| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2022/0904/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/920 |
| Огноо | 2022-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/920
2022 06 17 2022/ШЦТ/920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Ш.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00843 1219 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Н нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шархадны гудамжинд хамтран амьдрагч Р.Бтай согтуугаар машин жолоодлоо, согтуу байж манай аав, ээж дээр хамт ирэх гэлээ гэх шалтгаанаар маргалдаж, цээж толгой хэсэг рүү нь гараараа цохих, гар хөлөөс нь татах зэргээр биед нь халдаж, доод уруулын дотор салстад няцарсан шарх, хоёр бугалга, зүүн сарвуу, зүүн өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн хөх, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00843 1219 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Ш.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Р.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Р.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийн гэрт хашааны гадна талд нь уулзаж би жирэмсэн байгаа учир чи битгий гэр рүүгээ яваад бай гэж хэлэхэд Н надад хандаж надад ч гэсэн хэцүү байна, манай гэрт хүн ирсэн, 2-3 цаг хүлээж бай, тэгээд хамт явъя гэж хэлэхээр нь би тийм удаан хүлээж чадахгүй гэж хэлсэн. Тэрнээс болж бид хоёр маргалдаж, Н намайг машиндаа суу гэж хэлээд хүчээр машинд суулгах үед нь чи намайг яагаад машинд хүчээр суулгаж байгаа юм бэ гэж хэлээд эсэргүүцсэн. Тухайн үед намайг машинд суулгах гэж миний хоёр гарын шуу хэсгээс чанга базаад байсан ба машинд суухгүй гэж хоёр хөлөө хаалганы гадна тавьсан байсан ба хаалганд хөлөө хавчуулж хөхөрсөн. Тэгээд бид хоёр маргалдаж байх үед Н машины хаалгыг хаах гэж оролдож байсан. Би эсэргүүцэж машинд суухгүй гэж хэсэг хугацаанд маргалдсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн гэх мэдүүлэг /хх 42/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2700 дугаартай:
“Р.Бгийн биед доод уруулын дотор салстад няцарсан шарх, хоёр булгалга, зүүн сарвуу, зүүн өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, зүүн шагайн дотор үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн хөх, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх 23-24/,
- зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 03/,
- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 08/,
- хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх 60/,
Шүүгдэгч Ш.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2022 оны 02 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед Б манай эцэг, эхийн гэрийн гадаа ирчихлээ гэж хэлсэн. Намайг гараад очиход Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гудамжинд зогсож байсан. Тэгээд би чи яах гэж согтуу машин жолооддог юм гэж загнахад миний урдаас хэрүүл хийж бид хоёр маргалдсан. Миний хамтран амьдрагч Б надад уурлаад машинаас бууж үлдэх гээд байхаар нь би машинд суулгаад авч явсан. Тэгээд явж байх замдаа машинаас буух гэж оролдоод хаалгыг онгойлгох гээд байсан. Би Бг машинд суулгах гэж гараас нь олон удаа чирэх, түлхэх үйлдлийг гаргасан. Тэгээд би арай гэж түүнийг машинд суулгаад ярилцаж байх үед Б надад чи намайг зодлоо, миний хоёр гар болон хөл өвдөөд байна, би чамайг цагдаад өгмөөр байна гэхээр нь би өөрөө цагдаагийн газар руу утсаар яриулж дуудлага өгүүлсэн гэх мэдүүлэг /хх 50-51/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Ш.Нийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 55/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 25/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ш.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Нийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Р.Бгийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ш.Нийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Р.Бгийн биед доод уруулын дотор салстад няцарсан шарх, хоёр булгалга, зүүн сарвуу, зүүн өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, зүүн шагайн дотор үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн хөх, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Р.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй ба шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Н нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Ш.Нид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Шгийн Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Нид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ