зодолдъё гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлээд хоорондоо зодолдсон бөгөөд би түүнийг тэврээд газарт унагахад найзууд нь хүрч ирсэн. Миний танихгүй хар өнгийн хүрэмтэй өндөр залуу нь боль гэж хүрч ирээд миний гар руу өшиглөөд цохисон. Тэр үед миний доор хэвтэж байсан А нь бас миний хамар руу 2-3 удаа цохисон. Манай найзууд салгасан. Миний доор байсан А нь 2-3 удаа гараараа нүүр рүү цохихдоо надад гэмтэл учруулсан гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

 

Гэрч Ц.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...20-21 цагийн орчимд найз А, Э нар найз залуу Э руу миний утсаар залгаад ярьсан. Тэгтэл миний найз залуу Э ярьсан яриаг сонсоод уурласан. 22 цагийн орчимд бид нарын байсан газарт ирээд намайг авч явах гэж байсан ба би тэндээс явахыг хүсээгүй. Тэр үед найз залуу Этай А зодолдъё гэж хэлсэн. Э зөвшөөрч тэр хоёр хоорондоо зодолдсон. Зодолдож байх үед Эын хамар руу А цохиж хугалсан байх гэж би бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... Дөлгөөний найз залуу Э залгахаар нь А утсыг нь аваад ярихад Дөлгөөний найз залуу хардаад Дөлгөөнийг хараагаад байсан. А уурлаад Дөлгөөнийг өмөөрч муудалцсан. Цаашлаад Дөлгөөний найз залуу ирэхээр болсон. 22 цагийн үед Дөлгөөний найз залуу Н.Э нь өөрийн найзууд гэх хоёр залуугийн хамт ирчихээд А руу учиргүй дайрч эхэлсэн бөгөөд тэд нар хоорондоо зодолдоод эхэлсэн. Зодолдож байх үед А газарт унаад доор нь ороод зодуулаад байхаар нь би зодооныг салгах гэж ороход Баянмөнх нь миний ардаас намайг зодох гэж байна гэж бодоод араас татаад байсан ба манай найзууд тэд нарыг салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6586 дугаартай:

“Н.Эын биед хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/,

 

Шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...Дөлгөөний найз залуу Э Дөлгөөн өө ална шүү чамайг гэж хэлэхийг нь сонсоод миний уур хүрээд Дөлгөөн рүү дахиж залгахаар нь утсыг аваад Офицерт байна, хүрээд ир гээд хэлчихсэн юм. Тэгтэл хайж байгаад 22 цагийн үед бид нар дээр ирсэн. Би тухайн үед согтуу байсан учир түүнтэй зодолдъё гэж хэлчихсэн. Би зодуулаад газарт уначихсан бөгөөд манай найз М.Э хүрч ирээд салгасан. ... би босож ирэхэд Н.Эыг болон намайг холдуулж салгасан. Миний чихнээс цус гарчихсан толгойн зүүн тал хавдчихсан байсан. ... би Н.Этай зодолдож байх үедээ нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохисон. Яг хаана цохисноо санахгүй байна.  

тухайн хэрэг гарсан газарт байх үед Н.Э өөрөө зодолдох сэдэл зорилготой ирсэн. Зодолдъё гэж би ч хэлсэн бас Н.Э ч өөрөө хэлсэн. Би өөрөө тэр залуутай учиргүй зодолдъё гээд дайраад очсон зүйл байхгүй. Тэр залуу ирээгүй бол би түүнтэй зодолдохгүй байсан. Тэр залууг би өөрийнхөө байхгүй газарт дуудсан ч миний байсан газарт хүрээд ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16, 58/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 04-05/,

- эмчилгээний баримтууд /хх-ийн 18/,

- дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 23/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, иргэний үнэлэхийн мэдээлэл /хх-ийн 32/, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-ийн 33-35/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 38/, жолоочийн лавлагаа /хх-ийн 39/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 40/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 41/, Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 42-51/ зэрэг баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь Н.Эын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Агийн иргэн Н.Эын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Н.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 380.000 төгрөгийн баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн байх ба шүүгдэгч баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулаагүй учир шүүгдэгчээс 380.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эад олгож шийдвэрлэв. 

 

            Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Дээрх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан хуульд заасан бага хэмжээгээр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л овогт Бийн Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ